Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01487

 

 

 

 

 

 

 

 

М.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01549 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ц ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б , Х.Т нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 42,737,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: М.Ц нь 2021 оны 09 сарын дундуур ажил хэргийн шугамаар таньдаг А.Б гийн гуйсны дагуу 10,000 ам.долларыг гэрээ байгуулж зээлдүүлсэн. А.Б нь найз Х.Т гийн хамт 2 сар 11 хоногийн хугацаатай 1 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирч зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийхгүй хохироосоор байгаа тул хариуцагч нараас 42,737,550 төгрөгийг хувь тэнцүүлж гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч А.Б гийн хариу тайлбарын агуулга: А.Б нь найз Х.Т гээр дамжуулж зээл авахуулсан. М.Ц аас 10,000 ам.доллар зээлж авсан ба уг мөнгийг бэлнээр авч хэрэглэсэн. Тэгэхээр А.Б өөрөө тухайн мөнгийг төлнө. Х.Т нэг ч төгрөг аваагүй тул түүнийг хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд маргаан байхгүй.

 

3.   Хариуцагч Х.Т гийн хариу тайлбарын агуулга: Би найз А.Б д тусалж, М.Ц тай холбоо барьж мөнгө зээлж авсан. Гэхдээ би тухайн мөнгийг аваагүй бөгөөд түүнийг төлөх үндэслэлгүй. А.Б нь мөнгөө бэлнээр авч ашигласан тул надаас зээлийн төлбөр төлүүлэхээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б гаас зээлийн гэрээний үүрэгт 15,000 ам.доллар буюу 42,737,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Т д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б гаас 371,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц т олгож шийдвэрлэсэн.

 

5.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч А.Б , Х.Т нартай зээлийн гэрээ байгуулж зээл өгсөн боловч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Х.Т, А.Б нарыг хариуцагчаар тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.б. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан боловч нэхэмжлэгчийг А.Б тай зээлийн гэрээ байгуулсан байна гэж үзэж хариуцагч Х.Т д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч М.Ц нь иргэн А.Б г огт танихгүй түүнтэй ямар ч талын харилцаагүй юм.

5.в. Харин иргэн Х.Т г ажил хэргийн шугамаар таньдаг бөгөөд Х.Т нь та мөнгө зээлдүүлээч, найзтайгаа юм хийх гэсэн юм гэж гуйсан тул түүнд итгэж барьцаагүй зээлийн гэрээ байгуулж мөнгийг Х.Т д өгсөн байдаг. Тухайн зээлийг зөвхөн Х.Т д итгэж өгсөн бөгөөд Х.Т нь төрд хариуцлагатай ажил эрхэлдэг нь түүнд итгэх шалтгаан болсон байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Х.Т д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Х.Т д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, А.Б д зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. А.Б нь би найз Х.Т гээр дамжуулан М.Ц аас 10,000 ам.долларыг зээлсэн ба уг мөнгийг би бэлнээр авч хэрэглэсэн. Би тухайн мөнгийг төлнө гэж, Х.Т нь би тухайн мөнгийг аваагүй бөгөөд түүнийг төлөх үндэслэлгүй. А.Б мөнгийг бэлнээр авч ашигласан гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн хавтаст хэргийн 16-р талд А.Б нь М.Ц аас авсан 10,000 ам.долларыг өөрөө төлж барагдуулна. Энэ мөнгийг Х.Т авч хэрэглээгүй нь үнэн гэж баталсан агуулга бүхий баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр зээлийн төлбөр болон хүү, алдангийг төлөх ёстой гэж Х.Т г хамаатуулж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Х.Т зээлийн төлбөрийг аваагүй, гэрээнд заасны дагуу хүү алданги төлөх үүргийг хүлээгээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу Х.Т дүр үзүүлж хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Зээлдүүлэгч нь Х.Т г таньдаг байсан гэх утгаараа зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг шаардсаны дагуу Х.Т гарын үсэг зурсан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч А.Б , Х.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 15,000 ам.доллар буюу 42,737,550 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нар зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин хэн зээлийн гэрээний үүргийг хариуцах талаар мэтгэлцсэн байна. Тодруулбал, хариуцагч А.Б нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, 10,000 ам.долларыг би авч, ашигласан тул би төлж барагдуулна гэсэн тайлбар, хариуцагч Х.Т нь зээлийн мөнгөн хөрөнгийг А.Б авч, ашигласан тул А.Б хариуцах ёстой, би зөвхөн найз М.Ц тай холбож өгсөн гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

 

3.   Хэргийн 5-р талд талуудын хооронд 2021 оны 09 сарын 18-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ авагдсан, уг гэрээнд зээлдүүлэгч М.Ц нь зээлдэгч А.Б, Х.Т нарт 10,000 ам.долларыг сарын 1 хувийн хүүтэй 2 сар 11 хоногийн хугацаатай зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлийг тусгажээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4.   Анхан шатны шүүх Зээлийн гэрээ-ний удиртгал хэсэгт зээлдэгч А.Б , Х.Т нарын нэр бичигдсэн, мөн Зээлийн гэрээ-ний зээлдэгч гэсний ард А.Б , Х.Т нар гарын үсэг зурсан зэрэг нөхцөл байдлуудыг анхааралгүй, хариуцагч нарын гаргасан тайлбарыг үндэслэж нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнг зөвхөн хариуцагч А.Б гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй, үндэслэл муутай болжээ.

 

Тодруулбал, хариуцагч А.Б , Х.Т нар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсныхаа хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид болно. Иймд нэхэмжлэгч М.Ц нь мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

 

Энэ тохиолдолд зээлийн мөнгөн хөрөнгийг аль зээлдэгч авч, ашигласан нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, уг үндэслэл нь хамтран үүрэг гүйцэтгэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

5.   Өмнө дурдсанчлан, хариуцагч нарын хэн аль нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн талаар маргаагүй, үнийн дүнгийн талаар давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч А.Б гаас 21,368,775 төгрөг, хариуцагч Х.Т гээс 21,368,775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц т тус тус олгосон өөрчлөлтийг оруулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01549 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б гаас 21,368,775 төгрөг, хариуцагч Х.Т гээс 21,368,775 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц т тус тус олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагч А.Б гаас 371.700 /гурван зуун далан нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг... гэснийг ...хариуцагч А.Б гаас 185,850 төгрөг, хариуцагч Х.Т гээс 185,850 төгрөг тус тус... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 371,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР