Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00074

 

Х.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00445 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн ***** оршин суух Х.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн ***** үйл ажиллагаа явуулах “А” ХХК-д /захирал К.М/ холбогдох,  

“А” ХХК-ийн инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Айбек нар оролцов.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие Х.Х- нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын Б/645 дугаартай захирамжаар Б сумын Засаг даргаар томилогдсон. 2017 онд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу төсөвт байгууллагуудыг мөн сумуудыг нэгдсэн халаалтад холбоход санаачлан төсөвт байгууллага болох “З” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр “А” ХХК болон “Ах” ХХК хөрөнгө оруулалт хийж 2017 онд сургууль, Засаг даргын Тамгын газар, хүн эмнэлэг, соёлын төвийн гадна шугамыг нэгдсэн халаалтад жилийн эцэст холбосон. Энэ хугацаанд миний бие төсвийн ерөнхий захирагчийн хувьд тухайн үед халаалтын байрны газрын зөвшөөрөл холбогдох эрхийн акт, үүнд шаардагдах зуухыг Барнаул хотоор хамтран гэрээ хийж тухайн үед төрийн банкнаас “Ах” ХХК-ийн нэрээр 45 сая төгрөгийн зээл авч хөрөнгө оруулалт хийсэн. 2018 онд үлдсэн сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн гал тогоо, цагдаагийн кабон зэрэг төсөвт байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбож дууссан. Хэдийгээр уг барилгуудын нэгдсэн халаалтыг ашиглалтад өгч улсын төсвөөс 1 ккал нормативд халаалтын зардлыг авах ёстой байсан боловч улсын комисс ашиглалтад аваагүй байгаад 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтад авсан. 2021 онд халаалтын зардлыг 7 сараар бодож сургуульд 85,4 сая, цэцэрлэгт 17,8 сая, хүн эмнэлэгт 26,977.4 сая, Засаг даргын Тамгын газарт 20,319.2 сая, соёлын төвд 27,716.3 сая бүгд 236,807.9 сая төгрөгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6 дугаар хуралдаанаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор баталсан. Уг нэгдсэн халаалтад 236,807.9 сая төгрөгийн дотор “А” ХХК-ийн халаалтын зардалд нүүрс, тээвэр, шатахуун ажилчдын болон тухайн компанийн удирдлага, инженер, техникийн цалин хөлсийг хамт баталж өгсөн. Бусад нэгдсэн халаалтад холбогдсон сумууд ашиглалтад орсон өдрөөс ИТА-тай ажиллаж байна. 2022 оны 01 дүгээр сараас эхэлж Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орж шинэчлэгдсэний дагуу үйл ажиллагаа явуулж, орон тоо бүтэц, цалин хөлсийг нэмж төсөвт баталж өгсөн.

1.2. Улмаар миний бие 2022 оны 01 дүгээр сараас эхлэн тус компанийн захирал К.М-д биечлэн очиж танилцуулахаар төсөв орж ирэхээр намайг ажилд авахаар болж тохироод явж байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үед цалин хөлс хүрэлцэхгүй байгаа мэтээр янз бүрийн шалтаг зааж 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд авах боломжгүй гэсэн бичиг хүргүүлсэн. Үүний дагуу төсвийн ерөнхий захирагч аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1-01/175 дугаартай албан бичгээр Х.Х-ын гаргасан өргөдлийг судлан үзээд танай байгууллагад гарч буй инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг санал болгож уламжлуулсан албан тоот өгсөн. Гэтэл “А” ХХК-ийн захирал нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай албан бичигт манай компанид инженерийн болон одоогийн байдлаар ямар нэгэн сул орон тоо байхгүй гэсэн ба Х.Х-ыг авч ажиллуулах боломжгүй гэж хариу өгсөн. 0,07 МПА-аас бага даралттай уурын ба 115 градусаас доош температуртай зуухын төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 8.2-д зааснаар зуухны ашиглах, аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хариуцагчийг тушаалаар томилох, хариуцагч нь дулааны техникийн боловсролтой инженер техникийн ажилтан эсвэл сургалтад хамрагдаж эрх авсан хүн ажиллана гэж заасан байдаг. Гэтэл “А” ХХК-ийн захирал янз бүрийн шалтаг зааж намайг инженерийн ажилд авахгүй байна. Иймд намайг “А” ХХК-ийн инженерийн сул орон тоонд ажилд авч ажиллуулахыг даалгаж өгнө үү. 

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу манай компани нь Б сумын төвд төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг барихаар болж, Б сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-иар барилгын ажлын зураг төсвийг хийлгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан. Мөн “Ж” ХХК-иар байгаль орчны төлөв байдлын үнэлгээг гаргуулсан.

2.2. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Зохицуулах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор эрчим хүчний барилга барих тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар авсан. Мөн оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, барилгын ажлыг эхэлж 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр барилга байгууламжийг холбогдох хууль тогтоомж, барилгын ажлын зохих дүрэм, норматив, стандартын шаардлагад нийцүүлэн барьж дуусгасан.   

2.3. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Засаг дарга дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байсан тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаартай шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б сумын төвд баригдсан халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар авч хэлэлцээд мөн өдрийн 221/МА2019/0489 дүгээр магадлалаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Үүний дараа аймгийн Засаг дарга барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс захирамжаар томилсон боловч комиссын бүрэлдэхүүнд огт хамааралгүй Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нарын албан тушаалтнуудыг оруулж мөн манай ажилд саад хийсэн. Үүний дараа манай компани мөн аргагүй байдалд орж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1Ю/ШШ2020/0030 дугаар шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нарыг оруулсан хэсгийг хүчингүй болгож, Б сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулахыг ажлын хэсэгт даалгасан. Шүүхийн дээрх шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж ажлын хэсэг манай барилгыг ашиглалтад оруулсан. Манай компани нь тэрнээс хойш үйл ажиллагааг тогтмол явуулж хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж ажиллаж байна. Манай компани нь дээрх барилга байгууламжийг 523,122,437 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн ба хөрөнгө оруулалтын зардлыг халаалтын зардлаар нөхөхөөр тооцсон. Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20/12 дугаар тогтоолоор дулааны үнийг тогтоосон ба төсөвт байгууллагуудад 1 м.куб дулааныг 1298 төгрөгөөр борлуулах ёстой. Манай компани батлагдсан тарифын дагуу холбогдох тооцоог хийж төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг 2021 оны төсөвт суулгуулахаар аймгийн Засаг даргын орлогч, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр хандсан. Мөн сумын төвийн төсөвт байгууллагууд холбогдох тооцоог хийж 2021 оны төсөвт тусгуулахаар дээрх албан тушаалтнуудад хүргүүлсэн. Гэвч 2021 оны төсөв батлагдах үед халаалтын зардлыг төсөвт суулгаагүй, зөвхөн төсөвт байгууллагуудад өмнөх онуудад өгч байсан түлээ, нүүрсний зардлыг суулгаснаас манай компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж хохирч байгаа учир эрх ашгаа хамгаалуулахаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Манай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир дээрх шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2021/0046 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дагуу 2022 оноос халаалтын зардлыг төсөвт тодорхой хэмжээгээр суулгаж өгч ажлаа хэвийн явуулах боломж дөнгөж бүрдэж эхэлж байна.

2.4. Х.Х- нь Б сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд албаны бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд манай компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, нэгдсэн халаалтын төвийн барилга байгууламж барьж ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурж байсан. Энэ нь манай компани Х.Х-ыг ажилд авах үндэслэл болохгүй. “Ах” ХХК-ийн нэрээр 45,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, халаалтын төсвийг батлуулсан, инженерийн цалин хөлсийг 2022 оны төсөвт нэмж баталж өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Манай компани нэгдсэн халаалтын төвийг барьж байгуулсны дараа сумын төсөвт байгууллагуудад ажиллаж байсан бүх слесарь, галч нар шууд манай компанид шилжиж ирж ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж оронд нь өөр хүнийг авч ажиллуулах боломжгүй. Манай уурын зуух орчин үеийн технологиор үйлдвэрлэгдсэн учир олон хүн авч ажиллуулах шаардлагагүй байдаг. Компани олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж уурын зуухны барилга байгууламжийг ашиглалтад оруулсан учир хөрөнгө оруулалтаа нөхөхөөр ажиллах ёстой. Манай компанийн зөвлөх инженерээр мэргэжлийн инженер Ц.Б гэрээтээр ажиллаж байгаа учир тухайн орон тоонд Х.Х-ыг авч ажиллуулах ямар ч боломжгүй. Тэгээд ч хувийн хэвшлийн байгууллага хэнийг авч ажиллуулахаа өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой. Манай компани Х.Х-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, түүнийг ажилд авах талаар харилцан тохиролцсон зүйлгүй, түүнийг ажилд томилсон ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй. Бидний хооронд ямар нэгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж байгаагүй. Энэ тохиолдолд шүүхээс түүнийг ажилд авахыг даалгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00445 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х-ын хариуцагч “А” ХХК-ийн инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хавгаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бурээс нь үнэлээгүй, зөвхөн нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2. “А” ХХК нь Б сумын төсөвт байгууллагыг дулаанаар хангах хязгаарлагдмал компани. Нэгдсэн          халаалтын төсөвт зардлыг жилийн эцэст дараахь оны төсвийг аймгийн ИТХ-аар батлуулан төсөвт байгууллагын төсөвт тусгадаг. Баталж өгсөн 2022 оны төсөвт халаалтын удирдлага, инженер техникийн ажилтан, галч, нүүрс тээврийн гэх бүх зардлыг багтаан баталж өгдөг. Төсөв баталсанаар “А” ХХК-нд 12 ажилчин гэрээгээр ажиллаж байгаа ба инженерээр Ц.Б ажиллаж байгаа гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа, мөн одоо хүртэл цалин олгосон ямар нэгэн эрхийн акт нотлох баримтгүй. Нэгэнт улсын төсвөөс олгож байгаа учраас төсвийн еренхий захирагч иь аймгийн Засаг даргын эрх мэдлийн асуудал. Анх нэгдсэн халаалтанд холбогдоход уг ажлыг мэргэжлийн байгууллагын зөвшөөрлийн дагуу “Зэгт” ХХК гүйцэтгэж дууссан.

4.3. 2017 онд миний бие Б сумын Засаг даргаар ажиллаж байсан ба төсвийн ерөнхийлөн захирагчийн гэрээгээр мэргэжлийн байгууллагаар зураг төсвөө хийлгэж, тусгай зөвшөөрөлтэй Зэгтийн туслах гүйцэтгэгчээр хөрөнгө оруулалтаар “А” ХХК-ийг “Ах” ХХК-ны хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн нь тухайн үеийн холбогдох гэрээ байгуулсан нь материалаар нотлогдож байна.

4.4. Анхан шатны  шүүхийн шүүгчийн “А” ХХК-ны сонгож авч ажилуулах эрх нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал гэж хамгаалсан байна. “А” ХХК-ийн захирал К.М нь шүүх хуралдааны үед нэгдсэн халаалтанд инженер ажиллах ёстой гэж хэлж баталж өгсөн. Ц.Б гэдэг хүнтэй гэрээгээр ажиллаж байгаа талаар мэдэгдсэн боловч шүүх хуралдааны үед К.М нь тус компанид Ц.Б ажиллах талаар огт юм яриагүй ба юу хийж байгаа талаар мэдэхгүй гэж хариулсан. Анхан шатны шүүхийн шүүгч орон тоо, бүтэцтэй холбоотой нотлох баримтыг тал бүрээс нь судлан ажиллаж байгаа мөн авч байгаа цалин хөлс, Ц.Бийн тушаал гэрээ зэргийг үндэслэх ёстой. К.М-ы тайлбар худал бүхий аман хэлбэрээр шүүх хуралдаанд тэмдэглүүлснийг нотлох баримтаар үнэлж, шүүгчийн гаргасан шийдвэрт нийцэхгүй байгаа юм.

4.5. Анх бид Б суманд нэгдсэн халаалтыг барихдаа хамтран ажиллаж хамтарч хөрөнгө оруулалт хийсэн банкны баталгаа, гэрээнүүдийн талаар дүгнэлт хийх ёстой. Хамтран ажиллах гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар тодохойлсон байдаг.Төсвийн ерөнхий захирагч аймгийн Засаг дарга жилийн эцэсг 2022 оны төсвөө баталж инженерийн орон тоог судлан үзэж тухайн 9 дүгээр сард Улсын комисс ашиглалтанд авсан 2021 онд 136.0 сая, 2022 онд 245 сая төгрөгийг баталж өгсөн ба тухайн “А” ХХК-ний захирал К.М орон тоо бүтцийг хуулийн дагуу зохицуулан ажиллуулах үүрэгтэй.

4.6. Бидний гаргаж өгсөн нотлох баримтыг хамааралгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль үндэслэлгүй.Төсвийн ерөнхий захирагч тухайн гэрээгээр ажиллаж байгаа. Гэрээгээр халаалтыг ажиллуулж байгаа Баяннуур, Буянт, Цэнгэл, Улаанхус сумуудын халаалтын системд орон тооны ИТА ажиллуулж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулан, “А” ХХК-ийн инженерээр авч ажиллуулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.  

 

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Х.Х-ын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн иргэний хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

6. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            7. Нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл Х.Х- нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан “инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Миний бие Б сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2017 онд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу төсөвт байгууллагуудыг мөн сумуудыг нэгдсэн халаалтад холбоход санаачлан төсөвт байгууллага болох З ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр А ХХК болон Ах ХХК-нд хөрөнгө оруулалт хийж 2017 онд сургууль, засаг даргын Тамгын газар, хүн эмнэлэг, соёлын төвийн гадна шугамыг нэгдсэн халаалтад жилийн эцэст холбосон. Энэ хугацаанд миний бие төсвийн ерөнхий захирагчийн хувьд тухайн үед халаалтын байрны газрын зөвшөөрөл холбогдох эрхийн акт, үүнд шаардагдах зуухыг Барнаул хотоор хамтран гэрээ хийж тухайн үед төрийн банкнаас Ах ХХК-ийн нэрээр 45 сая төгрөгийн зээл авч хөрөнгө оруулалт хийсэн. 2022 оны 01 дүгээр сараас эхэлж Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орж шинэчлэгдсэний дагуу үйл ажиллагаа явуулж, орон тоо бүтэц, цалин хөлсийг нэмж төсөвт баталж өгсөн. Улмаар 2022 оны 01 дүгээр сараас эхлэн тус компанийн захирал К.М-д биечлэн очиж танилцуулахад төсөв орж ирэхээр намайг ажилд авахаар болж тохироод явж байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үед цалин хөлс хүрэлцэхгүй байгаа мэтээр янз бүрийн шалтаг заасан хариу өгсөн. Үүний дагуу төсвийн ерөнхий захирагч аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1-01/175 дугаартай албан бичгээр Х.Х-ын гаргасан өргөдлийг судлан үзээд танай байгууллагад гарч буй инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг санал болгож уламжлуулсан албан тоот өгсөн. Гэтэл А ХХК-ийн захирал нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай албан бичигт манай компанид инженерийн болон одоогийн байдлаар ямар нэгэн сул орон тоо байхгүй гэсэн ба Х.Х-ыг авч ажиллуулах боломжгүй гэж хариу өгсөн” гэж тайлбарлажээ.

            Харин хариуцагч “А” ХХК-ийн захирал К.М нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Б сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд албаны бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд манай компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, нэгдсэн халаалтын төвийн барилга байгууламж барьж ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурж байсан. Энэ нь манай компани Х.Х-ыг ажилд авах үндэслэл болохгүй. Ах ХХК-ийн нэрээр 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, халаалтын төсвийг батлуулсан, инженерийн цалин хөлсийг 2022 оны төсөвт нэмж баталж өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Манай компани нэгдсэн халаалтын төвийг барьж байгуулсны дараа сумын төсөвт байгууллагуудад ажиллаж байсан бүх слесарь, галч нар шууд манай компанид шилжиж ирж ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж оронд нь өөр хүнийг авч ажиллуулах боломжгүй. Манай уурын зуух орчин үеийн технологиор үйлдвэрлэгдсэн учир олон хүн авч ажиллуулах шаардлагагүй байдаг. Хувийн хэвшлийн байгууллага хэнийг авч ажиллуулахаа өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой. Манай компани Х.Х-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, түүнийг ажилд авах талаар харилцан тохиролцсон зүйлгүй, түүнийг ажилд томилсон ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй. Бидний хооронд ямар нэгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж байгаагүй. Энэ тохиолдолд шүүхээс түүнийг ажилд авахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбар гарган маргажээ.

 

8. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэгч Х.Х- болон хариуцагч “А” ХХК нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэхтэй холбоотой харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч Х.Х-ын “А” ХХК-ийн инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуульд болон баримтад үндэслэгдээгүй, илт үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгч Х.Х- болон хариуцагч “А” ХХК-ийн хооронд ямар нэгэн хөдөлмөр эрхлэлтийн буюу эрх зүйн харилцаа байгаа эсэх нь тогтоогдохгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Тодруулбал нэхэмжлэгчээс түүнийг “А” ХХК-ийн инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь хууль болон гэрээгээр Х.Х-ыг инженерийн сул орон тоонд авч ажилуулах үүрэг хүлээсэн, эсхүл Х.Х- нь хариуцагч хуулийн этгээдийн орон тооны ажил эрхэлж байгаад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн гэх үйл баримт хэргээс тогтоогдоогүй болно.

 

10. Х.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гомдлыг хүлээж аваагүй тул төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                       

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ