Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1909

 

 

 

 

 

 

 

 

 

"ХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 182/ШШ2016/00518 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "ХХХХ" ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 76 820 380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч:                        ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                        ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"ХХХХ" ХХК-ний захирал ХХХХ би анх ХХХХ аймгийн ХХХХ багийн нутагт байрлах ХХХ байрны ХХ айлын орон сууцны эхний 30 айлын сантехник, цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэхээр "ХХХХ" ХХК-ний захирал ХХХХ гэгчтэй гэрээ байгуулан ажиллахаар болж 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллаж, гэрээгээр ажлаа хийж гүйцэтгэн дуусаж байхад иргэн ХХХХ гэгч нь манай үлдэгдэл 3, 4, 5-р байрнуудын цахилгаан, сантехникийн ажлуудыг хийгээд өгөөч гэсэн. Биднийг гэрээ байгуулья гэхэд тэрээр түүгээр яахав би юу гэж худал хэлэхэв, ХХХХ тай хийсэнтэй адил гэрээгээр хийе гэхээр би зөвшөөрч, аман хэлцлээр тохиролцоод 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаа бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэн өгсөн болно. Ингээд ажлаа дуусгаад ажлын үр дүнгээ бүрэн хүлээлгэж өгөөд бараа материал бусад компани, хувь хүмүүсээс зээлээр авсан цахилгааны болоод сантехник ажлын хөлс зэрэг бусад гаргасан зардлаа хийсэн ажлын гүйцэтгэл, зохих баримтын дагуу нэхэмжлэхэд өнөөдрийг хүртэл өгөхгүй ямар нэгэн арга саам эрэн хойшлуулсаар ирсэн болно. "ХХХХ" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, гэрээний дагуу зөвшилцөөнд хүрээгүй тул тус компанийг үүргээ биелүүлээгүй Монгол улсын Иргэний Хуулийн 343, 355, 222 дугаар зүйлүүдэд заасны дагуу болон гэрээний 4.2-д заасны дагуу ажлын хөлс, бараа материалын үнэ, гарсан зардал, олох байсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 1, 2 дугаар орцны ажлын хөлс 34 560 000 төгрөг, "ХХХХ” ХХК-д хөрөнгө оруулсан 17 696 200 төгрөг, 3, 4, 5 дугаар орцны ажлын хөлсний үлдэгдэл 20 194 000 төгрөг, "ХХХХ" ХХК-д "ХХХХ" ХХК-ийн өмнөөс төлсөн 3 979 180 төгрөг, өмнө нь ХХХХт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд төлсөн улс тэмдэгтийн хураамж 491 040 төгрөг, нийт 76 920 420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХ аймгийн ХХХХ сумын ХХ дугаар багт байрлах ХХ дугаар байрны ХХ айлын орон сууцны 1, 2 дугаар орц нь "ХХХХ" ХХК-ийнх байж байгаад ХХХХт алдсан гэдэг худал юм. Энэ нь анхнаасаа захирал ХХХХийн барилга байсан ба тухайн үед гэрээг бичгээр байгуулах гэхэд "ХХХХ" ХХК-ийн захирал өөрөө татгалзсан. Ингээд амаар гэрээ байгуулсныг үгүйсгэхгүй. Гэхдээ байрны 1, 2 дугаар орц биш, 1-5 дугаар орцны ажлыг 47 000 000 төгрөгийн ажлын хөлстэй, бусад бараа материалын зардлыг "ХХХХ" ХХК-иас гаргаж, шаардлагатай бараа материалаар хангахаар тохиролцсон. Анх "ХХХХ" ХХК болон "ХХХХ" ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр уг байрны эхний 30 айлын 1, 2 дугаар орцны цахилгаан сантехникийн засварын ажлыг хийхээр тохирсон байсан. Үүнтэй зэрэгцэн "ХХХХ" ХХК болон "ХХХХ" ХХК нар байрны 1, 2-р орцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байсан. Уг гэрээг үндэслэн "ХХХХ" болон "ХХХХ" ХХК нар гэрээ байгуулсан юм. Ингээд ажлаа гүйцэтгүүлэхээр байсан боловч ажлын явц удааширч, хугацаандаа амжихгүй болсноор "ХХХХ” ХХК-ийн захирал гэрээг цуцлах санал тавьж 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр акт үйлдэж, гэрээг цуцалсан. Үүний дараахан 2016 оны 6 дугаар сард хариуцагч “ХХХХ" ХХК-ийн захирал нь нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-ийн захирал ХХХХтай байрны 1-5 орцонд 47 000 000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр аман гэрээгээр тохирсон юм. Тохиролцсоны дагуу захирал ХХХХ хөлсийг цаг тухайд нь олгож байсан бөгөөд нэхэмжлэгч "ХХХХ" ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу дундуур нь өөр ажил хийж, ажлын чанар удаашруулж, бараа материалыг бусадтай нийлж шамшигдуулах гэх мэт итгэл алдсан үйлдлийг гаргаж байсан. Одоо нэхэмжлээд байгаа 34 000 000 төгрөгтэй холбоотой талуудын хооронд байгуулсан ямар нэгэн гэрээ, тохиролцоо байхгүй. "ХХХХ" ХХК-тай 47 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ бий. Дээрх 34 000 000 төгрөг нь "ХХХХ" 'ХХХХ" ХХК нарын хоорондоо байгуулсан гэрээний үнийн дүн бөгөөд энэ нь “ХХХХ" ХХК-тай хамааралгүй. Харин "ХХХХ" ХХК-ийн 3 979 180 төгрөгийн хувьд "ХХХХ" ХХК нь бүрэн төлж барагдуулсан. "ХХХХ" ХХК-ийн захирал ХХХХ-ийн өөрийн дансаар төлсөн дансны хуулга болоод "ХХХХ" ХХК-ийн өөр өр төлбөр байхгүй тухай хэрэгт өгсөн баримтаас харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хоёрдугаарт 17 000 000 төгрөгт багтсан ажлын зардал нь хэрэгт авагдсан: баримтаас харвал 1, 2 дугаар орцонд оруулах бараа материалын дүн бөгөөд уг 2 орцыг салгаж "ХХХХ" ХХК-тай гэрээ байгуулаагүй. Энэ нь "ХХХХ" ХХК-тай холбоотой учраас бид зөвшөөрөхгүй. Мөн 3, 4, 5 дугаар орцны тухайд орцыг салгаагүй учраас 1-5 орцыг нийт 47 000 000 төгрөгөөр тохиролцсон. Хариуцагч талаас төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж байна. Үүнд бэлэн мөнгөний баримтаар 27 500 000 төгрөг, баримтгүйгээр тайланд дурдсанаар өргөдлийн дагуу буюу дансаар 10 000 000 төгрөг, харилцах дансны хуулгаас харвал "ХХХХ" ХХК-ийн захирал ХХХХ-ийн хувийн Хас банкны данснаас 2 000 000 төгрөг, Хаан банкны данснаас 4 000 000 төгрөг нийт 42 020 000 төгрөг төлсөн. Мөн ажлын хөлсний баталгаа гэж аман гэрээнд байхгүй ч нэхэмжлэгч талаас өгсөн протоколд дурсан 2 350 798 төгрөгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байсан. Харин 34 560 000 төгрөгийн ажлын хөлстэй холбоотой гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Энэ нь "ХХХХ" ХХК болон "ХХХХ" ХХК нарын хооронд байгуулсан гэрээний харилцаа тул манай компанийн төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд өмнө нь "ХХХХ" ХХК нь иргэн ХХХХ-т холбогдуулж нэхэмжлэл гаргасан буюу өөрөө хариуцагчаа буруу тодорхойлж шүүхэд хандсан нэхэмжлэгчийн өөрийн алдаа юм. Үүний улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгосон учраас бид үүнийг төлөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого бусдад төлөх төлбөртэй холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй учраас бид хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

                                                                                                    

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "ХХХХ” ХХК-иас 14 300 000 төгрөг гаргуулж, "ХХХХ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62 620 420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "ХХХХ" ХХК-иас 229 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "ХХХХ" XXK-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542 060 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч "ХХХХ" ХХК-иас 14 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс төлбөр авсан баримт гэх жагсаалтаар 47 000 000 төгрөгөөс 35 812 202 төгрөгийг авсан, үлдэгдэл нь 11 187 798 төгрөг гэсэн байхад түүнийг анхаарч үзсэнгүй, мөн үлдэгдэл төлбөрт нь ажлын баталгааны төлбөр байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн тус барилгын сан техникийн ажлыг “ХХХХ” ХХК гүйцэтгэсэн нь тогтоогдож байхад дансаар сангийн ажлын цалингийн урьдчилгаа шилжүүлсэн баримтыг үнэлээгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт 32 700 000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь санхүүгийн баримтаар тогтоогдож байгаа гэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огноо бүхий төлбөрийн дүнгүүдийг нэмж үзвэл 36 700 000 болж байх бөгөөд анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасан байна. Мөн хариуцагчийн Хас банкны дансны хуулгаас харахад 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сангийн цалингийн урьдчилгаа 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт байхад түүнийг нотлох баримтаар үнэлээгүй байх бөгөөд сангийн ажлыг өөр хэнээр ч биш “ХХХХ” ХХК гардан гүйцэтгэсэн болох нь тус компанийн өөрийнх нь тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байхад түүнийг үнэлгээгүй байна. Дансны хуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “ХХХХ” ХХК-ийн сантехникийн материалын үнийг төлсөн гэдгийг тогтоогдож байна гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгчид төлсөн төлбөрт дээрх төлбөрийг оруулж тооцоогүй нь хуульд нийцэхгүй байна. 5 дугаар орцны цахилгаан сантехникийн ажлын төлбөр тооцоо гэх баримтад: 2013.10.03-200 000 төгрөг, 2013.10.07-400 000 төгрөг, 2014.02.07-100 000 төгрөг, 2013.11.08–500 000 төгрөг, 2013.08.01-244 440 төгрөг, 2014.02.27-2 272 762 төгрөг, 2014.02.27-395 000 төгрөг, нийт 4 112 202 төгрөгийг тус тус урьдчилгаа төлбөрт авсан гэсэн байхад түүнийг мөн үнэлээгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрт оруулан тооцоогүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл ажлын хөлс нийт 47 000 000 төгрөг гэж тохиролцсоноос шүүхийн шийдвэрээр буюу санхүүгийн баримтаар тогтоогдсон гэх 32 700 000 төгрөг гэсэн нь тооцооллын алдаа гарсан бөгөөд 36 700 000 төгрөг болох ба хэрэгт авагдсан хариуцагчийн хас банкин дахь дансны хуулгаар 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөгийг оруулан тооцох, дээрээс нь нэхэмжлэгчийн урьдчилан төлбөр авсан гэх баримтад дурдагдсан, шүүхийн шийдвэрт дурдагдаагүй төлбөрүүд болох нийт   4 112 202 төгрөгийг нэмж тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Түүнчлэн ажлын баталгаа 2 350 798 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох, ХХХХ нь ХХХХ-ын хамтаар уг ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Бараа материал худалдаж авсан тооцоо нийлсэн актаар нийт 11 445 юанийн зөрүү буюу тухайн үеийн ханшаар 3 570 840 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөх ёстой тул эдгээр үнийн дүнгүүдийг нэгтгэн тооцож, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д хариуцагч “Доор степ” ХХК-д төлөх төлбөр байхгүй юм. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2016/00518 дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 76 820 380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд хандан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8702 дугаар шийдвэртэй хэргийг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 99 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “Хэргийн хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэх авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд уг заалтаар нотлох баримтыг шүүх бүрдүүлэх журмыг хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хүсэлтийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг бүрдүүлэхдээ тухайн нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагтай эсэх, уг хүсэлтэд ямар баримтыг хаанаас гаргуулахыг хүссэнийг нарийвчлан тодруулах шаардлагатай байхад асуудлыг тодруулалгүйгээр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8702 дугаар шийдвэртэй “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХХХт холбогдох 1 хавтас 215 хуудас иргэний хэргийг бүхэлд нь нотлох баримтаар татан авчирсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагад нийцэхгүй, хүчин төгөлдөр шийдвэртэй иргэний хэрэгт авагдсан нотлох баримт, иргэний хэрэг нь бүхэлдээ өөр хэргийн нотлох баримт болох боломжгүй юм

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 182/ШШ2016/00518 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын төлсөн 229 000 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО