Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 94

 

 

М.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч М.Д, хохирогч Н.Б, хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 74 дүгээр магадлалтай, М.Д-д холбогдох 1818001980168 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, И овогт М-ын Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Д гаргасан гомдолдоо “2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 23-24 цагийн хооронд болсон юм. Тэр өдөр И.Э нь над руу орой 18 цагаас эхлэн удаа дараа утсаар залган дуудаж орой 20 цаг өнгөрч байхад “Комфорт буудалд байна хүрээд ир, битгий яваарай, би гэртээ Н.Б-г оруулчихаад эргээд гараад ирнэ, байрны гадаа хүлээж байгаарай” гэж утсаар ярьж хэлэхээр нь гэрээсээ гарч “Комфорт” буудлын хүлээлгийн танхимд дүүтэйгээ цуг хүлээж суусан. Орц руу орсноос нь хойш 20-иод минутын дараа би тэдний орцонд дулаацахаар орсон. Намайг орцонд нь ороход Н.Б нь шатан дээр уначихсан, нөхөр нь гараас нь татаад босгож байсан ба тэр үед Б согтуу байсан учир намайг харчихаад элдвээр хэлж, давшилж эхэлсэн. Над руу хүрч ирээд миний зүүн гуя орчим руу өшиглөхөөр нь би зөрүүлээд нэг удаа өшиглөхдөө халтирч унахдаа гарт нэг утас баригдахаар нь миний утас уначихлаа гэж бодоод халаасалсан. Б-г дахин над руу цохих гээд ирэхээр нь сандраад гүйж гаран зугтаасан. Намайг орцноос гүйж гарахад Б миний араас гүйж гарч ирж байхдаа халтирч унасан.

Гэтэл энэ асуудлаар цагдаагийн хошууч А.С нь мэдүүлэг авахдаа намайг загнаж, дарамталсан. Б нь өшиглөсний улмаас миний хөл хөхөрсөн талаар мөрдөгчид хэлж, шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн боловч тухайн үед хүлээж аваагүй атлаа 1 сарын дараа шинжээчийн томилж дүгнэлт гаргуулахад миний биед учирсан гэмтэл эдгэрсэн учраас гэмтэлгүй гэж гарсан.

Анхан шатны шүүх хурал дээр хохирогч Н.Б нь согтуу байсан, ухаан санаа орон гаран байсан болохоор орцны гадаа аль эсвэл орц дотор зодуулснаа санахгүй байна, манай байрны өмнөх камерийн бичлэг байгаа байх гэж ярьж байсан. Гэтэл огт архи уугаагүй, эрүүл саруул явж байгаад ямар үйл явдал болсныг тайлбарлаж хэлээд байхад миний өөрийн өгсөн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр намайг гэм буруутайд тооцож, яллаж байгаад гомдолтой байна.

Дархан-Уул аймгийн өмгөөлөгч нартай уулзаж, өмгөөлүүлэхийг хүссэн боловч намайг өмгөөлөхөөс татгалзсан. Улсын яллагч болон анх хэргийг хүлээж авсан хэсгийн байцаагч, хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын аль нь ч дээрх үйл явдлын үнэн байдлыг олж, гэм буруутай эсэхийг тогтооё гэж бодохгүй, хуульч өмгөөлөгч, нэг салбарт ажилладаг хүнээ хамгаалж, намайг яллаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Б нь өөрийгөө согтуу байсан, тэр үед юу болсныг сайн санахгүй байна гэж шүүх хурал болгон дээр хэлээд, өгч байгаа мэдүүлэг нь зөрөөд байхад, намайг би тэр хүнийг зодож хавиргыг нь хугалаагүй, толгой тархи луу нь цохиогүй гээд мэдүүлэг өгөөд байхад хэт нэг талыг барьж намайг буруутгаж байгаагаас нь харахад Б-н сэтгэл санааг дэмжих, таньдаг хүнээ буруутгахгүй, харин Д гэдэг хүнийг ямар ч байсан ял эдлүүлэх ёстой гэж улайрч байна гэсэн хардлагыг төрүүлж байна.

Шүүхээс надад 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд өдрийн 8 цагийн ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ тэжээж яваа, өрх толгойлсон эмэгтэйд хүндэдсэн ял гэж үзэж байна. Хэрвээ энэ ялыг биеэр эдэлбэл ажил хийж, орлого олж үр хүүхдээ тэжээх ямар ч боломжгүй болно. Иймд эдгээр байдлыг харгалзан оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай хэлсэн саналдаа “Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Д өмгөөлөгч сонгон авах хангалттай хугацаа байтал энэхүү эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байна. Шүүгдэгч М.Д нь хохирогчийн гар утсыг санаатайгаар авч яваад утсан дотор байсан мессежийг хэвлэн авч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгснөөс үзэхэд санамсаргүй байдлаар авч явсан гэж үзэх боломжгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтаар шүүгдэгч М.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч, хохирогч Н.Б-ийн нөхөр И.Э, М.Д нар нь гэр бүлээс гадуур дотно харилцаатай болсноос хохирогч, шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсч, шүүгдэгч М.Д нь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны гадаа иргэн Н.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Д-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч М.Д нь өөрийгөө өрх толгойлсон эмэгтэй бөгөөд гурван хүүхэдтэй тул хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж гэр бүлээ тэжээдгийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг “ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдал”-ыг харгалзан солиулах тухай гомдол гаргажээ.

Шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж үзэхэд М.Д нь насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт амьдардаг, эмнэлгийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж цалингаар гэр бүлээ тэжээн тэтгэдэг нь тогтоогдож байх тул энэ талаарх хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээтэй дүйцэхүйц буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цалин хөлс нь гэр бүлийн орлогын ганц эх үүсвэр болохыг тооцож 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдвал зохино.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч М.Д-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 74 дүгээр магадлалд:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д оногдуулсан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН