Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00075

 

С.Ж-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00467 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн **** оршин суух /РД:**********/ С.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн ******* ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төв /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Н/-д холбогдох,  

“Баян-Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд /цахим сүлжээгээр/, орчуулагч Б.Жанерке нар оролцов.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:     

1.1. Миний бие анх Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс ээлжийн эх баригч эмчийн ажилд томилогдон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр жирэмсний болон амаржсаны чөлөө авсан.

1.2. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр амаржиж ихэр хүүхэдтэй болсон ба ихэр хүүхдийг цаашид асран хамгаалах, эрүүл саруул өсгөн бойжуулах шаардлагаар 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэг жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөөг авсан. Нэг жилийн хугацааны чөлөөний хугацаа дууссан тул 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эх баригчийн ажилд ороод 2020 оны 3 дугаар сарын 15-ыг хүртэл ажиллаж байсан. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ихэр хүүхдээ харж эрүүл чийрэг өсгөн бойжуулах шаардлагаар нэг хэсэг цалингүй чөлөөтэй байсан.

1.3. Ихэр хоёр хүүхэд маань том болсон тул Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б/25 дугаар тушаалаар тус сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчийн ажилд бүр томилогдсон ба энэ тухайгаа ажил олгогч тушаалыг гардуулж өгөх үед танилцуулж байсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Д сумын эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Н 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сувилагчаар ажиллуулахгүй байгаа явдалд гомдолтой байна.

1.4. Намайг 2022 оны 02 дугаар сард сувилагчийн ажилд дуудах болов уу гэж хүлээсэн боловч ерөнхий эмч С.Н нь таныг ажлаас чөлөөлсөн гэх боловч ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо хүртэл надад өгөхгүй байна.

1.5. Ажил олгогч намайг бүр орон тооны ажилд авсан, мөн миний бие 3 ой хүрээгүй нялх хүүхэдтэй байх тул намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд С.Ж- намайг Баян-Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч С.Ж- нь манай сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчийн орон тоонд бүр томилогдоогүй байгаа ба үндэслэл болгож буй тус төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар С.Ж-г 10 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод 3 сарын сувилагчийн мэргэжил олгох сургалтад явсан Х.Х-н оронд түр томилон ажиллуулж байсан ба үүнийг нотлох тушаал, цагийн бүртгэл, ээлж хүлэлцсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

2.2. Нэхэмжлэгч С.Ж-г тус төвийн ээлжийн сувилагчийн орон тоонд бүр томилон ажиллуулсан тохиолдолд томилсон өдөртөө хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах ёстой байсан. Түүнийг байнгын орон тоонд жинхлэн томилоогүй ажилтан Х.Х-н оронд түр хугацаагаар томилон ажиллуулж ирсэн нь Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 11 сарын 25 өдрийн А\31 тоот тушаалаар нотлогддог.

2.3. Нэхэмжлэгч нь тус сумын Эрүүл мэндийн төвөөс жирэмсний амралт авсан ажилтны болон Соvid-19 цар тахлын өвчний нөхцөл байдалтай холбоотой гарсан түр орон тоонд ажиллаж ирсэн болохыг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа.

2.4. Одоогийн байдлаар манай сумын Эрүүл мэндийн төвд нэхэмжлэгчийг томилон ажиллуулах ямар нэгэн сул орон тоо байхгүй болох нь байгууллагын бүтэц, орон тоог баталсан шийдвэрээр нотлогддог.

2.5. Урьд нь тус сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан А.Х гэдэг хүн байхгүй орон тоонд хууль бус тушаал гаргаж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б/42 дугаартай тушаалаар С.Ж-г ээлжийн эх баригчаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба С.Ж-д хүүхэд асрах чөлөө олгосон тус эмнэлгийн ерөнхий эмчийн Б/56 дугаартай тушаалын 2 дахь заалтад харилцан тохиролцсоны үндсэн дээр ээлжийн эх баригч нар ээлжийн амралт эсвэл жирэмсний амралт авсан тохиолдолд уригдаж ажиллах гэж тусгаж өгсөн нь түүнийг шууд ажиллуулах сул орон тоо байхгүй гэдгийг илтгэж байна.

2.6. Мөн нэхэмжлэгч С.Ж-д хүүхэд асрах чөлөө олгохдоо тодорхой хугацаа заагаагүй, нэхэмжлэгч нь 2 жилийн хугацаанд эргэж ажилдаа томилогдоогүй, үргэлжлүүлэн чөлөө авах талаар ажил олгогчид хандаагүй зэрэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл болсон гэж ойлгож байгаа.

2.7. Харин миний бие С.Ж- нь ихэр хүүхэд асарч байгаа ажилгүй эх хүний хувьд түүнийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар сургалтад хамрагдахаар явсан ээлжийн сувилагчийн орон тоонд түр томилон ажиллуулж, түр хугацаагаар ч гэсэн ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах боломжоор хангасан байсан. Цаашид ч гэсэн өндөр насны тэтгэвэрт гарах хүний орон тоонд жинхлэн томилж ажиллуулах боломжтой байгаа. Энэ талаар нэхэмжлэгчийн өөрт нь ойлгуулж хэлсэн.

2.8. Миний бие С.Ж-г 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ээлжийн сувилагчийн орон тоонд түр томилохдоо техникийн алдаа гаргаж түр хугацаагаар ажиллуулж байгаа талаар тодорхой хугацаа заагаагүй орхигдуулсан явдлыг ашиглаж С.Ж- нь өөрийгөө байнгын орон тоонд жинхлэн томилогдсон мэт ойлгож, нөхцөл байдлыг тодорхой мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргасан явдалд харамсаж байна.

2.9. Иймд нэхэмжлэгч С.Ж-г томилон ажиллуулах ээлжийн эх баригчийн орон тоо байхгүй болох нь нэгэнт нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00467 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-ийг баримтлан нэхэмжлэгч С.Ж-г Баян-Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвөөс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.   

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Баян-Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/01 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалаар ээлжийн сувилагчийн 4 орон тоо батлагдсан болох нь нотлогдож байна. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн тушаал гэсэн албан бланканд бичсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/25 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Ж-г мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчаар томилон ажиллуулсугай....гэж ЭМТ-ийн даргын түр орлон гүйцэтгэгч С.Н гэж гарын үсэг зурсан байна...” гэжээ. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Ж-г мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхпэн тус сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчаар томилохдоо түүнийг хугацаатай сургалтад явсан ажилтны оронд томилсныг тайлбарлаж холбогдох Баян-Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Цалингийн доод хэмжээгээр цалинжуулах тухай” А/31 дугаартай тушаал, тус сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/02 дугаартай тушаалуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүхээс эдгээр тушаалуудыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

4.2. Мөн нэхэмжлэгч С.Ж- нь сувилагч хийх тусгай зөвшөөрөл аваагүй тул түүнийг маргаан бүхий албан тушаалд томилон ажиллуулах боломжгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан тул тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/000437 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбарт:

5.1. Би 2019 оны 9 дүгээр сарын 16-нд /ерөнхий эмч/ Эрүүл мэндийн төвийн дарга А.Х-н Б/42 тоот тушаалаар тус төвд эх баригчаар томилогдсон. Энэ үед би жирэмсэн байсан бөгөөд сарын дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 20-нд жирэмсний амралт аваад дутуу төрөлтөөр 11 дүгээр сарын 19-нд амаржиж ихэр хүүхэдтэй болсон. Дутуу төрсөн 2 хүүхдийг асрахаар би 1 жилийн чөлөө хүсэж өргөдөл гаргаад чөлөөний хугацаа 2020 оны 12 дугаар сард дуусаад ажилд орохоор очиход урьд намайг томилсон эх баричгийн орон тоод /тэтгэвэрт гарахаар ээлжийн амралтанд явсан байсан/ С.Н-ын ээж Х эргээд ороод ажиллаж байсан.

5.2. С.Н тус төвийн ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноор тэтгэвэрт гарах байсан ээжийгээ үргэлжлүүлэн ажиллуулж намайг жирэмсний амралт авсан эх баригч И.С-ны оронд ажиллуусан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 15-нд И.С ажилд орсноор би ажилгүй болсон.

5.3. Тэр үед С.Н манай ээж удахгүй тэтгэвэрт гарна чи хүлээж бай гэсээр удаа дараа шаардаж очсоор 202! оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн сувилагчаар томилж тушаал гаргаснаар би 2022 оны 01 дүгээр сарын 31-ийг хүртэл 4 сар сувилагчаар ажиллаж байхад намайг дахин ажпаас гаргаж хохироосон.

5.4. Өнгөрсөн 4 жилийн 1 жилд нь хүүхэд асрах чөлөөтэй байсан ба үлдсэн 3 жилд нь эрх мэдэлтнүүд дуртай үедээ оруулж, дургүй үедээ ажилгүй болгож байсанд нь гомдож байна.

5.5. Ажилд томилсон бол тухайн ажилтан ажиллаж байх ёстой, зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон тохиолдолд ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргах ёстой гэж ойлгодог. Гэтэл намайг эх баригчаар томилсон, дараа нь сувилагчаар томилсон тушаалууд байгаа атлаа чөлөөлсөн ямар ч тушаал байхгүй нь миний эрх ашиг хэрхэн зөрчигдсөнийг нотлох баримт юм. Үүнээс үүдэн би олон сар цалин хөлсгүй хохирсон ба ажлаас чөлөөлөгдсөн тушаалгүйгээс болж “Цалинтай ээж” хөтөлбөрт ч хамрагдаж чадаагүй өдий хүрлээ.

5.6. Эх баригч нь эх барихаас гадна сувилахуйн хичээл заалгаж дадлага хийсэн, сувилах эрхтэй ажилладаг бөгөөд би өнгөрсөн хугацаанд 4 сар сувилагчаар ажиллахдаа ямар ч алдаа дутагдал гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

            6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзээд, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            7. Нэхэмжлэгч С.Ж-гийн “ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халагдсан” буюу “тус аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            8. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Ж- нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/42 дугаар тушаалаар мөн оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ээлжийн эх баригчаар томилогдож, тус эмнэлгийн ерөнхий эмч А.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажилтан С.Ж-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Улмаар тус эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” Б/56 дугаартай тушаалаар ээлжийн эх баригч ажилтай С.Ж-д өөрийн хүсэлтийн дагуу мөн оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө олгожээ. 

Дараа нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/25 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Ж-г мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчаар томилсон боловч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харин ээлжийн сувилагчийн ажлын байрны тодорхойлолтыг тус төвийн дарга С.Н баталж, ээлжийн сувилагч С.Ж- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд талууд үүнд маргаагүй.

 

9. Хариуцагч Д сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Н 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/25 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Ж-г ээлжийн сувилагчаар томилохдоо Улаанбаатар хотод 3 сарын сувилагчийн мэргэжил олгох сургалтад явсан Х.Х-н оронд түр томилон ажиллуулсан гэх боловч энэ тухай Б/25 дугаартай тушаалд тодорхой тусгаагүй бөгөөд хариуцагчийн энэхүү тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Ажил олгогч 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилтан С.Ж-г тус төвийн ээлжийн сувилагчаар ажиллуулахгүй байгаа атлаа түүнийг ажлаас  чөлөөлсөн эрхийн акт гаргаагүй зэрэг хууль зөрчсөн асуудлыг зөвтгөх, ажилтны эрх ашиг сонирхлыг хамгаалж гаргасан шүүхийн шийдвэрийг буруутгах хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

10. Анхан шатны шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэн маргааны үйл баримтад  үнэлэлт дүгнэлт өгч, материаллаг эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11. Хариуцагчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА                     

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ