Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00337

 

“Хас банк”-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06206 дугаар шийдвэр,            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн            

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Хас банк”-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Гомбожав, Б.Нарангоо, Т.Утхай нарт холбогдох,            

Зээлийн гэрээний үүрэгт 10 893 788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, С.Ундармаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Гомбожав нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Хас банк”-тай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 7 860 000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэгцээнд зориулан авсан. 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 6 382 634 төгрөгийг нэмж авч, нийт 10 200 000 төгрөгийн зээлтэй болсон.

2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 6 083 426 төгрөгийг дахин нэмж авч, нийт 14 000 000 төгрөгийн зээлтэй болсон. Зээлдэгч нь 14 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногт 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн байгууллагатай хамтран ажиллах гэрээний нөхцлийн дагуу авсан. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хамтран үүрэг гүйцэтгэгч буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэйгээр Б.Нарангоо, Т.Утхай нар тус тус гарын үсэг зурж оролцсон. Эдгээр зээлийн гэрээний барьцаанд 5439 УБП улсын дугаартай, GX100-0107916 аралтай сувдан цагаан өнгөтэй “Тоёото чайзер” суудлын автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цалин түүнтэй адилтгах орлогыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч Т.Гомбожав, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Нарангоо, Т.Утхай нар нь цалингийн зээлийн 1010010637 дугаар нэмэлт гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Т.Гомбожав, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Нарангоо нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, зээлийн гэрээний 2.2.1-д заасан үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн. Иймээс 1010004215 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээний 3.3, 3.4-т заасныг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр гэрээг цуцалж байна.

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлдэгч Т.Гомбожавын 1010010637 дугаар гэрээний нэмэлтийн дагуу төлбөл зохих зээлийн төлбөр үндсэн төлбөр 7 388 040 төгрөг, хүүний төлбөр 2 911 873 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 582 375 төгрөг, нийт 10 882 288 төгрөг байна. Иймд 10 882 288 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 11 500 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 10 893 788 төгрөгийг Т.Гомбожав, Б.Нарангоо, Т.Утхай нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгө, цалин түүнтэй адилтгах орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Нарангоо, Т.Гомбожав нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Нарангоо нь тус гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж байгаа талаар 2014 оны 04 дүээр сарын 24-ний өдөр мэдэгдэх хуудас авч 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тухайн өдрөөр хуримтлагдсан зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлсөн. Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудаас харахад, тус банк нь төлж чадаагүй хугацаа хэтэрсэн зээлийг нэмж зээл олгосон нэрээр зээл олгож, зээлийг зээлээр төлүүлж миний хууль ёсны эрх, ашгийг хохироосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Т.Утхай шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/2016/06206 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Гомбожав, Б.Нарангоо, Т.Утхай нараас 10 893 788 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06206 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Гомбожав, Б.Нарангоо, Т.Утхай нараас 10 893 788 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж” гэж тус тус өөрчилж, “үлдээж” гэсний дараа “хариуцагч Т.Гомбожав, Б.Нарангоо, Т.Утхай нараас 189 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн төлсөн 189 450 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Баянзүрх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 06206 тоот шийдвэрээр “Хас банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. “Хас банк” ХХК нь Т.Гомбожавтай 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 1010004215 тоот цалингийн зээл, барьцааны гэрээний дагуу зээлсэн зээлийн төлбөрөөс үлдэгдэл төлбөртэй байхад нэмж зээл олгон зээлийг зээлээр хаасан байдаг. Үүнээс харахад тус банк нь өмнөх олгосон зээлийг муу зээлийн ангилалд оруулахгүйн тулд зээлийг зээлээр хаалгаж хууль зөрчиж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Хэрвээ “Хас банк”-ны нэхэмжлэлдээ дурьдсанчлан зээлийн хугацаа хэтрэлттэй, зээлээ төлөөгүй гэж үзвэл бүтэн 2 жилийн турш яагаад энэ талаар огт мэдэгдээгүй юм. Зээлдэгч нарын холбогдох утасны дугаар, ажлын газар болон гэрийн хаяг зэрэг мэдээллүүд бүгд банкинд тэмдэглэгдсэн байгаа. Иймээс “Хас банк” нь санаатайгаар хүчин төгөлдөр бус гэрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож хариуцагч нарыг хохироож байгаад гомдолтой байна.

Т.Гомбожав болон “Хас банк”-ны хооронд 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 1010004215 тоот цалингийн зээл, барьцааны гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Т.Утхай оролцсон. Харин 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2011 оны 1010008651 барьцаат зээлийн гэрээний нэмэлт нөхцөл гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Нарангоо оролцсон байдаг. Т.Гомбожав нь Т.Утхайгийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн зээл, барьцааны гэрээний дагуу зээлийг төлж барагдуулаад хаасан учир хамтран үүрэг гүйцэтгэх үүрэг нь ч мөн дуусгавар болсон. Хамтран үүрэг гүйцэтгэх үүрэггүй этгээд юм. Гэтэл “Хас банк”-аас хамтран үүрэг гүйцэтгэгч үүрэг нь дуусгавар болсон этгээдийг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй юм.

Т.Гомбожав нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Хас банк”-тай байгуулсан 1010004215 тоот цалингийн зээл, барьцааны гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулсан. Мөн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7 950 352 төгрөгийг төлж зээлийг бүрэн барагдуулсан байдаг.

Гэтэл 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цалингийн зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулж 6 083 426 төгрөгийг нэмж зээлсэн гэх боловч 2012 оны 12 дугаар сард байгуулсан 1010010637 тоот цалингийн зээлийн гэрээний нэмэлт гэрээн дээр зөвхөн “Хас банк”-ны тооцооны 01-р төвийн захирал Д.Болдбаатар нь гарын үсэг зурсан, зээлдэгч буюу зээл авсан гэх Т.Гомбожав нь гарын үсэг зураагүй байгаа. Мөн барьцаат зээлийн гэрээний нэмэлт гэрээн дээр хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Нарангоо гэсэн боловч мөн л гарын үсэг зураагүй байна. Үүнээс харахад Т.Гомбожав нь дахин зээл авах хүсэл сонирхолгүй байсан гэдэг нь тодорхой харагдаж байх бөгөөд зээлийн гэрээг бодитоор байгуулаагүй байна.

Иймд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1010010637 тоот цалингийи зээлийн гэрээний нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 тоот магадлалаар “Т.Гомбожав, Б.Нарангоо, Т.Утхай нараас 10 893 788 төгрөгийг гаргуулж” гэж шийдвэрлэсэн боловч шүүх хэнээс хэдэн төгрөг гаргуулахыг заагаагүй, хариуцагч нарын төлөх төлбөрийг хуваарилалт хийлгүй бүхэлд нь Т.Гомбожав, Б.Нарангоо, Т.Утхай нараас 10 893 788 төгрөгийг гаргуулж гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 06206 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйл, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зохигчдын хооронд байгуулагдсан 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ, мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3 гэрээг анхан шатны шүүх  тус тусдаа бие даасан гэрээ гэж үзэж, зээлдүүлэгч буюу банк нь стандарт нөхцөл тогтоосон, гэрээний үлдэгдэл төлбөрийг дахин зээл болгож олгосон нь хэрэглэгч талд хохиролтой гэж дүгнэж, нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж  дүгнэжээ.

Анхан шатны шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ зээлийн гэрээ тус бүрийн хугацааг анхаараагүйгээс гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо гэрээ тус бүрийн дагуу үүргийг шаардаагүй, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2012 оны 03 дугаар сарын 23, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг үндэслэсэн байдалд дүгнэлт хийж чадаагүй байна.

  Талууд гэрээ тус бүрд 3 жилийн хугацааг тогтоосон байх ба эхний гэрээ буюу  2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэмж 6 830 634 төгрөгийн зээл, дээрх гэрээний хугацаа мөн дуусаагүй байхад 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмж 6 083 425 төгрөгийн зээл авч, үндсэн зээлийн хэмжээ 14 000 000 төгрөг болж, уг өдрөөс гэрээний хугацааг 3 жил байхаар тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. 

Зээл нэмж авах, зээлийн гэрээний хугацааг шинэчлэн тогтоох нь хуулийн аль ч заалтыг зөрчөөгүй байна. Зээлдүүлэгч нь нэмж зээл олгосноор үндсэн зээлийн хэмжэ нэмэгдсэн байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Т.Гомбожав 7 860 000 төгрөгийг 3 жилийн хугацаагаар, жилийн 19,20 хувийн хүүтэй нөхцөлөөр авсан, уг зээлд төлөлт хийж байгаад үндсэн зээл 3 819 366 төгрөг үлдсэн үед 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр нэмж 6 382 634 төгрөгийг зээлж авснаар үндсэн зээлийн хэмжээ 10 200 000 төгрөг болжээ. 10 200 000 төгрөгийн зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай, жилийн 19,20 хувийн хүүтэй гэж адил нөхцөлөөр байгуулсан байна.

2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Т.Гомбожав зээлийн эргэн төлөлт хийж байгаад 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмж 6 083 426 төгрөгийг авснаар зээлийн гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээнд зээлийн хэмжээг 14 000 000 төгрөг гэж тусгасан байх ба энэ нь нэмж олгосон зээл 6 083 426 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 7 916 574 төгрөгийн нийлбэр дүн байна.

Үүнээс үзэхэд нэмж зээл авах талуудын тохиролцоо хууль зөрчөөгүй. Мөн зээлийн үлдэгдлийн хувьд гэрээний хугацаа дуусаагүй байсан, уг үлдэгдэл нь үндсэн зээл учир нэмж олгосон зээлийг нэгтгэн үндсэн зээлийг тодорхойлсон нь хуулийг мөн зөрчөөгүй байна. Нэмж зээл олгосон гэрээний зээлийн хүү ижил тул үндсэн зээлийг нэгтгэн нэг гэрээ байгуулах нь өмнөх зээлийн гэрээний хугацааг сунгах, эсвэл нэмж олгосон зээлд шинээр гэрээ байгуулах аль ч тохиолдолд зээлийн үүргийн хэмжээнд нөлөөлөөгүй байх тул зээлдэгчийн эрхийг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл зээлийн үлдэгдлийг дахин зээл хэлбэрээр олгосон бус хугацааг нь сунгасан, нэмж зээл олгосноор үндсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн агуулгатай байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.7-д зээл нэмж олгох тохиолдолд үндсэн зээлийн хэмжээг тодорхойлох талаар заасан нь өмнөх зээлийн үлдэгдлийг төлүүлэх агуулга биш, үндсэн зээлийн хэмжээг тогтоох зорилготой болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.            

Иймд нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн тул хариуцагчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бөгөөд шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах өөр үндэслэл бий эсэх нь ач холбогдолтой болдог. Нэхэмжлэгч үндэслэлээ зөв тодорхойлох ёстой хэдий ч чадаагүй тохиолдол бүр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй болно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хууль хэрэглэж, эрх зүйн дүгнэлт өгөх тул хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж, хооронд нь харьцуулах шаардлагатай бол нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах үүрэгтэй байна. Анхан шатны шүүх нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол гэрээний дагуу нэмж авсан мөнгийг хариуцагч өөртөө авч хөрөнгөжих ёсгүй, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй юм. Анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн  дүгнэж чадаагүй байна.            

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан эрх зүйн үндэслэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлд нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 23 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 189 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА