Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00818

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00818

 

 

 

Ч.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/00937 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Бийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.      Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 29 дүгээр байрны 22 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг 2019 онд 242,900,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 12/58 дугаартай анхны албадан дуудлага худалдаагаар оруулах тогтоол гарсан байна. Би 2019 онд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй 2021 оны 11 дүгээр сарын зах зээлийн ханшаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргах гэсэн боловч дээрх тогтоол гарснаар хүсэлтийг хүлээж авахгүй гэх бөгөөд хүсэлт гомдол гаргах боломжгүй болоод байна. 2021 оны 11 дүгээр сарын байдлаар манай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш 2019 онд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээс 30 хувиар өссөн ханштай байна. 2019 оны буюу 3 жилийн өмнө хийгдсэн үнэлгээг үндэслэж манай орон сууцыг дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн эд хөрөнгийг ... орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч нарт мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө гэж зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа бол тухайн үеийн ханшаар буюу одоогийн зах зээлийн ханшаар үнэлгээ хийгдсэн байхыг хуульчилсан байна. Бид өөрийн орон сууцаа мэргэжлийн үнэлгээний байгууллагаар одоогийн зах зээлийн ханшийн үнэлгээ хийлгэхэд 301,359,220 төгрөгийн үнэлгээтэй байна гэсэн тайлан дүгнэлт гарсан гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр төлөгч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 312,500,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-аар үнэлүүлэхэд тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг 242,900,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч төлбөр төлөгч Ч.Б эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1051 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1131 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 895 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хатигин овогт Чойжилбазарын Батбэлэгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тогтоол хүчингүй болгох, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан

гомдлын агуулга: Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэснийг буруу тайлбарлан ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Мөн анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдсан эсэх нь эргэлзээтэй буюу хууль зөрчиж анхны дуудлага худалдаагаар эд хөрөнгийн үнийн дүнгийн 50 хувиар үнэлж борлуулсан тухай ойлгомжгүй мэдэгдэх бичгүүд хэрэгт хавсаргасан боловч дуудлага худалдааны ажиллагааны талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад хууль зөрчиж ажиллагаа явуулсан зэрэгт шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт ... эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж оролцогч нарт мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө гэснийг шүүх дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2. Ч.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

2.а. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ч.Б, Т.Батзаяа нараас 110,200,118 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03538 дугаар шийдвэрийг биелүүлэх явцдаа төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн шүүхийн шийдвэрт заасны дагуу барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 29 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах 125.13 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа хийжээ.

 

2.б. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж тус тус заасан байна.

Хэргийн баримтаас үзвэл, төлбөр төлөгч, төлбөр авагч нар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй нь тогтоогдсон бөгөөд хариуцагч шинжээч томилж, шинжээч 242,900,000 төгрөгөөр үнийг тогтоосон байна.

2.в. Төлбөр төлөгч Ч.Б шинжээчийн тогтоосон үнийг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01051 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1131 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00895 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

2.г. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байх тул тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэл нь хөрөнгийн үнэлгээний талаар байх тул өмнө нь шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн асуудлаар дахин гомдол гаргасан гэж үзэхээр байна.

 

3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/00937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамир нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.БЯМБАСҮРЭН