Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 323

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч О.Доржмаа,

Хохирогч Б-,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг,

Шүүгдэгч Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Д-д холбогдох эрүүгийн 1818001980168 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д- / /, -  настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 34 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Хохирогч Б- нөхөр Э-, шүүгдэгч Д- нар нь гэр бүлээс гадуур дотно харилцаатай болсноос хохирогч, шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн ба шүүгдэгч Д- нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр 19 дүгээр байрны гадна иргэн Б-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун талын 2 хавиргын хугарал, нүүр, цээжний баруун тал, зүүн тохой, зүүн хөлийн гадна шагай, шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д-гийн өгсөн: Хохирогч намайг өшиглөхөөр нь би хохирогчийг өшиглөсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Б- өгсөн: Би гэртээ орох гэж байтал нэг эмэгтэй хүн хойноос өшиглөх шиг болсон. Би “юу болоод байгаа юм бэ? Цагдаа дуудъя” гэж хэлсэн. Намайг унахад нүүр нүдгүй өшиглөөд байсан ба би цүнхнээсээ утсаа гаргаж ирээд ухаан алдсан. Намайг орцоор гарангуут хоёр хүн барьж аваад нэг нь намайг өшиглөсөн. Цааш нь юу болсныг санахгүй байгаа. Тухайн үед шүүгдэгч нь “хөгшин авгай минь миний амьдралд битгий саад болоод бай” гэж хэлснийг санаад байгаа. Би эмнэлгийн хүлээн авах дээр очоод үзүүлсэн. Би эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 405.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Э-ын өгсөн: Хуучин хорооллын 19 дүгээр байрны 4 дүгээр орцын гадна буюу гэрийн гадаа ирэхэд манай эхнэр нэг эмэгтэй хүнтэй зууралдаад байсан. Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Өглөө нь босоод эхнэрийг хартал зүүн нүд, зүүн хацар нь хөхөрч хавдсан байсан ба хавирга өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “Д- намайг зодсон. Өөр хүн намайг зодохгүй. Д-г гар утас өгөөрэй гэж хэлээрэй” хэлсэн. Тэгэхээр нь би Д-тэй утсаар яриад “Яагаад манай эхнэрийг зодож байгаа юм бэ? Гар утсыг нь авч ирж өг” гэж хэлсэн. Д- гар утсыг нь өөрийнхөө гар утастай андуураад авчихлаа гээд эхнэрийн гар утсыг авч ирж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч П.Бадамын өгсөн: ...Тэгээд гэртээ хариад байж байтал 30-40 минутын дараа Б- манайд ирээд “гар утас алга болчихлоо. Та 2 аваагүй биз? Би хүнд зодуулчихлаа. Харанхуйд харж чадсангүй Д- л байх. Нөхөр Э- салгаж гэрт орууллаа” гээд нүүр нь хавдчихсан явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Шинжээч эмч Д.Туяагийн өгсөн: Б- 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт авахуулсан цээжний рентген зурагт цээжний баруун талын 7, 8 дугаар хавирга дунд шугамаар бороо үүсээгүй шинэ хугаралтай гэмтэл харагдсан тул дүгнэлтдээ дээрх 2 хавиргын хугарлыг оруулсан бөгөөд энэ гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 108/,

Б- нь толгой өвдөнө, цээжний баруун хэсгээр янгинаж өвдөнө, хөдөлгөх болох ханиах үед өвдөлт нэмэгдэнэ, баруун нүдний зовхи хавдаж улайсан, цээжний баруун доод хэсэгт 2 газар хөхөрч хавдсан, баруун 7, 8 дугаар хавирга дунд шугамаар бага зэрэг овойсон бороотой” гэх эмчийн үзлэгийн тэмдэглэл бүхий амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаартай “Б- биед тархи доргилт, баруун талын 2 хавиргын хугарал, нүүр цээжний баруун тал, зүүн тохой, зүүн хөлийн гадна шагай, шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/,

Хохирогч Б- баруун нүдний зовхи хөхөрсөн, баруун нүд улайсан үеийн гэрэл зураг /хх-ийн 63/,

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн “Б- нь баруун нүдний зөөлөн эд, хацар ясны зөөлөн эд хөхөрч хавдсан. Баруун талд VI-VIII хавирга орчим дунд шугамаар тэмтрэхлээр эмзэглэлтэй” гэх тодорхойлолт /хх-ийн 109/,

 Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 859 дугаартай “Б- биед тархи доргилт, баруун талын 2 хавиргын хугарал, нүүр, цээжний баруун тал, зүүн тохой, зүүн хөлийн гадна шагай, шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилтын улмаас үүсгэгдэх боломжтой. Б- биед үүссэн баруун талын 7, 8 дугаар хавиргын хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Энэ нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн рентген зурагт бороолж эдгэрэлт явагдаагүй шинэ хугарал байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хавиргын хугарал гэмтэл нь 4 хоногийн дотор бороолж эдгэрэх боломжгүй” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-123/,

Хохирогч Б- шүүх хуралдаанд гаргаж өгсөн рентген зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д- нь хохирогч намайг эхлээд өшиглөхөөр нь би хохирогчийн хөл рүү өшиглөсөн, хохирогчийн нүүр болон 2 хавиргын хугарал зэрэг гэмтлийг би үүсгээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлж байх боловч энэ байдал нь хохирогч Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гэртээ орох гэж байтал нэг эмэгтэй хүн хойноос өшиглөх шиг болсон. Би “юу болоод байгаа юм бэ? Цагдаа дуудъя” гэж хэлсэн. Намайг унахад нүүр нүдгүй өшиглөөд байсан ба би цүнхнээсээ утсаа гаргаж ирээд ухаан алдсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Э-ын өгсөн “Өглөө нь босоод эхнэрийг хартал зүүн нүд, зүүн хацар нь хөхөрч хавдсан байсан ба хавирга өвдөөд байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, шинжээч эмч Д.Туяагийн өгсөн “Б- 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт авахуулсан цээжний рентген зурагт цээжний баруун талын 7, 8 дугаар хавирга дунд шугамаар бороо үүсээгүй шинэ хугаралтай гэмтэл харагдсан тул дүгнэлтдээ дээрх 2 хавиргын хугарлыг оруулсан бөгөөд энэ гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 108/, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн “Б- нь баруун нүдний зөөлөн эд, хацар ясны зөөлөн эд хөхөрч хавдсан. Баруун талд VI-VIII хавирга орчим дунд шугамаар тэмтрэхлээр эмзэглэлтэй” гэх тодорхойлолт /хх-ийн 109/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 397 дугаартай “Д-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 859 дугаартай “Б- биед тархи доргилт, баруун талын 2 хавиргын хугарал, нүүр, цээжний баруун тал, зүүн тохой, зүүн хөлийн гадна шагай, шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилтын улмаас үүсгэгдэх боломжтой. Б- биед үүссэн баруун талын 7, 8 дугаар хавиргын хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Энэ нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн рентген зурагт бороолж эдгэрэлт явагдаагүй шинэ хугарал байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-123/ зэргээр үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө шүүгдэгч Д- нь тухай үйл явдал болсон газар болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр 19 дүгээр байрны гадна байсан болох нь насанд хүрээгүй гэрч М.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 23/, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д-гийн хохирогч Б-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун талын 2 хавиргын хугарал, нүүр, цээжний баруун тал, зүүн тохой, зүүн хөлийн гадна шагай, шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б- биед тархи доргилт, баруун талын 2 хавиргын хугарал, нүүр, цээжний баруун тал, зүүн тохой, зүүн хөлийн гадна шагай, шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б- нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 270.000 төгрөг, компьютер томографийн зураг авахуулсны 135.000 төгрөг, нийт 405.000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг /хх-ийн 64/ гаргаж өгчээ.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 405.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Д-гийн Төрийн банк дахь 140000449030 тоот дансанд байх 1.199.604 төгрөгийг битүүмжилжээ. Гэвч уг дансыг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 01/3029 дугаартай албан бичгээр битүүмжилсэн байсан болох нь Төрийн банкны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 655 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Иймд 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 44 тоотод оршин суух Хатагин овогт Нацагийн Баярмаа /РД: ЖЭ62052800, утас:99043038/-д олгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д-г 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д-д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Д-гийн Төрийн банк дахь 140000449030 тоот дансанд байх 1.199.604 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР