Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01556

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01556

 

Б.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01806 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Д

Хариуцагч: Ө.Мад

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 2,044,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 00 цагийн орчим өөрийн эзэмшлийн 0000 УАО улсын дугаартай, С маркийн автомашиныг жолоодон 100 айлаас Баянбүрд явах замд гэрлэн дохио дээр зогсож байхад араас Ө.Ма нь 0000 УНУ улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг жолоодон явахдаа мөргөсөн.

1.а. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газраас үзлэг хийж, хэргийн газрын үзлэгээр Ө.Мыг 2,01 хувийн согтолттой, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, миний автомашины араас мөргөсөн гэм буруутай гэж үзэн, түүнд арга хэмжээ тооцсон.

1.б. Дээрх зам тээврийн ослын улмаас миний автомашинд 1,895,000 төгрөгийн эвдрэл, үнэлгээний ажлын хөлс 94,000 төгрөг, оношлогоо хийлгэхэд 55,000 төгрөг, нийт 2,044,000 төгрөгийн хохирол надад учирсан.

1.в. Иймд хохирол 2,044,000 төгрөгийг Ө.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд татгалзаж байна гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Ө.Ма нь согтуугаар автомашин жолоодож Б.Дийн автомашиныг мөргөсөн гэм буруутай, төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчийг гэм буруутай гэж үзэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Маас 1,989,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дид олгож, үлдэх 55,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,774 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөрөнгийн үнэлгээ бодит байдалд нийцэхгүй байхад шүүх хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ө.Мад холбогдуулан зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан хохиролд 1,895,000 төгрөг, автомашины оношлогооны зардалд 55,000 төгрөг, автомашины эвдрэлийн үнэлгээний төлбөрт 94,000 төгрөг, нийт 2,044,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хариуцагч Ө.Ма нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 10 минут орчимд Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Ө замд 0000 УНУ улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг согтуугаар жолоодон явах үедээ Б.Дийн жолоодон явсан С маркийн, 0000 УАО улсын дугаартай автомашины араас мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх.20-27/

4.а. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0123256 дугаар шийтгэлийн хуудсаар хариуцагч Ө.Мыг дээрх зам тээврийн осол гаргасан гэм буруутайд тооцож, түүний жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Хариуцагч уг шийтгэлд гомдол гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчинтэй гэж үзнэ. /хх 19/

4.б. С маркийн, 0000 УАО улсын дугаартай автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч, Тоёота кроун маркийн, 0000 УНУ улсын дугаартай автомашины өмчлөгч нь хариуцагч гэх нөхцөл байдал тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээр тус тус тогтоогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй. /хх 16-17/

4.в. Дээрх зам тээврийн ослын улмаас буюу хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн, С маркийн, 0000 УАО улсын дугаартай автомашинд нийт 1,895,000 төгрөгийн эвдрэл учирсан болох нь А ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1244 дугаар үнэлгээний тайлангаар, автомашины эвдрэлийн үнэлгээний хөлсөнд 94,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний баримтаар тогтоогдсон байна. /хх 11, 14/ Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгчид нийт 1,989,000 төгрөгийн хохирол учирсан байна.

4.г. Нөгөөтээгүүр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасан. /хх 46/ Шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2022/02098 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтийг хангаж, үнэлгээний талаар дүгнэлт гаргах шинжээчээр Вендо ХХК-ийг томилсон. /хх 47-48/.

Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21/022 дугаар, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 31/022 дугаар албан бичгээр ...зам тээврийн ослын улмаас С маркийн, 0000 УАО улсын дугаартай автомашинд учирсан эвдрэлийг засварласан байх тул дүгнэлт гаргах боломжгүй гэх үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан байна. /хх 56-57/ Улмаар шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2022/06818 дугаар захирамжаар шинжээч ажиллах боломжгүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байх бөгөөд хариуцагч үүнд гомдол гаргаагүй байна. /хх 58/

Иймд анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан А ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1244 дугаар үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх автомашинд учирсан хохирлын хэмжээг тодорхойлсныг буруутгах боломжгүй тул хариуцагчийн ...үнэлгээ бодит байдалд нийцэхгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

Хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 1,989,000 төгрөгийн бодит хохирол учирсан, үүний шалтгаант холбоо тогтоогдож байна. Хариуцагч нь уг тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн учир анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт нийцсэн байна. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН