Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00852

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00852

 

 

Ч.Р.Р.М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09ий өдрийн 102/ШШ2022/00800 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Р.Р.М ХХК-ийн хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан 76,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчС.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Наранцэцэг, Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. Хариуцагч Б.А нь 2017 онд БНСУ-ын хөрөнгө оруулалттай Ч.Р.Р.М ХХК-д менежерээр ажиллаж байсан. Ч.Р.Р.М ХХК нь Trago маркийн автомашиныг эзэмшдэг байсан бөгөөд тухайн үед уг автомашиныг худалдах ажлыг менежер Б.А хариуцаж хийсэн. Уг автомашиныг хариуцагч нь бусдад 180,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч Тэргүүн транс ХХК нь 100,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс 10,000,000 төгрөг нь тухайн автомашиныг худалдахтай холбоотой зардал болсон. Үлдэх 80,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг автомашин борлуулсны хөлсөнд тооцож хариуцагчид өгсөн. Ийнхүү үлдэх 76,000,000 төгрөгт Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр, 35 тоот хаягт байршилтай, Ү-2205014549 улсын бүртгэлд бүртгэлтэй орон сууцыг Тэргүүн транс ХХК нь санал болгосон.

1.б. Тухайн үед Ч.Р.Р.М ХХК-д орон сууцны хэрэгцээ шаардлага байхгүй байсан төдийгүй уг орон сууцны үнэ нь 76,000,000 төгрөгөөс илүү тул менежер Б.Ад уг орон сууцны өмчлөлийг шилжүүлж, 76,000,000 төгрөгийг Б.А нь Ч.Р.Р.М ХХК-д өгөхөөр тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу Б.Агийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2205014549 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр, 35 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн.

1.в. БНСУ-ын иргэн Park Kangseok нь Ч.Р.Р.М ХХК-ийг төлөөлж Б.Атай 76,000,000 төгрөгийг төлөх баталгаа болгож 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Ч.Р.Р.М ХХК-ийн автомашин худалдсаны хариу төлбөрт авах дээрх орон сууцыг Б.Агийн нэр дээр шилжүүлж, барьцааны зүйл болгон барьцааны гэрээг байгуулсан.

1.г. Хариуцагч Б.А нь биткойнд хөрөнгө оруулах зорилгоор БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг компанид 3,500 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Тэрээр өөрийнхөө нэрээр шууд тухайн Солонгос компани руу олон улсын шилжүүлэг хийсэн. Дээрх койнд оруулсан хариуцагчийн хөрөнгө оруулалт нь түүний сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд нэхэмжлэгч Ч.Р.Р.М ХХК-д огт хамааралгүй буюу нэхэмжлэгч нь дээрх мөнгийг хүлээн авч байгаагүй.

Иймд хариуцагч нь Ч.Р.Р.М ХХК-ийн автомашиныг бусдад худалдсаны үлдэгдэл төлбөр болох 76,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч Б.Агаас 76,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Ч.Р.Р.М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНСУ-ын иргэн Park Kangseok худалдан авагч Тэргүүн транс ХХК-тай харилцан тохиролцож 61-47 УНЦ улсын дугаартай, Hyundai Trago маркийн тусгай зориулалтын автокраныг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

2.а. Гэрээний 3.2-т заасны дагуу гэрээ хийх үед 90,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 10,000,000 төгрөгөөс худалдаж буй автомашины нэр шилжүүлэхтэй холбоотой зардал, татвар, оношилгоо, торгууль, гэрээ гэрчлүүлэхтэй холбоотой зардал болон автокраны магадлан сунгалт зэрэг бусад зардлыг суутган тооцсон.

2.б. Хариуцагч дээрх автомашины үнийн 90,000,000 төгрөгийг өөрийн Голомт банк дахь 1905027766 дугаар данснаас 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ч.Р.Р.М ХХК-ийн Голомт банк дахь 1905027236 дугаар дансанд шилжүүлсэн.

2.в. Нэхэмжлэгч нь дээрх автомашиныг худалдан борлуулсны урамшуулал болгож улсын бүртгэлийн Ү-2205014549 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр, 35 тоот хаягт байршилтай орон сууцыг хариуцагчид шилжүүлж өгсөн.

2.г. Автомашины үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид автомашин худалдан борлуулсны урамшуулал болгож өгсөн. Үлдэх 76,000,000 төгрөгөөс хариуцагч нь 49,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

2.д. Хариуцагч Б.А нь биткойнд хөрөнгө оруулах зорилгоор БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг компанид 3,500 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд өөрийнхөө нэрээр шууд тухайн Солонгос компани руу олон улсын шилжүүлэг хийсэн гэж 9,450,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй ба хариуцагч Б.Агийн хувьд нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй тул дээрх мөнгийг нэхэмжлэх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.е. Нэхэмжлэгч Ч.Р.Р.М ХХК-иасС.Н, Д.Мягмарсүрэн нарт олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.ё. Мөн Г.Наранцэцэг нь хариуцагчийг Ч.Р.Р.М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төлөөлөх эрхгүй. Учир нь хариуцагчаас түүнд олгосон итгэмжлэл нь БНСУ-ын иргэн Park Kangseok-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцох эрхийг олгосон тул шүүх Ч.Р.Р.М ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан гэж үзэх боломжгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болж байна.

Иймд дээрх үндэслэлээр хэргийг, эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 76,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Р.Р.М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 537,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар гэх нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй төдийгүй Жавхлант өргөө констракшн ХХК, Грийн ресурс констракшн ХХК, Тэргүүн транс ХХК-уудаас иргэний хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хүсэлт, нотлох баримтууд нь зөвхөн тухайн орон сууцыг хэнээс хэнд хэрхэн шилжүүлсэн талаархи үйл байдлыг нотолж байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь ... хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Пак Кан Сокийн Голомт банк дахь 2720002805 дугаар дансанд 49,000,000 төгрөгийг автомашин худалдсан үлдэх үнийг шилжүүлсэн гэх боловч /2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар тал/ уг мөнгийг автомашин худалдсаны үлдэх төлбөрт нэхэмжлэгчид шилжүүлсэн үзэх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Гэтэл дээрх баримтаар хариуцагчийг нэхэмжлэгчийн өмнө үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Ч.Р.Р.М ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь БНСУ-ын иргэн Lee Jin Yeong бүртгэлтэй байгаа хэдий ч Пак Кан Сок нь нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд зөвлөхөөр ажилладаг бөгөөд хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б.А, Пак Кан Сок нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр БНСУ-ын иргэн Пак Кан Сокоос Б.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэл, хариуцагч Б.Агаас 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын иргэн Пак Кан Сокийн Голомт банк дахь 2720002805 дугаар дансанд 49,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, Голомт банкны чекийн эх хувь баримтууд байгаа ба тус чек дээр Ч.Р.Р.М ХХК-ийн тамга дарагдсан, БНСУ-ын иргэн Пак Кан Сок гарын үсэг зурсанаас үзэхэд БНСУ-ын иргэн Пак Кан Сок нь Ч.Р.Р.М ХХК-ийг төлөөлөн хэлцэл хийдэг байсан үйл баримт тогтоогдож байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Мягмарсүрэн,С.Н нарт олгогдсон итгэмжлэл нь хуулийн этгээдийн тамга дарагдаагүй, иргэнээс иргэнд олгосон байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул уг итгэмжлэлтэй холбоотой шүүхийн бүхий л ажиллагаа нь хуульд нийцээгүй.

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Пак Кан Сокийг Ч.Р.Р.М ХХК-аар сольж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр явуулахдаа Пак Кан Сокийн нэхэмжлэлтэй Б.Ад холбогдох иргэний хэрэгт Б.Агаас Г.Наранцэцэгт олгосон 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг Г.Наранцэцэгт гардуулсан ба хариуцагч Б.А нэхэмжлэлийг гардаж аваагүй байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч талаас нотлох баримтуудыг өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн бөгөөд талууд шүүх хуралдаан дээр нотлох баримтуудыг харилцан шинжлэн судалж хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн дүүрэн мэтгэлцсэн болно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэхээр заасан тул хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай эсэх, хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой эсэх, нотлох баримт эргэлзээгүй, үнэн зөв эсэхийг гагцхүү шүүхээс нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

5.б. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Нэхэмжлэгч Ч.Р.Р.М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь БНСУ-ын иргэн Пак Кан Сок биш болох нь хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудсанд авагдсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдоно. Мөн нэхэмжлэгч Ч.Р.Р.М ХХК-аас БНСУ-ын иргэн Пак Кан Сокд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу төлөөлөх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг олгож байгаагүй бөгөөд Ч.Р.Р.М ХХК-ийн Голомт банкны чекийн баримт дээр БНСУ-ын иргэн Пак Кан Сок гарын үсэг зурсан нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл болохгүй.

5.в. Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэлд Ч.Р.Р.М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ли Жин Ён /Lee Jin Yeong/ гэж бичсэн байдаг бөгөөд итгэмжлэлийн агуулгад Б.Ад холбогдох иргэний хэрэгт Ч.Р.Р.М ХХК-ийг /РД:5792479/ нэхэмжлэгчээр оролцуулахтай холбоотойгоор ... гэж зааснаас үзвэл тус итгэмжлэлийг иргэнээс иргэнд олгосон итгэмжлэл гэж үзэх үндэслэлгүй юм.

5.г. Шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2021/10846 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг сольсон бөгөөд нэхэмжлэгчийг сольсон үйл ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болсон. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийг шүүх сольсон бол шүүх хуралдааныг шинээр эхлэн явуулахаас биш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч солигдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр эхнээс нь явуулахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасан нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах шүүгчийн ажиллагаа нь иргэний хэрэг үүсгэх үед явуулах ажиллагаа бөгөөд тус хэргийн хувьд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг сольсон, мөн хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцож байгаад төлөөлөгчөө өмгөөлөгч болгон сольж оролцуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон зэргээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Ч.Р.Р.М ХХК Б.Ад холбогдуулан автокраны үнийн үлдэгдэл 76,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

3. Ч.Р.Р.М ХХК, Тэргүүн транс ХХК-ийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 835 тоот худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 61-47 УНЦ улсын дугаартай, Hyundai Trago маркийн тусгай зориулалтын автокраныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Тэргүүн транс ХХК үнэ 180,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх 76-77/

Талууд гэрээндээ автокраны үнийг 100,000,000 төгрөг гэж тусгасан боловч 180,000,000 төгрөгөөр тохиролцож, 90,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн нь худалдах-худалдан авах гэрээний 3.2-т Гэрээ хийх үед 90,000,000 төгрөг төлсөн болно гэсэн заалт болон нэхэмжлэгчийн данс руу 90,000,000 төгрөгийг 61-47 УНЦ машины төлбөр Тэргүүн транс ХХК-аас гэсэн утгатайгаар шилжүүлсэн Голомт банкны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орлогын мэдүүлгээр нотлогдож байна. /1хх 76-77, 80/

10,000,000 төгрөгийг тухайн худалдаж буй автокраны нэр шилжүүлэхтэй холбоотой зардал болох татвар, оношилгоо, торгууль, гэрээ гэрчлүүлэхтэй холбоотой зардал болон автокраны магадлан сунгалт зэрэг бусад зардалд суутган тооцсон нь гэрээний 3.2-т Үлдэгдэл мөнгөнөөс тухайн худалдаж буй автокраныг нэр шилжүүлэхтэй холбоотой зардал болох татвар, оношилгоо, торгууль, гэрээ гэрчлүүлэхтэй холбоотой зардал болон автокраны магадлан сунгалт зэрэг бусад зардлыг суутган тооцож үлдэгдэл мөнгийг худалдан авагчид шилжүүлэхээр тохиролцов гэсэн заалт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. /1хх 76-77/

80,000,000 төгрөгт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр, 35 тоот хаягт байршилтай, 61.96 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өгсөн нь Тэргүүн транс ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-21-25 дугаар тодорхойлолт, гэрч Б.Эрдэнэбулганы мэдүүлгээр нотлогдож байна. /1хх-136, 2хх 33-34/

Дээрх орон сууцны өмчлөгч Б.Пүрэвмаа нь Грийн ресурс констракшн ХХК-д өглөгтэй байсан ба Грийн ресурс констракшн ХХК нь шаардах эрхээ Жавхлант өргөө констракшн ХХК-д, Жавхлант өргөө констракшн ХХК нь Тэргүүн транс ХХК-д, Тэргүүн транс ХХК нь Ч.Р.Р.М ХХК-д, Ч.Р.Р.М ХХК нь Б.Ад тус тус шилжүүлснээр Б.Пүрэвмаа, Б.А нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Б.А тухайн орон сууцны өмчлөгч болсон байна. /1хх-60, 69/

Нэхэмжлэгч нь Тэргүүн транс ХХК-аас 80,000,000 төгрөгт тооцож авсан орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, 4,000,000 төгрөгийг хариуцагч автокраныг худалдан борлуулсны хөлсөнд тооцож, 76,000,000 төгрөгийг авахаар харилцан тохиролцсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар дээрх автокраныг худалдсан, нэхэмжлэгч нь 4,000,000 төгрөгийн хөлс төлсөн тул зохигчдын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан даалгаврын гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар даалгаврын гэрээний шаардах эрхээ Пак Кан Сок-д шилжүүлсэн ба Пак Кан Сок, Б.А нар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар өмнөх үүргийг өөр үүргээр солихоор харилцан тохиролцож, мөн зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар даалгаврын гэрээний үүрэг дуусгавар болж, харин түүний оронд талууд зээлийн гэрээ байгуулсан тул Б.А Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийн үүрэг хүлээсэн гэж үзнэ. /1хх 4-5/

Зээлийн гэрээнд зээлдэгч нь 76,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Пак Кан Сок нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Пак Кан Сок-ийг Ч.Р.Р.М ХХК-аар сольсноос үзэхэд Пак Кан Сок зээлийн гэрээний үүрэг шаардах эрхээсээ татгалзаж, Ч.Р.Р.М ХХК нь хариуцагчаас даалгаврын гэрээний үүрэг шаардсан гэж үзэхээр байна.

 

5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ дараах байдлаар өөр өөрөөр тайлбарладаг бөгөөд хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.

5.а. Хариуцагчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан ... орон сууцыг Тэргүүн транс ХХК болон Грийн ресурс констракшн ХХК-ийн хоорондын тохиролцооны дагуу тусгай зориулалтын ховор автомашиныг олж өгсөн учраас худалдан борлуулахад худалдагч, худалдан авагч нарын зүгээс тус орон сууцыг урамшуулал болгон надад өгсөн гэх тайлбар нь Тэргүүн транс ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-21-25 дугаар тодорхойлолтод тус орон сууцыг Ч.Р.Р.М ХХК-д Hyundai Trago маркийн автомашиныг худалдан авсны төлбөрт тооцон өгөхөөр болж Б.Агийн нэр дээр шилжүүлсэн гэсэн болон гэрч Б.Эрдэнэбулганы Автомашины төлбөрт тооцож өгсөн. Урамшуулалд бодож өгөөгүй гэх мэдүүлгээр няцаагдаж байна. /1хх-136, 2хх 33-34/

5.б. Хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан ... тус орон сууцыг Грийн ресурс констракшн ХХК, Тэргүүн транс ХХК-аас урамшуулал болгон өгөөгүй бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал болох Ч.Р.Р.М ХХК-ийн зүгээс надад Hyundai Trago автомашиныг зарж борлуулсанд урамшуулал болгон өгсөн юм гэх тайлбар нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, Ч.Р.Р.М ХХК-ийн төлөөлөгч Пак Кан Сок, Б.А нарын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 25 тонн Trago автомашиныг худалдсаны төлбөр төлөх баталгааны бичигт Б.А нь Ч.Р.Р.М ХХК болон Монгол Улсын компаний хооронд байгуулагдсан Trago автомашиныг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгийн баталгаа болгон Б.А нь биткойнд хөрөнгө оруулсан 3,500 доллар болон хөрөнгө оруулалтын мөнгөө бүхэлд нь өгөхөө амлаж байна гэж бичсэнээр няцаагдаж байна. /1хх 4-5, 144/

5.в. Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ... орон сууцны төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ХААН банкны 5085147608 тоот данснаас 49,000,000 төгрөгийг БНСУ-ын иргэн Пак Кан Сок-д шилжүүлсэн гэж тайлбар гаргасан ба нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ким Киман-аас 733,225,000 төгрөг гаргуулан хохирогч Кан Хүн-д олгохоор шийдвэрлэсэн ба уг тогтоол гүйцэтгэх ажиллагааны явцад шүүгдэгчийн өмчлөлийн өрмийн машиныг хурааж хохирогчид төлбөрт тооцон шилжүүлсэн бөгөөд Б.А нь уг өрмийн машиныг худалдан борлуулж мөнгийг Пак Кан Сок-д шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасан байна. Хэрэгт өрмийн машиныг Монгол Улсад худалдахтай холбоотойгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулах, өрмийн машиныг шилжүүлэх, гэрээний төлбөр хүлээн авах зэрэг өрмийн машиныг худалдахтай холбоотой бүхий л эрхийг Кан Хүн-ээс Б.Ад олгосон 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн итгэмжлэл болон Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Пак Кан Сок-д 49,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга авагджээ. /2хх-50, 160-169/ Хариуцагч нь 49,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт төлсөн гэж тайлбарлаж байх боловч 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Пак Кан Сок-д уг мөнгийг шилжүүлснээс хойш 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 76,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаас үзэхэд тэрээр дээрх мөнгийг орон сууцны төлбөрт төлсөн гэх тайлбар үндэслэлгүй байна. /1хх-4, 2хх-50/

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09ий өдрийн 102/ШШ2022/00800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН