Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2022/00019

 

С.*******ын нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В. Цэцэнбилэг, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00227 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Сосорбарамын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд холбогдох

Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч С.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дамбажав нар оролцов.

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2005 онд Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд галчаар ажилд орсон юм. Тус хугацаанаас хойш тасралтгүй энэ байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдөр амраад 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ордог байсан.

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөөд шүүхийн шийдвэрээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Ажилд орсон өдрөөс хойш манай байгууллагын дарга намайг янз бүрээр дарамтлан ажиллахад их хэцүү байсан тул 03 сарын цалингүй чөлөө авсан. Би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр амраад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох гэхэд ажлаас чөлөөлсөн гээд ажилд авахгүй байгаа бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал өгөхгүй байгаа.

Өмнөх дарга нар хөдөлмөрийн гэрээ байгуулаад 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилоод 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд амралт олгодог байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч хугацаа заадаггүй байсан. 2016 онд шинэ дарга ирснээр надтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болсноор миний эрх зүйн байдал дордсон. Үүнээс болоод намайг хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нь буруу. Би өөрийгөө байнгын ажлын байран дээр ажиллаж байсан ойлгож байгаа.

Иймд намайг Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагын ажлын байр улирлын чанартай ажлын байр бөгөөд тус нисэх буудлын халаалтын зуухны үйл ажиллагаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс зогссон. С.*******тай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар 37.1.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, галч С.Цэнд-Аюуш, С.******* нарыг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, тушаалыг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус тус танилцуулсан.

Харин галч С.******* тушаалтай танилцахгүй, хувийг хүлээж авахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч С.******* нь ажлаас чөлөөлсөн гэдгээ мэдээгүй байсан гэж тайлбарлаж байна. Үүнийг мэдэхгүй байх боломжгүй. Ажилд томилсон тушаал дээр 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллана гээд хугацааг зааж өгсөн байдаг. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн байгууллагын шуурхай дээр миний бие 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр уурын зуухны үйл ажиллагаа зогсох болно. Иймд тухайн гэрээт 2 галч ажлаа хүлээлгэж өгөх талаар хэлж, тухайн ажилтнуудаар тойрох хуудсанд гарын үсэг зуруулаад ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нь гаргаад биечлэн гардуулж өгөх талаар бичиг хэргийн ажилтан П.Батзаяад хариуцуулан даалгасан гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын хариуцагч Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан гаргасан Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00027 дугаартай Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Уг шийдвэрээр намайг Говь-алтай аймгийн нисэх буудалд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан гэж илт буруу дүгнэж шийдвэрлэсэн.

Мөн шүүгч нь гадны нөлөөнд автаж хэргийг буруу шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч С.*******ын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч Сосорбарамын *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд холбогдох Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00227 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч С.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Учир нь:

Нэхэмжлэгч С.******* ...байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, тухайн ажлын байр одоог хүртэл байсаар байхад намайг авч ажиллуулахгүй байгаа нь хууль бус, өөр хүн авч ажиллуулсанд гомдолтой, би үргэлжлүүлэн ажиллах эрхтэй... гэж,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ...С.*******ын ажиллаж байсан галчийн ажлын байр нь байнгын ажлын байр биш, 2019 онд түүнийг авч ажиллуулахдаа хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хугацаа нь дууссан учраас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан болохыг мэдсэн атлаа тухайн үедээ маргаагүй, маргах хугацаагаа алдсан... гэж тус тус маргаан үүсгэсэн байна.

Хавтаст хэрэгт хууль ёсны үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзэхэд, Иргэний нисэхийн ерөнхий газар нь Говь-Алтай аймгийн Алтай нисэх буудлын орон тоог 25 баталж, уурын зуухны 2 галчийг 24 сараар ажиллуулахаар тогтоосон хэдий ч цалингийн сангийн төлөвлөгөөний дагуу уурын зуухны галч 4 ажилладаг байх бөгөөд үүний 2-ыг нь уурын зуухны галч буюу гэрээт улирлын чанартайгаар, 2-ыг нь галч-аэродромын туслах буюу байнга ажиллуулдаг болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/20 дугаар тушаал, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 04/25 тоот албан бичиг, ИНЕГ-ын Говь-Алтай аймгийн нисэх буудлын албан ажилтнуудын 2020 оны орон тоо цалингийн сангийн төлөвлөгөө, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийсэн нийцлийн аудитын тайлан зэргээр тогтоогдсон байна./ хавтаст хэргийн 42-43,112,120,148-150/

Хариуцагч Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 тоот тушаалаар нэхэмжлэгч С.*******ыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл уурын зуухны галчаар /улирлын чанартай/ ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулж улмаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/16 тоот тушаалаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм./ хавтаст хэргийн 52-53 дугаар тал/

Нэг талаас ажил олгогч байгууллага нөгөө талаас ажилтан С.******* нарын хооронд байгуулсан 32 тоот хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн гэрээний хугацааг талууд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасантай нийцсэн, хөдөлмөрийн гэрээг ажилтан С.******* зөвшөөрч гарын үсэг зуржээ. / хавтаст хэргийн 91-98/

Мөн хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний үйлчилгээ нь тухайн хугацаа дуусгавар болсноор зогсоогдсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахад ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг оролцоо байсан болохыг нотлох, нотлох баримт хэрэг авагдаагүй байна.

Харин анхан шатны шүүх эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлсон байхад хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь буруу болжээ.

Хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээний талууд, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх зэрэг шинжээр хөдөлмөрийн гэрээтэй адил боловч ажлын байр, гэрээний үргэлжлэх хугацаа, хөлс, гэрээнээс татгалзах, цуцлах асуудлыг Иргэний хуульд заасан журмаар зохицуулдаг, үүгээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай болохыг анхаараагүй байна.

Хэргийн зохигч талуудын хооронд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулагдсан байх бөгөөд талуудад нэг нийтлэг хөдөлмөрийн дотоод журам үйлчилж улмаар хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоотой байгаагаар тайлбарлагдана.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.*******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ

Л.НЯМДОРЖ