Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00820

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б, Т.Ө нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00600 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б, Т.Ө нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шинжээч томилсон тогтоол болон үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.      Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02926 дугаартай шийдвэрээр С.Б, Т.Ө нараас 147,196,000 төгрөг гаргуулж Ө.Алтаншагайд олгохоор шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч нарын өгсөн үнийн саналыг төлбөр авагч Ө.Алтаншагай хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч томилох тухай 9/202 тоот тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Хөрөнгө-Эстимэйт ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037832 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16100/, Москвагийн гудамж, 39 дүгээр байр, 39 тоот хаягт байрлах 47.3 м.кв талбайтай орон сууцыг 118,724,150 төгрөгөөр үнэлсэн байна. Харьцуулж байгаа хөрөнгүүдийн талбайн хэмжээ, давхрын байрлал, өрөөний тоо нь үнэлж байгаа хөрөнгөөс илт зөрүүтэй буюу харьцуулж болохгүй хөрөнгөтэй харьцуулсан, харьцуулж байгаа хөрөнгүүдийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой заагаагүй, үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй, үнэлгээчин Б.Батзаяа болон Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн харилцан хамаарал тодорхойгүй байна. Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ мэдээллийн эх сурвалж, үнэлгээ хийхэд ашигласан баримт мэдээллээ тодорхой зааж өгөөгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална, 4.1.4-т хууль тогтоомжид нийцсэн байх гэснийг зөрчсөн байх тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг гэж заажээ. Өөрөөр хэлбэл, шинжээч нь тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн хувь хүн байх ёстой байтал 9/202 дугаар тогтоолоор томилсон шинжээч нь Хөрөнгө-Эстимэйт ХХК буюу хуулийн этгээд байна. Хөрөнгө-Эстимэйт ХХК нь шинжээч биш хөрөнгийн үнэлгээчин гэж авч үзье. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж заажээ. Өөрөөр хэлбэл үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч хувь хүн байх ёстой байтал тогтоолоор томилсон шинжээч нь Хөрөнгө-Эстимэйт ХХК буюу хуулийн этгээд байна. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байгаа шинжээчид хууль сануулсан баримтаас харахад шинжээчээр томилогдсон Хөрөнгө-Эстимэйт ХХК-д биш шинжээч Б.Батзаяад хууль сануулсан байна. Шинжээч Б.Батзаяад хууль сануулсныг шинжээчээр томилогдсон Хөрөнгө-Эстимэйт ХХК-д хууль сануулсан гэж үзэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55.2.1-д эдийн бус хөрөнгө, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө, 55.2.3-т үнэт металл, эрдэнийн чулуу, 55.2.4-т бүх төрлийн цуглуулга, 55.2.5-д Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан түүх соёлын өв дурсгалд хамаарах эд зүйл, 55.2.6-д шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө гэж заажээ. Эндээс харахад үйлчлүүлэгч буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчээр хуульд заасан аль тохиолдлыг үнэлүүлэхээр сонгосон нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримталсан гэвэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ... үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг ... хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэснээс харахад энэ заалт нь шинжээчийн тухай заалт биш хөрөнгийн үнэлгээний тухай заалт байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т томилогдсон тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг гэж тус тус зааснаас үзвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг биш харин шинжээч Б.Батзаяаг томилох байжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 9/202 дугаар тогтоол нь хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/202 тоот шинжээч томилох тухай тогтоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037832 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16100/, Москвагийн гудамж, 39 дүгээр байр, 39 тоот хаягт байрлах 47.3 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б, Т.Ө нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б, Т.Ө нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан

гомдлын агуулга:

4.а. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг гэж заажээ. Шинжээч нь тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн хувь хүн байх ёстой байтал 9/202 дугаар тогтоолоор томилсон шинжээч нь Хөрөнгө-Эстимейт ХХК буюу хуулийн этгээд байна. Нөгөө талаас Хөрөнгө-Эстимейт ХХК нь шинжээч биш хөрөнгийн үнэлгээчин гэж авч үзье. Тэгвэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж заажээ. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшдэг хувь хүн байх ёстой байтал тогтоолоор томилсон шинжээч нь Хөрөнгө-Эстимейт ХХК буюу хуулийн этгээд байна.

4.б. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байгаа шинжээчид хууль сануулсан баримтаас харахад шинжээчээр томилогдсон Хөрөнгө-Эстимейт ХХК-д биш шинжээч Б.Батзаяад хууль сануулсан байна. Шинжээч Б.Батзаяад хууль сануулсныг шинжээчээр томилогдсон Хөрөнгө-Эстимейт ХХК-д хууль сануулсан гэж үзэж болохгүй.

4.в. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 9/202 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг үндэслэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт 55.2. Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ: 55.2.1. эдийн бус хөрөнгө, 55.2.2. үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө, 55.2.3. үнэт металл, эрдэнийн чулуу, 55.2.4. бүх төрлийн цуглуулга, 55.2.5. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан түүх соёлын өв дурсгалд хамаарах эд зүйл, 55.2.6. шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө гэж заажээ. Эндээс харахад үйлчлүүлэгч буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчээр хуульд заасан аль тохиолдлыг үнэлүүлэхээр сонгосон нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримталсан гэвэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ... үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг ... хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэснээс харахад энэ заалт нь шинжээчийн тухай заалт биш хөрөнгийн үнэлгээчний тухай заалт байна.

4.г. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаас үзвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчээр Хөрөнгө-Эстимейт ХХК-ийг биш харин шинжээч Б.Батзаяаг томилох байжээ.

Шүүгч нотлох баримтуудыг гүйцэд үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянахад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

2. С.Б, Т.Ө нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шинжээч томилох тогтоол болон төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

3.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02926 дугаар шийдвэрээр С.Б, Т.Ө нараас 147,196,000 төгрөг гаргуулж Ө.Алтаншагайд олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

С.Б, Т.Ө нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Ө.Алтаншагайгийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж, 39 дүгээр байр, 39 тоот хаягт байрлах 47.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг тус тус явуулжээ.

Талууд үнийн санал ирүүлээгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хөрөнгө-Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

3.б. Шинжээчээр ажилласан Хөрөнгө-Эстимейт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга аргачлалыг зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагууд, тэдгээрт тохирох аргуудыг ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

3.в. Нэхэмжлэгч нар нь харьцуулж байгаа хөрөнгүүдийн талбайн хэмжээ, давхрын байрлал, өрөөний тоо нь үнэлж байгаа хөрөнгөөс илт зөрүүтэй буюу харьцуулж болохгүй хөрөнгөтэй харьцуулсан гэх боловч шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ нэг газар болон ойролцоо газар байрлах 3 байртай харьцуулсан байх ба эдгээр байруудын ашиглалтад орсон он, хийцийн итгэлцүүр, чанар байдал, дэд бүтэц, хэлцлийн нөхцөл, цаг хугацаа, хөрөнгө оруулалтын байдал, газрын хэмжээ зэрэг нь ижил буюу ойролцоо байх тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх баримт байхгүй байна.

 

3.г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчээр Хөрөнгө-Эстимейт ХХК-ийг томилж, уг компаний үнэлгээчин Б.Батзаяа хөрөнгийн үнэлгээ хийсэн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгохоор заасан ба уг этгээдэд хувь хүн, хуулийн этгээдийн аль аль нь хамаарна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгохоор заасан ба хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин Б.Батзаяа хөрөнгийн үнэлгээ хийсэнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

3.д. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн байх ба шинжээч томилох тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг баримталсан нь тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Хариуцагч нь шинжээчээр томилогдсон Хөрөнгө-Эстимейт ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяад эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцжээ.

 

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Иймд шүүх нотлох баримтуудыг гүйцэд үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б, Т.Ө нар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.БЯМБАСҮРЭН