Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 327

 

“Г”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:     Г.Банзрагч

                     М.Батсуурь

                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0268 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 383 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0268 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 383 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 268 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5, 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г”  ХХК-аас Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан “2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 383 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.3 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5, 8 дугаар зүйлүүдийг хэрэглэх ёсгүй байхад буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

5. Учир нь өмнөх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлсэн эсэх, уг нарийвчилсан үнэлгээний тайланг Төрийн захиргааны төв байгууллага Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ерөнхий шинжээч албажуулж, мэдээллийн санд бүртгэсэн эсэх нөхцөл байдлыг тогтоосны дараа дахин шинэ акт гаргахыг даалгасан байхад дээрх нөхцөл байдлыг тогтоогүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл зааж газар ашиглах эрхийг цуцалсан нь шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэх боломжгүй юм.

6. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нэхэмжлэгчийн хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг тайланг Төрийн захиргааны төв байгууллага Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ерөнхий шинжээч албажуулж, мэдээллийн санд бүртгэсэн эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Уг тайланг хянаж, албажуулж, мэдээллийн санд бүртгэх үүргээ хариуцагч хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй байхад Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг дээрх үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

7. Мөн нэхэмжлэгчийг маргаан бүхий актад дурдсан “газар нь уулын эгц налуу өндөрлөг эрэг, байгалийн гуу жалга бүхий үерийн ус буудаг газарт байршдаг, орц гарц, зам тавих боломжгүй, нэхэмжлэгч газар ашигласнаар уул нураах, газар хагалах, ухах, хайрга, чулуу авах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, байгалийн төлөв байдлыг өөрчлөх, дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчиж болзошгүй” гэсэн үндэслэлтэй нэхэмжлэгч маргаагүй” гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч дээрх үндэслэлтэй анхнаасаа маргаж байсан дээрх үндэслэл байгаа эсэхийг байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ хийх замаар мэргэжлийн тусгай мэдлэг бүхий этгээд тогтоох ёстой бөгөөд үнэлгээ хийлгэснээр дээрх нөхцөл байдлыг арилгах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэрэгслээр газар ашиглах үйл ажиллагааны хэлбэрийг тогтоох ёстой гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг шууд дүгнэж, дээрх төсөл хэрэгжсэнээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглох үйл ажиллагаа явуулахаар байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс дээрх газарт байгаль орчинд сөрөг нөлөөгүй мод үржүүлгийн газрын төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд ямарваа төслийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагаас хянаж, зөвшөөрсөн нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой юм.

8. Мөн давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасан нөхцөл байдал үүссэн, нэхэмжлэгч газар ашигласнаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5, 8 дугаар зүйлүүдийг зөрчсөн нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн шинжтэй бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь газар ашиглах үйл ажиллагаа явагдсаны дараа хэрэглэгдэх боломжтой бөгөөд газар ашиглахаас үйл ажиллагааг бодитоор явуулаагүй байхад хуулийн дээрх заалт хэрэглэгдэх нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл газар ашиглагчийн хэрэгжүүлж эхлээгүй байгаа төслийг байгаль орчинд сөрөг нөлөөтэй эсэхийг шууд тогтоох боломжгүй бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулж уг сөрөг нөлөөллийг арилгах, байгальд ээлтэй технологи хэрэглэх зэргээр төслийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

9. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 383 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэжээ.  

11. Анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Г” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газарт “Залаатын баруун богино” хэмээх байршилд аялал жуулчлалын зориулалтаар 1,0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ. Тухайн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар дуусгавар болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг “дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж”, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж байжээ.

12. Анхан шатны шүүхээс “урьд шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоолгүй дахин шинэ акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаал гаргасан нь...буруу” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар нотолж үгүйсгэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх” шаардлагад нийцсэн байна.

13. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.

14. Хэрэгт авагдсан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн 3.2.1-д “...Төслийн үйл ажиллагаанаас үүдэн газрын гадаргуу болон газар зүйн хэв шинж байгалийн унаган төрхөөсөө өөрчлөгдөн эвдрэх ба 10000.4м2 талбайн хөрс, ургамлан нөмрөг барилгын үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрч доройтохоор байна. “Г” ХХК-ийн талбайд аялал жуулчлалын байгууламж барина.”,  “Төслөөс газрын гадарга болон хэвлийд үзүүлэх гол сөрөг нөлөөлөл нь урт хугацааны хүчтэй нөлөөлөл юм. Зарим нөлөөлөл нь төслийн барилгын ажил дуусах хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Голлох сөрөг нөлөөлөл...Аялал, жуулчлал амралтын газрыг байгуулах төслийн үйл ажиллагаанаас 10000.4м2 талбай шууд сөрөг нөлөөлөлд эрчимтэй өртөнө, Залаат амны ландшафт, гео-орчин, экологийн тэнцвэртэй байдалд шууд ба дам байдлаар төслийн барилгын ажил дуусах хүртэлх хугацаанд эрчимтэйгээр нөлөөлнө, Төслийн үр дүнд Залаатын аманд барилга, байгууламж, дотоод, гадаад зам, үерийн шуудуу суваг зэрэг техноген нөлөөллүүд үүснэ..”, мөн тайлангийн 3.5.1-д “...”Г” ХХК-ийн төслийн үйл ажиллагаанаас хөрсөн бүрхэвчид эвдрэл, бохирдлын дараах түгээмэл хэлбэр, өөрчлөлтүүд үүснэ. Үүнд:...үржил шимт хөрс бүхий 100000.4 м2 талбай ...хөрсний элэгдэл, эвдрэл үүснэ, ...Төслийн барилгын ажлын үед барилгын хаягдлаар хөрсөн бүрхэвч бохирдоно, Төслийн талбайн зарим хэсэгт ландшафтын эвдрэл үүсэж, хөрсний генетик үе давхаргууд холилдон морфологи тогтоц бүрмөсөн алдагдах...”, Тайлангийн 3.6.1-д “...Тус аялал жуулчлал амралтын газрыг байгуулж эхэлснээр орчны үржил шимт хөрс бүхий 10000.4 талбайн ургамлан нөмрөгийн байгалийн унаган төрх алдагдаж, зарим хэсэгтээ устаж үгүй болно.” гэж байгаль орчны сөрөг нөлөөллийн талаар тодорхой дурдсан байна.

15. Маргаан бүхий газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5, 6-д заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих, хөрс, ус, агаар бохирдуулах...” үйл ажиллагааг хориглосон газарт хамаарч байна.

16.  Нэгэнт хуулиар үйл ажиллагаа явуулахыг хориглосон газрыг “…ашиглаж, төслөө хэрэгжүүлж эхэлснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5, 6-д … заасантай нийцэхгүй үйл ажиллагаа явуулахаар байна...” гэж үзсэн Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 383 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН