Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ШЗ2017/00088

 

Ц.Одчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2016/01136 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201/МА2016/00038 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Одчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Найман өргөө” СӨХ-нд холбогдох,

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5.797.577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цогбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 31-43 тоот байрыг худалдаж аваад 11 жил болж байна. Сүүлийн 7-8 жилийн хооронд дээврээс их хэмжээгээр ус алдсаар ирсэн. Тухайн үед нь өмнөх СӨХ-ны дарга асан Сүхбаатар гуайд мэдэгдэж байсан боловч нааштай хариу авч чадалгүй өдийг хүрээд байна. Би энэ талаар Мэргэжлийн хяналтын газарт хүртэл хандаж байсан. Урьд нь Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргадаг байсан боловч одоо уг газар дүгнэлт гаргадаггүй болсон байна. Дээврээс орж ирж байгаа ус гэрт маань их хор нөлөө үзүүлж байгаа. Хана тэр чигээрээ хөгцөрсөн, таазны онгорхойгоор янз бүрийн хорхой шавьж орж ирэн гэрт үүрлэсэн байна. Тааз цөмөрч, улмаар гэрэл цахилгаангүй болсон. Би цахилгаанаа залгуулахад цахилгааны утаснуудыг ил гаргаж залгахаас өөр аргагүй болж цахилгааны утаснууд нь ил задгай орчинд бид амьдарч байна. Бороо орохоор энд тэндгүй хувин саваа тосож, нойтон чийгтэй орчинд амьдарч байна. Би өнгөрсөн оны 8 сард гэртээ 30.000.000 төгрөгийн завсар хийсэн. Намайг завсар хийсэн гэдгийг СӨХ-ны дарга мэдэж байгаа. Сүүлдээ бороо орохоор манай гэр бүлийнхэн айдастай байдаг болсон. Би ус алдах бүрт жижүүрээ дуудаж байнга мэдэгддэг. З.Цогбаяр даргыг ажлаа авах үед би “манай дээрээс ус ихэээр алддаг шүү та энэ талаар ажил хийгээрэй” гэж анхааруулж хэлж байсан. Ус алдах үед СӨХ-ны даргадаа мэдэгдэх гэхэд гар утасаа авахаа больсон. Сүүлийн жилүүдэд гэр орондоо амьдрахад хүнд болоод байна. Бид гэртээ тайван амьдармаар байна. Гэртээ засвар хийх шаардлагатай учраас мэргэшсэн төсөвчнөөр төсөв хийлгүүлсэн. Хэдийгээр засвар хийхэд төсөвчний хийсэн төсөв хүрэхгүй боловч бид төсөвчний гаргаж өгсөн мөнгийг л нэхэмжилж байгаа. Иймд дээврээс ус алдсаны улмаас манай гэрт учраад байгаа засварын мөнгө болох 5.797.577 төгрөгийг “Найман Өргөө” СӨХ-ноос гаргуулах хүсэлтэй байна. Манайх 2014 оноос хойш одоог хүртэл СӨХ-ны төлбөрийг төлөөгүй нь үнэн. Манай дээрээс байнга ус алддаг учраас дээврийг зассаны дараа төлбөрийг төлж болно гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Найман Өргөө” СӨХ-ны захирлаар ажиллаад 1 жилийн нүүрийг үзэж байна. Манай СӨХ-д хамгийн гол тулгамдаад байгаа асуудал нь байрны дээврээс ус ихээр алддаг асуудал юм. “Найман Өргөө” СӨХ-ны хариуцсан байшингуудын 50 хувийнх нь дээврээс ус алдаж байгаа. Энэ талаар холбогдох байгууллагад нь удаа дараа хандсан боловч манай “Найман Өргөө” СӨХ-д ямар нэгэн төсөв баталж өгөөгүй. Харин манай “Найман Өргөө” СӨХ-г “өөрсдийнхөө хөрөнгөөр дээврээ янзал” гэж үүрэг өгөөд байгаа. Дорнод аймгийн насжилт өндөртэй байшингуудын дээврийг төрөөс засварлаж байгаа. Мянгатын байшингууд энэ засварт хамрагдаж чадаагүй. Гэвч бид өөрийн чадлаараа дээврээс нь ус гоождог байшингуудын дээвэр дээр засвар хийсэн. Байшингийн дээвэр дээр засвар хийдэг мэргэжлийн хүнээр нэг удаа, байрны дежур нараар нэг удаа 31 дүгээр байрны дээвэр дээр засвар хийсэн. Яг энэ айлын дээрээс бол дээвэр цоорхой ус гоожоогүй, харин уг байшингийн дундын заагаас ус урсаж айлуудруу ус гоождог учраас би тэр дундын заагийг л очиж харна уу гэхээс айл болгонд ус гоожиж байгааг очиж харах алба байхгүй. Миний бие ажил хүлээн авснаас хойш иргэдээс ирсэн гомдол мэдээллийг бүртгэх бүртгэлтэй болсон. Харин нэхэмжлэгч надад нэг ч удаа “манай дээврээс ус гоожлоо” гэж мэдэгдэж бүртгүүлж байгаагүй. Нэг удаа байрны гадаа таарахдаа “манай дээврээс ус алдаад байгаа” гэж хэлж байсан. Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 6 сараас хойш одоог хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бөгөөд СӨХ-ны төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Манай талаас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг өгөх боломж байхгүй. Нэхэмжилсэн мөнгийг өгнө гэвэл манай СӨХ 3 жил ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 5.797.577 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 138/ШШ2016/01136 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч “Найман Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3.478.546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.319.031 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Одчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.711 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Найман Өргөө” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 70.607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одчулуунд олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201/МА2016/00038 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 138/ШШ2016/01136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт. Нэхэмжлэгч Ц.Одчулуун нь хариуцагч байгууллага болох “Найман өргөө” СӨХ-ноос бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5.797.577 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг шүүхээс хүлээн аваад хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3.478.546 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Гэм хорын хохирлын хэмжээг нэхэмжлэгчийн үүргээ бүрэн биелүүлж байгаагүй байдлыг харгалзан 60 хувийг хариуцагч байгууллагаар төлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхисон. Юуны түрүүнд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн гэм хор учирч буй нөхцөл байдалд хандсан хандлага, бодит байдал, СӨХ-ны эрх зүйн байдал зэрэгт бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадахгүй шийдвэр гаргасан. Шүүхээс нэхэмжлэгчийн байрны дээрээс ус гоожиж гэм хор учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй гэж дүгнэдэг. Хариуцагчийн зүгээс СӨХ-ны хариуцдаг 9 байрны таван давхрын 84 өрхөөс 50 өрхийн дээврээс ус гоождог, энэ байдал нь олон жилийн насжилтын улмаас үүсч бий болсон эд хөрөнгийн элэгдлийн учраас гоожиж байгаа гэж үзэж байгаа. Шүүхээс энэ үйл явдлыг зөв дүгнэж чадаагүй буюу гэм хор учруулсан гэх үйлдэл нь СӨХ-ны гишүүдийн дундаа хамтран өмчлөх хэсэг байгалийн хүчний нөлөөгөөр, олон жилийн насжилтын улмаас моралийн элэгдлээс болж хэвийн байдал алдагдсан байхад СӨХ-ны буруугаас болсон мэт дүгнэсэн нь шүүхээс хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон байна.

Хоёрдугаарт. Өнөөдрийн зах зээлийн ханшаар нэг байшингийн дээврийг бүрэн засварлахад 50 сая төгрөг, нэг өрхийн 35-40 м2 дээврийн талбайг хэсэгчлэн засварлахад 1.6 сая төгрөг болж байгаа бөгөөд үүнийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүрэн хэмжээнд засвар хийхээс өөрөөр зогсоох аргагүй байгаа, уг СӨХ-ны засвар үйлчилгээний хураамжинд сард 2.0 сая гаран төгрөг хуримтлагдах ёстойгоос дундажаар 1.6 сая төгрөг орж байгаагийн дээр оршин суугчдаас засвар, үйлчилгээний хураамжид төлж байгаа мөнгө сардаа бөөн ордоггүй зарим айлыг шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр бүтэн сарын турш явж байж засвар үйлчилгээний хураамжийн 60-70 хувийг бүрдүүлдэг, орсон мөнгөнөөс ХАОАТ, НДШ, Банкны үйлчилгээний шимтгэл, ус, цахилгааны төлбөр, цэвэрлэгээний материалын болон багаж хэрэгслийн зэрэг тогтмол зардалд зарцуулан үлдэгдэл мөнгөний хэмжээгээр дэс дараатайгаар дээврийн болон бусад засвар үйлчилгээний ажлыг хийдэг зэрэг СӨХ-ны санхүүгийн нөхцөл байдал, эдийн засгийн үзүүлэлт, тооцоо, судалгаа, нөхцөл байдлын талаар нотлох баримтыг анхан шатны шүүхэд хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн байхад үүнийг зөв үнэлж, дүгнэлт хийгээгүй байна.

Гуравдугаарт. СӨХ-ны бусад гишүүдийн хувьд дээврээс ус гоожиж байгаа нөхцөлд засвар үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилалтанд хуулийн дагуу оролцон нэмэлт хөрөнгө, мөнгө зарцуулан СӨХ-тойгоо хамтран ажиллаж дээврийн ус алдалтыг зогсоож байна. Гэтэл нэхэмжлэгч нь дээврээс олон жил ус гоожиж байгааг мэдсээр байж гэртээ 2 удаа засвар хийсэн, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.2, 148.2.3, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.1, 16.5-д заасан үүргээ биелүүлээгүй байна. Тухайлбал орон сууцны дотоод хийц бүтээц, зохион байгуулалтыг зохих байгууллагын зөвшөөрөлгүй өөрчилж ханыг нураасан нь дээврийн дам нуруунд цууралт үүсэх, улмаар ус гоожих нөхцөлийг бүрдүүлсэн, мөн засвар үйлчилгээний хөлсөө төлөхгүй 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах бүх гишүүдийн хуралд оролцдоггүй зэрэг нь иргэний зүгээс хүлээх үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, өөрсдийн эд хөрөнгөндөө гэм хохирол учруулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Гэсэн хэдий ч СӨХ-ны зүгээс олон жил засвар хийгдээгүй байсан дээврийн засварыг 2016 оны 5 сараас хийж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн байрны дээд талд дээврийн хэсэгчилсэн засварыг 2 удаа хийсэн болохыг нотлох баримтаар шүүхэд гаргаж нотлосон гэж үздэг. Шүүхээс уг засварын ажлын чанар болон биелэлтийг хангуулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсан гэж дүгнэсэн. Ямар үндэслэлээр шүүхээс СӨХ-г дээврээс ус гоожсон асуудалд буруутай гэж үзсэн, ажлын чанар, үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй хэт ерөнхий, үндэслэл муутай байна. Шүүхийн шийдвэрийн дагуу СӨХ нь төлбөр төлөх үүрэг хүлээх бол засвар үйлчилгээний хураамжийг ямар ч зардалд зарцуулахгүйгээр 3-5 сар хадгалсны дараа барагдуулах боломжтой болох бөгөөд энэ нь СӨХ-ны үйл ажиллагаа явуулах чадамж бүрэн зогсох, засвар үйлчилгээний хураамжаа хуулийн дагуу төлсөн бусад оршин суугчдын үйлчилгээ авах эрх зөрчигдөхөд хүрэх юм. Энэ байдлыг шүүхээс анхаарч үзээгүй байна.

Дөрөвдүгээрт. Шүүхээс гэм хор учруулсан үүргийг хангуулахаар мөнгөөр нөхөн тооцуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан 2015 оны засварын ажлын төсөвт 1.434.134 төгрөг, 2016 оны барилгын засварын ажлын төсвийг 4.363.443 төгрөг нэхэмжилснээр үндэслэсэн. Гэтэл уг хийсэн ажлын төсвийг шүүх зөвхөн төсөв гэдэг талаас нь үнэлж нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгах хэр хэмжээ гэдгээр төсөөлсөн нь хохирол учирсан хэсэгт биш байрыг бүхэлд нь засварлах хэмжээний төсвийг үнэлжээ. Мөн дээрхи төсвийн тооцоололд багтсан нэмэгдэл цалин хөлс, инженер техникийн ажилчдын цалин хөлс, хувцас хэрэгсэл, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувь хүн хэрхэн тооцоолох, энэ нь төсвийн зайлшгүй гарах зардал мөн үү гэдгийг тогтооход аж ахуйн нэгж биш иргэн хүнд төлөгдөхгүй, зарлагадахгүй тооцооллыг гаргуулахаар шийдсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэхдээ дотоод итгэл үнэмшилгүй, үйл явдалд, нотлох баримтанд бодитой дүгнэлт хийж чадаагүй гэдэг нь харагдаж байна. Шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, СӨХ-ны санхүүгийн чадамжийг зөв үнэлээгүй, мөн нотлох баримтыг үнэлэхдээ хамааралгүй зүйлийг үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэртэй холбогдуулан гаргаж буй дээрх татгалзал үндэслэлийг хүлээн авч шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Одчулуун нь хариуцагч “Найман өргөө” сууц өмчлөгчдийн холбоог хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж хохиролд 5.797.577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс гадна  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын гомдлын зарим хэсгийг хангах боломжтой.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлохдоо 2015 онд дээврээс ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 1.434.134 төгрөг, 2016 онд ус алдсанаас учирсан хохирол 4.363.443 төгрөг нийт 5.797.577 төгрөгийн хохирол төсөвчнөөр тогтоогдсон гэжээ. Мөн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг хариуцагч “Найман өргөө” сууц өмчлөгчдийн холбоо хийгээгүй гэм буруутай гэж үзсэн байна.

Шүүх нэхэмжлэлд заасан 2015 онд учирсан хохирол нь 2016 онд учирсан хохирлын хэмжээнд багтсан эсэх, эсвэл хоорондоо хамааралгүй өөр өөр хохирол эсэх, хохирлыг тус тусдаа шаардсан нь үндэслэлтэй эсэх талаар тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар орон сууцны байшингийн дээвэр дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ, 16.6-д зааснаар орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болохоор байх ба шүүх энэ талаар тодруулаагүй, хариуцагчийн гэм бурууг дүгнэхдээ уг зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу гэж үзнэ.

         Нэхэмжлэгчийн оршин суудаг орон сууцны байшингийн дээвэрт засвар хийх шаардлагатай талаар барилгын хяналтын байгууллагын дүгнэлт гарсан эсэх, хариуцагч “Найман өргөө” СӨХ нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт хүсч хандаж байсан эсэх, сууц өмчлөгчөөс оруулсан мөнгийг дээврийн засвар үйлчилгээнд огт зарцуулаагүй, эсвэл  засвар хийлгэсэн  ч  зохих ёсоор засуулаагүй, түүнчлэн сууц өмчлөгч сарын тогтмол төлөх төлбөрийг төлөөгүйн улмаас  дээвэр засуулах хөрөнгө хүрэлцэхгүй шалтгаан байгаа эсэх зэрэг ач холбогдол бүхий байдлууд тодорхой бус байна. Эдгээр байдлууд  тогтоогдоогүй тул хариуцагчийг гэм буруутай эсэхийг дүгнэх боломжгүйд хүрчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм буруутай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцна.

Маргаан бүхий эрх зүйн харилцаанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхийн тулд шүүх үйл баримтыг тодруулах, үүний үндсэн дээр хариуцагч нь татгалзлаа нотлох замаар мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлэхээр байжээ. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн бол татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй болно.

     Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3, 16 дугаар зүйлд зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 4 сараас хойш СӨХ-нд төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын тайлбарт тусгагдсан байна. Шүүх  энэ талаар дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

       Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2016/01136 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201/МА2016/00038 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70.607 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ                      

   ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА