Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1048

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, иргэн П.Сүхбатын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 

“ 1.1. Нэхэмжлэгч иргэн П.Сүхбатын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хүрээнд талууд дараах байдлаар хэлэлцэн эвлэрсэн болно. Үүнд

1.1.1. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэж буй иргэн П.Сүхбатын нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Засаг дарга

Д.Оросоод холбогдох “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/894 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/894 дугаар захирамжаар иргэн П.Сүхбатын “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох тухай захиргааны хэргийг энэхүү гэрээнд заасан нөхцлөөр шийдвэрлэж дуусгавар болгох бөгөөд гэрээ болон гэрээг баталгаажуулан гаргасан шүүгчийн захирамжийн дагуу Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нэхэмжлэгчид эзэмшиж байсан 100 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгох, тухайн газар дээр баригдсан байгаа хэний эзэмшлийн болох нь тодорхойгүй хашааг албадан буулгаж газар чөлөөлөх шийдвэр гаргах үүргийг хүлээнэ.

1.1.2. Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар талуудын эрх бүхий этгээд болон эрх олгогдсон этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

1.1.3. Гэрээний 1.1-д зааснаар хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

1.1.4. Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцсэн тул нэхэмжлэгч талаас хариуцагч талд холбогдуулан цаашид аливаа гэм хорын болон хохирлын асуудлаар шүүх, хуулийн байгууллагад бие даасан шаардлага, нэхэмжлэл, гомдол гаргахгүй гэдгээ албан ёсоор энэхүү гэрээгээр баталгаажуулж байна.

1.1.5. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөө хариуцагч талаас нэхэмжлэхгүй байхаар тохиров.

1.1.6. Нэхэмжлэгч талын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээснээр газар эзэмших гэрээ байгуулан гэрээний үүргийг биелүүлэн ажиллана.

1.1.7. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллана” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн П.Сүхбатын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулаад, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Баянгол дүүргийн газрын албанд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/12631 тоот албан бичгээр, Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/5841 тоот албан бичгээр тус тус хандан ач холбогдол бүхий баримтыг шаардан Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанаас 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1113  тоот албан бичгээр, Баянгол дүүргийн газрын албанаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/324  тоот албан бичгээр ирсэн хариуг шалган 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч П.Сүхбат нь хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан иргэн П.Сүхбатын хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/894 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч П.Сүхбат, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР