Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00755

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00755

 

 

 

Х.А СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00440 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.А СӨХ-ны хариуцагч Х.А.ТӨААТҮГ, Х.Х.Е.Гт холбогдуулан гаргасан 615,278,879 төгрөгийн засварын ажлыг өөрийн зардлаар хамтран хийж гүйцэтгэхийг хариуцагч нарт даалгах, гэм хорын хохирол 2,800,000 төгрөгийг хариуцагч Х.А.ТӨААТҮГ-аас гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч Х.А.ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагч Х.А.ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтбаатар, өмгөөлөгч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.А СӨХ-ны нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хил хамгаалах ерөнхий газрын захиалсан, Хилийн 0119 дүгээр ангийн гүйцэтгэсэн барилгад засвар хийхийг хариуцагч нар болон дээд шатны байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яам зөвшөөрсөн. 2020 оны 03 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Хилийн 0119 дүгээр ангийн барилгын инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс газар дээр нь ирж 102, 104, 106, 108 дугаар байрнуудын дээвэр, фасадны ажлын зураг болон хэмжилт хийж барилгын засварын ажлыг эхлүүлэхээр тохиролцсон боловч ажил гүйцэтгээгүй болно. Одоогоор тус хотхоны 102, 104, 106, 108 дугаар байрны дээвэр, фасадны ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай бөгөөд 102 дугаар байрны дээврийг засварлахад 55,795,571 төгрөг, 104 дүгээр байрны 5038.9 м.кв талбайн гадна фасадыг засварлахад 130,698,865 төгрөг, дээврийг засварлахад 55,795,571 төгрөг, 106 дугаар байрны 5038.9 м.кв талбайн гадна фасадыг засварлахад 130,698,865 төгрөг, дээврийг засварлахад 55,795,571 төгрөг, 108 дугаар байрны 5038.9 м.кв талбайн гадна фасадыг засварлахад 130,698,865 төгрөг, дээврийг засварлахад 55,795,571 төгрөг, нийт 615,278,879 төгрөг шаардлагатай болохыг мэргэжлийн төсөвчин тогтоосон. Иймд хариуцагч нарт 615,278,879 төгрөгт багтаан засварын ажил өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан. Мөн 100б байрны засварын ажлыг цаг хугацаанд нь хийгээгүйгээс 2021 оны 02 дугаар сард уг байрны техникийн өрөөний дээврээс цасны ус гоожиж, лифтний MPK-708 маркийн компьютер шатсан тул шинэ компьютер 2,800,000 төгрөгөөр зээлээр худалдан авч лифтэнд суурилуулсан. Компьютерийн төлбөрт 1,680,000 төгрөг төлсөн болно. Х.А СӨХ-ны эд хөрөнгөд 2,800,000 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч Х.А.ТӨААТҮГ-аас хохирол гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын татгалзал, тайлбарын агуулга: Барилгын тухай хуульд заасан баталгаат хугацаа дууссан хэдий ч Х.А СӨХ-оос ирүүлсэн хүсэлтийн дагуу тус СӨХ-нд дэмжлэг үзүүлэх зорилгоор хилийн 0119 дүгээр анги нь орон сууц, автомашины дулаан зогсоол, техникийн давхрын дээврээс ус гоождог хэсгийг хэсэгчлэн, 106, 108 дугаар байрны гадна фасадны хууларч унасан хэсэг, 102, 104, 106, 108 дугаар байрны 10 дугаар давхрын тагтны саравчны дээд хэсэг зэргийг засварлахаар шийдвэрлэж, 40,000,000 төгрөгийг засвар хийсэн байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа буюу барилга ашиглалтад орсноос хойш 6 жилийн дараа гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Х.А.ТӨААТҮГ-ын татгалзал, тайлбарын агуулга: Х.А СӨХ нь өөрийн хариуцаж буй 106, 108 дугаар байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох дээвэр болон гадна фасадны ашиглалт хамгаалалтыг хариуцаж, засвар үйлчилгээг тухай бүр хийж хэвийн ашиглалтын шаардлагыг хангаж ажиллаж байх үүрэгтэй ба барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 7 жилийн дараа ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Барилгын тухай хууль, Иргэний хуульд нийцэхгүй байна. Х.А СӨХ-ны нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой биш байгаа нь нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэдгийг нотолно. Нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасан захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, барилгын материал ханган нийлүүлэгч, ззэмшигчийн хэний буруутай үйл ажиллагааны улмаас зөрчил гарсан гэдгийг хэрхэн тодорхойлж нотолж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Х.А хотхоны орон сууцанд 243,852,700 төгрөгийн засварын ажил хамтран хийж гүйцэтгэхийг хариуцагч Х.Х.Е.Г, хариуцагч Х.А.ТӨААТҮГ-т тус тус даалгаж, хариуцагч Х.А.ТӨААТҮГ-аас гэм хорын хохирол 1,680,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А СӨХ-нд олгож, үлдэх 370,866,179 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,113,334.36 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамж 1,385,613 төгрөгийн тал хувь 692,806.5 төгрөгийг хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас, тал хувь 692,806.5 төгрөгийг хариуцагч Х.А.ТӨААТҮГ-аас, мөн 41,830 төгрөгийг хариуцагч Х.А.ТӨААТҮГ-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.А СӨХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн зардал 1,592,000 төгрөгийг хариуцагч Х.Х.Е.Г, Х.А.ТӨААТҮГ-аас хувь тэнцүүлэн, үлдэх 2,408,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.А СӨХ-оос гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Х.А.ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлсон тухай:

Нэхэмжлэгч өөрийн хариуцдаг орон сууцны барилгуудаас 104, 106, 108 дугаар байрнуудын дээвэр болон гадна фасад, 102 дугаар байрны дээврийн засварын ажлыг хариуцагч нараар хийлгэхийг хүссэн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа ... хотхоны орон сууцанд ... засварын ажил хамтран хийж гүйцэтгэхийг ... тус тус даалгаж ... шийдвэрлэсэн. Шүүгч гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа Х.А хотхоны 102 болон 100б байранд засвар хийхийг даалгаж шийдвэрлэсэн гэж хэлдэг боловч энэ хэсгийг шүүх хуралдааны видео тэмдэглэлээс хассан байна. Шүүхийн шийдвэрт заасан хотхоны орон сууц гэдэгт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцнууд хамаарах эсэх, мөн засварын ажил гэдэгт нэхэмжлэгчийн хүсээд хариуцагчийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа орон сууцны дээвэр болон гадна фасадны засвар хамаарах эсэх нь тодорхойгүй байна. 100б байртай холбоотой засварын ажлын шаардлага гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх эдгээр тодорхой шаардлагыг үл харгалзан өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

5.б. Нэхэмжлэл гаргах эрхийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн:

Нэхэмжлэгч Х.А СӨХ-г төлөөлж тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаас итгэмжлэл олгосны дагуу өмгөөлөгч Т.Мөнхсүлд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хяналтын зөвлөл дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй. Үүний учир нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.в. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, зарим нотлох баримтыг огт үнэлээгүй тухай:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт зохигчдоос гаргаж өгсөн бүхий л нотлох баримтуудыг тэмдэглэх ёстой байтал барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2014/409 дүгээр актыг огт тэмдэглээгүй. Мөн 100б болон 102 дугаар байруудыг 2015 онд хүлээлгэн өгсөн гэх нотлох баримтаар тогтоогдоогүй тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гаргажээ. Х.А хотхоны 100б болон 102 дугаар байруудыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2014/689 дүгээр актаар байнгын ашиглалтад оруулсан байдаг.

Анхан шатны шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд уг дүгнэлтийг шийдвэр гаргахдаа үндэслэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт хэрэгт байгаа нотлох баримтын шаардлага хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2014/689 дүгээр акттай нийцдэггүй.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 102, 104, 108 дугаар байруудын ашиглалтын төлөв байдалд хяналт шалгалтыг хийсэн бөгөөд харин барилгын ажлын гүйцэтгэлийн чанарт хяналт шалгалт хийгээгүй. Барилга байгууламжийн ашиглалтад болон барилгын ажлын гүйцэтгэлийн чанарт хяналт шалгалт хийх нь өөр хоорондоо ялгаатай харилцаа бөгөөд харилцан адилгүй үр дагавар үүсгэдэг. Орон сууцны барилгын гүйцэтгэлийн чанартай холбоотой маргаанд орон сууцны байшингийн ашиглалтад хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэл болгох боломжгүй.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь барилга болон барилгын гүйцэтгэлийн чанар, холбогдох акт бичиг баримтуудтай газар дээр нь танилцаж байнгын ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэдэг. Эрх бүхий этгээд шалгаж нягтлаад шаардлага хангасан гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актуудыг нотлох баримтаар үнэлж дүгнээгүй. Мөн чанарын шаардлага хангахгүй барилга барьсан гэдгийг, дээврээс ус гоожсоны улмаас цахилгаан шатны компьютер эвдэрсэн гэдгийг ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн тухайгаа шүүхийн шийдвэрт огт тэмдэглээгүй. Гэм буруутай эсэхийг тогтоохын тулд гарцаагүй нотлох баримт шаардах бөгөөд хариуцагчийн үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаан байгаа эсэхийг нотлох баримтыг үндэслэн тогтоох учиртай. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан засварын ажлын дүнг ямар нотлох баримтыг үндэслэн хэрхэн тогтоосон нь тодорхой бус ойлгомжгүй байдаг.

5.г. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн:

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, хэвийн ашиглалтын хугацаа буюу баталгаат хугацаа 3 жил байхаар хуульчилсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцны барилгуудын хэвийн ашиглалтын хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийн талаар хариуцагч тал огт маргаагүй. Өөрөөр хэлбэл энэ засвар хийх шаардлагатай эсэх асуудлаар огт маргаагүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараагаар үүнийг гомдолдоо дурдаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүхийн шийдвэрт 2014 оноос 2015 оны 06 дугаар сар хүртэл нийтдээ 6 орон сууц ашиглалтад орсон, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан талаар дурдсан. 2016-2017 онд иргэд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх талаар СӨХ-нд асуудал тавьж эхэлсэн. Тэгэхээр Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 2018 онд тухайн орон сууц захиалсан тал болох Х.Х.Е.Г болон гүйцэтгэгч тал болох Хилийн 0119 дүгээр анги энэ засварын ажлыг хийж гүйцэтгэнэ гэх албан тоотуудыг өгч байсан. Тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн яам ажлын хэсэг гаргаж тодорхой санал зөвлөмжүүд өгч энэ байрны асуудлыг шийдэхгүй бол болохгүй, нийтдээ 700 гаруй өрхийн 4,000 гаруй оршин суугчдын асуудал яригдаж байна, үүнийг шийдвэрлэ гэсэн. Хилийн 0119 дүгээр анги болохоор төсөвт энэ мөнгийг суулгуулна, эсхүл өөрсдийн нөөц хөрөнгөөр үүнийг хийнэ гэж 2018-2019 онд албан бичиг өгсөн. 2020 онд 40,000,000 төгрөгийн засварын ажил хийсэн гэх баримт гаргаж өгсөн. Засвар хийхдээ Хилийн 0119 дүгээр ангиас 3-4 мэргэжилтэнтэй ажлын хэсэг ирж тодорхой хэмжилтүүдийг хийсэн. Үүнтэй холбоотой нөхцөл байдлыг хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч нар хэлсэн. Энэ нөхцөл байдлаас харах юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч Х.А СӨХ нь хариуцагч Х.А.ТӨААТҮГ болон Х.Х.Е.Гт холбогдуулан 615,278,879 төгрөгийн засварын ажлыг өөрийн зардлаар хамтран хийж гүйцэтгэхийг хариуцагч нарт даалгах, гэм хорын хохирол 2,800,000 төгрөгийг хариуцагч Х.А.ТӨААТҮГ-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргажээ.

3. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Х.А хотхоны 100а, 100б, 102, 104, 106, 108 дугаар байруудыг Хил хамгаалах ерөнхий газрын захиалгаар Хилийн 0119 дүгээр анги барьж ашиглалтад оруулсан тухай зохигчид маргаагүй байна.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х.А хотхоны оршин суугчид нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд орон сууцанд засвар хийх тухай өргөдөл, хүсэлт, баримтыг Х.А.ТӨААТҮГ болон Х.А СӨХ-нд гаргаж байсан гэх баримтуудад шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Учир нь эдгээр өргөдөл гаргасан гэх иргэд нь тухайн орон сууцны оршин суугч өмчлөгч мөн эсэх, хариуцагч байгууллагуудад эдгээр өргөдөл гомдол очсон эсэх, хариу өгсөн эсэх нь тус тус тодорхойгүй, энэ талаар шүүх тодруулаагүй, барилгын чанарын баталгаат хугацааны дотор доголдол илэрсэн эсэх нь хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй байна.

5. Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдал тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00440 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хилийн 0119 дүгээр анги нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1,427,443 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.БЯМБАСҮРЭН