Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0383

 

 “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 268 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 268 дугаартай шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг баримтлан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Тусгай хамгаалалттай Дархан цаазат төрийн өмчийн газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог ба аялал жуулчлалын зориулалтаар олгодоггүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалаар “Г” ХХК-ний газар ашиглах эрхийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/116 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 12.1, 12.5, 12.11 дэх хэсгүүдийг зөрчин Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын богины аманд 1.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар олгох ёсгүй хуулиар хориглосон байхад уулын эгц налуу өндөрлөг эрэг, налуу газар байршилд олгосон, “Г” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалтаар төлөвлөсөн төсөл, барилгын эскиз зургаар дархан цаазат уулыг ухаж, нурааж төслөө хэрэгжүүлэх нь тодорхой тул нийтийн эрх ашиг, дархан цаазат газар буюу байгаль экологи хамгаалах зорилгоор хуулийн дагуу дуусгавар болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн үзэл баримтлал, зорилго нь дархан цаазат газрыг хамгаалах ёстой болохоос хууль зөрчсний дараа, уулыг ухаж нураасны хойно хариуцлага тооцох, дуусгавар болгох биш юм.

Иймд хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн, анх газар олгосон 2016 оны А/116 дугаар тушаалд дүгнэлт хийгээгүй анхан шатны шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна:

Маргаан бүхий А/450 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0666 шийдвэр, Улсын дээд шүүхийн 2019 оны 52 дугаар тогтоол, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 1243 дугаар албан бичиг, “Г” ХХК-ийн захирал Т.Сайнзаяатай 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг үндэслэн “1.газар нь уулын эгц налуу өндөрлөг эрэг, байгалийн гуу жалга бүхий үерийн ус буудаг газарт байршдаг, орц гарц, зам тавих боломжгүй, 2.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан төсөл нь уул нураах, газар хагалах, ухах, хайрга, чулуу авах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, байгалийн төлөв байдлыг өөрчлөх, дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчиж болзошгүй, 3.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газартаа 2 жил дараалан ашиглаагүй” зэрэг 3 үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

Дээрх маргаан бүхий актад дурдсан “газар нь уулын эгц налуу өндөрлөг эрэг, байгалийн гуу жалга бүхий үерийн ус буудаг газарт байршдаг, орц гарц, зам тавих боломжгүй, нэхэмжлэгч газар ашигласнаар уул нураах, газар хагалах, ухах, хайрга, чулуу авах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, байгалийн төлөв байдлыг өөрчлөх, дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчиж болзошгүй” гэх үндэслэлтэй нэхэмжлэгч маргаагүй.

Харин нэхэмжлэгчээс “дахин шинэ акт гаргах хугацаа тогтоосон шүүхийн шийдвэрт заасан “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн” нөхцөл байдлыг тодруулаагүй, өөр үндэслэлээр шинэ акт гаргасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт гаргасан гэж үзэхгүй, шүүхийн маргаантай байсан тул 2 жил газраа ашиглаагүй байтал газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэж маргажээ.

1.Нэхэмжлэгчийн маргаж байгаа “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн” талаар ажиллагаа хийгээгүй учир шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт гаргасан гэж үзэхгүй” гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчийн маргаж байгаа өмнөх шүүхийн шийдвэрт[1] дурдсан “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байдлыг тогтоох” ажиллагааг шүүхийн шийдвэрт заасан 6 сарын хугацаанд буюу маргаан бүхий А/450

дугаар тушаал гарахаас өмнө хариуцагч талаас хийсэн гэдэг нь:

а/хариуцагчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10/4357 тоот нэхэмжлэгчид хүргүүлсэн “...Улсын дээд шүүхийн ...тогтоолоор ...А/76 дугаар тушаалын танай компанитай холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.... 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр...121 тоот өрөөнд сонсох ажиллагааг явуулахыг мэдэгдэж байгаа тул...ерөнхий үнэлгээ болон газар ашиглах эрх олгоход анх ирүүлсэн материал зэрэг нотлох баримтыг бүрдүүлэн хүрэлцэн ирнэ үү.” гэсэн агуулга бүхий албан тоот[2];

б/Сонсох ажиллагаа явуулсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлд “хариуцагч талаас “...хяналтын шүүхийн ...тогтоолоор А/76 дугаар тушаалын танай компанитай холбогдох хэсгийг  дахин шинэ акт хүртэл ...түдгэлзүүлсэн. Иймд тухайн үед ирүүлсэн хүсэлт ерөнхий үнэлгээ нарийвчилсан үнэлгээ зэрэг холбогдох материал байна уу” гэсэн асуултад нэхэмжлэгч компанийн захирал Т.Сайнзаяагаас “Байна. 2016 онд нарийвчилсан үнэлгээгээ хийлгэн батлуулсан. Ерөнхий үнэлгээг танайхтай шүүхдэж байхдаа шүүх дээр материалуудаа хүлээлгэн өгсөн. Тэр бичиг баримтад 2018 оны 05 дугаар сарын 01-нд ерөнхий үнэлгээ, гэрчилгээ, гэрээ гээд холбогдох материалыг хүлээлгэн өгсөн.” гэсэн тайлбар[3];

в/хэрэгт хавсаргаж өгсөн хариуцагч байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч, шинжээч нараас баталсан, тэдгээрийн гарын үсэг бүхий “Г” ХХК-ийн “Аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний 2016 оны тайлан[4] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн 3.2.1-д[5] “...Төслийн үйл ажиллагаанаас үүдэн газрын гадаргуу болон газар зүйн хэв шинж байгалийн унаган төрхөөсөө өөрчлөгдөн эвдрэх ба 10000.4м2 талбайн хөрс, ургамлан нөмрөг барилгын үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрч доройтохоор байна. “Г” ХХК-ийн талбайд аялал жуулчлалын байгууламж барина.”,  “Төслөөс газрын гадарга болон хэвлийд үзүүлэх гол сөрөг нөлөөлөл нь урт хугацааны хүчтэй нөлөөлөл юм. Зарим нөлөөлөл нь төслийн барилгын ажил дуусах хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Голлох сөрөг нөлөөлөл...Аялал, жуулчлал амралтын газрыг байгуулах төслийн үйл ажиллагаанаас 10000.4м2 талбай шууд сөрөг нөлөөлөлд эрчимтэй өртөнө, Залаат амны ландшафт, гео-орчин, экологийн тэнцвэртэй байдалд шууд ба дам байдлаар төслийн барилгын ажил дуусах хүртэлх хугацаанд эрчимтэйгээр нөлөөлнө, Төслийн үр дүнд Залаатын аманд барилга, байгууламж, дотоод, гадаад зам, үерийн шуудуу суваг зэрэг техноген нөлөөллүүд үүснэ..” гэжээ. Мөн тайлангийн 3.5.1-д[6] “...”Г” ХХК-ийн төслийн үйл ажиллагаанаас хөрсөн бүрхэвчид эвдрэл, бохирдлын дараах түгээмэл хэлбэр, өөрчлөлтүүд үүснэ. Үүнд:...үржил шимт хөрс бүхий 100000.4 м2 талбай ...хөрсний элэгдэл, эвдрэл үүснэ, ...Төслийн барилгын ажлын үед барилгын хаягдлаар хөрсөн бүрхэвч бохирдоно, Төслийн талбайн зарим хэсэгт ландшафтын эвдрэл үүсэж, хөрсний генетик үе давхаргууд холилдон морфологи тогтоц бүрмөсөн алдагдах...”, Тайлангийн 3.6.1-д[7] “...Тус аялал жуулчлал амралтын газрыг байгуулж эхэлснээр орчны үржил шимт хөрс бүхий 10000.4 талбайн ургамлан нөмрөгийн байгалийн унаган төрх алдагдаж, зарим хэсэгтээ устаж үгүй болно.” гэжээ.

Энэ тайланд тусгагдсан нөхцөл байдлаас үзэхэд, маргаан бүхий А/450 дугаар шийдвэрт “нэхэмжлэгч компанийн төсөл нь уул нураах, газар хагалах, ухах, хайрга, чулуу авах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, байгалийн төлөв байдлыг өөрчлөх, дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчиж болзошгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгох талаар зохицуулсан.  Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, уг зохицуулалт нь Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохдоо зөвхөн дээрх зохицуулалтын дагуу түр буудаллах орон байрыг ашиглах эрхтэй байх агуулгатай бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих" үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Нэхэмжлэгч компани маргаан бүхий газрыг ашиглаж, төслөө хэрэгжүүлж эхэлснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5, 6-д “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ газар хагалах, ухах, ...элс, хайрга чулуу авах, ... зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх; 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих; 6/ хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;” гэж заасантай нийцэхгүй үйл ажиллагаа явуулахаар байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Г” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалтаар төлөвлөсөн төсөл, барилгын эскиз зургаар дархан цаазат уулыг ухаж, нурааж төслөө хэрэгжүүлэх нь тодорхой тул нийтийн эрх ашиг, дархан цаазат газар буюу байгаль экологи хамгаалах зорилгоор хуулийн дагуу дуусгавар болгосон..., Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ...зорилго нь дархан цаазат газрыг хамгаалах ёстой...” гэсэн давж заалдах гомдол нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхээс “...нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн эсэх, уг үнэлгээгээр ямар дүгнэлт гарсан болох нь тодорхойгүй, нарийвчилсан үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...-д хүргүүлж, бүртгүүлсэн эсэх үйл баримт тогтоогдохгүй байна., ...байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн эсэхийг захиргааны байгууллага шалгаж газар ашиглагчаас тодруулалгүй дан ганц Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ...албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.” [8] гэж маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгчээ.

Мөн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хариуцагчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10/4357 тоот нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичиг, сонсох ажиллагаа явуулсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, “Г” ХХК-ийн “Аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний 2016 оны тайлан зэрэг маргааны үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй байна.

2.Нэхэмжлэгчээс “2 жил газраа ашиглаагүй байтал газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэж маргаж байгаа үндэслэлийн тухайд:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Г” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар Залаатын баруун богино нэртэй газарт 1 га газрыг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж[9], улмаар нэхэмжлэгчид газар ашиглах гэрчилгээг[10] 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгож, нэхэмжлэгчтэй газар ашиглах гэрээг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулжээ.

Үүний дараа хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал[11] гаргаж “дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчиж” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Уг үйл баримтаас дүгнэвэл, газар ашиглах гэрээ хийгдсэн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 1 жил 9 сар орчмын дараа нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хариуцагч байгууллагаас дуусгавар болгосон. Нэхэмжлэгч энэхүү 1 жил 9 сар орчим хугацаанд газар ашиглагчийн гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Харин нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосноос хойших хугацаанд тодруулбал, захиргааны шийдвэрийг хууль бус гэж шүүхээр маргаж байгаа хугацаа, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаанд нэхэмжлэгч нь газар ашиглагчийн хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй.

Гэтэл маргаан бүхий А/450-аар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” газар ашиглагчийн эрх, үүрэгт хамаарах заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Анхан шатны шүүхээс маргаан бүхий актын талаархи “...Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй эсэхийг шалгаж тогтоогоогүй...” гэх дүгнэлт нь зөв байна.

Нэгтгэн дүгнэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.”, 48 дугаар зүйлийн 48.2.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:...нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн.”, 48.3-т “Захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.2.2-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэжээ.

Маргаан бүхий А/450 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрт дурдсан байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний тайлан хүлээн авсан байдлыг шалган, улмаар уг тайланд тусгагдсанаар маргаан бүхий газарт нэхэмжлэгч компани төслөө хэрэгжүүлснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5, 6-д заасан хориглосон үйл ажиллагааг явуулж, байгаль орчинд буюу нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч захиргаанаас анх нэхэмжлэгч компани газар ашиглах эрх олгож, ашигтай нөхцөл байдлыг бий болгосон эерэг нөлөөлөл бүхий шийдвэр гаргасан боловч энэ шийдвэрийн улмаас байгаль орчин буюу нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл бүхий үр дагавар үүсч болзошгүй гэж үзэн, дархан цаазат газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгох бүрэн эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 268 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5, 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-аас Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан “2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                      А.САРАНГЭРЭЛ

 

 


[1] Хэргийн 25 дахь тал

[2] Хэргийн 60 дахь тал

[3] Хэргийн 56 дахь тал

[4] Хэргийн хавсралт баримт

[5] Хэргийн хавсралт баримтын 42, 43 дахь тал

[6] Хэргийн хавсралт баримтын 46 дахь тал

[7] Хэргийн хавсралт баримтын 47 дахь тал

[8] Хэргийн 101, 102 дахь тал

[9] Хэргийн 46 дахь тал

[10] Хэргийн 6 дахь тал

[11] Хэргийн 58 дахь тал