Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 449

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И.Д 

Хариуцагч: БЗД-ын НДХ

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 сарын 17-ны өдрийн иргэн И.Д миний тэтгэвэр тогтоолын хуудас /захиргааны акт/-ыг хүчингүй болгож, дахин шинээр зөв тогтоолгох, тэтгэвэр буруу тогтоосны улмаас өнгөрсөн хугацаанд дутуу олгогдсон 15 702 897 /арван таван сая долоон зуун хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.Б, гэрч Б.Д, Л.Отгонбаатар, Д.Гг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ичинхорлоо овогтой Д миний бие 1973 оны 06 сараас эхлэн улсад 20 жил, байгууллагад 8 жил, нийт тасралтгүй 28 жил ажиллаж, хөдөлмөр, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж ирсэн.

Ингээд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2003 оны 6 сарын 18-ны өдрийн шийдвэрээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 2009 оны 08 сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэрт шилжүүлэн тогтоож өгөх тухай өргөдөл гаргаснаар 2009 оны 11 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс өндөр насны тэтгэвэр тогтоон 2009 оны 11 сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олгож эхлэхээр болсон.

Өнгөрсөн энэ бүх хугацаанд тогтоолгосон тэтгэвэрээ ямар нэгэн зөрчилгүй зөв тогтоогдсон гэж бодож явсан юм. Учир нь тэр үед миний бие жижиг бизнес эрхэлдэг, тэтгэврийн санаа зовдоггүй, нягталж шалгадаггүй байлаа. Гэтэл 2017 онд нэг өдөр хөрш маань чи хэдэн төгрөгний тэтгэвэр авдаг вэ гэж тодруулан асуухад 270,000 төгрөг гэж хариулахад, яагаад ийм бага тогтоолгосон юм бэ буруу тогтоогдсон байна ийм бага тэтгэвэр гэж байхгүй дээ гэснээр би шалгуулахад анх 2009 онд намайг тахир дутуугийн тэтгэврээс өндөр насны тэтгэвэрт шилжүүлэн тогтоохдоо ямар ч цалин авч байгаагүй, улсад болон хувьд ажиллаж байгаагүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон нь батлагдсан юм.

Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн тэтгэврийн байцаагчаас тодруулж асуухад хөдөлмөрийн дэвтрээс чинь таны өдий олон жил инженерээс, байгууллагын дарга хүртэл өндөр албан тушаал эрхэлж, өндөр цалин авч байсан чинь харагдаж байна. Мөн таны тахир дутуугийн тэтгэвэр чинь цалинтай тогтоогдсон байхад тахир дутуугийн тэтгэвэрээс өндөр насны тэтгэвэр рүү шилжүүлэн тогтоохдоо цалингийн тодорхойлолтыг чинь харгалзаж үзээгүй, буруу тогтоож таныг хохироосон байна гэсэн юм.

Ингээд БЗД-ын НДХт учрыг хэлэхэд бид буруу тогтоосон байна, таны тэтгэвэрийг шинээр тогтоож өгье гэснээр надаар өргөдөл бичүүлж авсан бөгөөд 2017 оны 07 сард шинээр 420,000 төгрөгийн тэтгэвэр тогтоож өгсөн байдаг.

Нэгэнт буруу тогтоосноо хүлээн зөвшөөрч байгаа юм чинь өнгөрсөн хугацааны дутуу олгож намайг хохироож байсан тэтгэвэрийн зөрүүг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс бодож өгөх байх гэж хүлээсэн боловч өгөөгүй тул өнгөрсөн хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү дүнг өөр дүүргийн нийгмийн даатгалын байцаагчаар бодуулахад 9,710,000 төгрөг болж байсан болно.

Өдий олон жил хөдөлмөрийн хөлснийхөө тодорхой шимтгэлийг урьдчилан төлж, хөдөлмөрийн чадвар муудсаны дараа эргүүлэн авна гэж бодож байсан. Гэтэл БЗД-ын НДХ 2009 онд миний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо огт ажил хийж байгаагүй, цалин авч байгаагүй мэтээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоон тэтгэврийг маань дутуу олгож байсанд гомдолтой байсан.

Ингээд 2017 оны 11 сарын 30-ны өдөр Тэтгэвэр буруу тогтоосны улмаас дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү, хохирол болох 9,710,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. /1985-1989 онуудын дараалсан 5 жилийн цалингийн дунджаар бодохдоо тухайн үедээ 1988 цалин хөдөлмөрийн хөлсний жагсаалт архиваас олдоогүй гэсэн үндэслэлээр, жишиг цалин буюу 750 төгрөгөөр тооцож бодсон болно/

Гэтэл шүүх хуралдааны явцад БЗД-ын НДХ нь 2017 оны 07 сард иргэн миний тэтгэврийг шинээр тогтоохдоо 2009 онд өндөр насны тэтгэврийг буруу тогтоосон гэдгээ хүлээн зөвшөөрөх бус харин ч Хүн амын хөгжил, Нийгмийн даатгалын сайд, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 04 сарын 20-ны өдрийн А/49, А/105 дугаар хамтарсан тушаалаар баталсан Ажил мэргэжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримтлах журам-ыг баримтлан, цалингүй тэтгэвэр авагчид цалингийн тодорхойлолтын тасарсан хугацаагаа жишиг цалингаар нөхөн тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломжид хамруулан шинэчлэн тогтоосон болохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариу тайлбар болон бусад нотлох баримтаас олж мэдсэн.

Өөрөөр хэлбэл иргэн И.Д миний тэтгэврийг 2009 оны тогтоохдоо буруу тогтоосон гэдгээ хүлээн зөвшөөрөх, хүчингүй болгох, хохирлыг барагдуулах бус, харин ч зөв тогтоосон хэмээн маргах болсон.

Иймд 2009 оны 11 сарын 17-ны өдрийн Тэтгэвэр тогтоолтын хуудсыг хууль бус гэдгийг тогтоолгож, хүчингүй болгохгүйгээр хуулийн дагуу авах ёстой байсан тэтгэврийн зөрүү төлбөрийг иргэний шүүхээр нэхэмжлэх боломжгүй болсон юм.

Миний бие Захиргааны ерөнхий хуулийн 92.1, 93.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг 2018 оны 03 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн харьяа хяналтын хороо-нд гаргасан бөгөөд 2018 оны 03 сарын 30-ны өдрийн хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч БЗД-ын ЭМНДХ нь иргэн намайг анх 2009 онд тэтгэвэр тогтоолгохдоо дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолтоо өгөөгүй гэж буруутган маргадаг боловч тухайн үед 2003 оны тахир дутуугийн тэтгэврийн хувийн хэрэг материал Сүхбаатар дүүргээс Баянзүрх дүүрэгт шилжин ирсэн байсан. Энэ материалд иргэн И.Д миний бие цалингийн тодорхойлолт гаргаж өгч цалинтайгаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон баримт хангалттай байсан. Мөн тухайн үед Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч цалингийн тодорхойлолт шаардаагүй, тахир дутуугийн тэтгэврийн хувийн хэрэгт байсан цалингийн тодорхойлолтыг хянаж, шалгаж үзээгүй нь захиргааны байгууллага хуулиар хүлээсэн шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй болно.

Иймд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 сарын 17-ны өдрийн иргэн И.Д миний тэтгэвэр тогтоолтын хуудас /захиргааны акт/-ыг хүчингүй болгож, дахин шинээр зөв тогтоолгох , тэтгэвэр буруу тогтоосны улмаас өнгөрсөн хугацаанд дутуу олгогдсон 15,702,897 /арван таван сая долоон зуун хоёр мянга найман зуун ерөн долоо/ төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Д нь 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 17 жил 6 сар ажилласнаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдөр БЗД-ын НДХт хувийн хэргийг шилжүүлэн авчирсан. 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн улсад 18 жил 3 сар, сайн дурын даатгалд 1 жил 9 сар нийт 20 жил ажилласнаар 60 насандаа 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тухайн үедээ хөдөлмөрийн дэвтэр 1 ширхэг, нийгмийн даатгалын дэвтэр 1 ширхэг, архивын лавлагаа 3 ширхэг баримт материалаар цалингүйгээр тэтгэвэр тогтоолгосон байна. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд хамрагдаж 8 жил 11 сарыг баталгаажуулан 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс ажилласан хугацаа 20 жил 11 сар болж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторхи аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурьдсан журмаар бодож тодорхойлно гэсэн заалтын дагуу дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолтыг өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо гаргаж өгөх ёстой боловч өгөөгүй байна. Мөн 2017 оны 07 сарын 06-ны өдөр Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангиас гаргаж, өгсөн 1985-1989 оны цалингийн баримт нь дараалсан 5 жил биш, дундах 1988 оны цалингийн баримт нь байгууллагын архивт байгаагүй тул 1985-1989 оны 4 жилийн цалингаар 2009 онд тэтгэвэр тогтоох боломжгүй байсан.

Харин Хүн амын хөгжил, Нийгэм хамгаалалын сайд, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/49, А/105 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ажил мэргэжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримтлах журам-аар цалингүй тэтгэвэр авагчид цалингийн тодорхойлолтын тасарсан хугацаагаа жишиг цалингаар нөхөн тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломжтой болсон.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дах Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэрийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээн авсан бол мөн сарын 1-нээс тухайн сарын 15-наас хойш хүлээн авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно гэсэн заалтыг баримтлан тэтгэвэр авагч И.Дийн тасарсан 1988 оны цалинг ажил мэргэжлийн жишиг цалингаар тооцон тасралтгүй 5 жилийн цалингийн баримтыг гүйцээн тэтгэврийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өөрчлөн тогтоосон болно.

Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүхэд дээрхи асуудлаар хурал хэлэлцэгдэж байх үед Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангид дахин очиж 5 жилийн цалингийн баримтыг нягтлан шалгахад 1988 оны цалингийн баримт нэмэгдсэн байсан. Бичиг хэрэг архив хариуцсан ажилтнаас тодруулахад өөр ангийн архивт холилдсон байсныг 2017 оны сүүлээр мэдэж авчирсан гэсэн тайлбар өгсөн.

2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн 1995 оноос өмнөх цалинг байгууллагаар нь гаргуулж шууд оруулан тооцдог байсан. Гэвч олон удаагийн шалгалтаар байгууллагаас гаргуулсан цалинг анхан шатны баримттай нь тулган шалгахгүй бол нотлогдохгүй мөн зөрүүтэй байх тохиолдлууд гарсан. И.Дийн тахир дутуугийн тэтгэвэр авч байх үеийн 5 жилийн цалин өндөр нас тогтоолгосон 5 жилийн цалин нь зөрүүтэй байгаа нь үүнийг нотолж байна.

Нийгмийн даатгалын хэлтсүүд нь тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн 1995 оноос өмнөх цалинг байгууллагаар нь дахин гаргуулж хяналтын байцаагчаар тулган баталгаажуулдаг.

Иргэн тэтгэвэр тогтоохтой холбогдолтой баримт бичгийг бүрдүүлэн, Нийгмийн даатгалын хэлтэст хүлээлгэн өгч гарын үсэг зурж баталгаажуулдаг. Мөн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоож тэтгэврийн дэвтрийг өгөхдөө ажилласан жил олгох тэтгэврийн хэмжээг танилцуулан гарын үсэг зуруулдаг. Тэтгэврийн дэвтэрт тухайн иргэний нийт ажилласан жил тэтгэвэр бодсон дундаж цалин сард олгох тэтгэврийн хэмжээ тэтгэвэр тогтоосон огноо болон тэтгэврийг эхэлж олгох огноог бичиж баталгаажуулсан байдаг тул иргэн цалингүйгээр тэтгэвэр тогтоолгосноо мэдээгүй байх боломжгүй.

Иймд таньд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2009 оны тэтгэврийн тогтоолтын хуудсыг хүчингүй болгох энэ хугацаанаас хойшхи 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг нөхөн олгох боломжгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Тэтгэвэр тогтоолтын хуудас-ыг хүчингүй болгуулах, тэтгэврийг дахин шинээр зөв тогтоохыг хариуцагчид даалгах, буруу тогтоосны улмаас өнгөрсөн хугацаанд дутуу олгогдсон 15,702,897 /арван таван сая долоон зуун хоёр мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргажээ.

1. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Тэтгэвэр тогтоолтын хуудас-ыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч И.Д нь анх 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тахир дутуугийн тэтгэврийг 17 жил 6 сар улсад ажилласнаар тогтоолгон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс авч байгаад 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хариуцагч БЗД-ын НДХт харъяаллын дагуу шилжжээ.

Улмаар 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид хандан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж Баянзүрх дүүргийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Тэтгэвэр тогтоолтын хуудсын дагуу 20 жил 1 өдөр улсад ажилласнаар тооцуулан өндөр насны тэтгэврийг 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авч байсан бөгөөд үүнд 1988 оны ажилласан жилийг түүний ажилласан хугацаанд оруулан тооцож өндөр насны тэтгэвэр тогтоожээ.

И.Дийн тахир дутуугийн тэтгэврийн хувийн хэрэгт 1984-1986 оны болон 1984-1988 оны хоорондох 2 төрлийн цалингийн тодорхойлолт байх бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тухайн үед 1988 оны ажилласан жилийн цалинг оруулан тэтгэвэр тогтоох боломжтой байсан... гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /цаашид "хөдөлмөрийн баталгаат хөлс" гэх/-ний 75 хувиас хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна гэж заасныг үндэслэн өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр буюу 81000 /наян нэгэн мянган/ төгрөгөөр тогтоосон байна.

Өндөр насны тэтгэврийг 2 тохиолдолд бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тогтоодог бөгөөд даатгуулагчийн ажилласан жил нь 20 жилд хүрсэн атлаа түүнийг тэтгэвэр тогтоолгох дундаж цалинг итгэлцүүр хэрэглэн өсгөхөд өндөр насны бүрэн тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байх, эсхүл 20 жил ажилласан мөртлөө дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт байхгүй тохиолдолд бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тогтоодог байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-д Тэтгэврийн төрлийг сонгох эрх гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсч байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрхийг гэж, 23 дугаар зүйлд ...нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх,...даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /1994.06.07/ Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч БЗД-ын НДХ нь нэхэмжлэгч И.Дийг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх үед түүнийг аль дуртай дараалсан 5 жилийн дундаж цалингаар тогтоолгох боломжийг хариуцагч олгох үүрэгтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаандбүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө: Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ: 1/ нийгмийн даатгалын дэвтэр; 2/ даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр; 3/ даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт гэж нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн байх бөгөөд энэ дагуу нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо холбогдох баримтыг өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй хэдий ч нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчид дараалсан 5 жилийн дундаж цалинг тодорхойлохдоо тайлбарлах үүрэгтэй бөгөөд, энэ талаар баримт нэхэмжлэгчийн тэтгэврийн хувийн хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 1984-1989 оны цалингаар тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Улаанбаатар төмөр замын Барилгын ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангиас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 88/358 дугаар албан бичгээр БЗД-ын НДХт хандан ...2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2 байцаагч ирж И.Дийн цалингийн түүврийг шалгасан...тухайн үед цалингийн түүвэр нь олдоогүй боловч 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ОСАҮ-ний 2 дугаар ангийн архиваас тус материалыг олж, гаргасан болно гээд хавсралтаар түүний цалингийн тодорхойлолтыг хүргүүлсэнийг үндэслэн хариуцагчийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр И.Дийн тэтгэвэр тогтоолтын хуудсыг шинэчилсэн байх тул дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Тэтгэвэр тогтоолтын хуудас-ыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

2. Тэтгэврийг дахин шинээр зөв тогтоохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Улаанбаатар төмөр замын Барилгын ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангиас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 88/358 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн цалингийн тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч И.Дийн тэтгэврийг шинэчлэн тогтоосон байх боловч дээрх тодорхойлолт дээрх цалингийн дүн нь тус ангийн архивт шүүхээс хийсэн баримт, бичгийн үзлэгээр илэрсэн 1988 оны цалингийн эх бүртгэлийн дүнгээс зөрүүтэй болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн болно.

Түүнчлэн нэхэмжлэгчид анх өндөр насны тэтгэвэр тогтооход түүний материалыг хянасан ажилтан Л.Отгонбаатар, 2018 оны 5 дугаар сард тэтгэврийг өөрчлөн тогтооход түүний материалыг хянасан Д.Гэрэлцэцэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр дуудан байцаасан бөгөөд тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч И.Дийн өндөр насны тэтгэврийг алдаатай тогтоосон байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж заасны дагуу хуульд заасан баримт бичгийг үндэслэн дахин шинээр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

3. Тэтгэвэр буруу тогтоосны улмаас өнгөрсөн хугацаанд дутуу олгогдсон 15,702,897 /арван таван сая долоон зуун хоёр мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагын үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж заасны дагуу ...нийгмийн даатгалын байгууллага тухайн үед шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй... гэж тайлбарлах боловч Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар баримт бичиг бүрдүүлэн өгөх үүрэг нь даатгуулагч болон ажил олгогчид хамааралтай байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлээр нийгмийн даатгалын байгууллагын үүргийг тодорхойлсон байх бөгөөд үүнд тэтгэвэр тогтоох өргөдөл бүрийн дагуу ажил олгогчийн архивт биечлэн очиж шалгах үүрэггүй, харин даатгуулагчийн бүрдүүлэн өгсөн баримт, материалыг үндэслэн тэтгэвэр тогтоож олгох чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч И.Дид анх тахир дутуугийн тэтгэвэр тогтоохдоо түүний цалингийн тодорхойлолтыг авсан болох нь түүний тахир дутуугийн хувийн хэргийн Тэтгэврийг анх тогтооход хүлээн авч хавсаргасан материалд цалингийн тодорхойлолт 1 хуудас-1 гэж тэмдэглэгдсэнээр тогтоогдох боловч тахир дутуугийн тэтгэвэр тогтооход 3 жил, өндөр насны тэтгэвэр тогтооход 5 жилийн цалингийн тодорхойлолтыг хуулиар шаардсан байх тул уг тодорхойлолтыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоох ёстой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ажил олгогч өөрөөсөө шаардагдах баримт бичгийг саадгүй бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолтыг түүний ажил олгогч болох Улаанбаатар төмөр замын Барилгын ашиглалт, үйлчилгээний 2 дугаар анги гаргаж өгөх үүрэгтэй байх бөгөөд шүүхээс тус ангийн архивт хийсэн баримт бичгийн үзлэгээр тухайн үед нэхэмжлэгч И.Дид 1988 оны цалингийн баримтыг гаргаж өгч байсан талаар, нэхэмжлэгчийн зүгээс 1988 оны цалингийн баримтыг 2009 онд гаргуулахаар хүсэлт гаргасан эсэх баримт илрээгүй бөгөөд нэхэмжлэгчийн Өндөр насны тэтгэврийн хувийн хэрэг-т ч энэ талаар баримт байхгүй байна.

Түүнчлэн шүүхээс шаардсаны дагуу ирүүлсэн хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч И.Дийн өндөр насны тэтгэврийн зөрүү-г 3 хувилбараар тооцоолон ирүүлсэн бөгөөд аль аль нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс зөрүүтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу хохирлын хэмжээг тодорхойлсны үндсэн дээр ажил олгогч болон захиргааны байгууллагаас иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалингийн итгэлцүүр өөрчлөгдөх, ажилласан жилийг нөхөн тооцуулах бүрт нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж байсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй тул шүүхээс тухайлан дүгнэлт өгөөгүй болно.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.             Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994.06.07/ 7 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1, 4, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Дийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Тэтгэвэр тогтоолтын хуудас-ыг хууль бус байсан болохыг тогтоож, тэтгэврийг дахин шинээр зөв тогтоохыг хариуцагч БЗД-ын НДХт даалгасугай.

2.             Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Дийн Тэтгэврийг буруу тогтоосны улмаас өнгөрсөн хугацаанд дутуу олгогдсон 15,702,897 /арван таван сая долоон зуун хоёр мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Дид олгосугай.

4.             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА