Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0779/з |
Дугаар | 337 |
Огноо | 2020-09-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 337
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын
Засаг дарга С.Я-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаартай “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0122 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 277 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Ч.М нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0122 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 75 дугаар зүйлийн 75.1, 75.3, 75.4, 75.6-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид заасан 4 үндэслэл тус бүрийг шалган тодруулсны үндсэн дээр Д.О-ын гомдлыг хангах, эсхүл эс хангах асуудлыг шийдвэрлэсэн шинэ захиргааны акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Д.О-ын гомдлыг хангах, эсхүл эс хангах асуудлыг шийдвэрлэсэн шинэ захиргааны актыг шүүхээс тогтоосон дөрөв хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичгийг хүчингүй болсонд тооцож тус тус шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 277 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга С.Я-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Д.Б миний бие Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 277 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “...заавал биелэгдэх үр дагавар бүхий захиргааны актад хамаарахгүй байна..., хууль зүйн зохицуулалтын хувьд ч “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй,... шийдвэрээ захиргааны акт биш болохоо хүлээн зөвшөөрсөн зэргээс үзэхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Нэгэнт захиргааны актад хамаарахгүй байх тул...,” гэж шүүхээс захиргааны акт биш гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5. Нэхэмжлэгч нь төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгч С.Я-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан, гадагш чиглэсэн, заавал биелэгдэх шинжтэй захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт мөн бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг зөвөөр үнэлэн дүгнэж шийдвэр гаргасан билээ.
7. Иймд төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаартай шийдвэр нь бүрэн эрхийн хүрээнд тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, эрх зүйн үр дагавар үүсгэж төрийн тусгай албан хаагчийн эрх ашигт шууд халдсан, захиран тушаах шинжийг агуулсан байгаа нь гадагш чиглэсэн захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Захиргааны актын гадагш чиглэсэн шинж гэдэг нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж заавал биелэх шинжээр илэрч байдаг. Хэдийгээр эрх, ашиг нь хөндөгдсөн нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа боловч энэхүү акт хуулийн дагуу хүчин төгөлдөр болж гомдол гаргах хугацаа дууссан тохиолдолд нэхэмжлэгчид хариуцлага тооцох эрх зүйн үр дагавар нь тодорхой заавал биелэгдэх шинжтэй байгаа юм.
9. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 277 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга С.Я-ээс “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаартай “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, “...Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 663 дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичиг ирүүлсэн,...албан бичгийн дагуу “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг гаргасан,...Гэтэл Төрийн албаны зөвлөл нь дээрх нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүй...Д.О-д сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг хэрэгжүүлэхийг тулгаж, биелүүлээгүй тохиолдолд Шивээговь сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус” гэж, хариуцагч нь “...маргаан бүхий захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэхийг талуудаас тайлбар авч, холбогдох нотлох баримт цуглуулж, шалгасан...Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичиг нь гадагш чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй тул захиргааны акт биш” гэж маргажээ.
12. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Д.О-д сахилгын шийтгэл ногдуулсныг тэрээр эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, хариуцагч уг гомдлыг хянаад 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хууль хэрэгжүүлжүүлэх тухай” 663 дугаар албан бичгээр “... 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон... захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийн хуулбарыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг” нэхэмжлэгч Засаг дарга С.Я-т мэдэгдсэн байна.
13. Нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар урьд гаргасан Б/09 дүгээр захирамжид өөрчлөлт оруулсныг, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс биелүүлсэн үйлдэл гаргасан гэж хариуцагч үзэн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлснийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
14. Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” зааснаар нэхэмжлэгч Шивээговь сумын Засаг дарга захиргааны хэргийн шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
15. Харин Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д “Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно”, 75.4-д “Маргаан үүсгэсэн тохиолдолд төрийн албаны төв байгууллагын хянан шалгах комисс дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 75.6-д “Энэ хуулийн 75.1-д заасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 1.1-д “Энэ журмын зорилго нь Төрийн албаны зөвлөл /Цаашид “Зөвлөл” гэх/ төрийн албанд томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5.1-д “Зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай дараах маргааныг хянан шийдвэрлэнэ:”, 5.1.6-д “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халсантай холбогдсон маргаан;”, 5.1.7-д “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдсон маргаан;” гэж тус тус зааснаар хариуцагч Д.О-ын гомдлын дагуу маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэж, хэрэв маргаан үүсгэсэн бол маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргах учиртай атал асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар бус гишүүний албан бичгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм.
16. Нэгэнт Төрийн албаны зөвлөлийн хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийг захиргааны хэргийн шүүх нөхөн хэрэгжүүлэх боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул дахин шинэ акт гарах хүртэл Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” №903 тоот албан бичгийг 4 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр буруу биш байна.
17. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хууль хэрэгжүүлжүүлэх тухай” 663 дугаар албан бичгээр “... 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон...Иймд Та өөрийн гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийн хуулбарыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс биелүүлсэн үйлдэл гаргасан гэж үзсэн тухайн тохиолдолд нэхэмжлэгчид хуулийн дагуу хариуцлага тооцох эрх зүйн үр дагавар шууд үүссэн байхад давж заалдах шатны шүүхээс “…маргаан бүхий актыг гадагш чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжгүй, заавал биелэгдэх үр дагаврыг агуулаагүй тул захиргааны акт биш” гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
18. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 277 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН