Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 975

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Ш.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,  шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 31-р байр 43 тоотод оршин суух, ЖО77120274 регистрийн дугаартай, Дом Дулигад овогт Цэндийн Одчулууны нэхэмжлэлтэй

         Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг, “Дорнод НАА” ТӨОНУҮГазрын 3 давхарт байрлах 9031324 регистрийн дугаартай, “Найман-Өргөө” Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдох

         Бусдын эд  хөрөнгөнд учруулснаас үүсэх үүрэгт 5797577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч  хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Одчулуун, хариуцагчийн төлөөлөгч З.Цогбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч Ц.Одчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 31-43 тоот байрыг худалдаж аваад 11 жил болж байна. Сүүлийн 7-8 жилийн хооронд дээврээс их хэмжээгээр ус алдсаар ирсэн. Дээврээс орж ирж байгаа ус гэрт маань их хор нөлөө үзүүлж байгаа. Хана тэр чигээрээ хөгзөрсөн, таазны онгорхойгоор янз бүрийн хорхой шавьж орж ирэн гэрт үүрлэсэн байна. Тааз цөмөрч, улмаар гэрэл цахилгаангүй болсон. Би цахилгаанаа залгуулахад цахилгааны утаснуудыг ил гаргаж залгахаас өөр аргагүй болж цахилгааны утаснууд нь ил задгай орчинд бид амьдарч байна. Бороо орохоор энд тэндгүй хувин саваа тосож, нойтон чийгтэй орчинд амьдарч байна. Манайх 2015 оны 7 сард гэртээ 1434134 төгрөгийн, 2016 онд 4363443 төгрөгийн иж бүрэн засвар хийсэн. Энэ талаар тухай бүрт нь орцны жижүүрээр дамжуулан СӨХ-н даргатай уулзаж өөрт нь харуулсан боловч засвар хийнэ гэж хэлэхээс өөр арга хэмжээ аваагүй.  Сүүлдээ бороо орохоор манай гэр бүлийнхэн айдастай байдаг болсон. Би ус алдах бүрт жижүүрээ дуудаж байнга мэдэгддэг. З.Цогбаяр даргыг ажлаа авах үед би “манай дээрээс ус ихээр алддаг шүү, та энэ талаар ажил хийгээрэй” гэж анхааруулж хэлж байсан. Сүүлийн жилүүдэд гэр орондоо амьдрахад хүнд болоод байна. Гэртээ засвар хийх шаардлагатай учраас мэргэшсэн төсөвчнөөр төсөв хийлгүүлсэн. Иймд дээврээс ус алдсаны улмаас манай гэрт учраад байгаа засварын мөнгө болох 5797577 төгрөгийг “Найман- Өргөө” СӨХ-ноос гаргуулах хүсэлтэй байна. Манайх орон сууцны төлбрөө бүрэн төлсөн гэв.

            Хариуцагч “Найман-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж тус холбооны гүйцэтгэх захирал ажилтай З.Цогбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Найман-Өргөө” СӨХ-ны захирлаар ажиллаад 1 жилийн нүүрийг үзэж байна. Манай СӨХ-д хамгийн гол тулгамдаад байгаа асуудал нь байрны дээврээс ус ихээр алддаг асуудал юм. “Найман-Өргөө” СӨХ-ны хариуцсан байшингуудын 50 хувийнх нь дээврээс ус алдаж байгаа. Энэ талаар холбогдох байгууллагад нь удаа дараа хандсан боловч манай “Найман-Өргөө” СӨХ-д ямар нэгэн төсөв баталж өгөөгүй. Харин манай “Найман-Өргөө” СӨХ-г “өөрсдийнхөө хөрөнгөөр дээврээ янзал” гэж үүрэг өгөөд байгаа. Дорнод аймгийн насжилт өндөртэй байшингуудын дээврийг төрөөс засварлаж байгаа. Мянгатын байшингууд энэ засварт хамрагдаж чадаагүй. Гэвч бид өөрийн чадлаараа дээврээс нь ус гоождог байшингуудын дээвэр дээр засвар хийсэн. Байшингийн дээвэр дээр засвар хийдэг мэргэжлийн хүнээр нэг удаа, байрны дежур нараар нэг удаа 31 дүгээр байрны дээвэр дээр засвар хийсэн. Яг энэ айлын дээрээс бол дээвэр цоорхой ус гоожоогүй, харин уг байшингийн дундын заагаас ус урсаж айлууд руу ус гоождог учраас би тэр дундын заагыг л очиж харна уу гэхээс айл болгонд ус гоожиж байгааг очиж харах алба байхгүй. Миний бие ажил хүлээн авснаас хойш иргэдээс ирсэн гомдол мэдээллийг бүртгэх бүртгэлтэй болсон. Харин нэхэмжлэгч надад нэг ч удаа “манай дээврээс ус гоожлоо” гэж мэдэгдэж бүртгүүлж байгаагүй. Нэг удаа байрны гадаа таарахдаа “манай дээврээс ус алдаад байгаа” гэж хэлж байсан. Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 6 сараас хойш одоог хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бөгөөд СӨХ-ны төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Манай талаас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг өгөх боломж байхгүй. Нэхэмжилсэн мөнгийг өгнө гэвэл манай СӨХ 3 жил ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 5797577 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Одчулуун нь хариуцагч “Найман-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан уг байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5797577 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч “Найман-Өргөө” СӨХ-ны харьяа Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 31 дүгээр байшингийн дээврээс бороо их хэмжээгээр орох болгонд ус гоожин нэхэмжлэгч Ц.Одчулууны оршин суудаг 43 тоот байрны хана таазанд гэмтэл үүсч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирч 5797577 төгрөгийн засвар хийх шаардлагатай болох нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэргэшсэн төсөвчин Ц.Дамдимаагийн хийсэн 31-43 тоот байрны засварын ажлын 2015, 2016 онуудын төсөв болон бусад бичгийн баримтуудаар  тогтоогдож байна.

            Хариуцагчийн төлөөлөгч нь бороо орох болгонд 31 дүгээр байшингийн дээврээс борооны ус их хэмжээгээр гоождог, үүний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан талаар маргаагүй боловч, уг гэм хор учрахад СӨХ-ны буруутай үйл ажиллагаа байхгүй, уг байранд мэргэжлийн хүнээр жил болгон дээврийн засвар хийлгэдэг гэж маргадаг.

            Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т "...орон сууцны байшингийн дээвэр, дээврийн хонгил зэрэг эд хөрөнгө" нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар,  мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь ...нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах” зорилготой байгууллага байхаар зааснаас үзвэл нэхэмжлэгч Ц.Одчулууны оршин суудаг 31 дүгээр байшин нь хариуцагч “Найман Өргөө” СӨХ-нд харъяалагддаг ба Сууц өмлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээсэн байна.

        Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ”, 16.6-д “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” тус тус хуульчилсан байна. Хариуцагч байгууллагын хувьд хуульд заасны дагуу бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцээгүй, барилгын хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, 2014 оноос хойш улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт хүч хандаагүй гэм буруутай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.

         Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх...”, 12 дугаар зүйлийн 12.4.2.-т “...дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс бороо орох болгонд 31 дүгээр байрны дээврээс их хэмжээний ус гоожсон үйл явдал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

            Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “31 дүгээр байшингийн дээвэрт мэргэжлийн хүнтэй гэрээ байгуулан жил болгон засвар хийдэг учраас манай байгууллагын буруу байхгүй” гэж тайлбарладаг боловч уг засварын ажлын чанар болон биелэлтийг хангуулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх ба хохирол учрахад өөрийн байгууллагын буруутай үйлдлээс болоогүй гэдгээ хариуцагч шүүхэд нотолж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол хуульд заасан журмын дагуу арилгахаар, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

        Иймд нэхэмжлэгч Ц.Одчулууны 2015 онд хийсэн засварын зардал 1434134 төгрөг, 2016 онд хийсэн засварын зардал 4363443 төгрөг, нийт 5797577 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй боловч хариуцагч “Найман-Өргөө” СӨХ-ны сууц өмчлөгчид сарын тогтмол төлөх төлбөрийг төлөөгүйн улмаас дээвэр засуулах хөрөнгө хүрэлцэхгүй байдал болон сууц өмчлөгч буюу нэхэмжлэгч Ц.Одчулуун гэм хор учрах үед дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар шүүх гэм хорын хохирлын хэмжээг 40 хувиар багасгаж, хариуцагч “Найман-Өргөө” СӨХ-ноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3478546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2319031 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1.Монгол Улсын Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Найман-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3478546 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2319031 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Одчулууны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107711 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Найман-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 70607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одчулуунд олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

        5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.                             

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАЙГАЛМАА

                                                   ШҮҮГЧИД                      С.ГАНЧИМЭГ

                                                                                     Ш.АЛТАНЦЭЦЭГ