Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00946

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00946

 

 

 

 

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07ы өдрийн 183/ШШ2022/00586 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Оийн хариуцагч С.Пд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр И.О нь өөрийн ХААН банк дахь 5077119239 тоот данснаас хариуцагч С.Доржпагмын 5028572073 тоот дансанд зээлийн төлбөр гэсэн утгатай 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч зээлсэн мөнгөө төлөх битгий хэл дандаа худал ярьж арга заль хэрэглэж өдийг хүрлээ. Иймд хариуцагчаас зээлийн төлбөр болох 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие нэхэмжлэгч И.Оийг танихгүй бөгөөд өмнө нь уулзаж түүнээс ямар нэгэн байдлаар зээл авч байгаагүй. И.Оийн төрсөн ах И.Түвшинтөр нь надаас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн төлбөр гэж миний 5028572073 тоот дансанд 5,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн төрсөн дүүгийнхээ данснаас шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.Оийн хариуцагч С.Пд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх уг хэргийн үнэн бодит байдлыг зөвөөр дүгнэж шийдээгүй, хэт өнгөц харж хэргийг шийдвэрлэсэнд туйлын харамсаж байна. Анхан шатны шүүхийн баримталсан ганц нотлох баримт болох Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч И.О нь гэрчийн мэдүүлэг өгсөн байх ба маргааны зүйл болох 5,000,000 төгрөгийг хариуцагч С.Пд шилжүүлсэн үйл баримтын талаар ... ах Түвшинзулаар авахуулсан зээлийн төлбөрийг ахынхаа хэлсэн данс руу шилжүүлсэн гэсэн ганцхан зүйлийг үндэслэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бүх хариу тайлбар болон нотлох баримт, хүсэлтүүдийг гаргаж өгсөн байдаг. Хэрэв шүүх дээрх тэмдэглэлийг нотлох баримт болгон үнэлж байгаа бол бусад оролцогч нарын тайлбартай бас танилцах хэрэгтэй байсан гэж бодож байна. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа хэргийн ажиллагаа болон шийдвэрүүдийг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт өгье гэхэд хэрэгт ямар ч ач холбогдолгүй, Ханхишиг ундарга ХЗХ хамааралгүй гэж шүүгч хэлсэн тул манай талаас эдгээр шийдвэрүүд ямар ч хамааралгүй юм байна гэж ойлгосон. Гэтэл адилхан нотлох баримтаар гаргаж шүүхэд ирүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй ч танилцаж үзээгүй, зөвхөн хариуцагчийн дурдсан Ханхишиг ундарга ХЗХ-г хамааруулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгч ядаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03271 тоот шийдвэртэй танилцсан бол энэ хэргийн үнэн зөвийг олж харах байсан. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр үнэн бодит байдлыг хэлсэн атал шүүгч нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Товчхондоо гэвэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж хариуцагчид давуу байдал үүсгэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Миний хувьд И.О гэх хүнийг танихгүй, нэхэмжлэлд дурдсан шиг тохиролцож зээл аваагүй. Төрсөн ах болох Түвшинзул, Түвшинтөр нар нь надад өгөх ёстой байсан мөнгөө тухайн үед шилжүүлж өгсөн. Үүнийгээ шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч И.О нь хариуцагч С.Пд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч И.О 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн ХААН банкны 5077119239 тоот данснаас хариуцагч С.Доржпагмын 5028572073 тоот данс руу 5,000,000 төгрөгийг Отгонтөгс зээл гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. /хх-4/

Хэргийн 54-69 дүгээр талд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримтаар авагдсан, уг шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.О гэрчээр оролцож 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн төлбөр 5,000,000 төгрөгийг С.П гэдэг хүний данс руу шилжүүлсэн. И.Түвшинзулын надад авч өгсөн зээлийг хаах зориулалтаар 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг өгчээ.

 

4. Нэхэмжлэгч И.О, хариуцагч С.П нарын хооронд Иргэний хуулийн

281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. /хх-75/

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй.

Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт болох дээрх шүүх хуралдааны тэмдэглэлд үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07ы өдрийн 183/ШШ2022/00586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.БЯМБАСҮРЭН