Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2016/0577/З |
Дугаар | 1024 |
Огноо | 2016-12-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1024
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч “*******- *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “...“Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр “******* ******* *******” ХХК-ийн 1 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсныг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт ашиглалтын 1 тоот тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшиж ирсэн. Уг тусгай зөвшөөрлөө 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “ХОТУ” ХХК-д шилжүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулан тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд шаардлагатай 5000 ам.доллар төлж, бүхий л баримтыг бүрдүүлэн Ашигт малтмалын газарт хандсан. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийг Ашигт малтмалын газар бүртгэж, хүлээн авсан боловч хянаж байгаа гээд ямар нэгэн хариу өгөхгүй байж байгаад 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу гарсан Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох хилийн заагтай давхцаж байгаа гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг түр түдгэлзүүлсэн гэсэн хариуг танилцуулсан. Ашигт малтмалын газарт хандахаас өмнө шаардагдах бүхий л төлбөр хураамжийг манай компани хугацаанд нь төлсөн байсан бөгөөд Ашигт малтмалын газарт хянагдах хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг аль компани төлөх нь тодорхойгүй байснаас гадна түр түдгэлзүүлсэн гэсэн хариуных нь дагуу хөрөнгө оруулалт болон үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газраас давхцалтай тусгай зөвшөөрөлтэй компани ямар арга хэмжээ авах талаар огт чиглэл өгөөгүй, нөхөн олговор ч өгөлгүй биднийг байгууллага хооронд явуулж чирэгдүүлж ирсэн тул бид тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж ойлгож өдийг хүрсэн. Засгийн газрын тогтоолд хамаарч буй компаниуд 2011 оноос хойш тусгай зөвшөөрлийн төлбөрийг огт төлөөгүй, түдгэлзэж хүлээлтийн байдалтай байсан. Гэтэл энэ хугацаанд буюу 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 933 тоот шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн цуцалсан талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6/3205 тоот албан бичгээс мэдлээ. Ашигт малтмалын газар 2011 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл шилжүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэн нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх талаар ямар ч мэдэгдэл өгөөгүй бөгөөд Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагтай давхцалтай, түдгэлзүүлсэн гэсэн хирнээ төлбөр төлөөгүй гэж цуцалсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж, мөн хуулийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж тодорхой заасан байхад нэг ч мэдэгдэл өгөөгүй нь мөн хуулийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу манай компанийн хуульд заасан эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосонгүй. Захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, цуцалсан талаар ямар ч мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй өдийг хүрсэн нь хууль бус байна.
Иймээс Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр “******* ******* *******” ХХК-ийн 1 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсныг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр “******* ” ХХК-нд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших “Туулын баруун дэнж” нэртэй 34 га талбай бүхий ашигт малтмал ашиглалтын МV-014986 тоот тусгай зөвшөөрлийг анх олгосон байна. 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд MV-******* тоот дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан.
Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нэхэмжлэгч компанид 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.
“******* ******* *******” ХХК-ийн эзэмшлийн МV-014986 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан мөн нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй, Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг дурдсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6/3859 тоотоор хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. “******* ******* *******” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Цуцалсан тухай мэдэгдлийг 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6/5227 тоотоор хүргүүлж мэдэгдсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “******* ******* *******” ХХК-д 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6/3859 тоот, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6/5227 тоотоор мэдэгдэл хүргүүлэн нь явуулсан албан тоот болон баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байх тул тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн “...ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй” гэж “******* ******* *******" ХХК-ийн MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, “******* ******* *******” ХХК-иас “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т заасныг зөрчсөн” гэж, хариуцагчаас “...“******* ******* *******” ХХК тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан ч төлөөгүй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6-3859 тоот албан бичгээр хүргүүлсэн” гэж тус тус маргасан.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр анх “******* ******* *******” ХХК-нд Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын баруун дэнж нэртэй газарт 34 гектар талбайд ашигт малтмал ашиглах МV-1 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу “******* ******* *******” ХХК тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төлснийг захиргааны байгууллага баталгаажуулан, тусгай зөвшөөрлийн хавсралт, бүртгэлд “Тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2010.07.08-2011.07.08 хүртэл” гэсэн тэмдэглэгээ хийсэн байх хэдий ч 3 дахь жилийн /2011.07.08-2012.07.08 хүртэлх/ тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт”-уудаар нотлогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасанчлан уг төлбөр нь баялаг ашигласны төлөөх бус, харин “тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн” хүчинтэй байдлыг хадгалах үндсэн зорилготой төлбөр ба тусгай зөвшөөрөл эзэмшигч уг үүргээ биелүүлээгүй нь тухайн зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор байна.
2. Хавтаст хэрэгт авагдсан “******* ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаас үзэхэд “******* ” ХХК 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “1 гишүүнтэй” үүсгэн байгуулагдсан, 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дагва овогтой Дунгаамааг захирлаар томилсон байна.
Мөн “******* ” ХХК-ийн эзэмшиж байсан MV01 тоот тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэлд нэхэмжлэгч өөрийн хаягийг “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20-38 тоот” гэж мэдүүлсэн байх ба хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс тус хаягаар тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6-3859 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Харин “******* ******* ундрага” ХХК-ийн нэхэмжлэл дээрх хаяг “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Төгөлдөр хотхон 12 дугаар байр 101 тоот. Төв шуудан- 211213, ш/х -2099” гэсэн хаяг байх бөгөөд уг хаягаа буюу хаягийн өөрчлөлтөө Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллагад мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар мөн тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс өөрт байгаа хаягаар буюу “******* ******* ундрага” ХХК-иас баталгаажуулан өгсөн “Хуулийн этгээдийн тодорхойлолт”-д дурдсан хаягаар мэдэгдлийг хүргүүлснийг буруутгах боломжгүйн зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан “...мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Нэхэмжлэгч “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гарсан Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох хилийн заагтай давхцаж байгаа гэсэн үндэслэлээр манай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийг түр түдгэлзүүлэн, манай компанийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” гэж маргасан.
Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон ба энэхүү газрын хилийн заагийг Засгийн газар тогтоохоор мөн хуулийн 4.3-т заажээ.
Үүний дагуу Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг тогтоосон ба ”******* ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV1 дугаар тусгай зөвшөөрлийн 34 гектар талбай ашигт малтмал ашиглахыг хориглосон газарт хамаарсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон солбицолд хамрагдсан нийт 233 тусгай зөвшөөрөл бүхий талбайг чөлөөлөх буюу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмалын газраас өдөр тутмын сонин “Зууны мэдээ” сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, “Үндэсний шуудан” сонин, “Үнэн” сонин болон Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж нийтэд мэдээлсэн байна.
”******* ” ХХК тусгай зөвшөөрлөө “ХОТУ” ХХК-нд шилжүүлэх тухай хүсэлтийг 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ашигт малтмалын газарт гаргасан байх бөгөөд захиргааны байгууллага 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6-4955 тоот албан бичгээр “...хамгаалалтын бүстэй давхцаж, ... тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг Засгийн газрын шийдвэр эцэслэн гарах хүртэл хийхгүй...өргөдлийг бүртгэлээс хассан тухай” мэдэгдлийг буцаан хүргүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын зүгээс ”******* ” ХХК-д хүргүүлсэн дээрх мэдэгдлийг “ашигт малтмалын ашиглалтын МV1 тусгай зөвшөөрлийг ашигт малтмал ашиглахыг хориглосон газарт хамаарсан гээд цуцлах болсон эсхүл цуцалж байгааг мэдэгдсэн” гэж үзэх боломжгүй, харин ”******* ” ХХК-иас гаргасан тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдсэн мэдэгдэл гэж үзэхээр байна.
Иймд, тус мэдэгдэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тусгай зөвшөөрлийн төлбөрөө тогтоосон хугацаанд төлөхөд саад учруулсан нөхцөл байдал болсон, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үр дагавар үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Эцэст нь, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй гэдгээ мэдсэн байх боломжтой, 2010 онд 2 дахь жилийн төлбөрийг хугацаанд нь хуульд заасан журмын дагуу төлж байсан ч 2011 оноос эхлэн тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй, үүний улмаас тусгай зөвшөөрөл нь цуцлагдах нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдэж байсан хэдий ч энэ асуудлаар тухайн үед нь Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаагүй, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр л тусгай зөвшөөрөл цуцлагдсан болохыг мэдэж, хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд “******* ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “******* ” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр “******* ******* *******" ХХК-ийн MV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсныг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА