Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00023

 

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00023

 

 

....- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06206 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч....-ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ....,, ..,, ...- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 893 788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.    

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ...., нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хас банктай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 7 860 000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэгцээнд зориулан авсан. 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 6 382 634 төгрөгийг нэмж авч нийт 10.2 сая төгрөгийн зээлтэй болсон. 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 6 083 426 төгрөгийг дахин нэмж авч нийт 14.0 сая төгрөгийн зээлтэй болсон. Зээлдэгч нь 14 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногт 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн байгууллагатай хамтран ажиллах гэрээний нөхцлийн дагуу авсан. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хамтран үүрэг гүйцэтгэгч буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэйгээр ..,, ...- нар тус тус гарын үсэг зурж оролцсон. Эдгээр зээлийн гэрээний барьцаанд 5439 УБП улсын дугаартай, GX100-0107916 аралтай сувдан цагаан өнгөтэй Тоёото чайзер суудлын автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цалин түүнтэй адилтгах орлогыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч ....,, хамтран үүрэг гүйцэтгэгч ..,, ...- нар нь цалингийн зээлийн 1010010637 дугаар нэмэлт гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч ....,, хамтран үүрэг гүйцэтгэгч .., нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, ...зээлийн гэрээний 2.2.1-д заасан үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн. Иймээс 1010004215 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээний 3.3, 3.4-т заасныг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр гэрээг цуцалж байна. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлдэгч ....,ын 1010010637 дугаар гэрээний нэмэлтийн дагуу төлбөл зохих зээлийн төлбөр үндсэн төлбөр 7 388 040 төгрөг, хүүний төлбөр 2 911 873 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 582 375 төгрөг, нийт 10 882 288 төгрөг байна.

Иймд 10 882 288 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 11 500 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 10 893 788 төгрөгийг ....,, ..,, ...- нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгө, цалин түүнтэй адилтгах орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Мөн цалингийн барьцаат зээлийн гэрээний 2.4.3-д заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд ....,, ..,, И.Утхай нарын бусад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ..,, ...., нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие .., нь тус гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж байгаа талаар 2014 оны 04 дүээр сарын 24-ний өдөр мэдэгдэх хуудас авч 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тухайн өдрөөр хуримтлагдсан зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлсөн. Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудаас харахад, тус банк нь төлж чадаагүй хугацаа хэтэрсэн зээлийг нэмж зээл олгосон нэрээр зээл олгож, зээлийг зээлээр төлүүлж миний хууль ёсны эрх, ашгийг хохироожээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ...- шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээ бодитоор байгуулаагүй бөгөөд хамтран зээлдэгч нарын гэрээний хувьд зөрүүтэй байгаа. Зээлийн гэрээний үүргийн хамтран үүрэг гүйцэтгэгч нарт хуваарилалт хийгээгүй бүхэлд нь гаргуулна гэсэн нь үндэслэлгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр бус гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....,, ..,, ...- нараас 10 893 788 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анх байгуулсан зээлийн гэрээ болон түүнд орсон гэрээний хоёр нэмэлтийг тусд нь салгаж үзэх шаардлагатай гээд анхны зээлийн гэрээг хүчин төгөлдөр, түүнд орсон нэмэлтүүдийг стандарт нөхцөл гэж тодорхойлоод, зээлдэгч талд хохиролтой тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн. Ингээд "нэхэмжлэгч нь шаардлагыг гагцхүү хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр гэрээний үүрэг, хариуцлагыг тооцож хангуулна гэж гаргаж байх тул хүчин төгөлдөр бус гэрээнээс гарах үр дагаврыг шаардаагүй гэж үзэв" гээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэмж зээл олгосон нэмэлтүүдийг шүүх хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ зээл авсан харилцаа тус бүрийг тусгаарлан авч үзэх нь зүйтэй гээд үндэслэлээ "Иргэний хуулийн 1.2 дах хэсэгт "бие даасан байдлын зарчмын" дагуу үүссэн харилцаа тус бүрээр үүргийг тусгаарлан шийдвэрлэх нь зүйтэй байна" гэжээ. Иргэний хуулийн 1.2-т "Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын ...бие даасан байдал ...-д үндэслэнэ" гэсэн заалт байна. Энэ нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын бие даасан байдлын зарчмын талаар байх бөгөөд гэрээний харилцаа тус бүрийг тусгаарлан шийдвэрлэх үндэслэл болж чадахгүй байна гэж үзэж байна.

Мөн гэрээнүүдийг тусгаарлан авч үзэх шаардлага байгаагүй. Нэмэлт гэрээнүүдийг харахад талуудын хүсэл зориг ойлгомжтой тодорхой байна. Зээлдэгч талд нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон, банк нэмэлт санхүүжилтийг олгох, үүнтэй холбоотойгоор эргэн төлөх хугацааг сунгах гэсэн энгийн тохиролцоог талууд хийж цаасан дээр буулгасан байна. Ингэхдээ эхний байгуулсан гэрээний үүрэг, хугацаа дуусгавар болоогүй байсан бөгөөд бусад нөхцөлийн хувьд уг гэрээний дагуух тохиролцоог талууд хүлээн зөвшөөрч, зөвхөн нэмж авч байгаа зээл болон хугацаа сунгах тохиролцоогоо л тусгайлан тохиролцсон байгаа юм. Гэтэл шийдвэрийн Үндэслэх хэсэгт Гэрээний энэ нэмэлт нь гэрээ байгуулж буй нэг талтай тусгайлан тохиролцсон нөхцөл бус банк нэг талаас ийм нөхцлөөр гэрээ байгуулахаар стандарт тогтоосон нөхцөл болох нь "Хас банкны Гүйцэтгэх захирлын 2007 оны ...дугаар тушаалын хавсралт" гэснээр тодорхойлогдож байна. Иймд дурдсан гэрээнд оруулсан нэмэлт нөхцлүүдийг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөл гэж үзнэ" гэжээ. Гэтэл 2012.03.23-ны өдрийн 1010008651 болон 2012.12.07-ны өдрийн 1010010637 дугаартай Цалингийн зээлийн гэрээний нэмэлтүүдэд "Хас банкны Гүйцэтгэх захирлын 2007 оны ...дугаар тушаалын хавсралт" гэсэн үг үсэг байхгүй. Иймд стандарт нөхцөл биш гэж үзэх урвуу дүгнэлт гарч болохоор байна. Харин хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан 2012.03.23-ны өдрийн, 2012.03.26-ны өдрийн болон 2012.12.07-ны өдрийн "Барьцаат зээлийн гэрээний нэмэлт нөхцөл" гэсэн гэрээнүүдэд "Хас банкны Гүйцэтгэх захирлын 2007 оны ...дугаар тушаалын хавсралт" гэсэн үг бий. Энэ нь зээл нэмж олгох тохиролцоо хийсэн нэмэлт биш хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан нэмэлт тул шүүгч эдгээр нэмэлт нөхцөлүүдийг ялгаж салгалгүй шийдвэр гаргасан гэж ойлгогдохоор байна.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт "...гэрээнд дурдсан нэмэлт нөхцөлүүдийг дүгнэн үзэхэд гэрээний үлдэгдэл төлбөрийг дахин зээл болгож олгосон нь гэрээний хариуцлага, үр дагаварт тодорхойлогдох хөрөнгийн хэмжээгээр зээл авах хүсэл зоригийг үл харгалзан стандартчилсан, гэрээний бие даасан байдлыг алдагдуулж, гэрээнээс татгалзах эрхийг хязгаарласан нь гэрээний чөлөөт байдлын зарчимд харшилсан зэргээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч өөрийн давуу талыг ашиглан хэрэглэгч нэг талд хохиролтой байдлаар гэрээ байгуулах аргыг тодорхойлсон гэж үзэхээр байна" гэжээ. Гэрээний нэмэлтүүд нь зөвхөн нэмэлт зээл олгох, хугацааны талаар тохиролцсон бөгөөд зээлдэгчийн эрхийг зөрчсөн, ашиг сонирхлыг хөндсөн, гэрээнээс татгалзах эрхийг хязгаарласан асуудал байхгүй бөгөөд үүнийг шүүх хэрхэн тогтоосон нь тодорхой бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч....-ХХК нь хариуцагч ....,, ..,, ...- нарт холбогдуулж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10 893 788 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч....-ХХК нь хариуцагч ....,тай 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 7 860 000 төгрөгийг 30 хоногт 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон ба уг зээлийн гэрээ хэвийн үргэлжилж байх явцад 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өмнөх зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 3 819 366 төгрөг дээр 6 380 634 төгрөгийг нэмж нийт 10 200 000 төгрөгийн зээлийг 30 хоногт 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, мөн уг зээлийн гэрээ хэвийн үргэлжилж байх явцад 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өмнөх зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 7 916 574 төгрөг дээр 6 083 425 төгрөгийг нэмж нийт 14 000 000 төгрөгийн зээлийг 30 хоногт 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус олгосон байх ба зээлийн гэрээнд болон эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Мөн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлтээр ...-, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлтээр .., нар тус тус дээрх зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүрэг хүлээсэн байна.

Талууд дээрх зээлийн гэрээний 1.7-д Банк нь зээлдэгчийн идэвхтэй зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл олгож болно. Зээлдэгчид нэмж зээл олгосон тохиолдолд энэхүү гэрээний хугацааг өмнөх зээлийн үлдэгдэл болон нэмж олгосон зээлийн нийлбэр дүнг төлж дуусгах эцсийн хугацаа хүртэл сунгагдсанд тооцно гэж, 2.1.4-т Зээлдэгчийн идэвхтэй зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл олгох тохиолдолд Хавсралт 2-т заасан дансны өөрчлөлтийг тухай бүр оруулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр тухайн үед олгох зээлийн дүнг нэмсэн нийлбэр дүнгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилнэ гэж тус тус тохиролцсон байхаас гадна 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр болон 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл олгох үед өмнөх зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөгүй байсан болох нь зээлийн дансны хуулгуудаар тогтоогдож байгаа ба хүүгийн хэмжээ өөрчлөгдөж байгаагүй зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр болон бусад үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хүчин төгөлдөр 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардах нь хууль зөрчөөгүй байхад тус тусдаа зээлийн гэрээний харилцаа үүссэн, улмаар эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эргэн төлөлт хийгээгүй байх тул зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, гэрээт хугацааны хүү, хугацаа хэтэрсэн үеийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 10 893 781 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч....-ХХК-д олгох нь зүйтэй байна.

Харин зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэх автомашин, плитка, компьютер, зурагт зэрэг барьцааны зүйл нь хөдлөх эд хөрөнгө байх тул тэдгээрийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1д зааснаар шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч ...-, .., нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээхээр гэрээнд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар төлбөрийг хариуцах үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06206 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....,, ..,, ...- нараас 10 893 788 төгрөг гаргуулж нэхэмжлэгч....-ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж гэж тус тус өөрчилж, үлдээж гэсний дараа хариуцагч ....,, ..,, ...- нараас 189 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч....-ХХК-д олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч....-ХХК-ийн төлсөн 189 450 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ