Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00788

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00788

 

 

 

А.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02ы өдрийн 102/ШШ2022/00721 дугаар шийдвэртэй

А.Сын нэхэмжлэлтэй

И.А-д холбогдох

орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

А.С нь И.А-гийн төрсөн охин бөгөөд ээж И.А-г Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва гудамж, 45а байр, 69 тоот орон сууцыг худалдан авахад 10,835,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалбар болгон бүртгүүлээд барьцаалуулагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3991 тоот шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуудлага худалдаа болох гэж байгаа талаар 2020 оны сүүлээр мэдсэн. Үүнээс хойш би өөрийнхөө эд хөрөнгийн эрх зөрчигдөж байгаа талаар хариуцагчид удаа дараа хэлж, өөрийн оруулсан хөрөнгийг гаргуулах талаар санал тавьсан боловч шийдэлд хүрэхгүй өнөөдрийг хүрсэн тул эд хөрөнгийн эрхээ зөрчигдөж байна гэж үзэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд А.Сыг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва гудамж, 45а байр, 69 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн байрны төлбөрийг төлөхөд хариуцагч нь оролцож байгаагүй бөгөөд И.А- нь бүх төлбөрийг өөрөө төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд М.Ганчимэгийн тайлбарын агуулга: Анх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл дээр И.А- гэж хүний өмчлөлд байсан. Өөрөө зөвшөөрч барьцаанд тавьсан бөгөөд бүх юм хуулийн дагуу явагдсан. Өмчлөгчөөр тогтоолгох байсан бол анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр нэрээ бичүүлэх боломж байсан гэж бодож байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан И.А-д холбогдох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон, 45а дугаар байрны 69 тоот дахь 56.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Хулуу овогтой Алтантуяагийн Сансарзулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 188,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох гол баримт нь Номин констракшн ХХК-ийн кассын орлогын ордер болох талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд уг баримттай холбоотой гэрээ, санхүүгийн баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаагүй, ямар үндэслэлээр хангаагүй талаар захирамждаа тодорхой дурдаагүй. Хариуцагчийн худалдан авч буй орон сууцны төлбөрийн тодорхой хэсгийг нэхэмжлэгч бүрдүүлсэн нь холбогдох баримт, дансны хуулгаар нотлогдож байгаа. Уг төлбөрийн төлөлттэй холбоотой асуудлыг мэдэх Ж.Билгүүнийг гэрчээр оролцуулах хүсэлт шүүхэд гаргахад шүүх уг хүсэлтийг хангаагүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохоо нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хэрэгт авагдсан 10,000,000 төгрөгийн баримт нь хариуцагчийн мөнгө төлсөн баримт байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.С нь хариуцагч И.А-д холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 45а байр, 69 тоот 56.3 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр И.А- 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 3, 7, 21, 22-р тал/

Нэхэмжлэгч А.С нь дээрх маргаан бүхий орон сууцыг худалдан авахад 10,835,000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

Харин нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар буюу мөнгөн хөрөнгө төлснөөр өмчлөгч болох агуулгаар тодорхойлогдсон байхад шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь оновчгүй болжээ. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь эд хөрөнгийн өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдсөнтэй, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохтой холбоотой юм.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд Хариуцагч И.А- нь Номин констракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийсэн... орон сууцны захиалгын гэрээ болон төлбөр төлсөн баримтыг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэсэн байх ба анхан шатны шүүх хариуцагч И.А- нь Номин констракшн ХХК-тай маргаан бүхий орон сууцны захиалгын гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй, энэ гэрээ нь нэхэмжлэгчийг орон сууцны төлбөр төлсөн гэдгийг нотлохгүй гэх агуулгаар хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ санхүүгийн баримттай холбоотой асуудлыг гэрчлэх Ж.Билгүүнийг гэрчээр оролцуулна гэжээ. Ж.Билгүүн нь хариуцагчийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг барьцаалан бусдаас мөнгө зээлсэн зээлдэгч байх ба тэрээр орон сууц худалдсан компанитай ямар холбоотой нь тодорхой бус, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг мэдэж байгаа нь тодорхойгүй байх тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзсныг буруутгах үндэслэлгүй.

Тухайн маргаан бүхий орон сууц нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ж.Билгүүний төлбөрт хураагдсан байх ба хүсэлтийн үндэслэл тодорхойгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэн шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч шүүхэд орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба энэ нь эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэл байхад шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримталсан нь буруу байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/00721 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 106 дугаар зүйлийн 106.2 дахь гэснийг 112 дугаар зүйлийн 112.1 дэх гэж, 2 дахь заалтын 188,310 гэсний дараа төгрөгөөс 70,200 гэж нэмж, үлдээсүгэй гэснийг үлдээж, улсын орлогоос 118,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,310 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 118,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.БЯМБАСҮРЭН