Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00945

 

 

 

 

 

 

2022 05 18 210/МА2022/00945

 

 

Я.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22ы өдрийн 183/ШШ2022/00744 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Я.К ББСБ ХХК-ийн хариуцагч Г.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 96,424,105.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 20/108 тоот зээлийн гэрээ байгуулж 31,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлийн SALLAAAD4BA563115 арлын дугаартай, 00-02 УБГ улсын дугаартай LANROVERDISCOVERY4HSE маркийн суудлын авто машиныг барьцаанд тавьсан. Үүний дараагаар дахин 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 21/017 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, дээрх автомашиныг дахин барьцаалж гэрээ хийсэн. Гэтэл Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/108 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 3,510,981.52 төгрөг, зээлийн хүү 5,992,164.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,008.17 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш зээлийн төлбөрөө огтхон ч төлөхгүй, зээлийн гэрээний үндсэн нөхцлийн дагуу гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөр 27,489,018.48 төгрөг, хүү 5,877,303.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 433,122.99 төгрөг болсон. Харин 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/017 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрөө огт төлж барагдуулаагүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөр 50,000,000 төгрөг, хүү 11,276,712.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 528,482.24 төгрөг болсон. Иймд хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/108 тоот зээлийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/017 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 96,415,105.68 төгрөгийг нотариатын зардал 9,000 төгрөгийн хамт гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/108 тоот зээлийн гэрээний үүрэгт 34,609,911.13 төгрөг гаргуулах шаардлагын хувьд Я.К ББСБ ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээл олгогдсон бөгөөд тухайн үедээ буцаагаад өөрийн эзэмшлийн Голомт банк ХХК-ийн 1165130282 тоот данснаас 27,058,500 төгрөгийг нэхэмжлэгчийн 1165102586 тоот данс руу шилжүүлсэн ба үлдэгдэл 4,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 456075217 тоот данснаас мөн өдрөө буцааж шилжүүлсэн байдаг тул уг гэрээтэй холбоотой зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/017 тоот зээлийн гэрээний хувьд Голомт банк ХХК-ийн 1165130282 тоот данснаас 50,000,000 төгрөгийг Я.К ББСБ ХХК-ийн 1165102586 тоот дансанд буцаан шилжүүлсэн байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2021 оны 03 сарын 24-ний өдөр 21/017 тоот зээлийн гэрээний үүрэгт 61,805,195 төгрөг, 2020 оны 09 сарын 30-ны өдөр 20/108 тоот гэрээний үүрэгт 27,282,427 төгрөг, нийт 89,087,622 төгрөгийг хариуцагч Г.Бгаас гаргуулан нэхэмжлэгч Я.К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,336,484 төгрөгт, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 710,622 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 603,389 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн зүгээс хариуцагчаас төлсөн төлбөрийн зөрүү 4,914,191 төгрөгийг зээлийн хүү болон үндсэн зээлээс хасч тооцон Г.Бгийн 20/108 тоот зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг 27,282,427 төгрөг гэж тооцон гаргасан боловч хэрхэн яаж бодсон талаар нарийн тооцоо гаргаагүй. Өөрөөр хэлбэл зөрүү 4,914,191 төгрөгийг үндсэн зээлээс хэдэн сарын хэдний өдөр хасаж, түүнээс үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж бодсон талаар эргэлзээтэй байдал үүсгэн шийдвэрлэсэн. Иймд дээрх нотлох баримт болон үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хариуцагчтай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/017 тоот зээлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/108 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 96,415,105.68 төгрөгөөс 7,336,484 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн гэх 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20038 тоот зээлийн гэрээний төлөлт 30,987,700 төгрөг гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэсэн байдаг. Хариуцагч талаас үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, техникийн шинжтэй алдаа гарсан. Нэхэмжлэгч уг тайлбарыг гаргасан. Талуудын хооронд олон зээлийн гэрээ байгуулагдсан. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр анхны гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь зээлээ төлж чадахгүй байна, автомашинаа аваарай гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас хүү шингэсэн дүнгээр гэрээ байгуулчих гэж хэлдэг байсан. Сүүлдээ хариуцагчийн эгч дүү нартай нь зээлийн гэрээ байгуулсан байдаг. Хүү шингэсэн дүнгээр гэрээ байгуулаад өмнөх зээл нь хаагдсан гэж тайлбарладаг байсан. Нэхэмжлэгч тал хариуцагчийн итгэлийг ашиглан хүүгийн дарамтад оруулсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрээ болон төлөлт хийсэн баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан. Хариуцагчийн дүү Наранцацралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан. Уг хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Я.К ББСБ ХХК нь хариуцагч Г.Бд холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/108 тоот зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээл 27,489,018.48 төгрөг, зээлийн хүү 6,478,296.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 642,595.97 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/017 тоот зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 11,276,712.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 528,482.24 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9,000 төгрөг, нийт 96,424,105.68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Я.К ББСБ ХХК, Г.Бтай 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20/108 тоот зээлийн гэрээ байгуулж, хувийн хэрэглээний зориулалтаар 31,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал байхаар, мөн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 21/017 тоот зээлийн гэрээ байгуулж, хэрэглээний зээлийн зориулалтаар 50,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуустал байхаар тус тус тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /хх 9-22/

Зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20/108 тоот, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 21/017 тоот фидуцийн гэрээнүүд байгуулж, Land Rover Discovery 4HSE маркийн 00-02 УБГ улсын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

Дээрхээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, фидуцийн гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

4. Я.К ББСБ ХХК нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 31,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 50,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус шилжүүлсэн, хариуцагч Г.Б зээлийн гэрээний дагуу дээрх мөнгийг хүлээж авсан болохоо үгүйсгээгүй. Иймд зээлдүүлэгч Я.К ББСБ ХХК зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байна.

5.а. Зээлдэгч Г.Б 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 9,524,154.07 төгрөгийг төлсөн, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан. /хх 171-172/

5.б. Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/108 тоот зээлийн гэрээний үүрэгт Голомт банкны 1165130282 тоот данснаас 27,058,500 төгрөгийг нэхэмжлэгчийн 1165102586 тоот данс руу шилжүүлсэн /хх-68, 150/ ба үлдэгдэл 4,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 456075217 тоот данснаас мөн өдрөө буцааж шилжүүлсэн /хх-119/, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/017 тоот зээлийн гэрээний үүрэгт Голомт банкны 1165130282 тоот данснаас 50,000,000 төгрөгийг Я.К ББСБ ХХК-ийн 1165102586 тоот дансанд буцаан шилжүүлсэн /хх-70, 150/ гэж тайлбарласан.

Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 31,000,000 төгрөгийн зээл авч мөн өдрөө зээлийг буцаан төлсөн гэж тайлбарлаж, Г.Бгаас Я.К ББСБ ХХК-ийн дансанд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 27,058,500.94 төгрөгийг шилжүүлсэн Голомт банкны мемориалын баримт болон дансны хуулгыг, мөн өдөр 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч эдгээр төлбөр нь түүний 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр авсан 28,900,000 төгрөгийн зээлийн төлөлт болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн графикаар нотлогдож байна. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/108 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээл авч мөн өдрөө зээлийг буцаан төлсөн гэж тайлбарлаж Голомт банкны мемориалын баримт болон дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч уг төлбөр нь Г.Болормаагийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр авсан 63,000,000 төгрөгийн зээлийн төлөлт болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график болон Голомт банкны мемориалын баримт болон дансны хуулгын гүйлгээний утган дээр Болормаагаас зээл хаав гэж бичсэнээр тус тус нотлогдож байна. Иймд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/017 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

5.в. Анхан шатны шүүх хариуцагчийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/017 тоот зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй гэж дүгнэн 61,805,194.57 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/108 тоот зээлийн гэрээний үүрэгт 14,439,346 төгрөгийг төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаас үзвэл тэрээр 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 415,192.92 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхдээ Болормаа гэсэн утгаар шилжүүлсэн байх ба уг мөнгө нь Г.Болормаагийн дээр дурдсан зээлийн төлөлт болох нь зээлийн эргэн төлөлтийн графикаар нотлогдож байна.

Шүүх хариуцагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 3,929,447.75 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/017 тоот зээлийн гэрээний 2.13-т заасны дагуу зээл олгосны шимтгэлд 500,000 төгрөгийг хариуцагчийн төлсөн мөнгөнөөс суутган авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуульд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хариу төлбөр нь уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүү байхаар заасан байх ба зээлдэгчид зээлийн шимтгэл төлөх үүрэг хуулиар хүлээлгээгүй байна.

Дээрх үндэслэлээр зээлдэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/108 тоот зээлийн гэрээний үүрэгт 10,024,154.07 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

6. Нэхэмжлэгч шүүхэд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж уг шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн ба энэ нь эд хөрөнгийн бус нэхэмжлэл байхад шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтаагүй алдааг залруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22ы өдрийн 183/ШШ2022/00744 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 27,282,427 гэснийг 34,109,910.68 гэж, 89,087,622 гэснийг 95,915,105.68 гэж, 7,336,484 гэснийг 509,000 гэж, 2 дахь заалтын 603,389 гэснийг 637,525.53 гэж тус тус өөрчилж, 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.К ББСБ ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 132,333.74 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.БЯМБАСҮРЭН