Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 334

 

С.Г-ын нэхэмжлэлтэй,

 Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг       

            Шүүгчид:                      Г.Банзрагч

                                                М.Батсуурь

                                               Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:             Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

           Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1401 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203035259 дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 46.1.7 дахь заалтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 54,337,500 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт зааснаар гаргуулах”,

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0280 дугаар шийдвэр,

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаар магадлалтай,

     Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ё.Э нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч С.Г-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0280 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1401 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203035259 дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 54,337,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч С.Г-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч С.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх заалтыг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах.

4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан байдлаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1401 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203035259 дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 54,337,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн Захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 54,337,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасан зөрчлийг гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

5. Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн...” тухайд: Хэргийн материалд “Улсын бүртгэлийн ерөнхий газар”-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр уг хэрэгт төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон байх боловч тус итгэмжлэлийг олгосон Б.Б нь “Улсын бүртгэлийн ерөнхий газар”-ыг төлөөлж, итгэмжлэл олгох эрхтэй этгээд эсэх тухай баримт авагдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан буюу төлөөлөх эрхтэй этгээд шүүхэд төлөөлсөн эсэх нь тодорхойгүй. Энэ нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл болсон. Мөн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан “бичмэл” нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж шийдвэр гаргасан. Хэргийн оролцогчид шүүхэд бичмэл нотлох баримт гаргаж өгөхдөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар “баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв баримтыг эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагатай" гэж, 38.4-т заасан “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь хэргийн оролцогч бус этгээдүүдэд хамааралтай зохицуулалт болно. Гэтэл Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь С.Г-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч буюу хуульд зааснаар хэргийн оролцогч боловч шүүхээс хэргийн оролцогчийн ирүүлсэн нотлох баримт дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байхад буюу хуулбар үнэн тэмдэг дарснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, тус нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан “анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” тухайд: Анхан шатны шүүхээс С.Г нь Улсын бүртгэгчийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын хэмжээг 54,337,500 төгрөгөөр тогтоон маргаж байх ба энэхүү хохирол нь нэхэмжлэгчид учирсан бодитой хохирол мөн эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийн дээрх хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь өөрөө хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Шүүх нь дээрх үүргийнхээ хүрээнд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгуулах зорилгоор “нэхэмжлэгч”-ээс тодруулга авах, нотлох баримт өөрт нь болон бусад этгээдүүдэд хадгалагдаж байгаа эсэхийг лавлаагүй бөгөөд энэ нь шүүхээс нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлэхгүйгээр буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, тодорхой нотлох баримт бүрдээгүй байхад шүүх хуралдааныг явуулсан. Шүүхийн шийдвэрийн “нэхэмжлэгчид учирсан бодитой хохирол мөн эсэх” гэсэн дүгнэлтийн үндэслэл болж байгаа Иргэн С.Г-аас Д.Ш-д авто машинуудыг бүрэн шилжүүлж, хүлээлгэн өгсөн тухай баримтыг “гэрч асуулгах” замаар тогтоох боломжтой байсан. Учир нь Д.Шинэсар нь нэхэмжлэгчээс итгэмжлэл олгогдсон автомашинуудыг Да-хүрээ захын машины ченжид худалдсан бөгөөд төлбөрийг Д.Ш-ын эхнэрийн нэр дээр шилжүүлсэн тухай Эрүүгийн хэргийн хавтаст хэргийн материалд авагдсан байдаг.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй...” тухайд: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Шүүх... нэхэмжлэлийн шаардлагын хүрзэнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарлан маргаж байгаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх иргэн Д.Ш болон “А к” ХХК-д хуульд заасан журмын дагуу үүссэн, тухайн барилга нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан зураг төсөлд тавигдах шаардлагыг хангасан эсэх нь энэхүү маргааны зүйлд хамаарахгүй тул шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын Ү-2203035259 дугаарт бүртгэсэн бүртгэлийг буюу хамгийн анх Улсын бүртгэлийн бүртгэлд тухайн бодит нөхцөлд байхгүй, байх боломжгүй зүйлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл үүсгэж, гэрчилгээг Д.Ш-д олгосон захиргааны байгууллагын үйлдлийг дүгнэлгүй, нэхэмжлэгчид Улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлсэн үйлдлийг дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг дүгнэлгүй орхисон.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” тухайд:

9. Магадлалын хянавал хэсэгт “...Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.2.1... 2.3.12-т...” тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд тухайн байгууллагыг төлөөлж, итгэмжлэл олгох эрхтэй этгээд мөн болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх энэ талаар дахин тодруулах шаардлагагүй байна” гэж дүгнэсэн. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэл хууль ёсны эсэх буюу итгэмжлэл олгох эрхтэй этгээдээс олгогдсон итгэмжлэл мөн эсэхийг Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг хэрэглэж, тогтоогдсон гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нөгөөтэйгүүр төлөөлөх эрхийг шалгахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсгийг хэрэглэж, нотлох баримтуудад үндэслэх учиртай юм.

10. Магадлалын хянавал хэсэгт “...захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учирсан бодитой хохирол гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хохирол нэхэмжлэх тухай” зохицуулалт нь “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг арилгуулах...” гэж тусгасан бөгөөд хуулийн бичилтээс “улмаас” буюу 1/захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байх, 2/ хүн, хуулийн этгээдэд хохирол учирсан байх бөгөөд энэхүү 2 нөхцөлийн хооронд “шалтгаан холбоо”-той байх гэж үзэж байна. С.Г миний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хувьд давж заалдах шатны шүүх Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын үйлдлийг илт хууль бус болохыг, иргэн С.Г-т хохирол учирсан болохыг тогтоосон боловч үүнийг бодит хохирол биш байна гэж дүгнэсэн. Иргэн С.Г надад 54,337,500 төгрөгийг хохирол /20,0000,000 нь гэрээгээр нотлогдож байгаа/ учраад байхад үүнийг бодит хохирол биш гэж үзэж байгаа үндэслэлээ шүүх тодорхой тайлбарлалгүйгээр “бодит хохирол” биш л бол захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэхгүй гэсэн логикоор шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

11. Магадлалын хянавал хэсэгт “...хамгийн анх Улсын бүртгэлийн бүртгэлд тухайн бодит нөхцөлд байхгүй, байх боломжгүй зүйлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл үүсгэж, гэрчилгээг Д.Ш-д олгосон захиргааны байгууллагын үйлдлийг дүгнэлгүй, нэхэмжлэгчид Улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлсэн үйлдлийг дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг дүгнэлгүй орхисон” гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй” тухай дурдсан байна. Харин давж шатны шүүх ямар үндэслэлээр гомдлын үндэслэл”-ийг няцааж буюу үндэслэлгүй гэж дүгнэж байгааг тайлбарлаагүй байна.

12. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх заалтыг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

14. Анх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай, “М х т х” ТББ болон “У х” ХХК хамтран барьсан барилгын 1401 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг “... өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлсэн мэдүүлэг, хүсэлт, “Угалз холдинг” ХХК-ийн шийдвэр, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс олгосон албан ёсны хаяг, эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, комиссын акт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн” иргэн Д.Ш-ын өмчлөлд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203035259 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000549872 дугаартай гэрчилгээ олгосон, 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч Д,Ш, иргэн Ц.Б нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ” хийгдэж, уг үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг Ц.Б-д бэлэглэснээр хоёр иргэний өмчлөлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон, 2017 оны 06 сарын 07-ны өдөр “А к” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсныг улсын бүртгэлд бүртгэж, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 184/ШШ2018/02232 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”, 2019 оны 184/Ш32019/03365 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийг тус тус үндэслэн, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг  2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Аллианс капитал” ББСБ-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн 00695472 дугаар гэрчилгээ олгогдсон, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “А к” ББСБ-аас “... /маргаан бүхий/ үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, түүнтэй холбоотой гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, ... төлбөр тооцоо хийж мөнгө авах ... бүрэн эрхийг” иргэн Д.Ш-д итгэмжилсэн, уг итгэмжлэлийн дагуу  2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Д.Ш, С.Г нар “Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, С.Г-ын өмчлөлд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1401 тоот хаягт байршилтай, 45 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримтууд тогтоогджээ.

15. Нэхэмжлэгч С.Г-аас “/маргаан бүхий/ үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203035259 дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 46.1.7 дахь заалтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “..../худалдаж авсан/ үл хөдлөх хөрөнгө нь техникийн зориулалттай өрөө байсан, ... биет байдлаараа байхгүй объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон нь илт хууль бус” гэж маргасан, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203035259 дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг “илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн байна.

16. Тодруулбал, маргааны үйл баримтад холбогдох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1401 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг анх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Ш-ын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203035259 дугаарт бүртгэсэн, уг бүртгэлийг “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Д.Шинэсарыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй, түүнчлэн, Д.Ш-д олгогдсон өмчлөх эрхийн 000549872 дугаартай гэрчилгээ,  Д,Ш, Ц.Б нар (2 хүний өмчлөл)-т олгогдсон өмчлөх эрхийн 00058320 дугаартай гэрчилгээ, “Аллианс капитал” ББСБ-д олгосон өмчлөх эрхийн 00695472 дугаар гэрчилгээ, эсхүл нэхэмжлэгч С.Г-т өөрт нь олгогдсон өмчлөх эрхийн 000723758 дугаартай гэрчилгээний алийг нь “илт хууль бус” гэж нэхэмжлэгчээс маргасан нь, түүнчлэн, шүүх аль гэрчилгээг илт хууль бус гэж дүгнэсэн нь тодорхойгүй, хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг “анхнаасаа хэн нэгэнд өмчлөх эрх бүртгэгдэх ёсгүй байсан” гэх агуулгаар ойлгож, дүгнэж байгаа тохиолдолд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримт ... /нэхэмжлэлийн шаардлагын улмаас/ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу дээрх этгээдүүдийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үүрэгтэй, иргэн Д,Ш, Ц.Б, “А к” ББСБ-ыг оролцуулалгүйгээр тэдгээрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг “илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил болно.

17. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар аливаа хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах, захиргааны акт (бүртгэл)-ыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн байдлаа нэхэмжлэгч тодорхойлох, шүүх уг байдалд дүгнэлт хийх үүрэгтэй тул өмчлөх эрхийг Д,Ш, Ц.Б, “А к” ББСБ зэрэг хүн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч С.Г-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар дүгнэлт хийх шаардлагатай.

18. Анхан шатны шүүхийн алдаа, эдгээр нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу, энэ тохиолдолд, хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул “... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Г-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Ч.ТУНГАЛАГ

               ШҮҮГЧ                                                    Д.МӨНХТУЯА