Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1988

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/05937 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ СӨХ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2015 оны 05 дугаар сарын 25-нд “ХХ" СӨХ-той 3 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, “Ногоон төгөл” хотхоны 75 дугаар байранд ресепшинээр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, 2015 оны 08 дугаар сарын 25-наас эхлэн хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгасан. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16/69 дугаартай захирлын тушаалаар орон тооны цомхтгол гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал, ажлын хариуцлага алдаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд ажлаас үндэслэлгүй халсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Цалин гаргуулахтай холбоотойгоор нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "ХХ" СӨХ-ны тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хоорондын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ байгаа. Энэхүү гэрээний 1.1.12 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа заасан. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан. Хэрвээ ажил олгогч, ажилтан нь 30 хоног, 45 хоногийн хугацаанд мэдэгдсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон гэж ойлгоно. Иймд манай талаас гэрээ цуцлах мэдэгдлийг хуульд зааснаар өгсөн байгаа. Мөн бүтэц, орон тоо, зохион байгуулалт өөрчлөгдсөн. Энэ үндэслэлээр 3 ажилтанд ажлаас халах тушаал 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Энэ тушаалын хэрэгжилт 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэрэгжихээр заасан. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хамгаалалтын компанитай гэрээ байгуулсан, хуучин ажилчид нь мэргэжлийн харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж чадахгүй байсан учир ийм шийдвэр гаргасан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа учир бид хуулийн дагуу мэдэгдэл өгөх ёстой. Урьдчилсан байдлаар хуулийн шаардлага хангуулах мэдэгдлийг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хыг “ХХ" СӨХ-ны 75 дугаар байрны ресепшиний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “ХХ" СӨХ-оос 2 101 086 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг “ХХ" СӨХ-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар бүхий данснаас гаргуулж, нэхэмжлэгч Хт буцаан олгож, хариуцагч "ХХ" СӨХ-ноос 48 567 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "ХХ" СӨХ давж заалдах гомдолдоо: Иргэн Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох талаар гэрээний 1.12-т зааж талууд харилцан зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гэрээг дахин сунгахгүй болсон талаарх мэдэгдлийг Хт хуульд заасан журмын дагуу өгсөн. Уг өдрөөс хойш ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь цалин хөлс төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-т заасны дагуу ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд сунгах эсэх нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа хэзээ эхэлж, хэзээ дууссан талаар гэрээнд тодорхой заасан байхад шүүх хөдөлмөрийн гэрээ ямар хугацаагаар байгуулагдсан нь тодорхой бус, хөдөлмөрийн гэрээний хугацааг бодитойгоор тодорхойлох боломжгүй байдалд хүргэсэн байна гэх ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хыг ажилд орсон өдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Ажилтны туршилтаар ажилласан хугацааг ч мөн адил хөдөлмөрийн гэрээний нийт хугацаанд хамааруулж тооцох бөгөөд туршилтын хугацаа дууссанаас хойш хөдөлмөрийн гэрээний хугацааг тооцох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо ямар үндэслэл, журмаар тооцсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, урамшууллаас бүрдэхээр заасан. Нэмэгдэл хөлс нь ажилтны ажлын эцсийн үр дүн, гүйцэтгэсэн нэмэлт ажил үүрэгтэй холбоотой нэмэгдэл байдаг бол нэмэгдэл нь ажилтны мэргэжил ур чадвар, зэрэг дэв зэрэгт олгож буй мөнгө байдаг. Гэтэл Хт 5 дугаар сард ээлжийн амралтын олговор буюу цалин хөлсөд хамаарахгүй мөнгө олгосон байхад түүнийг цалин хөлсөд хамааруулан тооцож ажил олгогчоос гаргуулах дүнг тогтоосон. Мөн сүүлийн 3 сарын цалингийн дундажаар тухайн ажилтны дундаж цалинг тооцож байгаа нь хууль бус болжээ. Сүүлийн 3 сарын дундаж цалингаар тухайн ажилтны дундаж цалинг тооцох талаар зохицуулалт байхгүй бөгөөд ажилтны дундаж цалин сүүлийн 12 сарын буюу 1 жилийн цалин хөлсний дундажаар тооцож холбогдох тэтгэмж, олговрыг тооцдог. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 101/ШШ2016/05937 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан талуудын хоорондох хөдөлмөрийн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-г хэрэглэсэн нь тусгайлсан зохицуулалт бүхий хуулийг тухайн харилцаанд хэрэглэх хууль хэрэглээний үндсэн зарчимд нийцээгүй байхаас гадна уг маргааныг зохицуулсан хуулийг хэрэглэсэн атлаа ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт давхар баримталж хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул зөвтгөж өөрчлөх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХ СӨХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч ХХ СӨХ нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №16/69 тоот тушаалаар Хыг 75 дугаар байрны ресепшний ажил үүргээс чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан байгууллагын орон тоо, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба тэрээр шүүхэд “орон тоо хасагдсан талаар бичгээр мэдэгдсэн, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэсэн тайлбар гаргаж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч ХХ СӨХ нь нэхэмжлэгч Хт 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ажлын байрны орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан “.., ажилтны тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ” гэсэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах журмыг зөрчжээ.

 

            Түүнчлэн хариуцагч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарладаг боловч энэ үндэслэлээр ажлаас халаагүй байхаас гадна гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байхад үүнээс 2 хоногийн дараа, өөр үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.

 

Иймд ажилтан Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажаар тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 101 086 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин шүүх Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ гэж үзэв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/05937 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэг” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХ СӨХ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 570 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

                                                                                       А.МӨНХЗУЛ