Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 20

 

 

     2022          07           06                                    206/МА2022/00020

 

 

 

“******* банк” ХХК-ийн Ховд Баян-бүрд тооцооны төвийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2022/00308 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн *******т сумын ******* багт байрлах, “******* банк” ХХК /РД:*******/-ийн Ховд-******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Ховд, *******т, ******* баг, ******* , 3 гудамж байр 9 тоотод оршин суух, овогт ын *******, Ховд, *******т, ******* баг, ******* , 3 гудамж байр 9 тоотод оршин суух, овогт гийн нарт холбогдох,

 

“Өөрийн эх үүсвэрийн Орон сууцны зээлийн гэрээний үндсэн төлбөр 66,662,042.51 төгрөг, зээлийн хүү 17,212,144.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,157.73 төгрөг, нийт 83,886,343.91 /наян гурван сая найман зуун наян зургаан мянга гурван зуун дөчин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: Өөрийн эх үүсвэрийн Орон сууцны зээлийн гэрээний үндсэн төлбөр 66,662,042.51 төгрөг, зээлийн хүү 17,212,144.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,157.73 төгрөг, нийт 83,886,343.91 /наян гурван сая найман зуун наян зургаан мянга гурван зуун дөчин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай.

 

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: ын *******, гийн нар нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ******* банктай ЗГ5615105317 дугаарт зээлийн гэрээ байгуулж 67,800,000.00 /жаран долоон сая найман зуун мянга/ төгрөгийг 15,6% хувийн хүүтэйгээр 240 /хоёр зуун дөчин/ сарын хугацаатай Өөрийн эх үүсвэрийн Орон сууцны зээл авсан болно. Зээлдэгч нь ЗГ5615Ю5317 дугаарт Зээлийн гэрээний эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: Зээлийн үндсэн төлбөр - 66,662,042.51 төгрөг

Зээлийн хүү- 17,212,144.94 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү - 12,157.73 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж - 577,381.73 төгрөг, нийт 84,463,726.91 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.

 

2.1. Хариуцагчийн татгалзлал: Хариуцагч Б.*******, Л. нар нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Бид нар ипотекийн зээлд хамрагдах боломжтой бол Ховд аймгийн ******* багийн 3 дугаар гудамж 308 дугаар байрны 09 тоот 3 өрөө байрыг м.кв-ийг 1 сая төгрөгөөр үнэлж бол худалдан авах сонирхолтой байгаагаа барилгын компанийн захирал Р.Хаш-Эрдэнэд хэлэхэд тэрээр ******* банктай манайх хамтран ажилладаг тул би Энхболд гэдэг хүнтэй яриад бүтээгээд өгнө, чи очоод уулзаарай" гэсэн.

Ингээд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* банкны Ховд аймгийн ******* салбарын эдийн засагч Л.*******, Л.Энхболд нартай уулзаж ипотекийн 0,8 хувийн зээлд хамрагдъя гэсэн хүсэлт тавьсан.Тухайн үед Энхболд, Л.******* нар нь манай байрыг өөрийн эх үүсвэрээр эхний ээлжид гаргаад хөрвүүлж байж ипотект хамруулдаг журамтай болсон.

Шууд ипотект хамруулах журам байхгүй тул заавал өөрийн эх үүсвэрийн зээлийг гаргаад 3 сарын дараа ипотекийн зээл рүү хөрвүүлнэ гэсэн. Би дээрх тэр хүсэлтийг хүлээн зөвшөөрч 3 сар тухайн зээлийг төлөөд ******* банкны эдийн засагчтай очиж уулзахад миний дансны хуулга болон иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад ипотекийн зээлд хөрвүүлэхээр бичиг баримтыг чинь явуулсан гээд жил гаруй болсон.

 

2.2 Хариуцагч бид цар тахал буюу Корона вирус гарснаас шалтгаалан уул уурхайн тээвэрлэлтийн ажил зогсож, эдийн засгийн хямралд өртөж зээлээ төлөх чадваргүй болсон. Иймд тухайн зээлийн хүүг зогсоох буюу хойшлуулах талаар мөн зээлийн төлөлтөө багасгаж зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж өгөх талаар хүсэлтийг 2-3 удаа гаргаж эдийн засагч Л.*******т материалаа бүрдүүлж өгсөн боловч тухайн бүрдүүлж өгсөн материалыг алга хийчихээд амралтаа аваад явсан байсан.

Мөн бусад хүсэлтийг шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсаар байсан. Ингээд бүр болохоо байхаар нь дахин шинэчилсэн гэрээ хийж сард 2 сая гаруй төгрөг төлүүлэхээр хуваарь гаргахаар нь би төлж чадахгүй тул шүүхэд хандаарай гэхэд огт хандалгүй жил болсны дараа шүүхэд хандсанд гомдолтой байна.

2.3 Хэрвээ тухайн үед намайг зээл төлөх чадваргүйг мэдсээр байж дахин дахин өндөр хүүг тооцож хугацаа алдаж нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2022/00308 дугаар шийдвэрээр:

 

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******, Л. нараас үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 8,606,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,155.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 8,606,072 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

3.2 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Ховд аймгийн *******т сум, 7 дугаар багт байршилтай, ******* , 3 гудамж, байр, 9 тоот, улсын бүртгэлийн Ү-1617005688 дугаартай, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,381 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.*******, Л. нараас 534,351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 ******* банк нь ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.*******, Л.******* нарт албан ёсоор мэдэгдэх хуудас өгч, гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн гэх асуудлаар хандаж байснаа шүүхэд нотолж чадаагүй, энэ талаар үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдоогүй.

4.2 Мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т дараах тохиолдолд банк өөрийн санаачилснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө  цуцлаж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна, 4.4.1-д зээлдэгчийн энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй гэж заажээ.

Энэхүү гэрээний зохицуулалтаар, зээлдэгч нар 2020 оны 01 дүгээр сараас хойш гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй учир банк зээлийн гэрээг цуцалж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах байсан боловч ямар нэгэн шалтгаангүйгээр хууль ёсны эрх ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд хандаагүй байна.

4.3 Нөгөө талаар 2020, 2021 онуудад Монгол улсад Корона вирусын тохиолдол бүртгэгдэж, энэхүү цар тахлын улмаас хил, гааль, хаагдах иргэн, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллаа тодорхой хэмжээгээр тасалдаж, хүндрэл учирсан нь нийтэд илэрхий болно.

4.4 Нэхэмжлэгч ******* банк ХХК зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар шүүхэд хандаагүйгээс болж зээлийн хүү, хуримтлагдсан хүү их хэмжээтэй бий болсон, мөн дэлхий нийтээр цар тахлын улмаас иргэн, аж ахуй нэгж байгууллагын ажил, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү болох 17,212,144,94 төгрөгийг 50 хувиар багасгаж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

4.5 Зээлийн гэрээни өөрчлөлтүүдийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд зээлийн төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулахыг судалгааны нэгж болон хэлэлцүүлэх хороодоор хэлэлцүүлэн зээлийн гэрээ болон график төлбөрүүдийг өөрчилсөн боловч зээлдэгч нар гарын үсэг зурж гэрээгээр баталгаажуулаагүй.

4.6 Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

5.1 Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тусдаа байгуулагдсан бөгөөд анхны зээлийн гэрээнд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон. Тухайн нэмэлт өөрчлөлтийн дагуу барьцааны гэрээгч мөн энэхүү нэмэлт өөрчлөлтийг тусгах үүрэгтэй бөгөөд ийм зүйл огт хийгдээгүй байхад тухайн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

5.2 Шүүх талуудын барьцааны гэрээнээс илүүтэйгээр барьцаалбарыг талуудын хоорондох хүсэл зоригийн илэрхийлэл мөн гэж үнэлсэн нь ойлгомжгүй байна.

5.3 Хариуцагч нар нь 88м.кв байрыг өндөр хүү бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Энэхүү барьцааны гэрээ нь дүр үзүүлэн хийсэн, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн байх боломжтой тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

5.4 Мөн шүүх хэргийн оролцогчийн болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд орох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийн оролцогч талуудын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

             6. Нэхэмжлэгч “******* банк” ХХК нь  үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 8,606,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,155.73 төгрөг, мөн Ховд аймгийн *******т сум, 7 дугаар багт байршилтай, ******* , 3 гудамж, байр, 9 тоот, улсын бүртгэлийн Ү-1617005688 дугаартай, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг  Б.*******, Л. нарт холбогдуулан гаргажээ.

 

7.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлохоор “******* банкны улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* банк ХХК-ийн Ховд ******* тооцооны төв  хариуцагч Б.*******, Л. нартай   2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр   ЗГ5615105317 дугаартай “Өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 240 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр 67,800,000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Ховд аймгийн *******т сумын 5 дугаар баг, Буянт Цэцэрлэгт хүрээлэн, 166 байр, 8 тоот хаягт байршилтай, 52,65 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1617005688 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр” үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан ЗБ5615105317 дугаартай Ипотекийн гэрээ, мөн ЗБ5615105317 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Б.*******, Л. нарын зээлийн эргэн төлөлтийн график болон тэдний зээлийн дансны хуулга, “Ховд аймгийн *******т сумын 7 дугаар баг, ******* , 3 гудамж, байр 9 тоот, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  Ү-1617005688 дугаарт бүртгэсэн улсын  гэрчилгээ болон уг эд хөрөнгийг №84-39383 дугаартай Барьцаалбараар улсын бүртгэлд  бүртгэсэн бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд ирүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар  нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ  биелүүлсэн, түүний шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

8. Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Б.*******, Л. нар нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлэгч ******* банктай ЗГ5615105317 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 67,800,000 төгрөгийг 15,6 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай банкны өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээл авчээ. Зээлдэгч нар гэрээний эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, хүүг төлөөгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 17,212,144.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,157.73 төгрөг, нийт 83,886,346.91 төгрөгийг нэхэмжилж байгаа, харин  ЗБ5615105317 дугаартай Ипотекийн гэрээний 2 дахь хэсгийн “Барьцаа хөрөнгийн мэдээлэл” гэх хүснэгтийн 2-т   буюу “Байршил, хаяг, талбайн хэмжээ” гэх хэсэгт “Ховд аймгийн *******т сумын 5 дугаар баг, Буянт Цэцэрлэгт хүрээлэн, 166 байр, 8 тоот хаягт байршилтай, 52,65 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай  үл хөдлөх хөрөнгө” гэж тусгагдсан нь техникийн шинжтэй алдаа гэж тайлбарлан үндэслэлээ зээлдэгч нарын барьцаалбар хөрөнгө нь “Ховд аймгийн *******т сумын 7 дугаар баг, ******* , 3 гудамж, байр 9 тоот, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө юм.Энэ орон сууцыг “Ү-1617005688 дугаарт бүртгэсэн улсын гэрчилгээ болон уг эд хөрөнгийг №84-39383 дугаартай Барьцаалбараар улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа гэж тайлбарлаж байна.

 

9. Хариуцагчийн төлөөлөгч Г.Батзаяа нь “Хариуцагч нар том машинтай цар тахал буюу Корона вирус гарснаас шалтгаалан тээвэрлэлтийн ажил зогсож, эдийн засгийн хямралд өртөж, зээлээ төлөх чадваргүй болсон байсан одоо тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргасан мөнгийг төлнө.

Харин барьцаалбарын хувьд “Ховд аймгийн *******т сумын 5 дугаар баг, Буянт Цэцэрлэгт хүрээлэн, 166 байр, 8 тоот хаягт байршилтай, 52,65 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай  үл хөдлөх хөрөнгө”- ийг барьцаалбар болгосныг талууд гэрээ хийхдээ мэдэж байсан, яагаад гэвэл барьцаалбарын хөрөнгө 80 м2 талбайгаас  дээш бол Ипотекийн зээл гарахгүй учраас орон сууцны метр квадратыг багасгаж гэрээ байгуулсан тул зээлдэгч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Ховд аймгийн *******т сумын 7 дугаар баг, ******* , 3 гудамж, байр 9 тоот, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй.  Түүнчлэн   хариуцагч  тал нь   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй  байна.

 

10. Хэргийн 5 дугаар талд авагдсан зээлийн гэрээний талаар талууд маргаагүй. Харин зээлдэгч нь ипотекийн гэрээнд зээлдүүлэгчтэй харилцан тохиролцож байрны байршил хаягийг буруу тэмдэглүүлсэн гэж маргаж байгаа  боловч талууд  2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ5615105317 дугаартай ипотекийн гэрээ байгуулж Ховд аймгийн *******т сумын 7 дугаар баг, ******* , 3 гудамж, байр 9 тоот, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* банканд барьцаалсан нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх ипотекийн гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн   үйлдэж гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

11. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ5615105317 дугаартай зээлийн гэрээг нэхэмжлэгч талын санаачилгаар цуцалж, хариуцагч Б.*******, Л. нараас зээлийн гэрээний гүйцэтгэлд  үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 8,606,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,155.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 8,606,072 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд тус тус  нийцжээ.

 

12. Нэхэмжлэгч нь “нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү 17.212.144.94 төгрөгийг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй” гэж, хариуцагчийн өмгөөлөгч нь “Ховд аймгийн *******т сумын 7 дугаар баг, ******* , 3 гудамж, байр 9 тоот, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны“Ховд аймгийн *******т сумын 7 дугаар баг, ******* , 3 гудамж, байр 9 тоот, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.

 

13. Анхан шатны шүүх 2020, 2021 онуудад Монгол Улсад Коронавирусийн тохиолдол бүртгэгдэж, энэхүү цар тахлын улмаас хил, гааль хаагдсан, орон нутгийн зорчигч тээвэр үйлчилгээ зогссон, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үйл ажиллагаа тасалдаж, хүндрэл учирсан нь нийтэд илэрхий байсан гэж үзэн, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар шүүхэд хандаагүйгээс болж зээлийн хүү, хуримтлагдсан хүү их хэмжээтэй бий болсон, мөн дэлхий нийтээр цар тахлын улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ажил, бизнесийн үйл ажиллагаанд хүнд нөхцөл байдал тохиолдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 17,212,144.94 төгрөгийг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

14. Мөн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд тэдний өмчлөлийн Ховд аймгийн *******т сум, 7 дугаар багт байршилтай, ******* , 3 гудамж, байр, 9 тоот, улсын бүртгэлийн Ү-1617005688 дугаартай, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн  нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэх  заалтад тус тус нийцсэн, анхан шатны шүүх  Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152647 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2022/00308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,647 төгрөг, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг тус тус төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР

 

                              ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                           С.ӨМИРБЕК

                                                                   

                              ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                           Н.ТУЯА