Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1031

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х*******  ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б*******, Т.Б******* нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “....Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2******* тоот актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*******, хариуцагч Д.Б*******, Т.Б*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн захирал М.Отгонтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Д.Б*******, Т.Б******* нар 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2******* тоот татварын улсын байцаагчийн актаар тус Х******* ХХК-д цагдаагийн ерөнхий газраас ирсэн албан тоотоор Д, Ц******* ******* ХХК-иудтай холбогдуулан НӨАТ-ын хуурамч падаан ашиглан НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан гэх үндэслэлээр хэсэгчилсэн шалгалт хийж 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 27,572,788.9 төгрөгийн төлбөрийн акт бичсэнийг үндэслэлгүй гэж үзэн зохих шатны маргаан таслах зөвлөлд хандсан.

Дээрх актыг зөвшөөрөхгүй байх доорх үндэслэлүүд байна.

1. Манай компани нь Дархан хотод үйлдвэрлэлийн зориулалтай объект өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулж байгаа ба Д, Ц******* ******* ХХК-иудаас барилгын материал худалдан авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн үүнийгээ тайлан балансдаа үнэн зөвөөр тусган тайлагнасан.

2. Дээрх компаниудаас нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг болох нэмэгдсэн өртгийн албан татварын албанаас олгосон хатуу дугаар бүхий падаан дээрх компаниудын тамга гарын үсэг бүхий, бараа материалын зарлагын падаан тамга гарын үсэг бүхий, бэлэн мөнгөөр авсныг нотлох кассын орлогын ордер тамга гарын үсэг бүхий зэргийг зохих худалдан авалт хийх тус бүрдээ авсан нь баримтаар нотлогдож байгаа.

3. Баянгол дүүргийн татварын албанаас зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын бичгийг үндэслэн дээрх падаануудийг хуурамч гэж үзэн акт тогтоосон нь бодит ажил гүйлгээг харгалзан үзээгүй тус компанийн гарган өгсөн нотлох баримтыг харгалзан үзээгүй нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

4.Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь татварын албанаас олгосон хатуу дугаартай зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага татварын албатайгаа албан бичгээр харьцаж байж хатуу дугаарыг 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Сангийн сайд, Статистикийн хорооны даргын хамтарсан 82/51 тоот тушаалын дагуу Үндэсний татварын албанд тэмдэглүүлэн өөрийн авсан дугаар бүхий падааныг худалдан авагч талд тамга гарын үсгээ зурж баталгаажуулж бичиж өгөх хууль дүрэмтэй билээ. Бид энэ хууль дүрмийг зөрчөөгүй зохих хууль журмын дагуу авсан.

5. Шат шатны маргаан таслах зөвлөлийн шийдвэрүүд нь зөрүүтэй гарч байсан үүнд:

Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр Д ХХК-ийн бичсэн 0******* тоот падааны зөрчлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан боловч Татварын ерөнхий газрын дарга нь солигдсон шалтгаанаар тогтоол нь батлагдахгүй байсаар Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд маргааныг татан авч хэлэлцэж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд “Маргаан таслах зөвлөл нь татварын акт дүгнэлттэй холбоотойгоор татварын албан татвар төлөгчдийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ” мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Татварын алба татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу Нийслэлийн Татварын газрын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан түүнээс бус Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй. Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн аваагүй Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн хуралд суусан маргааны шийдвэрийг хурлаас сонссон бичгээр манай байгууллага ирээгүй.

6. Д ХХК нь тайлан балансдаа тусган зохих татварыг улсад төлсөн нь Д ХХК-ийн тайлан прокурорын дүгнэлт худалдан авалтын дэвтэр зэргээр нотлогдож байгаа болно.

7. Уг нь дээрх компаниуд бүгд НӨАТ төлөгч өөрсдийнх нь татварын албанаас авсан хатуу дугаартай нэмэгдсэн өртгийн падаанууд мөн нь татварын албаны мэдээгээр батлагддаг байтал манай компанид хуурамч гэж акт үйлдэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын бичгийг үндэслэн хуурамч гэж акт тогтоодог тэр хуурамч гэсэн падаан нь прокурорын хяналтаар хуурамч биш болох талаар тогтоогддог” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Нэхэмжлэлийн шаардлага нь нийт 27,572.800 төгрөгийн торгууль тавигдсан байгаа үүнийг хүчингүй болгуулж өгнө үү. Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн хуралд Дорнын Эрдэм ХХК-аас худалдан авсан нь үнэн зөв байна. Хүү, торгууль, алдангиас хассан шийдвэр гаргасан боловч тэр нь бичгээр баталгаажиж ирээгүй. Хоёр дарга солигдоод баримт нь бичгээр ирээгүй. Шинээр томилогдсон дарга нь өмнөх даргын шийдвэр дээр гарын үсэг зурахаас татгалзсан. Дорнын Эрдэм ХХК, Ц******* Рашаан ХХК гэсэн 2 компаниас 90 сая төгрөг болон 110 сая төгрөгийн худалдан авалт хийж Дарханд үйлдвэр байгуулсан. Энэ худалдан авалт дээр маргаан үүсэж байгаа учир актыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлттэй байгаа. Манай компани худалдаж авсан нь үнэн бөгөөд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтдаа бүртгэсэн. Гэтэл Ц******* ******* ХХК-аас баримтаа бичүүлж аваагүй. Татвар төлөгч мөн эсэхийг нь системээр шалгаад худалдан авалт хийсэн. Бид татвар төлөгч мөн эсэхийг нь шалгаад кассын орлогын баримт болон НӨАТ-ын баримт бичээд мөнгөө бэлнээр тушаагаад худалдан авалт хийсэн. Тайланд оруулах нь дараа нь хийгддэг үйл ажиллагаа. Манай компани тайландаа тусгаад татвараа төлж байгаа худалдсан компани нь тайландаа тусгаагүй.

Ц******* ******* ХХК-тай холбогдох хэсэгт маргах аргагүй болж байна. Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн хуралд манай компанийн захирал н.Отгонтөгс суугаад энэ маргаан шийдэгдсэн. Энд алданги, хүү, торгууль хасаад 13.128.800 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэр гарсан. Манай компани худалдаж авсан учраас хүү, торгууль, алданги хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үндсэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Хүү, торгууль тогтоосон актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч Д.Б*******, Т.Б******* нарын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэлтэст бүртгэлтэй Х******* ХХК-ийн 2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын Ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 7/653 албан бичиг, мөн Татварын еренхий газрын 2013 оны 4 дүгээр сарын15-ны өдрийн хяналт шалгалт хийх удирдамж, Цагдаагийн Ерөнхий Газар Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2016 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 9д/1553 албан тоот үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татвар падааны хэсэгчилсэн шалгалт хийх Баянгол дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 26150400255 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Д.Б*******, Т.Б******* нар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, санхүүгийн тайлан, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн татварын хяналт шалгалт хийж 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2******* тоот актаар 27,572,788.9 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

Татварын ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 7/653 албан бичиг, мөн Татварын ерөнхий газрын 2013 оны 4 дүгээр сарын15-ны өдрийн хяналт шалгалт хийх удирдамж,  Цагдаагийн Ерөнхий Газар Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2016 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 9д/1553 албан тоотоор ирүүлсэн мэдээнд Х******* ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа

1. Д ХХК-иас 00******* тоот падаанаар 100,000,000.0 төгрөгийн,

2. Ц******* ******* ХХК-иас 0012343611 тоот падаанаар 90,909,091.0 төгрөгийн Арматур худалдан авч НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний дүихэсэгт тайлагнасан нь нотлогдсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Худалдан авалтын дэвтэр, Д ХХК болон Ц******* ******* ХХК-ийн зарлагын баримт, Орлого бэлэн мөнгөөр хүлээн авсан ордер, зэргээр нотлогдсон.

Иймд Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасны дагуу НӨАТ-ын худалдан авалтаас хасалт хийж төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулсан зөрчил Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу татварын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага заалтаар татвар ногдуулсан болно.

Маргаан таслах зөвлөлийн процесс байдаг. Татвар төлөгч тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй бол өөрийн эрхийг эдлээд Нийслэлийн маргаан таслах зөвлөлд ханддаг. Энэ баримт нь Нийслэлийн маргаан таслах зөвлөлд оруулсан магадлагчийн санал байна. Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн хурал хуралдаагүй. Яагаад гэвэл Гааль, Татвар ерөнхий газар болж нэгдсэнтэй холбоотой Нийслэлийн татварын хэлтэс татан  буугдсан байдаг. Тийм учраас Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөл тэр маргаануудыг татаж аваад шийдсэн тогтоол гаргасан байна. Энэ эцэслэн шийдсэн нь 35 дугаар тогтоолоор байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулъя гэсэн тайлбар ирүүлж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хууль дээр нягтлан бодох бүртгэлийн стандартыг, олон улсын стандартыг бүртгэнэ гэж заасан байна. Дээрх хуулиуд дээр анхан шатны баримт гэж юу вэ гэдгийг заагаад өгчихсөн байгаа. Бодит байдал дээр худалдан авалт хэрхэн явагдсанаас үл хамааран анхан шатны баримт дээрээ түүнийг тусгах ёстой. Ямар бараа материалыг хаанаас авснаас үл шалтгаалан түүнийг барилгын аль хэсэгт зарцуулсан бэ гэдгийг нотлох анхан шатны баримт байхгүй байна. Үнэхээр үнэн зөвийг нь тогтооё гэвэл орлого хүлээн авагч талын тайланд тусгагдсан эсэхийг шалгах хэрэгтэй. Бид хууль хэрэгжүүлэгч байгууллага анхан шатны баримтыг шалгах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага өрөөсгөл байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар нь өртөг шингээдэг аж ахуйн нэгжид ногддог татвар бөгөөд эцсийн хэрэглэгч төлдөг. Тухайн оны тухайн сарын НӨАТ-ын тайланд дээрх хоёр компанитай холбоотой 190 сая төгрөгийн худалдан авалт хийгээд энэ дүнгээр улсаас буцаан авалт авахаар болж байгаа. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын албан бичиг болон татварын улсын байцаагчийн захиргааны эрх зүйн актаар хий бичилт гэдэг нь нотлогдож байна. Актаар 27.572.788 төгрөгийн торгууль үүнээс үндсэн төлбөр 19.090.900, торгууль 5.727.270, алданги 2.754.618 нөхөн төлөхөөр тогтоосон нь үндэслэлтэй байна. Бодит ажил үйлчилгээ явуулаагүй байж улсаас дээрх буцаан авалтыг авч улсыг хохироохоор байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Татварын улсын байцаагчийн акт нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Татварын ерөнхий хууль болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг биелүүлсэн эсэхийг шалгасан гэдгээ хариуцагч тайлбарлалаа. Барилгын ажил эрхлэгчид бараа материал авч байгаа ч гэсэн бодит байдал дээр 100 сая төгрөгөөр бэлнээр тооцоо хийсэн гэдэг нь эргэлзээтэй. Кассын орлогын баримт дээр хянасан нягтлан бодогчийн гарын үсэг байхгүй. Баримтыг харагдах төдий байдлаар бүрдүүлсэн байна. Зарлагын баримт нь бас хянасан нягтлан бодогчийн гарын үсэггүй байгаа. Баримт өөрөө Татварын ерөнхий газраас гаргасан баримт гэдэг нь батлагдаж байгаа боловч дээр нь бичигдсэн 190 сая төгрөгийн борлуулалтыг бодитой эсэхэд эргэлзэж байна. Энэ баримтын талаар эрүүгийн хариуцлага хүлээгээд Өршөөлийн хуульд хамрагдаад захиргааны хариуцлага хүлээж байгаа нь энэ юм. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн нь захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тийм учраас бол татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна улсад төлөх ёстой татварын өрөө төлөх ёстой гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК нь тус шүүхэд “Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2******* тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тавьсан 2******* тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон төлбөрийг бууруулж, уг захиргааны зөрчилд ногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б*******, Т.Б******* нар 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Хяналт шалгалт хийх ажлын удирдамж болон Татварын хяналт шалгалт хийх томилолт, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 9д/1553 тоот албан бичгийн дагуу Х******* ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 01-2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж Д ХХК-иас 0******* тоот падаанаар 100,000,000 төгрөгийн, Ц******* ******* ХХК-иас 012343611 тоот падаанаар 90,909,091 төгрөгийн худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар нэмэгдсэн өртгийн татвар ногдох орлогоос хасч, албан татвар оногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн татварын улсын байцаагчийн 2******* тоот актаар 190,909,000 төгрөгийн зөрчилд 19,0909,900 төгрөгийн нөхөн татвар, 5,272,270 төгрөгийн торгууль, 2,754,618 төгрөгийн алданги, нийт 27,572,788 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч Х******* ХХК нь “Д, Ц******* ******* ХХК-иас авсан худалдан авалт нь анхан шатны санхүүгийн баримтаар нотлогдож байгаа” гэж маргадаг боловч Х******* ХХК-ийн бараа материал худалдан авсан гэх Д, Ц******* ******* ХХК-иудаас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд хий бичилттэй болох нь дээрх хуулийн этгээдүүдийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Х******* ХХК-д борлуулалт хийсэн гэх дээрх компаниуд борлуулалтаа татварын байгууллагад тайлагнаагүй, Ц******* ******* ХХК-ийн захирал Л.Х******* тус шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Х******* ХХК-д бараа материал худалдаж байгаагүй, харин хий бичилттэй НӨАТ-ын падаан худалдсан. Гэхдээ биечлэн өгөөгүй манай падааныг цааш нь дамжуулж өгсөн” гэсэн мэдүүлжээ.

 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж заасан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэх талаар зохицуулжээ. 

Гэтэл нэхэмжлэгч компанийн санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалт нь үнэн зөв баримтад үндэслэсэн эсэх нь тогтоогдохгүй өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээрх компаниудаас авсан худалдан авалт нь анхан шатны санхүүгийн баримтаар нотлогдож байгаа хэдий ч борлуулалт хийсэн компаниуд борлуулалтаа татварын байгууллагад тайлагнаагүй тул нэхэмжлэгчийг Нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа бүтээгдэхүүн авсан гэж үзэхээргүй.

Өөрөөр хэлбэл Д, Ц******* ******* ХХК-иас Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэх падаануудыг үндэслэж нэхэмжлэгч Х******* ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй байна.  

Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2******* тоот актаар Х******* ХХК-д 190,909,000 төгрөгийн зөрчилд 19,090,900 төгрөгийн нөхөн татвар, 5,272,270 төгрөгийн торгууль, 2,754,618 төгрөгийн алданги, нийт 27,572,788 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасанд нийцжээ.

Иймээс маргаан бүхий актаар тогтоосон нийт 27,572,788 төгрөгийн төлбөрөөс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байгаа, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар 5,272,270 төгрөгийн торгууль, 2,754,618 төгрөгийн алданги, нийт 8,026,888 төгрөгийг төлөхөөс  өршөөн хэлтрүүлж, актын төлбөрийг мөн хэмжээгээр бууруулж, маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Х******* ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2******* тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий актаар ногдуулсан 5,272,270 төгрөгийн торгууль, 2,754,618 төгрөгийн алдангийг тус тус өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийг 8,026,888 төгрөгөөр бууруулсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.АДЪЯАСҮРЭН