Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 420

 

                                                         М.Бд холбогдох                                                               

эрүүгийн хэргийн тухай      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Ө.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар магадлалтай, М.Бд холбогдох 1914007970050 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 1 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Асуд овогт М.Б нь Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Бг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж үйлчилгээг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Бгаас 20.395.129 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ад 2021 оны 3 дугаар сарын 19-ний дотор хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн “Самсунг” маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Бг цагаатгаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хууль зөрчсөн гэж үзэхээр байна. М.Б нь төрсөн хүү Б.Аыг нагац эгч Ц.Гийн асран хамгаалалтад байхад 2009 оны 3 дугаар сард өөрийн асран хамгаалалтад авсан боловч 2010 оны 9 дүгээр сард Б.Аыг Дархан-Уул аймагт байрлах “Монголын СОС” хүүхдийн хотхонд хүлээлгэн өгсөн. “Монголын СОС" хүүхдийн хотхонд Б.Аыг хүлээн авахдаа “Хүүхэд хүлээн авах гэрээ”-г байгуулсан ба уг гэрээнд хүүхдийг хотхонд хүлээн авснаас хойш өргөдөл гаргагч нь хүүхэдтэй холбоотой бүхий л асуудал хотхонд хамааралтай болохыг зөвшөөрнө. Хүүхдэд олгогдох бүх төрлийн мөнгөн тэтгэлгийг хуулийн дагуу харъяа сум, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст шилжүүлнэ. Хэрэв хүүхдэд санхүүгийн мөнгөн дэмжлэг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмж олгогддог бол хүүхдийн нэр дээр данс нээж хадгалах ба уг хөрөнгийг хүүхдийг насанд хүрэхэд нь олгоно гэж заажээ.

Л.Б нь Б.Аыг “Монголын СОС” хүүхдийн хотхонд шилжүүлсэн боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу харъяа халамжийн хэлтэст мэдэгдэлгүйгээр бодит байдлыг нууж, Б.Ад олгогдсон халамжийн мөнгийг өөртөө авч зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Гэтэл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс М.Бгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэв М.Бгийн үйлдэл Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа бол түүний үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхаар байхад Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А гаргасан гомдолдоо: “...Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь М.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэхдээ “...хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгосон идэвхтэй үйлдлээр илрэх юм” гэж алдаатай дутуу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хуульд заасан “бодит байдлыг нууж” гэсэн заалтыг орхигдуулан дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухаай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна.

М.Б нь хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авахын тулд 2010 оны 9 дүгээр сард эхнэр Ц.Уг өөрийн төрсөн хүү Б.Аы “үеэл эгч", “авга эгч” гэх мэтээр хэлж хуурамч бичиг баримт бүрдүүлэн хүүхдийн СОС хотхонд хүлээлгэн өгсөн, түүнээс гадна Б.Аыг тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг болохыг “Монголын СОС” хүүхдийн асрамжийн байгууллагад мэдэгдэж, шилжүүлээгүйгээс гадна харъяа сум, дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэст мэдэгдэлгүй нуусан. Зүй нь М.Б өөрийн асрамжинд байгаа хүүхдийг асрамжаасаа гаргаж, хүүхдийн байгууллага болон бусад хүмүүсийн асрамжид шилжүүлсэн тохиолдолд хүүхдийн тэтгэмжийн мөнгийг авах эрх нь шууд дуусгавар болох ёстой. Мөн давж заалдах шатны шүүх “...М.Б нь 2003 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Аыг 2010 онд өөрийн асран хамгаалалтад авч, улмаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хууль ёсоор авах болсон нь Улсын Нийгмийн даатгалын Ерөнхий газраас 2010 онд олгосон тэтгэврийн дэвтрээр нотлогдож байна...” гэж дүгнэжээ. М.Б нь Б.Аыг өөрийн асрамжинд байх хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэврийг авах эрхтэй байсан боловч 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүүхдийн асрамжийн газарт хүргүүлснээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авах, захиран зарцуулах эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон.

М.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 9 жилийн хугацаанд энэ гэмт хэргийг үйлдсэн. Зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэдэг нь эхнэр Ц.Уг төрсөн хүүгийнхээ “үеэл эгч”, “авга эгч” гэх мэтээр хэлж хүүхдийг асрамжийн газарт өгсөн мөртлөө харъяа Хөдөлмөр, халамжийн газарт мэдэгдэхгүйгээр өөрөө хүүхдээ асран хамгаалж байгаа мэтээр зохиомол байдлыг бий болгож, 9 жилийн хугацаанд үргэлжилсэн байдлаар гэмт үйлдлийг санаатай үйлдсэн байна. Бодит байдлыг нуусан гэдэг нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэхгүйгээр хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгч гэрээ байгуулж, хүлээлгэн өгсөн мөртлөө бодит байдлыг нуун дарагдуулж өөрөө Б.Аыг асарч байгаа мэтээр нуусан үйлдэл юм.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Бг гэрээний үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн нь хуулийг илтэд гуйвуулж, хуульд нийцээгүй, хуулиас давсан шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Энд гэрээний эрх үүргийн хувьд биш, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэврийг авсан гэмт хэрэг хэлэлцэгдэж байгаа бөгөөд хүүхдийн хотхонтой гэрээ байгуулснаар М.Б нь хүүхдийн тэжээгчээ алдсаны мөнгийг авч хэрэглэх эрхгүй гэдгээ шууд ойлгож мэдсэн. Гэтэл М.Б нь гэрээн дээр тодорхой дурдаад заачихсан байгаа зүйлийг өнөөдөр ойлгоогүй, мэдээгүй, эцэг нь юм чинь авч захиран зарцуулах ёстой гэдэг байдлаар мэдүүлж, давж заалдах шатны шүүх түүнийг нь магадлалын үндэслэлийн нэг болгосон нь шүүх бүрэлдэхүүний хувьд шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлага болон хуулийг буруу хэрэглэсэн мэргэжлийн алдаа гэж үзэж байна.

М.Б нь 2010 оны 9 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал Б.Аы тэжээгчээ алдсаны тэтгэврийг авч захиран зарцуулах ёсгүй байсан ба Б.Аыг 2010 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь “Монголын СОС” хүүхдийн асрамжийн байгууллагад өгөөд зохих ёсны байгууллагад мэдэгдэж, тэжээгчээ алдсаны тэтгэврээ зогсоолгох байсан боловч М.Б санаатайгаар хууль зөрчиж, тэтгэврийн мөнгийг хууль бусаар авч өөрийн эмчилгээндээ зарцуулж байсан болохоо анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Мөн М.Бгийн эхнэр Ц.У нь “Монголын СОС” хүүхдийн асрамжийн байгууллагад Б.Аыг 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөхдөө түүний үеэл эгч нь мэтээр хуурамч материал бүрдүүлэн хүлээлгэн өгсөн ба Б.Аы тэжээгчээ алдсаны тэтгэврийг хуулийн дагуу харъяа сум дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст мэдэгдэлгүйгээр хууль бусаар завшсан.

Өнөөдөр М.Бгийн өмгөөлөгч нь Ц.У гэрээг байгуулсан М.Бд холбогдолгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй, яагаад гэвэл М.Б анхан шатны шүүх хурал дээр “би хүүхдээ эхнэрийнхээ хамт аваачиж өгсөн, энэ бүх асуудал надтай л холбоотой, манай эхнэр Ц.Уд хамааралгүй, би бүх хариуцлагыг хүлээнэ” гэх мэтээр ярьж байсан. М.Б өөрийнхөө эмчилгээнд тэтгэврийн мөнгийг зарцуулсан талаар ярьж байгаа нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг давхар нотолж байна. Насанд хүрээгүй хохирогч Б.А нь 2019 оны 8 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр суманд нагац эгч Ц.Гийнхээ асран хамгаалалтанд амьдарч байгаа ба 2020 оны 1 дүгээр сараас эхлэн Б.А нь тэжээгчээ алдсаны тэтгэврээ нагац эгч Ц.Гээр дамжуулан өөрийнхөө хэрэгцээнд зарцуулж байна.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор М.Бг бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэмж үйлчилгээг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 20.395.129 төгрөгийг Б.Ад 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэнийг зөв зүйтэй, үнэн зөв шийдвэр гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, үнэн мөнийг тогтоож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг дэмжиж оролцоно. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокуророос “М.Б нь өөрийн төрсөн хүү Б.Аы тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө буюу нийгмийн халамжийн тэтгэмжийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар хүртэл авч бусдад 19.775.400 төгрөгийн хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй болсон.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн. Харин давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон. М.Б нь бодит байдлыг нууж гэрээнд заасан үүргийг биелүүлэхгүй, тэтгэмжийн мөнгийг өөрт авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ө.Энхбаатар хэлсэн саналдаа: “Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх М.Бд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн баримт хэрэгт ач холбогдолтой эсвэл өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг өнгөцхөн харж, дутуу дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. М.Б нь 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл өөрийн хүүгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авах эрхтэй байсан. Харин хүүхдийг асрамжийн газарт хүлээлгэн өгснөөр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг захиран зарцуулах эрх нь хуульд заасны дагуу дуусгавар болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг хэт гуйвуулж нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэрээний эрх, үүрэг бус гэмт хэрэг юм. Хүүхдийг асрамжийн газарт хүлээлгэж өгснөөр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж насанд хүрээгүй хохирогчид 19.775.400 төгрөгийн хохирлыг учруулсан байна. М.Б нь эхнэр Ц.Уг төрсөн хүүгийнхээ авга, үеэл гэх зэргээр худал хэлүүлж, хуурамч баримт бүрдүүлж асрамжийн газарт хүлээлгэн өгснөөс гадна холбогдох байгууллагад мэдэгдэхгүйгээр Ц.Аыг асран хамгаалж буй мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгосон. Шүүгдэгч М.Б нь хүүгийнхээ тэтгэмжийн мөнгийг хууль бусаар авч, өөрийн эмчилгээнд зарцуулсан болохоо анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа хэлсэн саналдаа: “...М.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн гаргасан гомдлыг үндэслэн М.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, хэргийн үйл баримтыг нэг мөр тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч М.Бг бусдын асран хамгаалалтанд байдаг өөрийн төрсөн хүү болох Б.Аы тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө буюу нийгмийн халамжийн тэтгэмжийг зохимол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл авч бусдад 19.775.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Бгийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж үйлчилгээг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг “Хуурамч бичиг баримт, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан” гэж хуульчилсан бөгөөд М.Бгийн үйлдэлд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэврийг хууль бусаар авсан гэж үзэх гэмт хэргийн шинж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг хянаж үзэхэд

2003 оны 7 дугаар сарын 17-нд төрсөн, насанд хүрээгүй хохирогч Б.Аы төрсөн эх Ц.Б нь 2005 оны 7 дугаар сарын 17-нд өвчний учир нас барсан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/-д “хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд...” гэж заасны дагуу Б.Ад тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэж, нийгмийн даатгалын байгууллагаас уг тэтгэврийг хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгож байжээ.

Б.А нь 2005 оны 10 сараас нагац эгч Ц.Ганчимэгийн асрамжинд амьдарч байгаад Эрдэнэт хотын хүүхдийн асрамжийн газарт шилжсэн, улмаар М.Б нь 2009 оны 9 сард хүү Б.Аыг өөрийн асрамжид авч, хамт амьдарч байгаад 2010 оны 9 сард Б.Аыг 7 настай байхад нь Дархан хотод байрлах “Монголын СОС” хүүхдийн асрамжийн газарт шилжүүлж өгснөөс хойш Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн а/223 тоот захирамжаар Ц.Гийг Б.Аы хууль ёсны харгалзан дэмжигчээр томилж, Б.А нь нагац эгч Ц.Гтэй хамтран амьдрах хүртэл буюу 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл нийт 19.775.400 төгрөгийн тэтгэврийг хүлээн авч, өөрийн ахуй амьдрал, эмчилгээнд зарцуулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэргийн үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Шүүгдэгч М.Б нь хүү Б.Аы тэжээгчээ алдсаны тэтгэврийг авахын тулд хуурамч баримт бүрдүүлж, зохиомол байдлыг зориуд бий болгоогүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Б.Ад тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн боловч тухайн үед Б.А нь 18 насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй байсан үед Нийгмийн даатгалын байгууллага хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч болох төрсөн эцэг М.Бд хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг мөнгийг шилжүүлж байсан нь хууль зөрчөөгүй болно.

Харин Б.Аыг хүүхдийн асрамжийн газарт байх хугацаанд Нийгмийн даатгалын байгууллагаас М.Бгийн дансанд шилжүүлсэн тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг Б.А, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь М.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд магадлалыг эс зөвшөөрч бичсэн прокурор Э.Гантулгын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн гаргасан хяналтын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН