Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01547

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01547

 

Б.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/01642 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Жа

Хариуцагч: Н,

Хариуцагч: "Х УТҮГ-т холбогдох

Гэм хорын хохиролд 5,901,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жа, хариуцагч Х УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Жа 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 25 минутад Б.Сийгийн өмчлөлийн Тоёота Приус 20 маркийн, 00-00 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодон, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 дүгээр Цахилгаан станцын баруун уулзварын замд явж байхад нь Нын жолоодон явсан Тоёота Ланд круйзер 100 маркийн, 00-00 улсын дугаартай автомашин мөргөж, зам тээврийн осол гаргасан.

1.2. Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр Нын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэж, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас Нт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

1.3. Б.Жа нь Б.Сийгийн өмчлөлийн автомашинд учруулсан хохиролд 10,000,000 төгрөг нөхөн төлж, автомашиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан.

1.4. Иймд Н болон Тоёота Ланд круйзер 100 маркийн, 00-00 улсын дугаартай автомашины эзэмшигч Х УТҮГ-аас авто машинд учирсан хохиролд М ХХК-ийн үнэлгээгээр 5,020,300 төгрөг, үнэлгээний зардалд 240,500 төгрөг, автомашины оношилгооны төлбөрт 90,500 төгрөг, журмын хашааны төлбөр 220,000 төгрөг, тээврийн хэрэгслийг ачуулсан төлбөр 120,000 төгрөг, автомашины зогсоолын төлбөр 210,000 төгрөг, нийт 5,901,300 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Нын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Цагдаагийн байгууллага 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр намайг улаан гэрлээр орсон гэж буруутгасан боловч нотлох баримт олдоогүй, баримт байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Дотоод хэргийн их сургуулийн дүгнэлт нь өмнөх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн. Уг дүгнэлтэд Замын цагдаагийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын акт, ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэл үндэслэлтэй болох нь бичлэгээс тодорхой байна гээд Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 403 тоот дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өдрийн дүгнэлт учир дутагдалтай гэсэн. Мөн дүгнэлтэд ...зэргэлдээ эгнээнд чигээрээ яваа гүйцэгдэж байгаа автомашин шар гэрэл асахад зогсоод Ланд круйзер маркийн автомашин нэвтэрсэн байх боломжтой учир улаан гэрэл зөрчсөн гэх баттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн.

2.2. Иймд миний хувьд сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, гэм буруугүй болохыг тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Х УТҮГ-ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зам тээврийн осол гарч, 2 автомашин мөргөлдсөн хэргийн хариуцагч нь манай байгууллага биш. Манай байгууллага нь Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвд жолоочоор ажиллаж байсан Ныг Хд ажилд томилоогүй байгаа. Н нь Хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн жолоочийн ажлаас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн. Иймд шинээр байгуулагдсан Хийн чиг үүрэг нь өөрчлөгдсөн байгууллагын жолоочийн зөрчлийн хэргээс үүсэх хохирлыг нөхөн төлөх эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд Б.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Энэ хэргийн хариуцагч нар нь Н болон Х мөн байна. Н нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол гаргасан. 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Ныг буруутай гэж дүгнэсэн. Хариуцагч гэм буруутай, төлбөрийг төлнө гэж үзэж байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н, Х улсын төсөвт үйлдвэрийн газарт тус тус холбогдох гэм хорын хохиролд 5,901,300 төгрөг гаргуулах тухай Б. Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Жаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх бүрэлдэхүүн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 202207 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон Б.Жыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Дэлгэрүүлбэл, уг зам тээврийн осол нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 25 минутад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд нэхэмжлэгчид 5,901,300 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогддог, энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй. Түүнчлэн, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 403 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Тоёото Ланд круйзер 100 маркийн, 00-00 улсын дугаартай автомашины жолооч Ныг буруутай гэж үзээд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1908001498 /со-401/ тоот шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудас, шийдвэрийг эс зөвшөөрч Н гомдол гаргаагүй, энэ талаараа ч шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

6.1. Уг шийтгэлийн хуудсаар Ныг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 8.9 дэх заалтыг зөрчсөн гээд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Үүнээс дүгнэвэл, хариуцагч Нын гэм буруугийн асуудал 2019 онд шийдвэрлэгдсэн, шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас хүчинтэй байдаг. Гэтэл шүүх бүрэлдэхүүн эсрэгээрээ Б.Жыг зам тээврийн осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, энэ нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 202207 тоот шинжээчийн дүгнэлт болоод бусад баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

6.2. Шүүх бүрэлдэхүүн хариуцагч Н нь зам тээврийн осол болсон цаг үеийн буюу Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 403 тоот, мөн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт болон мөн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөрийн 1908001498 /со-401/ дугаартай шийтгэлийн хуудсыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Мөн уг шийтгэлийн хуудсыг хэрхэн дүгнэж, няцаасан талаарх үйл баримт шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдагдаагүй байна. Эдгээрээс үзвэл, анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Х УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Монгол улсын Засгийн газрын 93 дугаар тогтоолоор Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армона корпораци ТӨААТҮГ болон Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв УТҮГ-ын нийлүүлэх замаар Х УТҮГ-ыг шинээр байгуулсан. Өмнөх байгууллагын жолоочийг шинэ байгууллагад аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Жа нь хариуцагч Н болон "Х УТҮГ-т тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 5,901,300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт шинжээчийн 3 дүгнэлт баримтаар авагджээ.

3.1. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Н, Б.Жа нарын буруутай үйлдлийн улмаас, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд Нын буруутай үйлдлийн улмаас, Дотоод хэргийн Их сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 202207 дугаар дүгнэлтэд Б.Жыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж тус тус дүгнэжээ. /1хх 85-88, 214-215/

3.2. Шинжээчийн 3 дүгнэлт хоорондоо илт зөрүүтэй байхаас гадна анхан шатны шүүх шинжээч Дотоод хэргийн Их сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 202207 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэхдээ Б.Нийн мэдүүлэгтэй харьцуулсан байна. Гэвч Б.Нийг зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэгт заасан шүүгч гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг хийсэн гэж дүгнэхгүй юм.

3.3. Шинжээчийн 3 дүгнэлт өөр өөр гарсан бөгөөд аль дүгнэлтийг зөв, аль дүгнэлт буруу гэж үзэж буй талаар анхан шатны шүүх алдаатай дүгнэлт өгсөн. 3 дүгнэлтийн аль аль нь зам тээврийн ослын талаар бодитой мэдээлэл хангалттай өгөөгүй тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар шинжээч томилох байжээ.

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан материаллаг эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/01642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 110,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

М.БАЯСГАЛАН