Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0553

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0553

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Х.О-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч, гуравдагч этгээд Ж.А нарын гаргасан давж заалдах гомдлоор, Х.О-ы нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.6, 27.2.3, Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Х.О-д  2016 оны ээлжийн амралт олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа орох тухай түүний өргөдлийг шийдвэрлээгүй, ажилд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, Х.О-г Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий ажил, албан тушаалд томилохыг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад тус тус даалгаж, 2016 оны ээлжийн амралтын олговор 384874төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2018 оны 08 дугаар сарын 02 хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 9426762 нийт 9811636 төгрөгийн хохирлыг хариуцагч Ховд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгч Х.О-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 160784 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “…Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай Шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай Шийдвэрийг зөвшөөрөхгүй гомдлын үндэслэл нь

Нэг. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай Шийдвэрийн тогтоох, үндэслэх хэсэгт”.... Х.О-д  2016 оны ээлжийн амралт олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа орох тухай түүний өргөдлийг шийдвэрлээгүй, ажилд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, Х.О-г Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий ажил, албан тушаалд томилохыг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад тус тус даалгаж, 2016 оны ээлжийн амралтын олговор 384874төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2018 оны 08 дугаар сарын 02 хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 9426762 нийт 9811636 төгрөгийн хохирлыг хариуцагч Ховд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгч Х.О-д  олгох...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2016 оны 09 сарын 12-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/58 дугаартай тушаалаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж шинээр байгуулагдсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тооны бүтцийг баталсан. 2016 оны бүтцээр Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг дээр ажилд зуучлах Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүргийг нэмж нэгтгэсэн. Өмнө нь 3 хүний мэргэжилтний хийж байсан ажлыг одоо нэг хүн хийж байна. Нэхэмжлэгч Х.О-ы томилуулах гээд байгаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, Х.О нь 4 үндсэн зорилтын хүрээнд ажиллаж байсан ба өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт 10 үндсэн зорилттой болж нэмэгдсэн ба уг зорилтууд дотор нэхэмжлэгч Х.О-ы Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт Иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үндсэн ажлын онцлогт тохируулан шударга ёсны шалгуурт нийлүүлж ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэн ил тод, нээлттэй ажиллах зорилтууд орсон байна. Өөрөөр хэлбэл дээрх зорилтууд нь Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт үндсэн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэвэл зохих ажил үйлчилгээний 75 хувийг эзэлж байсан бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод үндсэн зорилтын 15 хувийг эзэлж байгаа нь нэхэмжлэгч Х.О-ы ажил албан тушаалыг хэвээр хадгалагдан үлдэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан хуулийн шаардлагыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т Төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байрны/ орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан тушаалтан нь шалгаруулж авна..." гэжээ.

Нэхэмжлэгчийн зарим нэг чиг үүрэг хадгалагдсаныг чиг үүрэг нь бүхэлдээ хэвээр хадгалагдан үлдсэн гэж ойлгох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж дүгнэлт хийж шийдвэр гаргасан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан хуулийн шаардлагыг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2016 оны бүтцээр Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг дээр Хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг нэмж нэгтгэсний улмаас нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан тул ажиллуулах боломжгүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" мөн хуулийн 27.2.4-д "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар ахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын агуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ" гэж заасан байна. Ийнхүү Халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэснээр шинээр байгуулагдсан даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нэмэгдсэн, ажлын байранд тавигдах шаардлага.өөрчлөгдсөн зэргээс үзвэл тухайн ажлын байранд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан зарчмыг мөрдөх, 17 дугаар зүйлийн 17.1-заасны дагуу сул орон тоог нөхнө. Иймд: нэхэмжлэгч Х.О-г Ховд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн"-ий ажил албан тушаалд томилох боломжгүй юм.

Хоёр. Нэхэмжлэгч Х.О нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн"-ий ажил албан тушаалд томилохыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авах хариу тайлбар гаргах хуульд заасан бусад эрхээр хангасангүй. Иргэн, хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хянуулахаар эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх талаар Захиргааны ерөнхий хуулиар журамласан. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана, гэж Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3- Төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл баталгааны талаар гаргасан бусад маргааныг төрийн албаны төв байгууллага шийдвэрлэнэ мөн хуулийн 39.4-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад нэг сарын дотор гаргана гэх хуулийн шаардлагыг зөрчсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос 2 заалт нь орсон. Хэргийн бодит баримтаас үзэхэд Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан өмнө байсан Хөдөлмөрийн хэлтэс болон нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан харьяа газар, хэлтсүүдийн орон тоо, цалингийн санг тогтоож өгдөг эдгээр нь бүгд улсын төсөвт яаж тусгагдсан түүний дагуу төрийн албаны бүтэц хийгддэг, төсөв байхгүй бол орон тоо үгүй болсон гэж ойлгож болно. Энэ тохиолдолд нэгэнт дээр дурдсан үндэслэлээр Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан харьяа газар, хэлтсүүдийн орон тоо, цалингийн санг тогтоож өгдөг бөгөөд улсын төсөвт яаж тусгагдсан түүний дагуу төрийн албаны бүтэц хийгддэг тул Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Төсвийн тухай хууль зөрчиж нэхэмжлэгч Х.О-д  ажилгүй байсан хугацааны цалин олговор төлөх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй юм.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 02-ны өдрийн 21 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Гуравдагч этгээд Ж.А давж заалдах гомдолдоо: “… Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсаны улмаас 2016 оны 08 дугаар сарын 17-ны Б/18 дугаар тушаалаар 22 ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хүчинтөгөлдөр байгаа бөгөөд энэ тушаалтай нэхэмжлэгч маргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэс 5 орон тоо байгаа бөгөөд бүтцээр Х.О-ы эрхэлж байсан ажил албан тушаал хадгалагдан үлдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр амаржсан байдаг бөгөөд 11 дүгээр сарын 03-ны өдөр амаржсаны амралтын 60 хоног дууссан бөгөөд үүнээс хойш хүүхэд асрах чөлөө хүсээгүй гэдгээ шүүхэд тайлбарласан тул эргэж ажилдаа орох хүсэлтийг 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргах ёстой байсан.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 02-ны өдрийн 21 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийг зөв хэрэглэсэн байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхилоо.

            Хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгчийн ажиллаж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй.  ... шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан хуулийн шаардлагыг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2016 оны бүтцээр Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг дээр Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг нэмж нэгтгэсний улмаас нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан тул ажиллуулах боломжгүй...” гэжээ.

Х.О нь Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст “Мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа орохоор хүсэлт гаргасан боловч хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажилд томилоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх дүгнэжээ.

Түүнийг амаржсаны амралттай байх хугацаанд тус байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөж нийгмийн халамжийн байгууллагатай нэгтгэгдсэн бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар түүний ажиллаж байсан албан тушаалын чиг үүргийг “Ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн[1]”-ий 2 орон тоо байсантай нэгтгэн “Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэсэн албан тушаалын орон тоо 1 байхаар тогтоожээ.

Энэ үеэс хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан амаржсаны амралттай Х.О-ы ажлын байрыг хэвээр хадгалах боломжгүй болсон гэх боловч захиргааны албан хаагчийн амаржсаны амралттай байх хугацаанд төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн бол Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д зааснаар албан тушаалын чиг үүрэг нь хэвээр үлдсэн болон орон тоо цөөрсөн ч албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан тохиолдлуудад шинээр батлагдсан албан тушаалд томилж, улмаар дээрх хуулийн 35.1.4-т зааснаар ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй гэж үзнэ. Харин орон тоо цөөрсөн боловч шалгарч чадаагүй, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар орон тоо нь хасагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр боломжит ажлын байранд томилж, тухайн ажлын байрыг ажилдаа орох хүртэл нь хэвээр хадгалах үүрэгтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх тушаалууд, ажлын байрны тодорхойлолтуудаас Х.О-ы ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй, харин цөөрсөн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасныг хэрэглэж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцсэн байна.

Учир нь Х.О-ы ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэнээс гадна дээр дурдсан /нэгтгэгдсэн/ албан тушаалын чиг үүрэг  нэмэгдсэнтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар “чиг үүрэг хэвээр хадгалагдсан” гэж үзэж түүнийг шууд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж  дүгнээгүй, харин “орон тоо цөөрсөн” гэж үзсэн нь үндэслэлтэй.

Харин нэгтгэгдсэн албан тушаалд ажиллаж байсан Ч.О өөр албан тушаалд томилогдсон, О.Б нь төрийн албанаас чөлөөлөгдсөн, энэ талаар тус тус маргаагүй тул 27.2.3-т заасны дагуу шалгаруулалт явуулах шаардлагагүй болж шинээр батлагдсан албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа Х.Отгоныг уг албан тушаалд томилох боломжтой байсан гэж үзэж, уг албан тушаалд томилохыг даалгасан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100.1-д нийцсэн байна.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 дүгээр тушаалаар тогтоосноос өөрөөр албан тушаалын нэр, чиг үүргийг өөрчилж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний чиг үүргийг маргаж буй албан тушаалын чиг үүрэг дээр нэмсэн боловч энэ албан тушаалд ажиллаж байсан Б.Н нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, үүнээс шалтгаалж ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийг албан ёсоор батлагдсан “Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах мэргэжилтэн”-ий албан тушаалд томилохыг даалгасан шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын 2016 оны Б/18 дугаар тушаалаас үзэхэд гуравдагч этгээд Ж.А хувьд Манхан сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Б/21 дүгээр тушаалаар сум хариуцсан хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог 18 байхаар тогтоосонтой холбоотой тухайн албан тушаалтай холбоотой нэмэгдэл баталгааг эдлэх эрхтэй. Харин Х.О-ы ажиллаж байсан чиг үүрэг нь тодорхой хэмжээнд хэвээр үлдсэн шинээр батлагдсан албан тушаалд Х.О-ы нэмэгдэл баталгааг  хангах асуудал шийдвэрлэгдээгүй байхад уг орон тоог “сул” гэж үзэхгүй тул Төрийн албаны тухай хуулийн 17.1-д зааснаар сул орон тоог нөхсөн гэх хариуцагч, гуравдагч этгээдийн гомдлыг хангах боломжгүй байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолдоо  дурдсан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 221/ШТ2017/0739 дүгээр тогтоол гарсан, үүнээс хойш энэ талаарх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байх тул дахин дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б болон өмгөөлөгч Ж.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд Ж.А давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 


[1] Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны Б/18 дугаар тушаалаар Хөдөлмөр, халамж үйлчилгээий газрын мэдэлд шилжүүлсэн.