Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2023/2920

 

                                                                                          

 

 

 

 

 

 

 

 

                                    2023       10         19

                                182/ШШ2023/02920

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, шүүгч О.Аззаяа, И.Амартөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Ж

 

Хариуцагч: ХХААХҮСХТ

 

5,901,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Ж нь Ховд аймгийн Цэцэг суманд амьдардаг бөгөөд Улаанбаатар хот болон Ховд хотын хооронд ачааны тээврийн хэрэгслээр ачаа зөөдөг. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн үеэл Б.Сгийн өмчлөлийн Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 дүгээр Цахилгаан станцын баруун уулзварын замд 11 цаг 25 минутын үед явж байхад Н.Мын жолоодож явсан Landcuiser 100 маркийн +++ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарсан.

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчид 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэхдээ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвийн өмчлөлийн Landcuiser 100 маркийн +++ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Мын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас Н.Мт холбогдох 310000619118471 дугаартай зөрчлийн хэргээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд зөрчлийн хэргийн хохирлыг нэхэмжилсэн боловч буруутай этгээд одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Б.Ж нь Б.Сгийн осолд орсон автомашиныг 10.000.000 төгрөг нөхөн төлж, өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан. Н.М нь  ХХАУХҮСХТ УТҮГ-ын ажилтан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол гарган нэхэмжлэгчид хохирол учруулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-ийг үндэслэн хохирол 5,901,300 төгрөгөө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас нэхэмжилж байна. Хохиролд автомашины эвдрэлийн үнэлгээ “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр 5,020,300 төгрөг, үнэлгээний зардал 240,500 төгрөг, “Мастер сүлжээ” авто оношилгооны төвөөр хийлгэсэн автомашины оношилгооны төлбөр 90,500 төгрөг, журмын хашааны төлбөрт 220,000 төгрөг, тээврийн хэрэгслийг ачуулсан төлбөрт 120,000 төгрөг, автомашины зогсоолын төлбөрт 210,000 төгрөг тус тус орж нийт 5,901,300 төгрөг болсон. Зам тээврийн осол гарах үед Н.Мын ажиллаж байсан байгууллага нь Хөдөө, аж үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт ухааны ололт нэвтрүүлэх төв гэж байсан ба осол гарснаас хойш Хуучнаар Хөдөө, аж үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт ухааны ололт нэвтрүүлэх төвийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, хуулийн этгээдийн нэр нь ХХААХҮСХТ болсон байдаг.  Анх хохирлыг Н.М, ажиллуулж байсан байгууллага хоёроос нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх тогтоолоор шийдвэрлэсэн гэв.

  1. Хариуцагч ХХААХҮСХТ Улсын төсөвт үйлдвэрийн газар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн осол гарч, 2 автомашин мөргөлдсөн хэрэг байгаа. Энэ хэргийн хувьд манай байгууллага нь хариуцагч биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллага нь Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвд жолоочоор ажиллаж байсан Н.Мыг ХХААХҮСХТд ажилд томилоогүй байгаа. Н.М нь Хөдөө, аж үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт ухааны ололт нэвтрүүлэх төв-ийн жолоочийн ажил үүрэгт ажлаас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн. Тухайн Ланд круйзер-100 маркийн автомашиныг байгууллагын үндсэн хөрөнгөд шилжүүлж аваагүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн өмчлөлд байгаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвд жолоочоор ажиллаж байсан Н.М нь байгууллагын эзэмшлийн авто машинд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байна. Тус төвийн захирлаар батлуулсан албан тушаалын тодорхойлолт, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.5-т зааснаар ажилтны буруугаас байгууллагад хохирол учруулбал, хохирлыг төлж, байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасан. Иймд шинээр байгуулагдсан ХХААХҮСХТ нь чиг үүрэг нь өөрчлөгдсөн байгууллагын жолоочийн зөрчлийн хэргээс үүсэх хохирлыг нөхөн төлөх эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд Б.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
  2. Иргэдийн төлөөлөгч П.Тд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн болно.
  3. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/01266 дугаар шийдвэр, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хаан банкны депозит дансны хуулга, хариуцагч ХХААХҮСХТ улсын төсөвт үйлдвэрийн газраас ирүүлсэн хариу тайлбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Н.Мыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, жолоочийн албан тушаалын тодорхойлолт, шүүхийн журмаар бүрдүүлсэн Тээврийн цагдаагийн албанаас Н.Мт холбогдох зөрчлийн хэргийн материал, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Б.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 25 минутад өөрийн үеэл Б.Сгийн өмчлөлийн Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын баруун уулзварт 4 дүгээр Цахилгаан станцын баруун уулзварын замд явж байхдаа Н.Мын жолоодож явсан Тоёота Ланд круйзер 100 маркийн +++ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гарч улмаар Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай автомашинд 5,901,300 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилнэ гэж Н.Мыг ажиллуулагч байгууллага- ХХААХҮСХТ улсын төсөвт үйлдвэрийн газраас нэхэмжилж байна. Хариуцагч энэ хэргийн хариуцагч биш үндэслэлээр маргаж байна.

Зам тээврийн осол болох үед Б.Ж-ын жолоодож явсан дээрх автомашины өмчлөгч нь Б.С, харин Н.М-ын жолоодож явсан автомашины өмчлөгч буюу эзэмшигч нь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв байжээ. Б.Ж нь ослын улмаас эвдэрсэн Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай автомашины төлбөрт 10,000,000 төгрөгийг Б.С-д өгч, тээврийн хэрэгслийн өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. Б.Ж хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд байна.

2.Зам тээврийн осолд зөрчлийн хэрэг бүртгэлт явагдаж, Тоёота Ланд круйзер 100 маркийн +++ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.М Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэн, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч жолооч Н.Мыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар 100 нэгж /нэг зуун мянган төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулжээ.

3.Н.Мын жолоодон явсан автомашин нь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн эзэмшлийнх байсан нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс харагдаж байна.

Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолоор “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг нийлүүлэх замаар “ХХААХҮСХТ” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан байх бөгөөд энэ тогтоолын 3 дугаар заалтаар 2020 оны батлагдсан төсвийн багц, орон тооны хязгаартаа багтаан зохицуулалт хийх замаар “ХХААХҮСХТ” улсын төсөвт үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад, 5 дугаар заалтаар Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулсантай холбогдуулан комисс томилж, эд хөрөнгөд тооллого хийж, үндсэн болон бусад эд хөрөнгө, албан хэрэг архивыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт үүрэг болгосон байна.

Дээрх тогтоолын заалтаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн автомашин болон жолооч нь шинэ байгуулагдсан “ХХААХҮСХТ” улсын төсөвт үйлдвэрийн газарт шилжсэн байх тул жолооч Н.Мыг ажиллуулж байсан байгууллага нь хариуцагч “ХХААХҮСХТ” улсын төсөвт үйлдвэрийн газар мөн гэж үзнэ.

4.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй татгалзлаа жолооч Н.М тус төвийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б-04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, мөн автомашиныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор Цагдаагийн ерөнхий газарт балансаас балансад шилжүүлсэн гэдгээр үндэслэдэг ба дээрх нь жолооч Н.Мыг ажиллуулж байсан байгууллагын хүлээх хариуцлагаас хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

5.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ. Жолооч Н.М ажлын өдөр, ажлын цагаар автомашинаа жолоодон ажил үүргээ гүйцэтгэн явсан үедээ зам тээврийн осол гарган нэхэмжлэгчийн жолоодон явсан автомашинд хохирол учруулсан нь тогтоогдож байх тул хохирлыг ажил олгогч буюу “ХХААХҮСХТ” улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцах үндэслэлтэй байна.

6.Төлүүлэх хохирлын хэмжээг автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээ болох 5,020,300 төгрөг, нотлох баримт бүхий оношлогоо, үнэлгээний хөлсөнд төлөгдсөн 240,500 төгрөг, нийт 5,260,800 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дүгээр зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас 5,260,800 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 640,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б. Жгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас 99,123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Жд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                   С. БУД

                                        

                                          ШҮҮГЧИД                                   О.АЗЗАЯА

                                                                                           

                                                                                              И.АМАРТӨГС