Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01457

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэлтэй МК ББСБ ХХК-д холбогдох

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ19/0100 тоот зээлийн гэрээ, мөн оны 09 дүгээр сарын 25-ны БГ19/0100-1 тоот барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн БГ19/0100-1 тоот барьцааны гэрээ, мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах, зээлийн гэрээний шимтгэл 5,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Их-Од инженеринг ХХК-ийн захирал Т.А-ын АБ ХХК-тай байгуулсан Сити Вью хотхоны барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардлагатай барилгын материал болон бусад зардлыг санхүүжүүлэх зорилгоор МК ББСБ ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ18/0051 тоот зээлийн гэрээ, БГ18/0051 тоот барьцааны гэрээ, мөн оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ18/0053 тоот зээлийн гэрээ, БГ18/0053 тоот барьцааны гэрээг байгуулж, тус бүр 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн.

1.1. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн ч АБ ХХК-аас ажлын хөлсөө авч чадаагүй тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэрхшээл учирсан талаар зээлдүүлэгч МК ББСБ ХХК-д тайлбарласан. Зээлдүүлэгч нь танай зээлийн төлөлт хийгдээгүйн улмаас манай байгууллагын нэр дээр Монголбанкны системд зөрчил үүсэж, та хоёрын зээлийн ангилал буурлаа, үүнийг засах шаардлагатай тул хуримтлагдсан хүү 35,000,000 төгрөгийг манайхаас зээлж аваад эргүүлээд төлчих, хэрэв ажил хийхэд нэмэлт мөнгө хэрэгтэй бол 35,000,000 төгрөг нэмээд дахин зээлж болно гэж ятгасан. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ18/0071 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 65,000,000 төгрөгийг 12 сарын хуцагаагаар, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн боловч 35,000,000 төгрөгийг өмнөх зээл, хүүгийн төлбөрт суутгасан.

Дансны хуулгаар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 16 минутад 65,000,000 төгрөгийн зээл ороод, 26 минутын дараа буюу 16 цаг 42 минутад 35.000.000 төгрөг хариуцагч байгууллагын дансанд орсон нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг харуулна.

Миний бие дээрх 3 удаагийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс нийт 225,000,000 төгрөг авахаар тохиролцсон ба 1 хувийн шимтгэлийг тухай бүр хасч тооцон 188,100,000 төгрөгийг бодитоор олгосныг барилгын ажилд зарцуулсан. Гэвч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн нийт дүнгээс тооцсон нь хуульд нийцэхгүй.

1.2. МК ББСБ ХХК-д зээлээ төлөх чадамжгүй болсноо удаа дараа тайлбарлахад банк бус санхүүгийн байгууллага гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэхгүй, зээлийг зээлээр төлүүлэн үндсэн зээлийн дүнг нэмэгдүүлэхийг шаардсан. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас дуудаж таны зээл, хүүгийн хамт 352,000,000 төгрөг болсон, энэ зээлийг өдрийн 1 хувийн хүүтэй зээл олгодог Ш.Батцэрэн гэж хүнээр төлүүлчихье, та манай банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээг шинээр байгуулчих, ... ингэхгүй бол Монголбанкнаас манай байгууллагыг зээлийг зээлээр төлүүлж байгааг мэдчихнэ гэж 1 өдрийн зээлийг иргэн Ш.Батцэрэнгээс авахыг шаардсан. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ18/0071 тоот зээлийн гэрээ байгуулж, 360,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, мөн оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 352,243,013 төгрөг МК ББСБ ХХК-ийн дансанд орсны дараа 360,000,000 төгрөгийг Ц.Бт шилжүүлсэн. Ц.Б нь Ш.Батцэрэнгийн дансанд 352,243,013 төгрөгийг хүү болох 3,552,430 төгрөгийн хамт 355,765,443 төгрөгийг шилжүүлсэн.

Миний бие Ш.Батцэрэнг танихгүй, банк бус санхүүгийн байгууллагын үзүүлсэн удаа дараагийн шахалтын улмаас 1 өдрийн хүүд 3,600,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагын зээл олгосны шимтгэл 3,600,000 төгрөг нийт 7,200,000 төгрөгийг зарлагдсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь 360,000,000 төгрөгийг миний дансанд бодитоор шилжүүлээгүй тул гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчид 360,000,000 төгрөгийн зээл авсан хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэл байгаагүй, уг зээлээс бодитоор 600,000 төгрөг авсан нь энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус, МК ББСБ ХХК нь зээлийн хүүг зээл болгон капиталжуулж, зээлийг зээлээр төлүүлэхээр зохион байгуулалттай хийсэн үйлдэл гэж үзэж байна.

Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Учир нь дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлээр МК ББСБ ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ19/0100 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгаж өгнө үү.

1.3.МК ББСБ ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ19/0100 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Ц.Бтай мөн өдөр БГ19/0100 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 87 дугаар байр, 55 тоотод байрлах 110,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БГ19/0100-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, СЯ 00 дугаар байр, 00 тоотод байрлах 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Эдгээр барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох ёстой тул барьцаанд тавигдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү.

1.4. Дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байхад буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БГ19/0100-1 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, СЯ 00 дугаар байр, 00 тоот орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан МК ББСБ ХХК өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Мөн барьцаанд тавьсан орон сууц болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 87 дугаар байр, 55 тоот орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан МК ББСБ ХХК өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зээлдэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж авсан тул дээрх гэрээнүүд нь хуульд нийцэхгүй юм. Иймд энэхүү Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 04, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхыг тогтоолгож өгнө үү.

1.5.Ц.Б нь МК ББСБ ХХК-ийн барьцаанд байсан, улсын бүртгэлийн Ү-2204072960 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 байрны зоорийн давхрын 0 тоот хаягт байрлах 522 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 240,000,000 төгрөг, зээлийн гэрээний шимтгэлд 3,600,000 төгрөг төлсөн. Тэрээр МК ББСБ ХХК-д 243,600,000 төгрөг буцаан төлсөн байх тул Ц.Бийн буцаан төлөх дүн 116,400,000 төгрөг болно.

Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ18/0071 тоот зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн гэрээний шимтгэл 5,850,000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Б нь МК ББСБ ХХК-тай 2018 онд нийт 3 удаа зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нийт 225,000,000 төгрөгийн зээл авсан. Талууд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ18/0051 тоот зээлийн гэрээ, БГ18/0051 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд 2 тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.

Мөн Ц.Б нь МК ББСБ ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 12-нд зээлийн эргэн төлөлтөд нэмэгдүүлсэн хүү 81,534 төгрөг, үндсэн зээлийн хүү 19,778,630 төгрөг, үндсэн зээл 0 төгрөг нийт 19,860,164 төгрөгийг төлсөн. 2019 оны 09 дүгээр сарын 26-нд зээлийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэмэгдүүлсэн хүү 6,349,136 төгрөг, үндсэн зээлийн хүү 40,083,015 төгрөг, үндсэн зээл 80,000,000 төгрөг, нийт 126,432,151 төгрөг төлсөн.

Ц.Б нь МК ББСБ ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ18/0053 тоот зээлийн гэрээ, БГ18/0053 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд 2 тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.

2018 оны 09 дүгээр сарын 12-нд зээлийн эргэн төлөлтөд нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, үндсэн зээлийн хүү 15,139,836 төгрөг, үндсэн зээл 0 төгрөг, нийт 15,139,836 төгрөгийг төлсөн. 2019 оны 09 дүгээр сарын 26-нд зээлийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэмэгдүүлсэн хүү 5,162,076 төгрөг, үндсэн зээлийн хүү 41,670,864 төгрөг, үндсэн зээл 80,000,000 төгрөг, нийт 126,832,940 төгрөг төлсөн.

2.1. Ц.Б нь МК ББСБ ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 12-нд ЗГ18/0071 тоот зээлийн гэрээ, БГ18/0071 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 65,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд 2 тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 26-нд зээлийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэмэгдүүлсэн хүү 1,581,381 төгрөг, үндсэн зээлийн хүү 32,396,541 төгрөг, үндсэн зээл 65,000,000 төгрөг, нийт 98,977,922 төгрөг төлсөн.

Талууд эдгээр гэрээнүүдийн зүйл заалт бүртэй танилцаж, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, бусдын дарамт шахалтгүйгээр хийж гарын үсэг зурсан ба үнэн зөв гэдгийг гэрчлүүлэн нотариатчаар баталгаажуулсан. Мөн зээлдэгч Ц.Б барьцааны гэрээг өөрийн биеэр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх зэрэг үйлдлүүд нь уг хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлтэй байсан, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгож байгааг бүрэн ухамсарласны үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Уг зээлийн 35,000,000 төгрөгийг зээл олгосон өдрөө буюу 26 минутын дараа суутган авсан гэх боловч банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгчийн банкин дахь хувийн данснаас зээлийн төлбөрийг суутгах боломжгүй.

Зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тухайн мөнгийг өөрийн биеэр банкны салбараас МК ББСБ ХХК-ийн 5178023994 тоот данс руу төлбөр Батхуягаас гэх утгатайгаар теллерээр гүйлгээ хийлгэсэн. Энэхүү төлбөр нь зээлдэгч Ц.Бийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ18/0051, мөн оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ18/0051 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт хуваагдаж хийгдсэн.

2.2. Ц.Б нь МК ББСБ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ19/0100 тоот зээлийн гэрээ, БГ19/0100-1 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 360,000,000 төгрөгийг сарын 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн олголтын гүйлгээ 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн. Зээлийн болон барьцааны гэрээнд 2 тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.

Талууд эдгээр гэрээнүүдийн зүйл заалт бүртэй танилцаж, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, бусдын дарам шахалтгүйгээр хийн гарын үсэг зурсан ба үнэ зөв гэдгийг гэрчлүүлэн нотариатчаар баталгаажуулсан. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр БГ19/0100 тоот барьцааны гэрээг зээлдэгч Ц.Б өөрийн биеэр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх зэрэг үйлдлүүд нь уг хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлтэй байсан гэх үндэслэлтэй, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгож байгааг бүрэн ухамсарласны үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3. Зээлдэгч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй ба гэрээний хугацаа дууссанаас хойш удаа дараа утсаар болон албан бичгээр зээлээ төлөхийг шаардсан боловч төлж барагдуулалгүй явсаар 2020 оны 08 сард БГ19/0100 тоот барьцааны гэрээнд тусгагдсан хөрөнгүүдийн нэг болох Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/7 байр, зоорийн 0 тоот хаягт орших 522 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулан тодорхой хэмжээний эргэн төлөлтийг хийхээр харилцан тохиролцсон. Ингээд тус барьцаа хөрөнгийг Б.Дэнсмаад банкны зээлээр худалдан борлуулж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үндсэн хүүний төлбөрт 162,858,200 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 77,141,800 төгрөг, нийт 240,000,000 төгрөгийн эргэн төлөлтийг хийж, зээлийн өрийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааг зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 9 сараар сунгаж өгөх хүсэлтийг гаргасан. Энэ зээлийн эргэн төлөлтөд бид нэмэгдүүлсэн хүү тооцож аваагүй.

2.4. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн ЗГ19/0100-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, БГ19/0100-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, БГ19/0100 үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргийг байгуулж, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, СЯ 00 дугаар байр, 00 тоотод байрлах 34 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэмж барьцаалан зээлийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 9 сараар сунгасан.

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗГ19/0100-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа төлөлт хийгээгүй байна.

2.5. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль болон Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх үлгэрчилсэн зааварт зээлдэгчид олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд барьцаанд авсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрлөөр, түүний хүсэл зоригийн дагуу хуульд зааснаар мэдэлдээ авч болох агуулга тусгагдсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн байх ба 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд дээрхтэй ижил агуулгатай зүйл заалт байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар МК ББСБ ХХК, Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ19/0100 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн БГ19/0100 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн БГ19/0100-1 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тооцож, үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 87 дугаар байр, зоорийн 55 тоотод байрлах 110.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, СЯ 20 байр, 10 тоотод байрлах 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч МК ББСБ ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар МК ББСБ ХХК-д холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ18/0071 дугаартай зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгох, зээлийн гэрээний шимтгэл болох 5,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Б татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,420,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МК ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4,420,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэсэнд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй байхаар Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгохоор заасан.

Анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ19/0100 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч МК ББСБ ХХК нь зээлдэгч Ц.Бт зээл олгохдоо ямар зориулалтын дагуу олгосон эсэх нь тодорхойгүй, Ц.Б нь уг зээлийг ямар зориулалтын дагуу авсан эсэх нь ойлгомжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг зээлийн өргөдлийн анкетын 4-т зээлийн хэмжээ 360,000,000 төгрөг, хугацаа 180 хоног, 4 хувийн хүү, барилга гэснээр зээлийн зориулалт тогтоогдож байна.

Ц.Б нь зээлийн гэрээ, барьцааны гэрээг хийхдээ өөрийн хүсэл зориг эрмэлзлэлээр МК ББСБ ХХК-д зээл хүссэн өргөдөл гаргаж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, зээлийн эргэн төлөлтийг хийж, зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасан зэргээс түүнийг уг хэлцлийг хийх хүсэл эрмэлзлэлтэй байсан гэх үндэслэлтэй. Тэрээр хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгож байгааг бүрэн ухамсарласны үндсэн дээр хийгдсэн хэлцэл юм. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг МК ББСБ ХХК-д даалгаж шийдвэрлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус компанийн өмнөх зээлийн барьцаанд давхар байгааг харгалзан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын татгалзал, тайлбарын агуулга: МК ББСБ ХХК, Ц.Б нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ19/0100 тоот зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг заагаагүй. Банк бус санхүүгийн байгууллага нь ямар нэгэн зориулалтгүйгээр зээл олгосон нь тухайн зээлийн гэрээг байгуулахад талууд бодитоор хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх нь эргэлзээтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Батцэрэн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгч Ц.Бийг огт танихгүй, 352,000,000 төгрөгийг зээл хаав гэх утгатай мөнгө шилжүүлчих, эргээд 1 хувийн хүүтэйгээр данс руу нь буцаад орно гэх санал тавьсны дагуу зөвшөөрч тус мөнгийг шилжүүлсэн гэдэг. Ц.Б нь тухайн зээлийг хаасан үйл баримтыг мэдүүлээгүй ба тэрээр энэ үйл ажиллагаанд хамааралгүй. Харин МК ББСБ ХХК энэ ажиллагааг зохион байгуулсан.

Нэхэмжлэгч нь урьд авсан 225,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн гэдгээ хариуцагч МК ББСБ ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч МК ББСБ ХХК-ийн шаардлагын үндсэн дээр тус гэрээг байгуулсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан ЗГ19/0100 тоот зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл учир хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй.

Үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа нь үндсэн үүрэг хүчин төгөлдөр эсэхээс шууд хамаарна. Үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус бол нэмэгдэл үүрэг мөн адил хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зохицуулалтын үндсэн зарчим нь худалдагч худалдан авагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хөрөнгийн үнийг төлөх харилцаа байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш худалдан авагчийн өмчлөлд шилжсэнээр Ц.Бийн зээлийн төлбөр дуусна гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Хариуцагчийн гаргасан гомдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч тал давж заалдах гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан хэлцэлд МК ББСБ ХХК-ийг төлөөлж Ли Ху Жүүн гарын үсэг зурсан байдаг. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэлээр тус компанийн захирлаар н.Бямбажав гэх хүн бүртгэгдсэн байдаг. Эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

2018 онд авсан анхны 3 зээл барилгын ажлын зориулалтаар авсан нь үнэн юм. 2019 онд барилгын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж барилгын ажил нь зогссон. 360,000,000 төгрөгийг барилгын ажлын санхүүжилтийн зориулалтаар авсан гэдэг нь үндэслэлгүй. Өмнөх 3 зээлийг нийлүүлж бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг нийлүүлээд 127,000,000 гаруй төгрөг байсныг үндсэн зээл болгож 360,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл болгож үүнээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож зээлдэгчид өрийн дарамт үүсгэсэн.

Зээлдэгч зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасан болохоос 360,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаагүй. Гомдолд дурдсанаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бол хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх алдааг залруулах боломжтой. Иймд хариуцагч талаас гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч Ц.Б нь МК ББСБ ХХК-д холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ19/0100 тоот зээлийн гэрээ, мөн оны 09 дүгээр сарын 25-ны БГ19/0100-1 тоот барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн БГ19/0100-1 тоот барьцааны гэрээ, мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах, зээлийн гэрээний шимтгэл 5,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ18/0071 тоот зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн гэрээний шимтгэл 5,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

3.а. Талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ18/0051 тоот, мөн оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ18/0053 тоот тус тус зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч МК ББСБ ХХК нь нийт 160,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 48 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нь төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй нөхцөлд гэрээний үүргийг биелүүлж дуустал нэмэгдүүлсэн хүүг төлөх ба нэмэгдүүлсэн хүү нь зээлийн үндсэн хүүгийн 20 хувь байхаар тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 10-11, 53-54 дэх тал/

Хариуцагч МК ББСБ ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хаан банк ХХК дахь Ц.Бийн эзэмшлийн 5020504688 тоот дансанд 80,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 80,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 34-35 дахь тал/

3.б. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ18/0051 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ц.Б нь МК ББСБ ХХК-тай барьцааны гэрээ байгуулж, Ц.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 дугаар байрны 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ18/0053 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Б нь МК ББСБ ХХК-тай барьцааны гэрээ байгуулж, Ц.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 байрны зоорийн 0 тоотод байрлах 522 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь талуудын тайлбар болон хэргийн 1 дүгээр хавтасны 13-14 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсон.

3.г. Зээлдэгч Ц.Б нь дээрх 2 зээлийн гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй үүрэг зөрчжээ.

Дээрх 2 зээлийн гэрээнээс хойш талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ18/0071 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч МК ББСБ ХХК нь 65,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 48 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нь төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй нөхцөлд гэрээний үүргийг биелүүлж дуустал төлөх нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувь байхаар тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 14-15 дахь тал/

3.д. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр МК ББСБ ХХК нь Ц.Бтай БГ18/0071 тоот барьцааны гэрээ байгуулж, Ц.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 байрны зоорийн 0 тоотод байрлах 522 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 16-17 дахь тал/

3.е. Хариуцагч МК ББСБ ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банк ХХК дахь Ц.Бийн эзэмшлийн 5020504688 тоот дансанд 65,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгөн хөрөнгөөс тус өдөр Ц.Б нь 35,000,000 төгрөгийг МК ББСБ ХХК-ийн дансанд зээлийн төлбөрт буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар хэн аль нь маргахгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 34-35 дахь тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

4. Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ19/0100 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч МК ББСБ ХХК нь 360,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 48 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч Ц.Б нь зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу төлж, хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд гэрээний үүргийг биелүүлж дуустал төлөх нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувь байхаар тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 18-19 дэх тал/

Зээлдүүлэгч МК ББСБ ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 360,000,000 төгрөгийн зээлдэгч Ц.Бийн дансанд шилжүүлсэн нь хэргийн 1 дүгээр хавтасны 206 дахь талд авагдсан Хаан банк ХХК дахь МК ББСБ ХХК-ийн эзэмшлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа ... МК ББСБ ХХК-аас нийт 225,000,000 төгрөгийн зээл аваад төлж чадаагүй ба 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн банк бус санхүүгийн байгууллагаас утасдаж нийт зээл, хүүгийн хэмжээ 352,000,000 төгрөг болсон тул Ш.Батцэрэнгээс хоногийн 1 хувийн хүүтэй 360,000,000 төгрөг зээл авч өмнөх зээлээ төлөөд, манайхаас 360,000,000 төгрөг зээлж Ш.Батцэрэнгийн зээлийг төлчих гэсний дагуу мөн өдөр ЗГ19/0100 тоот зээлийн гэрээ байгуулж, банк бус санхүүгийн байгууллагаас 09 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 360,000,000 төгрөгийг Ш.Батцэрэнгийн данс руу 1 хувийн хүүгийн хамт шилжүүлсэн, тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэх агуулгаар тодорхойлсон.

Хариуцагч МК ББСБ ХХК нь татгалзлын үндэслэлээ ...Ц.Б нь 2018 оны 03 дугаар сарын 06, мөн оны 04 дүгээр сарын 04, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлүүдийг төлж барагдуулсан тул 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 360,000,000 төгрөг олгосон бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэх агуулгаар тайлбарлажээ.

4.а. Гэрч Ш.Батцэрэнгийн ...манай найз нараас нэг нь хэлээд надтай холбоо барьсан, тухайн үед нэг зээл хаагаад өгөөч, таныг хийх юм бол буцаагаад зээл авах гэж байгаа юм, танд буцааж өгөхдөө 1 хувийн хүү өгье гэж хэлэхээр нь л зөвшөөрсөн, Ц.Б гэх хүнийг танихгүй гэх мэдүүлгээр түүний МК ББСБ ХХК-тай холбогдож энэ ажиллагаанд оролцсон болох нь тогтоогдсон гэж үзнэ.

4.б.Түүнчлэн, Хаан банк ХХК дахь МК ББСБ ХХК-ийн эзэмшлийн 5178023870 тоот дансанд Ш.Батцэрэнгийн 5003647721 тоот данснаас Батхуяг зээл хаав гэх гүйлгээний утгаар 352,243,013 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн, мөн өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас Ц.Бийн 5020504688 тоот дансанд зээл олгов батхуяг гэх гүйлгээний утгаар 360,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 206 дахь тал/

Хэргийн 1 дүгээр хавтасны 37 дахь талд авагдсан Хаан банк ХХК дахь Ц.Бийн эзэмшлийн 5020504688 тоот депозит дансны хуулгаар 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ш.Батцэрэнгийн 5003647721 тоот дансанд 355,765,443 төгрөгийг шилжүүлэг гэх утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдлоо.

4.в.Талуудын тайлбар, дээрх мөнгөн шилжүүлгийн баримтууд болон гэрч Ш.Батцэрэнгийн мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл Ц.Б нь уг зээлийн гэрээг өөрийн хүсэлтээр, адил тэгш эрхтэйгээр шинээр байгуулсан гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь МК ББСБ ХХК тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж, зээл олгох эрхийг олж авсан этгээд болохын хувьд зээл олгох журам, гэрээнд тавигдах хуулиар зохицуулсан шаардлагыг хангах ёстой.

4.г.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана. МК ББСБ ХХК нь зээлдэгч Ц.Бт өөр зээлийг зээлээр төлүүлэх зорилгоор зээл олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ19/0100 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй, уг гэрээний хүчин төгөлдөр байдал болон үүсэх үр дагаврын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасантай нийцсэн, үндэслэлтэй болжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. МК ББСБ ХХК нь Ц.Баар зээлийг нь чөлөөлүүлээд дахин шинээр зээлийн гэрээ байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр БГ19/0100 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргө чөлөө гудамж 127/7 байрны зоорийн 0 тоотод байрлах 522 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 87 дугаар байр зоорийн 55 тоотод байрлах 110,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 20-21 дэх тал/

5.а.Мөн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БГ18/0100-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.Бийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, СЯ 00 дугаар байр, 00 тоотод байрлах 34 м.кв талбайртай 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 26-27 дахь тал/

5.б.2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ19/0100 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөхийг шаардах эрхтэй. Иймд Ц.Бийн өмчлөлийн дээрх гэрээнд заагдсан 34 м.кв талбайртай 3 өрөө орон сууц, 110,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5.в. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 04, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр дээрх барьцаа хөрөнгүүдийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжсэнээр зээлдэгч Ц.Бийн зээлийн төлбөр тооцоо дуусахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 28-29, 32 дахь тал/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч МК ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжээгүй байх бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,420,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ