Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
Хэргийн индекс | 186/2016/0119/Э |
Дугаар | 764 |
Огноо | 2016-12-01 |
Зүйл хэсэг | 099.2., |
Улсын яллагч | Б.Байгалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 764
Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Байгалмаа,
Ялтан Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлоор ялтан Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарт холбогдох эрүүгийн 2016 2503 0874 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Должинсүрэнгийн Мэндсайхан, 1970 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Үйзэн Манхан” ББСБ-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 56 дугаар байрны 9 тоотод оршин суух,
- Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 29, 39 дүгээр зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 130.000 төгрөгөөр торгосон,
- Архангай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлсэн /РД:АО70101016/,
2. Боржигон овгийн Должинсүрэнгийн Цэрэннадмид, 1979 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Найман шарга” валют арилжааны төвд ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 48 дугаар гудамжны 202 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, чулуутын 3 дугаар байрны 7 тоотод оршин суух,
- Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:АО79052412/,
Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Найман шарга” төвийн гадна хохирогч Ч.Энхмэндтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид тус бүрийг 251 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл уг ялыг баривчлах ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Бүлэглэсэн гэх хууль зүйн ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт хуульчилсан байдаг бөгөөд үүнд “хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг, үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэж заажээ. Үүнээс үзвэл нэгдүгээрт гэмт хэрэг үйлдсэн гэх субъектүүд сэтгэл санааны хувьд гэмт хэрэг үйлдэхээр санаа зорилгоо нэгтгэсэн байх шаардлагатай юм. Харин хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Д.Цэрэннадмид нь шүүгдэгч Д.Мэндсайхан, хохирогч Ч.Энхмэнд нар зодолдоход ямар ч оролцоогүй, харин уг зодооныг салгасан болох нь тогтоогддог. Тухайлбал:
1. Хохирогч Ч.Энхмэнд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Д.Мэндсайхан нь намайг боож хуруунаас хазаж, зүүн талын нүд рүү хуруугаа хийсэн. Нөгөө араас нь гарч ирсэн цагаан малгайтай залуу миний баруун гарыг хойш нь мушгиж, хувцасны арын захнаас татаж хойш нь зулгааж, татаж гэдийлгэж байсан” гэжээ. /хх-13 дугаар тал 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг/.
2. Гэрч Б.Бадамцацрал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…яг хэдэн удаа цохиж зодсон талаар бол мэдэхгүй байна. …Мөн …би дундуур нь орж, салгаж дийлэхгүй байсан. …Тэгээд маргалдаж байх үед нь би цагдаа дуудсан юм. Цагдаа ирэхээс өмнө нөгөө ах Ч.Энхмэнд 2 барилцаж байсан…” зэргээр мэдүүлдэг.
Хэрвээ Д.Цэрэннадмид өөрийн ахтайгаа бүлэглэж хохирогчийг зодох санаа зорилго агуулсан бол түүнийг цохих, өшиглөх зэрэг үйлдэл хийх байсан болов уу. Харин хойш татаж гэдийлгэсэн гэх үйлдэлд нь гэмт буруутайд тооцож, ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Д.Цэрэннадмидийн үйлдэл бол Ч.Энхмэндийг Д.Мэндсайханаас холдуулах гэсэн үйлдэл болохоос хохирогчийг бүлэглэн зодох санаа, зорилго огт агуулаагүй байдаг.
Тодруулбал: Д.Мэндсайханыг өмөөрч, Ч.Энхмэндийг бүлэглэн зодсон бол Д.Цэрэннадмид руу хохирогч Ч.Энхмэнд нэг ч удаа довтлолгүй, яагаад гагцхүү Д.Мэндсайхантай дахин дахин барьцалдав. Мөн уг маргааныг хэн салгасан бэ? зэрэг асуудлууд гарч ирнэ.
Мөн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалвал хохирогч Ч.Энхмэндийн эхнэр, гэрч Б.Бадамцацрал нь Ч.Энхмэнд, Д.Цэрэннадмид, Д.Мэндсайхан нарыг салгах боломж байгаагүй нь илэрхий юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Д.Цэрэннадмид гэм буруугүй тул зүйлчлэл өөрчилж, Д.Мэндсайханд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нар нь хохирогч Ч.Энхмэндийг бүлэглэн зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна…” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Найман шарга” төвийн гадна хохирогч Ч.Энхмэндтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ч.Энхмэндийн “...Д.Мэндсайхан гэх залуу намайг хараад “муу луйварчин залилагч миний 15.000.000 төгрөгийг авсан” гээд дайраад хүзүүг маань гараараа боогоод, хувцаснаас татаж чангаагаад зүүн нүд рүү хуруугаа хийсэн. Миний баруун гарын ядам хурууг хазсан, мөн баруун гарын чигчий хуруу хөдлөхгүй байна. Баруун гарыг мушгисан. Тэгсэн хажуунаас дүү нь бололтой 40 гаран насны цагаан өнгийн малгай, биеийн тамирын цамц өмссөн залуу дайрсан. Цагаан малгайтай залуу миний гарын хуруунуудыг мушгисан. ...Д.Мэндсайхан нь намайг боож, хуруунаас хазаж, зүүн талын нүд рүү хуруугаа хийсэн. Нөгөө араас нь гарч ирсэн цагаан малгайтай залуу нь миний баруун гарыг хойш нь дарж мушгиж, хувцасны арын захнаас татаж хоолой боож, зулгааж, хойш нь татаж гэдийлгэж байсан. Миний хүзүүнд учруулсан гэмтлийг Д.Мэндсайхантай хамт явсан цагаан малгайтай залуу учруулсан. Д.Мэндсайхан бол намайг урд талаас заамдаад барьж байсан...” /хх-6, 12-13/,
Гэрч Б.Бадамцацралын “...Манай нөхрийг барьж аваад цээж хавьд нь цохихоор нь “та яагаад хүнд гар хүрдэг юм бэ” гэхэд намайг “чи өдөр бүр энүүгээр явдаг, хэнийгээ залилаад яваад байгаа юм бэ” гэсэн. Би дундуур нь ороод салгах гээд дийлэхгүй байсан ба цаад талаас нь цагаан кепгэн малгайтай залуу ирээд “өө энэ байсан юм уу” гээд нэг гараараа боогоод цамцнаас нь зуурчихсан нөгөө гараараа Ч.Энхмэндийн нэг гарыг хойш нь дарж өчсөн байдалтай байхаар нь би дундуур нь ороод “та нар хүн алчихвал яах юм бэ, наад хүн чин үхлээ” гэхэд тоохгүй байсан. Тэр үед Ч.Энхмэндийн царай нь улаан хүрэн болж цус нь боогдсон байсан...” /хх-14/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ч.Энхмэндийн биед хүзүүний цус хуралт, зулгаралт, цэгчилсэн цус харвалт, баруун гарын 1 дүгээр хурууны зулгаралт, 4 дүгээр хурууны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн 4992 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-8-9/, шинжээч эмч Б.Ундармааг байцаасан тэмдэглэл /хх-27-28/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Ялтан Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид тус бүрийг 251 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.
Ялтан Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан “...Д.Цэрэннадмид нь Д.Мэндсайхан, Ч.Энхмэнд нарыг зодолдож байхад нь зодооныг зогсоох зорилгоор салгах үйлдэл хийсэн байдаг. Тэрнээс Д.Мэндсайхантай бүлэглэн Ч.Энхмэндийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл оролцоо байхгүй. Иймд Д.Цэрэннадмид нь гэм буруугүй байх тул зүйлчлэлийг өөрчилж, Д.Мэндсайханд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн гомдол гаргаж байгаа боловч Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн ба ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ялтан Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
Ш.БАТ-ЭРДЭНЭ