Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01484

 

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01484

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/02117 дугаар шийдвэртэй,

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х ХХК-д холбогдох,

178,429,950 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг, Ж.Баяртогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: М ХХК нь Х ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 4810 тонн бүхий ОРС-42,5 маркийн задгай цементийг 1 тонныг 200,500 төгрөгөөр тооцож, нийт 964,354,875 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. Х ХХК нь 781,419,800 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 178,429,950 төгрөгийг төлөөгүй.

Иймд 178,429,950 төгрөгийг Х ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 178,429,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,050,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,050,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч 4810 тонн цемент нийлүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд хариуцагч 4800 тонн цемент хүлээн авсан тул 10 тонн цемент буюу 2,005,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийг гардаж авахдаа байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн оршин байх хаягийг Баянгол дүүрэг гэж тодорхойлсон боловч хариуцагч уг хаягт 2022 оны 01 дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн газар байсан учир хариуцагчийн оршин байх газрын шүүхэд гаргаагүй.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй эзгүйд хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талууд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж, нийт хүлээж авсан цементийг 4810 тонн, үлдэгдэл төлбөр 178,429,950 төгрөгийн өглөгтэй болохыг актаар баталгаажуулсан. 10 тонн цемент дутуу авсан гэж байгаа бол тухайн тооцоо нийлсэн актыг үйлдэх үед гомдол гаргах боломжтой байсан. Тухайн үед Х ХХК нь хүлээж авсан цементийн хэмжээнд маргаагүй.

Х ХХК нь манай компанид ирүүлсэн албан тоотуудад нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүс-2 гэсэн хаягаар үйл ажиллагаа явуулж байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан тоотод тус хаяг бичигдсэн байсан бөгөөд анхан шатны шүүхэд харьяаллын талаар маргаагүй.

Тус компанийн захирал нь анхны шүүх хуралдаан болох 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр товлогдож, талууд шүүхийн мэдэгдэх хуудаст гарын үзэг зурсан. Иймд хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 178,429,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хариуцагч Х ХХК-ийн захирал У.Анхбаярт нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гардуулсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзал гаргах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

4. Анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч талын гаргасан хууль зүйн туслалцаа авах боломжоор хангах хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулжээ. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Х ХХК-ийн захирал У.Анхбаярт мэдэгдэж, уг мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Иймд анхан шатны шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч Х ХХК-ийн захирал У.Анхбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх түүний эзгүйд хэргийг шийдэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Талууд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, актаас үзвэл М ХХК нь ОРС-42.5 маркийн задгай 4810 цементийг нийлүүлсэн, Х ХХК нь 1 тонн цементийн үнийг 200,500 төгрөгөөр тооцож 964,354,875 төгрөг төлөхөөс 781,419,800 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 178,429,950 төгрөгийн өр төлбөртэй гэжээ. Уг актад М ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Ц.Гансугар, Х ХХК-ийг төлөөлж захирал У.Анхбаяр нар тус тус гарын үсэг зурсан байна.

 

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6. Хариуцагч Х ХХК нь 178,429,950 төгрөгийг М ХХК-д төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

7. Тооцоо нийлсэн актад нийлүүлсэн цементийн хэмжээг 4810 тонн гэж тодорхойлсон байх тул 4800 тонн цемент хүлээн авсан учир 10 тонн цемент аваагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

8. Анхан шатны шүүх харьяалал зөрчөөгүй байна. Х ХХК-ийн албан бланкинд хуулийн этгээдийн оршин байх хаягаа Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүс-2 гэж, мөн Х ХХК-ийн захирал У.Анхбаяр 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахдаа хаягаа Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүс-2 гэж тодорхойлсон байна. Иймд шүүхийн харьяалал зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/02117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Э.ЗОЛЗАЯА