Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0561

 
     

“Ш г т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Л, хариуцагч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0526 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ш г т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0526 дугаар шийдвэрээр:

     1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий /2009 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 151 дүгээр зүйлийн 151.6, Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш г т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын тухайн эд хөрөнгийг Д.Х-ын нэр дээр хувьчилсан хэсэг /6 дугаар заалт/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож,

     2 дахь заалтаар: Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 151 дүгээр зүйлийн 151.4, 151.5, 151.6-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Д.Х-ын Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х болон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон Төмөр замын гудамж 7 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

     Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч “Ш г т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2 дахь заалтаар гуравдагч этгээд Д.Х-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын тухайн эд хөрөнгийг Д.Х-ын нэр дээр хувьчилсан хэсэг /6 дугаар заалт/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Ш г т” ХХК-иас дээрх нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа дээрх актуудын улмаас зөрчигдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо “...дахин төлөвлөлтийн журмын дагуу барилгыг нураасан өдрөөс шинэ барилга барьж хуучин өмчлөгчдийг байранд оруулах өдөр хүртэл өрх бүрд, сар бүр 300.000 төгрөгийн нөхөн олговор олгох, Д.Х-ыг өмчлөгч гэж бүртгэл хийгдсэнээр түүнд 25 м.кв байр олгох болоод байгаа, Баянзүрх дүүргийн шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зарлагдсан хурлаар 25 м.кв х 2.000.000=50.000.000 төгрөг гаргуулах хэргийг хэлэлцэх гэж байгаа нь уг бүртгэл болон хувьчлал манай эрх ашгийг зөрчиж байна” гэж тодорхойлсон байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэр гаргах бөгөөд нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар шүүхээс ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Д.Х-ын хувьд 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар төмөр замаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг авч, орон сууц эзэмшигчтэй хийх гэрээ байгуулан орон сууц эзэмших эрх үүсэж, улмаар хуулийн дагуу уг орон сууц эзэмших эрхийнхээ дагуу хувьчлан авч, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Гэтэл шүүхээс зөвхөн маргаан бүхий актууд гарсан цаг хугацаанд дүгнэлт хийж хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий актуудыг нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д.Х-с Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлтэй, “Ш г т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үедээ мэдсэн бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус юм.

2. Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот орон сууцны өмчлөгч болохын хувьд Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.3-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана” гэж заасны дагуу гурвалсан гэрээ байгуулахаар хандсан боловч Нийслэлийн Засаг дарга татгалзсан учир гэрээ байгуулахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч энэхүү бие даасан шаардлагад дүгнэлт хийлгүйгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан учир бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ш г т” ХХК нь “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 6 дахь заалт, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

1. Анх гуравдагч этгээд Д.Х-д Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоотын 18 м.кв байрыг Улаанбаатар төмөр замын Барилга, орон сууцны 2 дугаар ангийн даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Улаанбаатар төмөр замын орон сууц эзэмших эрхийн 00000 дугаар эрхийн гэрчилгээ”-ээр эзэмшүүлсэн бөгөөд эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл дахин сунгаж, Д.Х-д эзэмшүүлжээ.

Улмаар Д.Х нь өөрийн эзэмшлийн дээрх “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоотын 18 м.кв байрыг хувьчилж авах” тухай хүсэлтийг Улаанбаатар төмөр замын Барилга, орон сууцны 2 дугаар ангийн даргаар уламжлуулан, Улаанбаатар төмөр замын боловсон хүчин, нийгмийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга, орон сууцны төв комиссын даргад хандаж 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Д.Х-ын гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авч, “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрладаг 72 дугаар хотхоны 7 дугаар байрны 13 тоотын оршин суугчаас эзэмшин амьдардаг сууцаа хувьчлан авах өргөдөл гаргасан тул, энэхүү 7 дугаар байрны ... техникийн зориулалттай байсан өрөөг сууц болгон засаж өөрчилсөн тул хүн амьдрах нөхцөл байдлыг харгалзан үзэж хувьчлах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Боловсон хүчин, нийгмийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга, Орон сууцны төв комиссын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц хувьчлуулах тухай” 91/1051 тоот албан бичгийг Төрийн өмчийн хороонд хүргүүлжээ.

Мөн Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга Д.Э нь “...Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 7 дугаар байрны 13 тоот байрыг хүн амьдрах зориулалттай болон зассан тул эзэмшигч Д.Х-д хувьчлах санал хүргүүлсэн тул оршин суугчид нь хувьчлах асуудлыг холбогдох материалыг хянан үзэж, шийдвэрлэхийг хүсье” гэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4/2244 дугаар албан бичгийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хүргүүлсэн байна.

Дээрх албан бичиг болон бусад баримтуудыг үндэслэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрладаг 72 дугаар хотхоны 7 дугаар байрыг 13 тоотод орон сууц хувьчилж, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц өмчлөх эрхийн 00000 дугаар гэрчилгээгээр Д.Х-д уг орон сууцыг өмчлүүлжээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын эзэмшилд байгаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоот орон сууцыг хувьчлахыг зөвшөөрсөн шийдвэрийг үндэслэн гарсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 6 дахь заалт нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

2. Гуравдагч этгээд Д.Х нь “Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн оршин суух газрын тодорхойлолт, Улаанбаатар төмөр замын Барилга, орон сууцны 2 дугаар ангийн даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Улаанбаатар төмөр замын орон сууц эзэмших эрхийн 7698 дугаар эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц хувьчлах товчооны мэргэжилтэн Д.Н-ийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан “орон сууц эзэмшигчийн бичиг баримтыг баталгаажуулсан байгууллагын тодорхойлолт, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц өмчлөх эрхийн 00000 дугаар гэрчилгээ зэргийг хавсарган, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоот орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргажээ.

Харин Д.Х-ын гаргасан дээрх мэдүүлгийг үндэслэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоот орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-00000 дугаарт бүртгэж, 00000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг түүнд олгосон байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоот орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-00000 дугаарт бүртгэж, гуравдагч этгээд Д.Х-д өмчлүүлэхээр гэрчилгээ олгосон хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нөгөөтэйгүүр Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “...ашиглалтын шаардлага хангахгүй...” гэсэн 01-01/05 дугаар дүгнэлт, “Барилгуудын ашиглалт, хийц, бүтээцийн төлөв байдлын тухай” 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02-07-089/137 дугаар дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцын барилгыг дахин төлөвлөж барилгажуулах” тухай 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 дүгээр захирамж, Орон сууцны тухай хуулийн 151 зүйлийн 151.6 дахь заалт нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрладаг 72 дугаар хотхоны 7 дугаар байрыг 13 тоотод орон сууцыг хувьчлахаар гаргасан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын холбогдох заалт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-00000 дугаарт уг орон сууцыг бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Тодруулбал, эрх бүхий байгууллага нь өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа ашиглалтын шаардлага хангахгүй үл хөдлөх эд хөрөнгийг бусдад хувьчлах, өмчлүүлэхийг хуулиар хориглоогүй тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийг хувьчилж авахаар хүсэлт гаргасан анхны эзэмшигчид өмчлүүлэхээр шийдвэрлэсэн  хариуцагч нарын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх юм. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн эрх зүйн зохицуулалт, тухайн үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын үйл ажиллагаанд тавих эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм.

Тиймээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрладаг 72 дугаар хотхоны 7 дугаар байрыг 13 тоот орон сууцыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэсэн бүртгэл нь нэхэмжлэгч “Ш г т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

3. Нэгэнт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрладаг 72 дугаар хотхоны 7 дугаар байрыг 13 тоот орон сууц нь гуравдагч этгээд Д.Х-ын өмчлөлд байгаа тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 дүгээр захирамжийн дагуу өмчлөгчийн орон сууц нь дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа нөхцөлд “Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурав талт гэрээ”-г Д.Х нь Нийслэлийн Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай байгуулах эрхтэй.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 08/1293 дугаар албан бичгийг Д.Х-д хүргүүлэн, түүнтэй “Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г байгуулахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус юм.

Иймд гуравдагч этгээд Д.Х-ын “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эдгээр дүгнэлт болон үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш г т” ХХК-ийн “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 6 дахь заалт, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3, 151.4 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Х-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х болон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон Төмөр замын гудамж 7 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР