Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0287/З |
Дугаар | 221/МА2018/0552 |
Огноо | 2018-10-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2018/0552
2018 оны 10 сарын 18 өдөр | Дугаарh221/МА2018/0552 | Улаанбаатар хот |
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0456 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-н гаргасан давж заалдах гомдлоор, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0456 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О давж заалдах гомдолдоо: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 тоот тушаалаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын бусаар ашигласан, хамгаалалтын горимыг удаа дараа ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Уорлд тревэл” ХХК-ийг ашиглаж байсан 9,3 га газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Сайдын энэхүү тушаалыг эс зөвшөөрч “У” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж уг маргааныг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/0456 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн.
Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэж , хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй орхигдуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх өөрөө цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, зайлшгүй оролцох ёстой гуравдагч этгээд нарыг хуулийн дагуу шүүх ажиллагаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэж хууль зөрчсөн тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Байгаль орчин, орчин аялал жуулчлалын сайдын 2018.02.27 ны өдрийн А/40 тоот тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.11 дэх хэсгийг зөрчсөн гээд нэр бүхий 6 компанид газрын эрхийг шилжүүлсэн хэмээн тусгасан байхад анхан шатны шүүх зөвхөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.11 дэх хэсгүүдэд үнэлэлт дүгнэлт өгч харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад огт үнэлэлт өгөөгүй орхигдуулсан явдал нь Газрын тухай хуулийн 39-р зүйл 39.1, 39.1.2, 39.1.4 дэх заалтуудыг давхар үнэлэх боломжгүй болгосон.
Тухайлбал сайдын тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-г зөрчсөн гэсэн нь ашиглаж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүйгээс газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгохыг заасан байхад тухайн байдлыг үнэлж, дүгнэлт өгсөнгүй. Нэхэмжлэгч нь ашиглаж буй газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/40 тоот тушаалдаа хуулийн заалт бүрээр тусгасан байхад анхан шатны шүүхээс зориулалтын бусаар ашигласан талаар огт дүгнэлт өгөөгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-ыг А/40 тоот тушаалдаа дурдсан нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл болж байхад уг үндэслэлийн талаар шүүхээс дүгнэлт өгч шийдвэртээ огт тусгаагүй болно. Сайдын А/40 тоот тушаалд заасан дээрх үндэслэлүүд нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болж байхад тухайн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон эсэхт шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй зөвхөн газрын төлбөр төлсөн төлөөгүй талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна.
Мөн анхан шатны шүүх нь сайдын А/40 тоот тушаалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийг баримталсан атлаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.1, 40.2-т зааснаар газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь илэрхий алдаатай болсон хэмээн заасан байна.
Гэтэл сайдын А/40 тушаалд газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-ийг баримталсан заалт байхгүй бөгөөд анхан шатны шүүхээс тушаалд баримтлаагүй заалтад үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Иймд сайдын тоот тушаал утга агуулгын хувьд алдаатай бус , харин анхан шатны шүүхийн шийдвэр утга агуулгын хувьд өөрөө илэрхий алдаатай болсон гэж үзэж байна.
Хэрэгт огт авагдаагүй давхардуулан олгосон шүүхийн шийдвэрүүдийн талаар:
Тус маргаан бүхий 9,3 га газар дээр өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05/23 тоот шийдвэрээр иргэн Д.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн дагуу иргэн Д.Э нь тус газарт газар ашиглаж байгаа болно.
Мөн тус маргаан бүхий 9,3 га газарт иргэн н.Б-н нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, шүүхээс иргэн н.Б-н нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох тус хэрэгт өмнө нь хүчин төгөлдөр хоёр ч удаагийн шүүхийн шийдвэр гарчихсан байхад шүүх гуравдагч этгээдийг хуулийн дагуу тодорхойлж хэрэг маргаанд оролцуулах үүргээ биелүүлээгүй хэргийг шийдвэрлэж байгаа явдал нь хожим хойно шинээр илрэх нөхцөл байдал үүсэхэд хүргээд байна. Тус маргаан бүхий 9,3 га газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 80 шахам барилга байшин баригдсан байхад анхан шатны шүүхээс тухайн барилгын эздийг тодруулалгүйгээр, өмнө нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үйл баримтаар нотлох үүргээ биелүүлсэнгүй хууль зөрчсөн шийдвэр гаргаад байна.
Мөн тус маргаан бүхий газар дээр одоогийн байдлаар газрын байрлал давхцсан шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Д” ТББ, иргэн н.Ч нарын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдогдуулан гаргасан захиргааны хэрэг маргаанууд тус шүүхэд хянагдаж байгааг мэдсээр байж яаран шүүх хурлыг хуралдуулж шийдвэр гаргаж байгаа нь тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцох боломжтой байсан байгууллага иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчсөн шударга бус шийдвэр гарсан гэж үзэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/40 тоот тушаалд заасан газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл нь хуульд нийцсэн болохыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0171 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогддог. Тус шийдвэрт нэхэмжлэгч “У” ХХК-ийг 1,226,158,500 төгрөгийн газрын төлбөр төлөх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл өмнө нь шүүхээр нотлогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхад анхан шатны шүүхээс хуулийн энэ заалтыг хэрэглэлгүй, хууль зөрчиж газрын төлбөр төлөх үндэслэлгүй гэж илтэд хууль бус шийдвэр гаргасан болно.
Энэхүү хууль зөрчсөн шийдвэр өмнө нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг маргаантай болгох нөхцөл байдлыг бий болгоод байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/40 тушаалд тусгагдсан улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын бусаар ашигласан, хамгаалалтын горимыг удаа дараа ноцтой зөрчсөн гэсэн 4-н үндэслэлээс зөвхөн газрын төлбөр төлөөгүй үндэслэлд дүгнэлт өгч, бусад үндэслэлийн талаар шүүхээс зайлшгүй хийгдэх ажиллагаануудыг хийсэнгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/0456 тоот шийдвэрийг хүчингүй болгож .дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/40 дүгээр тушаалаар “У” ХХК-ийн 9.3 га газрын эрхийг газрын төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргажээ.
Нэхэмжлэгч “У” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор Богины амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 9.3 га газрыг 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд ашиглахаар 2016/180 дугаартай 3 талт гэрээ байгуулсан байна.
Тус гэрээний 2.4 дэх заалтаар газрын төлбөрийн хэмжээг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолын дагуу м2 тутам 1320 төгрөг буюу 1 жилд 122,760,000 төгрөг төлөхөөр тогтоож, төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээн, эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахаар гэрээний нөхцлүүдийг тохирсон боловч “У” ХХК нь 2015 оны 04 дүгээр сараас хойш газрын төлбөр төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” газар ашиглах эрх дуусгавар болохоор, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д газар эзэмших эрхийн гэрчилгээг “... газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд хүчингүй болгохоор тус тус зохицуулжээ.
Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгч “У” ХХК нь 3 талт гэрээнд зааснаар эрх бүхий байгууллагаас газрын төлбөрийн хэмжээг өөрчлөх шийдвэр гарч гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх тул Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоол нь шүүхийн маргаантай эсэхээс үл хамаарч тус тогтоолоор тогтоосон төлбөрийг гэрээ болон хуульд зааснаар төлөх үүрэгтэй бөгөөд хуулийн дээрх зохицуулалтуудаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болсон байна.
Нөгөөтэйгүүр, маргаан бүхий тушаалд “У” ХХК нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлийг заасан боловч энэ нь хуульд зааснаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох шууд үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хэрэгт огт авагдаагүй давхардуулан олгосон шүүхийн шийдвэрүүдийн талаар” гаргасан гомдлын тухайд эдгээр үйл баримтуудыг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад шинжлэн судалж, хэлэлцээгүй, мөн хариуцагчийн зүгээс хариу тайлбарынхаа үндэслэл болгож маргаагүй учраас гомдлын энэ хэсгийг хүлээн авч дүгнэлт өгөх боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН