Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01466

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01699 дугаар шийдвэртэй П.Аын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17290039 дугаар тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Г.А, Т.Р нараас Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр, 0 тоот хаягт байрлах 103.62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 185,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ингэхдээ төлбөрийн эхний хэсэгт 130,000,000 төгрөг төлж орон сууцыг хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ба үлдэх 25,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00253 дугаар шийдвэрээр дээрх орон сууцны өмчлөх эрх П.Ад үүссэн болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхээр шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явагдсан. Гэтэл миний өмчлөлийн орон сууцанд өөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгааг мэдээд тухайн байгууллагаас учрыг асуухад та шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч биш, ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэж мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1-т зааснаар хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдахыг хориглосон байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд миний өмчлөлийн орон сууцанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдэл, тогтоол хүргүүлж мэдэгдээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дугаар шийдвэрээр Т.Раас 140,111,120 төгрөгийг гаргуулж БББ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тус шийдвэрт мөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17290039 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Т.Рт шүүхийн гүйцэтгэх хуудсанд дурдсан төлбөрийг сайн дураараа төлж барагдуулах мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн эрхийн улсын Ү-2206034440 дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байрны 95 тоот 3 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 140/10 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 140/11 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Т.Р нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх саналыг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. Төлбөр авагч БББ ББСБ ХХК нь барьцаа хөрөнгөд санал болгох доод үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/30 дугаар албан бичгээр ирүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний Итгэлт-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилоход барьцаа хөрөнгийг 290,502,000 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгч Т.Рийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02416 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00503 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2018/01118 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон.

Төлбөр төлөгч Т.Рт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4/15345 тоот албан бичиг, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 9/6 дугаар тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шинжээчийн үнэлсэн 290,502,000 төгрөгийн 70 хувь буюу 203,351,400 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй. Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2-5а/1211 тоот албан бичгээр төлбөр төлөгч Т.Р нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Буянт-Ухаа боомтоор хил гарсан нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Тэрээр Монгол Улсын хилээр орж ирсэн тул 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: П.А нь 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Г.А, Т.Р нараас дээрх орон сууцыг худалдаж авахдаа 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээл барьцааны гэрээг байгуулж нотариатаар батлуулж, улсын бүртгэлийн газарт тухайн орон сууцыг зээлийн барьцаанд байршуулсан талаар бүртгэлийг хийлгэсэн. Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалахдаа бусдад худалдан борлуулсан, үүрэг ногдуулсан, барьцаанд барьцаалагдаагүй байсан учир манай байгууллага зээл, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлж баталгаажуулсан. Зээлийн гэрээ байгуулагдах үед Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр, 0 тоот хаягт байрлах 103.62 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь Т.Рийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд тухайн үед П.Аын өмч гэсэн тэмдэглэл үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээнд байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дугаар шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай П.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Аын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орон нутагт шүүх хуралдаан давхацсан талаарх баримтуудыг хавсарган шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасныг шүүхээс хэрэгсэхгүй болгож, эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх талаар шүүхэд тайлбарласан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус өөрчилсөн шаардлагыг орон нутагт авсан учир гарын үсэг зурж амжаагүй ба энэ талаар өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.

Мөн хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулах талаарх нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Шүүх хэргийн оролцогчийн буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхийг хөндөж, мэтгэлцэх зарчмыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга: 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан тул 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүх хурлыг товлуулах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч албан ёсоор шүүхэд бичгээр ирүүлээгүй бөгөөд өмгөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай хүсэлт гаргахдаа тодорхой үндэслэл заагаагүй, юуг шийдвэрлэх талаар нотолж, тодорхойлоогүй.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

2.а. Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш гэж надад мэдээлэл өгөлгүй, мэдэгдэлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17290039 дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Т.Р нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр, 95 тоотод байрлах 103,62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд тэрээр 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БББ ББСБ ХХК-аас 80,000,000 төгрөг зээлэхдээ уг орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулжээ.

 

Дээрх зээлийг төлөөгүйгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дугаар шийдвэрээр Т.Раас 140,111,120 төгрөг гаргуулж БББ ББСБ ХХК-д олгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 39-40/

 

Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

 

3.а. Т.Р нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагчийг хүсэлтээр 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2016/01610 дугаар захирамжийг үндэслэн мөн өдрийн 140 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх 35, 49, 51/

 

3.б. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгч Т.Рт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр битүүмжилж, мөн оны 05 дугаар сарын 16-ны өдөр хураан, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Дээрх ажиллагаануудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна.

 

3.в. Итгэлт эстимэйт ХХК нь дээрх 3 өрөө орон сууцыг 290,502,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч Т.Р эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 183/882017/02416 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00503 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2018/01118 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх82-86, 87-92, 93-96/

 

3.г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг товлож, мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгчид энэ талаарх мэдэгдлийг хүргүүлэн, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан анхны албадан дуудлага худалдааг явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх97, 100, 103-105/

 

4. Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй дээрх орон сууцыг нэхэмжлэгч П.А нь Г.А, Т.Рэнцэнямдаг нараас 2013 оны 09 дүгээр сард худалдан авсан боловч өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай үндсэн, худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 25,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл шүүхэд тус тус гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00253 дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. /хх6-9/

 

4.а. Уг шүүхийн шийдвэрийг хариуцагч Г.А, Т.Р нар сайн дураар биелүүлээгүй тул тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2020/01991 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн мөн өдрийн 182/ГХ2020/00160 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх11, 12/

 

4.б. Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй ба анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 122 дугаар зүйлийн 122.1, 122.3, 44 дүгээр зүйлийн 44.3, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Учир нь барьцааны эрх нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл болохын хувьд үүрэг болон үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой. Гэвч эд юмсын эрх зүйн ойлголтын хувьд эд хөрөнгөөс салахгүй тул барьцааны зүйл хэний эзэмшилд байхаас үл хамаарах юм. Иймээс маргаж буй орон сууц дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон төлөөлөгч болон хэргийн оролцогч нарын эрх зүйн байдал адил агуулгаар тодорхойлогдоно.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эдлэх ёстой эрхүүдийг өөрөө эдлэх эрхтэй тул шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.а.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгагдсан зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх тул түүний мөн оны 05 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.б. Түүнчлэн, шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01699 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ