Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0565

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаарh221/МА2018/0565

Улаанбаатар хот

 

 

И.Д-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0499 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-н гаргасан давж заалдах гомдлоор, И.Д-н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0499 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994.06.07/ 7 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1, 4, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Д-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-ыг хууль бус байсан болохыг тогтоож, тэтгэврийг дахин шинээр зөв тогтоохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж,                                   

2 дахь заалтаар: Нийгмийн даатгалын сангаас  олгох  тэтгэвэр,  тэтгэмжийн

тухай  хуулийн  24 дүгээр  зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Д-н “Тэтгэврийг буруу тогтоосны улмаас өнгөрсөн хугацаанд дутуу олгогдсон 15,702,897 /арван таван сая долоон зуун хоёр мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулж “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-ыг хүчингүй болгуулах, тэтгэврийг дахин шинээр зөв тогтоохыг хариуцагчид даалгуулах, тэтгэвэр буруу тогтоосны улмаас өнгөрсөн хугацаанд дутуу олгогдсон 15,702,897 /арван таван сая долоон зуун хоёр мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийг гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-ыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу тус актыг хууль бус байсан болохыг тогтоож мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн тэтгэврийг дахин шинээр тогтоохыг хариуцагчид даалгаж тус тус шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хариуцагч 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийн хэмжээг тогтоохдоо тэтгэврийн хэмжээг буруу тооцож тогтоосон болохыг тогтоож маргаан бүхий захиргааны акт болох тэтгэвэр тогтоолтын хуудсыг хууль бус болохыг тогтоосон түүнчлэн нэгэнт хариуцагч нэхэмжлэгчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг буруу тогтоосон нь хэрэгт цугларсан бичгийн баримт, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон учир дахин шинээр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн эхний хоёр шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр тогтоох хэсгийн нэг дэх заалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн эхний хоёр шаардлагыг хангаж шийдвэрлэсэн мөртлөө захиргааны байгууллагын буюу хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол болох авах ёстой байсан тэтгэврийн зөрүү 15,702,897 /арван таван сая долоон зуун хоёр мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийг нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахыг хүссэн шаардлагыг анхан шатны шүүх “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлээр нийгмийн даатгалын байгууллагын үүргийг тодорхойлсон байх ба үүнд “тэтгэвэр тогтоох өргөдөл бүрийн дагуу ажил олгогчийн архивт биечлэн очиж шалгах” үүрэггүй, харин даатгуулагчийн бүрдүүлэн өгсөн баримт, материалыг үндэслэн тэтгэвэр тогтоож олгох чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна...” хэмээн хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт цугларсан баримт, гэрчийн мэдүүлгээр нийгмийн даатгалын байцаагч шаардлагатай тохиолдолд тэтгэвэр тогтоолгох өргөдлийг шалгахдаа ажил олгогч байгууллагын архивт очиж үзлэг хийж тэтгэвэр тогтооход шаардагдах нотлох баримтыг гаргуулж авсны үндсэн тэтгэврийг тогтоодог болох нь Улаанбаатар төмөр замын Барилгын ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангиас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 88/358 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж “...2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2 байцаагч ирж И.Дийн цалингийн түүврийг шалгасан ... тухайн үед цалингийн түүвэр нь олдоогүй боловч 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ОСАҮ-ний 2 дугаар ангийн архиваас тус материалыг гаргасан болно...” гээд хавсралтаар нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолтыг хүргүүлсэн бичгээр шүүхийн дээрх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгчийн тахир дутуугийн тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан 1984-1986 оны болон 1984-1988 оны хоорондох 2 цалингийн тодорхойлолт өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой өргөдөл гаргаж өгөхдөө гаргаж өгсөн 1985-1989 оны хоорондох цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үнэлж үзээд хариуцагч 2009 онд нэхэмжлэгчид тэтгэвэр тогтоохдоо зөв тогтоох боломжтой байсан нь баримтаар тогтоогдсоор байхад шүүх “...тахир дутуугийн тэтгэвэр тогтооход 3 жил, өндөр насны тэтгэвэр тогтооход 5 жилийн цалингийн тодорхойлолтыг хуулиар шаардсан байх тул уг тодорхойлолтыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоох ёстой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй...” гэж дүгнэсэн шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргахдаа 1985-1989 оны хоорондох 5 жилийн цалингийн тодорхойлолтыг хариуцагч байгууллагад гаргаж өгсөн нь хэрэгт баримтаар авагдсан тус цалингийн тодорхойлолтод 1988 цалингийн мэдээлэл ороогүй байдаг. Гэвч нэхэмжлэгч 2003 онд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохдоо 1984-1988 оны цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн бөгөөд уг мөн хэрэгт авагдсан энэхүү тодорхойлолт 1988 оны цалингийн мэдээлэл орсон байдаг.

Тус тодорхойлолтуудаар хариуцагч байгууллагад нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах үед нэхэмжлэгч улсад 1984-1989 он хүртэл тасралтгүй зургаан жил ажилласан болох нь нотлогддог.

Түүнчлэн анхан шатны шүүх “...шүүхээс шаардсаны дагуу ирүүлсэн хариуцагчийн тайлбарт “нэхэмжлэгч И.Д-н өндөр насны тэтгэврийн зөрүү”-г 3 хувилбараар тооцоолон ирүүлсэн бөгөөд аль аль нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс зөрүүтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу хохирлын хэмжээг тодорхойлсны үндсэн дээр ажил олгогч болон захиргааны байгууллагаас иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна...” хэмээн дүгнэж хариуцагчаас тэтгэвэр буруу тогтоосны улмаас өнгөрсөн хугацаанд дутуу олгогдсон тэтгэвэр буюу хохирол болох 15,702,897 /арван таван сая долоон зуун хоёр мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0499 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч И.Д-н Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-ыг хууль бус байсан болохыг тогтоож, тэтгэврийг дахин шинээр зөв тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд “Тэтгэврийг буруу тогтоосны улмаас өнгөрсөн хугацаанд дутуу олгогдсон 15.702.897 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь тэтгэвэр буруу тогтоогдсоны улмаас дутуу олгогдсон гэх 15.702.897 төгрөгийн хохирлыг хариуцагчаас нэхэмжилсэн боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/6027 дугаар албан бичгийн хариуд нэхэмжлэгч И.Д-н 1984-1988 он, 1985-1989 оны цалинг оруулан тооцсон тэтгэврийн зөрүүний тооцооллыг А/8.405.795 төгрөг/, Б/8.281.279 төгрөг/, В/13.416.269 төгрөг/  гэсэн 3 хувилбараар тооцон ирүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн тайлбараас үзвэл нөхөн төлүүлэх хохирлын хэмжээний талаар маргаан гарсан байх тул уг маргааныг хуулийн дээрх зохицуулалтын дагуу иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-ыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа үүний улмаас учирсан гэх 15.702.897 төгрөгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг дээрх байдлаар дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 буюу “захиргааны шүүхийн харьяаллын маргаан биш” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа нэхэмжлэгчид учирсан хохиролд захиргааны байгууллагын хууль бус, буруутай үйл ажиллагаа байгаагүй мэтээр зөрүүтэй дүгнэлт хийснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх эсхүл хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-н гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

 

        ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

 

        ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН