Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01586

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01586

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01546 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Н ХХК,

Хариуцагч: Н ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 76,875,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/2020 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбат, хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайхан, хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Г.Гарцаагүймөнх, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С ХХК нь хариуцагч Н ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Х хотхоны нэгдсэн граж, C блок таазыг тусгаарлагч бодисоор шүрших ажлыг бүрэн хийж гүйцэтгэх, хариуцагч Н ХХК нь ажлын хөлс 101,250,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

1.1 Гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээний урьдчилгаа 50,000,000 төгрөгийг Н ХХК-ийн талбайн инженер С.О төлсөн.

1.2 Нэхэмжлэгч ажлыг хийж гүйцэтгэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Н ХХК-ийн талбайн инженер С.От хүлээлгэн өгсөн.

1.3 Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 51,250,000 төгрөг, алданги 25,625,000 төгрөг, нийт 76,875,000 төгрөгийг Н ХХК болон Н ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Н ХХК-ийн ерөнхий инженер Ч.Г, төслийн удирдагч Г.А, талбайн инженер С.О нар нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ...танайх компанийнхаа нэр дээр заслын ажлын гэрээг манай захирал Л.Бтой хийгээд өг гэж гуйсны дагуу С ХХК-ийн захирал, удирдлагын хүмүүс нь талбайг ирж үзсэн.

2.1 Бид бэлдсэн бэлэн гэрээнд гарын үсэг зурсан. Н ХХК болон Н ХХК-ийн хооронд хийх барилгын А8 блок, нэгдсэн граж С1 блокийн хар шал өнгөлгөө, шалны будаг, өрлөг шавар, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээнд надаар гарын үсэг зуруулж тамга даруулсан.

2.2 Манай компани уг гэрээнд заасан А8 блок, нэгдсэн граж, С1 блокийн хар шал өнгөлгөөг хийх, Ч.Г, Г.А, С.О нар С ХХК-аар гражийн таазыг будах ажлыг хийлгэнэ гэж тохирсон. Манай компани 7,408 м.кв талбайн бетон цутгалт, шалны тэгшилгээ өнгөлгөөг 1 м.кв талбайг 8,000 төгрөгөөр буюу нийт 59,264,000 төгрөгт хийхээр болж помпны түрээс болон кантар самосмал машины түрээсэнд 11,200,000 төгрөг, гагнуурын ажилд 5,000,000 төгрөг, нийт 75,464,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн Н ХХК-д хүлээлгэн өгсөн.

2.3 Н ХХК-аас ажлын хөлсний урьдчилгаанд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 175,000,000 төгрөгийг бэлнээр авч, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Г.А, Ч.Г нарт 50,000,000 төгрөгийг, Г.Ад 125,000,000 төгрөгийг өгсөн. Г.А, Ч.Г, С.О нар надаас 175,000,000 төгрөг аваад 50,000,000 төгрөгийг нь С ХХК-д өгөөд үлдэгдэл 51,000,000 төгрөгийг өгөөгүй.

2.4 С ХХК-тай байгуулсан гэх 2020 оны 10 дугаар сарын 16-ны 18/2020 дугаартай 2 ширхэг гэрээ нь зөвхөн үнийн дүнгээрээ ялгаатай буюу нэг нь 101,250,000 төгрөг, нөгөө нь 123,750,000 төгрөгийн үнийн дүнтэй хийгдсэн. Надад эдгээр гэрээнүүдийн эх хувийг өгөөгүй, хуулбар хувиудыг өгсөн. Гэтэл Н ХХК-ийн захирал Л.Б өөрийн ажилчид Г.А, Ч.Г, С.О нар ажлыг асуудалгүй хийнэ гэж итгүүлэн манай компаниар 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн НБГ-20/08-28-01 тоот гэрээг хуурч мэхлэн хийсэн гэдгийг мэдээд дарамтлан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Н ХХК-ийг бланкийг компьютероор гарган бичсэн тайлбар гаргах тухай гэх болон Н ХХК-д тайлбар гаргах нь гэх адил утга агуулга бүхий албан бичигт гарын үсэг зуруулж тамга даруулж авсан.

2.5 Иймд Н ХХК-ийн инженерүүд Г.А, Ч.Г, С.О болон С ХХК-ийн захирал нарын хийсэн гэрээний үүргийг зөрчсөн үйлдлийг Н ХХК хариуцах үндэсгүй. Харин С ХХК-тай үгсэн хувайлдаж Н ХХК-аас мөнгийг авсан С.О, Ч.Г, Г.А нар хариуцна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагч Н ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Н ХХК нь Н ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр НБГ-20/07-28-01 дугаартай барилгын А8 блок, нэгдсэн граж С1 блокын хар шал өнгөлгөө шалны будаг, өрлөг, шавар, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажлын хөлсөнд Н ХХК-д 250,000,000 төгрөг шилжүүлсэн. Дээрх гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1.11-д туслан гүйцэтгэгч гэж ерөнхий гүйцэтгэлийн сонгосон ГЕН-ийн 1.18-ыг хангасан, захиалагчаар зөвшөөрөгдсөн ажил гүйцэтгэгчийг, 1.18-д гүйцэтгэгч захиалагчаар ажлын нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй үнийн дүн туслан гүйцэтгэгч авч болно. Захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр өөрийн хүлээсэн эрх, үүргийг бусдад шилжүүлж болохгүй. Ажлыг туслан гүйцэтгүүлэх нь гүйцэтгэгчийг хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тусгасан.

3.1. Гэвч Н ХХК нь манай компанид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр буюу дээрх гэрээний заалтуудыг зөрчиж С ХХК-тай гэрээ байгуулсан нь манай компанид хамааралгүй ба тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жинхэнэ хариуцагч биш.

3.2 Түүнчлэн, Н ХХК нь Н ХХК-ийн захирал Г.Гарцаагүймөнхтэй тооцоо нийлсэн акт үйлдэж, баталгаажуулсан ба уг тооцоо нийлсэн актад Н ХХК-аас гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлтэй холбоотой гомдол гаргасан. Төлбөр тооцооны болон ажлын гүйцэтгэлтэй холбоотой гомдол гаргавал Н ХХК бүрэн хариуцлага хүлээнэ, гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй алданги 174,411,329 төгрөг, гэрээний торгууль 25,000,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээдийг оролцуулж болно. Н ХХК нь манай компанитай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа хийж гүйцэтгээгүйн улмаас алданги 174,411,329 төгрөг, гэрээний торгууль 25,000,000 төгрөгийн хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Уг шалтгааны улмаас 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн НБГ-20/07-28-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. Иймд хариуцагч Н ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С ХХК нь Н ХХК-ийн инженерүүдийн тохирч, тааз тусгаарлагч бодисоор шүрших ажлыг хийж гүйцэтгэхээр болоод инженерүүд нь өөрийн компанитай гэрээ хийх боломжгүй, гэрээний ажилд оролцож буйгаа мэдэгдэж болохгүй гэж манай компаниар гэрээ хийсэн. Зөвхөн гарын үсэг, тамгаа дараад өгчих гэсний дагуу бэлдээд бэлэн болсон гэрээнд гарын үсэг зурж, компанитай тамга дарж, оролцсон. С ХХК-тай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд өөр байдлаар манай компани оролцоогүй. Манай дансанд орсон 145,000,000 төгрөгийг инженер С.О, Ч.Г, Г.А нарт өгч С ХХК-д өгүүлсэн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Н ХХК-ийн захирал Г.Гарцаагүймөнх манай компани дээр 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрөө ирж 18\20 тоот ажил гүйцэтгэх гэрээний зүйл заалт бүрийг нэг бүрчлэн уншиж үзээд зөвшөөрөн гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан. Гэрээнд заагдсан ажлыг манай компани өөрсдийн хүч хөрөнгө, материалаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хийж дуусган Н ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэтэл тус компанийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсны дараа Н ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Н ХХК-тай байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн НБГ-20\07-28-01 тоот гэрээг цуцалж, алданги, торгууль тооцсон тооцоо нийлсэн актыг хавсаргасан мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

5.1 Н ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээний алданги 174,411,329 төгрөг, мөн гэрээний торгууль гэж 25,000,000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрсөн албан тоот, тооцоо нийлсэн акт үйлдэж байгаа нь энэ 2 компанийн эздүүд нь зориуд С ХХК-д төлбөр төлөхгүй байх сонирхолтойгоор хийгдсэн болохыг баталж байна. Мөн хоорондоо төрөл садангийн хүмүүс болохыг гэрч Г.А, Ч.Г, С.О нарын мэдүүлгээр нотлогддог. Н ХХК нь Н ХХК-аас гэрээний төлбөрт 250 сая төгрөг хүлээн авсан байдаг.

5.2 Н ХХК нь С ХХК-тай гэрээ байгуулж, уг байгуулсан гэрээний дагуу Н ХХК-аас шилжүүлсэн мөнгийг өөрийн дансаар хүлээн авч идэвхтэй үйлдэл тус бүрт оролцсон атлаа одоо гэрээн дээр зөвхөн шахалтаар гарын үсэг зурсан, хүлээн авсан мөнгийг би С.О, Г.А, Ч.Г нарын 3 хүнд өгсөн би хариуцлага хүлээхгүй гэж тайлбар гаргаж байгааг нь үндэслэлгүй байна. Иймд Н ХХК-аас С ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх 18\20 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 347 дугаар зүйлийн 347.1-т заасныг баримтлан хариуцагч Н ХХК болон Нутгийн буян ХХК-д тус тус холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 76,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар С ХХК болон Н ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 18/2020 дугаартай, гэрээний үнийн дүнг 101,250,000 төгрөг хэмээн тохиролцсон Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542,325 төгрөг, Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 664,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С ХХК-аас 664,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Н ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Манай компани гэрээт ажлыг хийж дуусаад Н ХХК-тай ажлыг хүлээлгэж өгөх болоход захирал гэгч Г.Гарцаагүймөнх утсаа авахгүй алга болсон. Бид 14 хоног хайж байгаад арга буюу Н ХХК-д өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. Өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажилд Н ХХК ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй бөгөөд энэ тухай шүүх хурал дээр Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ХХК-ийн гүйцэтгэсэн ажил онц болсон гэж мэдүүлдэг. Н ХХК, Н ХХК, С.О нар бүгд төрөл садангийн хүмүүс гэдэг нь хэрэгт тодорхой байгаа. Манай компанид мөнгө төлөхгүй гэж үзээд энэ 2 компани бие биедээ албан тоот бичиж өндөр үнийн дүнтэй хэзээ ч биелэгдэхгүй алданги, торгууль тавьж гэрээгээ цуцалсан байдаг. Н ХХК-ийн захирал Г.Гарцаагүймөнх манай компани дээр ирээд хэн нэгний дарамт шахалтгүйгээр тамга дарж гарын үсгээ зурж, гэрээг байгуулсан бөгөөд тэр даруй 50,000,000 төгрөгийг С ХХК-д бэлнээр тушааж ажлыг эхлүүлсэн.

7.1 Н ХХК нь гэрээний гүйцэтгэл гэж Н ХХК-аас 250,000,000 төгрөг шилжүүлж авчаад манай компанид 50,000,000 төгрөгийг бэлнээр тушааж ажлыг эхлүүлсэн. Нэгэнт гэрээт ажлыг онц дүнтэй хүлээлгэн өгсөн бол гар гараа дагадаг зарчмын дагуу бид мөнгөө авах ёстой. Н ХХК, Н ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний талаар гэрээний 2 тал энэ талаар маргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар гэрээг дүгнэж, энэ гэрээний дагуу С ХХК-тай байгуулсан гэрээг дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж шүүх үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч компани болон Нутгийн буян ХХК-ийн ерөнхий инженер н.Г, төслийн удирдагч н.А, талбайн инженер н.О нартай гэрээг байгуулахаас өмнө ажил гүйцэтгэх талаар харилцан тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 175,000,000 төгрөгийг авсан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн байсан. Ажлын хөлсийг хэрхэн өгч, авах талаар тохиролцсон, гэрээнд гарын үсэг зурахад болно гэж миний үйлчлүүлэгчид хэлж ойлгуулсан. Хэргийн 12 дугаар талд авагдсан ажил хүлээлцсэн акт нь 2022 оны 03 дугаар сарын баримт байгаа. Эхний гэрээ нь 101,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, дараагийн гэрээ нь 123,000,000 төгрөгийг үнийн дүнтэй гэрээнд тус тус гарын үсэг зуруулсан. Уг гэрээ нь дүр үзүүлж, хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан мөн хариуцагч байгууллагын байгуулсан гэрээ гэж харагдуулахын тулд хариуцагч байгууллагын эрх бүхий ажилтны гарын үсэг, тамга ,тэмдгийг даруулсан.

8.1. Ажил хүлээлцсэн акт нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээлцсэн. Нэхэмжлэгч байгууллага ажлыг манай компанид хүлээлгэж өгөөгүй, Н ХХК-ийн 3 инженерт хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч компани 50,000,000 төгрөгийг Н ХХК-ийн н.О инженерээс гардаж авсан. Хэдэн төгрөгийн зардалтайгаар, ямар зураг төслийг үндэслэж ажлыг гүйцэтгэсэн талаарх баримт байхгүй. Гэрээний үнийн дүн болон алдангийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т тус тус зааснаар гэрээг халхавчлах зорилгоор гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй хүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулан гэрээг байгуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлогдохгүй. Хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүн тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус. Гэрээг байгуулаагүй атлаа ажлын хөлсийг урьдчилаад авсан байсан. Мөнгө дутуу өгсөн эсэх талаар 3 инженерээс шаардах ёстой мөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Н ХХК, Н ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэлд төлбөрт 51,250,000 төгрөг, алданги 25,875,000 төгрөг, нийт 76,875,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан. /хх.1-2, 28-30, 100-102/

4. Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/2020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

5. Үндсэн нэхэмжлэлээс 51,250,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

5.1 Нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Н ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 18/2020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь Н ХХК-ийн захиалгат барилгын 7,500 м.кв талбай бүхий таазыг БНСУ-ын HICOTE SP-2 дулаан, ус чийг, дуу чимээ тусгаарлах будгаар 0,5 см зузаантайгаар будах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч Н ХХК нь ажлын хөлс 101,250,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хх.9-11/

5.2 Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.

5.3 Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцлийг хийсэн гэж үздэг.

5.4 Нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч нар нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/2020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд харилцан гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдгийг дарсан байх тул тэдний хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

5.5 Гэрээний зүйл, хөлс төлөх журам зэргээс үзвэл С ХХК болон хариуцагч Н ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн байна.

5.6 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Хариуцагч нар гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэснийг үгүйсгээгүй. Энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзнэ.

5.7 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Харин захиалагч нь мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй. Гэрээний 2.3-т нэхэмжлэгч ажлыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэн хариуцагч Н ХХК-д хүлээлгэн өгөхөөр заажээ. Нэхэмжлэгч ажлыг тохирсон хугацаа болох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Н ХХК-д хүлээлгэн өгөөгүй боловч захиалагч буюу хариуцагч Н ХХК уг ажлын үр дүнг хүлээн авсан талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-ийг ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно.

5.8 Мөн хэрэгт нотлох баримтаар хариуцагч Н ХХК болон хариуцагч Н ХХК нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр НБГ-20/07-28-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ авагдсан. /хх 63-76/ Уг гэрээнд заасан ажлын зарим хэсэг нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил эсэхэд талууд маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг н.Отгонбаярт хүлээлгэн өгсөн. /хх.12/ 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр НБГ-20/07-28-01 дугаар гэрээний захиалагч буюу Н ХХК нь тухай үр дүнг хүлээн авснаар Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хариуцагч Н ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэнд тооцох үндэслэл болно /хх 12/

5.9 Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрөөс 10,000,000 төгрөгт тооцон автомашин шилжүүлэн авсан нь гэрч С.Оын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон байна. /хх 151-152, 156/

5.10 Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөр 41,250,000 төгрөгийг хариуцагч Н ХХК-аас шаардах эрхтэй.

6. Үндсэн нэхэмжлэлээс алданги 25,625,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

6.1 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд 3.6-д талууд алдангийн талаар тохиролцсон байна.

6.2 Нэхэмжлэгч ажлыг гэрээнд заасан хугацаа болох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Н ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх 155/. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхээ алдсан тул хариуцагч Н ХХК-аас алданги шаардах эрхгүй.

7. Нэхэмжлэгч болон хариуцагч Н ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагч Н ХХК-аас гэрээний үүргийг шаардах эрхгүй. Иймд хариуцагч Н ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

8. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/2020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлагын тухайд:

8.1 Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/2020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн дүр үзүүлэх, өөр хэлцлийг халхавчлах нь хууль зүйн хувьд тэс хоёр өөр агуулгатай ойлголтууд юм.

8.2 Нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Н ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 18/2020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ нь хариуцагч Н ХХК болон хариуцагч Н ХХК нарын хооронд байгуулагдсан гэх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн НБГ-20/07-28-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 1.18 дахь хэсэгт заасныг зөрчсөн эсэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Н ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/2020 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01546 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-аас 41,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,625,000 төгрөг, хариуцагч Н ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С ХХК-д холбогдох, С ХХК болон Н ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 18/2020 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542,325 төгрөгийг, хариуцагч Н ХХК-аас төлсөн 664,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас 364,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 542,200 төгрөгийг буцааж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН