| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Номуулин |
| Хэргийн индекс | 128/2018/0660/З |
| Дугаар | 221/МА2018/0572 |
| Огноо | 2018-10-31 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2018/0572
Ц.А нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч З.П, Н.Т, Ц.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон нэхэмжлэгч П.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0522 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.А нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0522 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/99, Б/100, Б/102, Б/103 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч З.П-ийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн “Хороо хариуцсан ахлах мэргэжилтэн”, нэхэмжлэгч Н.Т-ыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн, нэхэмжлэгч Ц.А-ыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн, П.Э-ийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтний албан тушаалуудад тус тус эгүүлэн тогтоож, тэдгээрийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэгч З.П-д 10,509,183 /арван сая таван зуун есөн мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг, нэхэмжлэгч Н.Т-д 10,403,242 /арван сая дөрвөн зуун гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.А-д 10,423,112 /арван сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийг, нэхэмжлэгч П.Э-т 10,406,975 /арван сая дөрвөн зуун зургаан мянга есөн зуун далан тав/ төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгож, нэхэмжлэгч нарын хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч З.П-ийн ажиллаж байсан хороо хариуцсан мэргэжилтний 2 орон тоо нь хороо хариуцсан ахлах мэргэжилтний 1 орон тоо болж цөөрсөн бөгөөд Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст шинээр хууль зүйн тасаг, архивын тасаг нэмэгдсэн тул албан хаагчдын тоо нэмэгдсэн. Гэтэл шүүхээс хороо хариуцсан мэргэжилтний орон тоо өөрчлөгдсөн боловч хэлтсийн орон тоо нэмэгдэж, тус хэлтэст ажиллаж байгаагүй хүмүүсийг шинээр албан хаагчаар томилсон болох нь тогтоогддог хэмээн хэт нэг талыг барьж дүгнэсэн нь агуулгын хувьд алдаатай байна. ...Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу хороо хариуцсан мэргэжилтэн З.П, Ж.Б нарын дунд сонгон шалгаруулалт явуулахдаа хороодын Засаг дарга нарын санал, тухайн мэргэжилтний хороодын албан хаагчдын удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж байгаа байдлыг харгалзан Ж.Б-г хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Ж.Б нь хороо хариуцсан мэргэжилтнээр өмнө нь ажиллаж байсан зэргийг харгалзан үзэлгүйгээр хороо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч З.П-ийг эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ...Н.Т-ын урьд эрхэлж байсан албан тушаал нь Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтэн ба шинэчилсэн бүтцээр уг орон тоо хасагдаж, Байгаль орчин, орчны бохирдол хариуцсан мэргэжилтний албан тушаал шинээр бий болсон. Байгаль орчин, орчны бохирдол хариуцсан мэргэжилтний албан тушаал нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалаас чиг үүргийн хувьд өргөн хүрээтэй, ажлын байрны өөр үйл ажиллагааг хэрэгжүүлдэг ажлын байр ба шүүхээс тухайн ажлын байрны чиг үүрэг хэвээр байгаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. ...Нэхэмжлэгч Ц.А нь анх Засаг даргын тамгын газрын даргын 2009 оны 225 дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилогдсон ба улмаар 2016 оны Б/117 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралттай байгаа мэргэжилтнийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд орлого хариуцсан төсвийн мэргэжилтнээр шилжин ажилласан. Анхан шатны шүүхээс “...Ц.А-ыг өмнө нь хашиж байсан албан тушаалд буюу Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд буцаан томилох боломжтой байсан болох нь Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр тус Тамгын газарт ажиллаж байгаагүй Г.Б-ийг шинээр томилсон байгаагаар тогтоогдож байна” гэсэн локигийн алдаатай дүгнэлт гаргасныг шүүхээс хянаж үзэхийг хүсч байна. ...Нэхэмжлэгч П.Э-ийн хувьд ажлын байрны чиг үүргийг 3 хуваасан орон тооны нэг дээр авч ажиллуулах бүрэн боломжтой байсан нь орон тооны нэг дээр шинээр Ц.Ж-г ямар ч шалгуургүйгээр томилсноор тогтоогдож байна гэж дүгнэсэн ба ямар нотлох баримтанд үндэслэж тухайн дүгнэлтийг гаргасан болох нь тодорхойгүй буюу шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу Тамгын газрын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад хүргүүлж, мэдэгдлийг хүлээн авсан ажилтны гарын үсгийг зуруулсан. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас байгууллагын нийт ажилчдад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэх хуудасны дагуу нэхэмжлэгч нар нь албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргах хүртэл хугацаанд байгууллагын удирдах албан тушаалтанд гомдол гаргах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хэлбэрийн хувьд алдаатай. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус тус 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, С.О нарт олгосугай гэж нэхэмжлэгч нараас өөр этгээдийн нэрийг дурдсан байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99, Б/100, Б/102, Б/103 дугаар тушаалаар З.П-ийг Захиргаа, хуулийн хэлтсийн Хороо хариуцсан мэргэжилтний, П.Э-ийг Худалдаа үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний, Ц.А-ыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн Орлого хариуцсан төсвийн мэргэжилтний, Н.Т-ыг Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас тус тус чөлөөлөхдөө “бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан” гэх үндэслэл заан, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 23 дугаар зүйлийн 23.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалт батлах тухай” А/832 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2017 оны А/33 дугаар захирамжийг тус тус баримталжээ.
Дээрх тушаалуудыг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Тодруулбал,
Нэхэмжлэгч З.П-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг өөрчилсний улмаас З.П-ийн урьд ажиллаж байсан Захиргаа, хуулийн хэлтсийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болгон нэршлийг өөрчилж, хороо хариуцсан мэргэжилтэн 2 байсныг хороо хариуцсан ахлах мэргэжилтэн 1 болгон орон тоог цөөрүүлжээ.
Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтанаас тусгайлсан ажлын хэсэг томилж дүгнэлт гаргуулан, ажлын байрны тодорхойлолтоор адил чиг үүрэг бүхий З.П, Ж.Б нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа 1 мэргэжилтнийг шалгаруулж авах үүрэгтэй.
Гэтэл адил чиг үүрэг бүхий албан хаагчдын давуутай болон дутагдалтай байдлыг хэрхэн үнэлж сонгосон, үнэлгээг хэрхэн өгсөн зэрэг нь тодорхойгүй, шалгаруулалтыг бодитоор явуулаагүй талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгаруулах ажиллагаа үнэн зөв явагдсан гэж үзэх боломжгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээрхийг дүгнэвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байх бөгөөд харин Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хороо хариуцсан ахлах мэргэжилтэнээр гуравдагч этгээд Ж.Б томилогдон ажиллаж байгаа, тэрээр нэхэмжлэгчийн адил төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрх бүхий этгээд учир түүний ажиллаж байгаа ажлын байранд нэхэмжлэгчийг шууд эгүүлэн тогтоосон нь Төрийн албаны тухай хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчигдөхөөр байна.
Иймд З.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулж “шалгаруулалт явуулах”-ыг даалгаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашгийг хамгаалах, сэргээн тогтоох ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зохицуулалт хэрэглэгдэх маргаан бүхий энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг хэрэглэх боломжгүй, нэхэмжлэгч З.Пийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага хангагдаагүй тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор” гэж үзэх боломжгүй ч тэрээр Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар хохиролд тооцон шаардах эрхтэй гэж үзнэ.
Ийнхүү анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг өөрчлөхдөө Дэд бүтэц, тохижилтын хэлтсийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс гэж нэршлийг өөрчлөн, нэхэмжлэгч Н.Т-ын эрхэлж байсан Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэний ажлын байр, албан тушаалын чиг үүрэгт шилжсэн байна. /х.х1-167, х.х3-45хуу/
Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч Н.Т-ыг чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэнээр үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд харин “шалгаруулалт” явуулах шаардлагагүй.
Гэтэл өмнөх бүтцээр Байгал орчин ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан А.М-ийн ажлын байрны чиг үүрэг нь шинэ бүтэц дэхь Тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэний ажлын байранд шилжсэн атал тэр орон тоон дээр урьд ажиллаж байгаагүй О.Т-ийг томилж, харин А.М-г нэхэмжлэгч Н.Т-ын ажлын байрны чиг үүрэг шилжсэн Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэнээр томилсон нь төрийн албаны шударга ёсны зарчимтай нийцээгүй байна.
Хэдийгээр өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжийн нэр өөрчлөгдсөн, зарим нэр томъёо нэмэгдсэн байгаа ч өмнөх бүтцэд байсан Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг агуулгын хувьд хэвээр байх тул хариуцагчийн гаргасан “Байгаль орчин, орчны бохирдол хариуцсан мэргэжилтний албан тушаал нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалаас чиг үүргийн хувьд өргөн хүрээтэй, ажлын байрны өөр үйл ажиллагааг хэрэгжүүлдэг ажлын байр ба шүүхээс тухайн ажлын байрны чиг үүрэг хэвээр байгаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд харин Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг хэрэглэх боломжгүйг дээр дурьдсан байдлаар ойлгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч П.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг өөрчлөхдөө Худалдаа, үйлчилгээний хэлтсийг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс гэж нэршлийг өөрчлөн, нэхэмжлэгч П.Э-ийн эрхэлж байсан Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хуваан Аялал, жуулчлал, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байрыг бий болгожээ.
Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч П.Э-ийг чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн ажлын байрны аль нэг дээр нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
Гэтэл өмнөх бүтцээр Захиргаа, хуулийн хэлтэст Нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан Ч.Н болон нэхэмжлэгч П.Э нарыг шалгаруулж, Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр Ч.Н-г томилсон гэж хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүйн зэрэгцээ нэхэмжлэгч П.Э-ийн эзэмшсэн мэргэжил, дадлага туршлага зэргээс дүгнэвэл түүнийг Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимтай нийцнэ.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 225 дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан Ц.А-ыг тус тамгын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралттай байгаа Д.Болортуяаг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн Орлого хариуцсан төсвийн мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулжээ.
Харин бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ц.А-ын түр ажиллаж байсан ажлын байр хасагдсан, Д.Б ажилдаа эргэн орсон гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
Нэхэмжлэгч Ц.А-ын түр ажиллаж байсан Орлого хариуцсан төсвийн мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь шинэ бүтэц дэх Санхүүжилт хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв жирэмсний болон амаржсаны амралттай байгаа албан хаагч ажилдаа эргэн орсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна” гэж зааснаар Ц.А-ын урьд эрхэлж байсан банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах үүрэгтэй гэж үзнэ.
Гэтэл тус тамгын газарт ажиллаж байгаагүй Г.Б гэгчийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн, нэхэмжлэгч нь Г.Б-ийг томилсон дээрх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг буруутгах боломжгүй.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хариуцагчаас гаргасан “төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд буцаан томилох боломжтой байсан болох нь тус тамгын газарт ажиллаж байгаагүй Г.Б-ийг шинээр томилсон байгаагаар тогтоогдож байна гэсэн локигийн алдаатай дүгнэлт гаргасан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэр техникийн шинжтэй үг зүйн алдаа гарсан, улсын тэмдэгтийн хураамжийг өөр этгээдэд олгохоор шийдвэрлэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зэрэг зөрчилтэй ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон хохирлын хэмжээний талаар гомдол гараагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүйг дурьдах нь зүйтэй.
Харин нарийвчилсан зохицуулалт бүхий хуулийг зөрчсөн гэж шүүх дүгнэж байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийг хамт хэрэглэх шаардлагагүй бөгөөд дээр дурдсан бусад үндэслэлүүдээр зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0522 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 22 дугаар зүйлийн 22.3, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт” гэж,
“нэхэмжлэгч З.П-ийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хороо хариуцсан ахлах мэргэжилтэн” гэснийг “Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хороо хариуцсан ахлах мэргэжилтэний албан тушаалд З.П, Ж.Б нарыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан арга, хэлбэрээр шалгаруулан томилохыг хариуцагчид даалгаж” гэж тус тус өөрчлөн,
“Байгаль хамгаалал,” гэсний өмнөх “Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын” гэснийг хасч,
2 дахь заалтын: “Ч.Б, Ц.Д, С.О” гэснийг “Ц.А, Н.Т, П.Э, З.П” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН