Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00211

 

Д.Сандагбазарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/05937 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1988 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Сандагбазарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Гангар орд” СӨХ-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Сандагбазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 05 дугаар сарын 25-нд “Гангар орд" СӨХ-той 3 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Ногоон төгөл хотхоны 75 дугаар байранд ресепшнээр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, 2015 оны 08 дугаар сарын 25-наас эхлэн хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгасан. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16/69 дугаартай захирлын тушаалаар орон тооны цомхтгол гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал, ажлын хариуцлага алдаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд ажлаас үндэслэлгүй халсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Цалин гаргуулахтай холбоотойгоор нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Гангар орд” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хоорондын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ байгаа. Энэхүү гэрээний 1.1.12 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа заасан. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3 дахь хэсэгт хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан. Хэрвээ ажил олгогч, ажилтан нь 30 хоног, 45 хоногийн хугацаанд мэдэгдсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон гэж ойлгоно. Иймд манай талаас гэрээ цуцлах мэдэгдлийг хуульд зааснаар өгсөн байгаа. Мөн бүтэц, орон тоо, зохион байгуулалт өөрчлөгдсөн. Энэ үндэслэлээр 3 ажилтныг ажлаас халах тушаал 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Энэ тушаалын хэрэгжилт 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэрэгжихээр заасан. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хамгаалалтын компанитай гэрээ байгуулсан, хуучин ажилчид нь мэргэжлийн харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж чадахгүй байсан учир ийм шийдвэр гаргасан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа учир бид хуулийн дагуу мэдэгдэл өгөх ёстой. Урьдчилсан байдлаар хуулийн шаардлага хангуулах мэдэгдлийг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/05937 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сандагбазарыг “Гангар орд” СӨХ-ны 75 дугаар байрны ресепшний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Гангар Орд” СӨХ-оос 2.101.086 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сандагбазарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг “Гангар Орд" СӨХ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сандагбазарт буцаан олгож, хариуцагч “Гангар Орд” СӨХ-ноос 48.567 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1988 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/05937 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэг” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч “Гангар Орд” СӨХ нь иргэн Д.Сандагбазартай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилтнаар авч ажиллуулсан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох талаар гэрээний 1.1.12-т зааж талууд харилцан зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гэрээг дахин сунгахгүй болсон талаарх мэдэгдлийг Д.Сандагбазарт хуульд заасан журмын дагуу өгсөн. Уг өдрөөс хойш талуудын хооронд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь цалин хөлс төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасны дагуу ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд сунгах эсэх нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа хэзээ эхэлж, хэзээ дууссан талаар гэрээнд тодорхой заасан байхад шүүх хөдөлмөрийн гэрээ ямар хугацаагаар байгуулагдсан нь тодорхой бус, ...хөдөлмөрийн гэрээний хугацааг бодитойгоор тодорхойлох боломжгүй байдалд хүргэсэн байна гэх ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Сандагбазарыг ажилд орсон өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Ажилтны туршилтаар ажилласан хугацааг ч мөн адил хөдөлмөрийн гэрээний нийт хугацаанд хамааруулж тооцох бөгөөд туршилтын хугацаа дуусснаас хойш хөдөлмөрийн гэрээний хугацааг тооцох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй юм. Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо ямар үндэслэл, журмаар тооцсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, урамшууллаас бүрдэхээр заасан. Нэмэгдэл хөлс нь ажилтны эцсийн үр дүн, гүйцэтгэсэн нэмэлт ажил үүрэгтэй холбоотой нэмэгдэл байдаг бол нэмэгдэл нь ажилтны мэргэжил ур чадвар, зэрэг дэв зэрэгт олгож буй мөнгө байдаг. Гэтэл Г.Сандагбазарт 5 дугаар сард ээлжийн амралтын олговор буюу цалин хөлсөнд хамаарахгүй ...төгрөг олгосон байхад түүнийг цалин хөлсөнд хамааруулан тооцож ажил олгогчоос гаргуулах дүнг тогтоосон. Мөн сүүлийн 3 сарын цалингийн дундажаар тухайн ажилтны дундаж цалинг тооцож байгаа нь хууль бус болжээ. Сүүлийн 3 сарын дундаж цалингаар тухайн ажилтны дундаж цалинг тооцох талаар зохицуулалт байхгүй бөгөөд ажилтны дундаж цалин сүүлийн 12 сарын буюу 1 жилийн цалин хөлсний дундажаар тооцож холбогдох тэтгэмж, олговрыг тооцдог. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн эрх зүйн маргаанаас үүдэлтэй шаардах эрхийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Сандагбазар нь хариуцагч “Гангар Орд” СӨХ-д холбогдуулан ресепшний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.  

Ажил олгогчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №16/69 тоот тушаалаар Д.Сандагбазарыг 75 дугаар байрны ресепшний албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “байгууллагын орон тоо, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон” гэх үндэслэлийг заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Гангар Орд” СӨХ нь эрх бүхий этгээдийн ямар шийдвэрээр ажлын байрны орон тоог цөөрүүлсэн болохоо тайлбар, тушаалаас өөр баримтаар нотлоогүй байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үйл баримтыг тушаалын үндэслэлд заагаагүй тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан явдал нь гэрээг цуцлах үндэслэл, шалтгаан болохгүй, хариуцагчийн энэ талаарх тайлбар, татгалзал ач холбогдолгүй байжээ. Түүнээс гадна ресепшний орон тоо нь байнгын ажлын байр биш болохыг хариуцагч баримтаар нотлоогүй байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Гангар орд” СӨХ-ны даргын тушаал хуульд нийцэхгүй тул ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна. Шүүх ажилтны цалингийн дундаж хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тодорхойлжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1988 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Гангар орд” СӨХ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА