Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1080

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, ******* гудамж, 7 дугаар хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай Н******* П*******,  

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Бага тойруу-3 хаягт байрлах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Бүртгэлийн хяналтын газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, Ж.М*******, Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Н.П******* миний бие нь 2003 оноос Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв /хуучнаар/-ийн Захиргааны удирдлагын хэлтэст мэргэжилтэн, 2008-2009 онд Гадаад паспортын хэлтэст паспортын байцаагч, Иргэний баримтын архивын мэргэжилтэн, 2009-2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучнаар/-ын Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын байцаагч, ахлах байцаагч, Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга, 2013 оноос Бүртгэлийн хяналтын хэлтсийн дарга, 2014 оноос Бүртгэлийн хяналтын газрын дарга, 2016 оны оны 3 дугаар сараас хойш Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж ирсэн.

Би төрийн албанд тасралтгүй 17 жил, Улсын бүртгэлийн байгууллагад 14 жил ажилласан ахлах түшмэлийн тэргүүн зэргийн зэрэг дэвтэй, төрийн жинхэнэ албан хаагч юм. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотой тус газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар миний бие эрхэлж байсан үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болно.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д ”төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэх заалт байсаар байтал уг бүтцийн өөрчлөлтөд оруулан ажлаас чөлөөлсөн байна. 

Мөн миний бие ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэг зөрчил, дутагдал гаргаагүй түүнчлэн албан тушаал бууруулан өөрчлөх үндэслэлгүй байтал мөн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар албан тушаал бууруулан Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байгаа тул холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, Ж.М******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Н.П*******ын нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Н*******, Ж.М******* бид иргэн Н.П*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол, 2015 оны 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны А/304 дүгээр тушаал, 2016 оны А/21 дүгээр тушаалын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний Статистикийн хороог нэгтгэж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг (цаашид “УБСЕГ" гэх) байгуулсан болно. 

Энэхүү хууль тогтоомжийн хүрээнд, Н.П******* нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналтын хэлтсийн даргаар томилогдсон. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Оюуны өмчийн газрыг нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (цаашид “ОӨУБЕГ” гэх) байгуулагдсан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалаар тус байгууллагын үйл ажиллагааны стратеги, үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн чиг үүргийг баталсан.

Уг зохион байгуулалтын бүтэц өөрчлөлтийн хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын албан хаагчдыг ажлаас чөлөөлж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт томилох шаардлага зүй ёсоор үүссэн байна. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн Б/05 дугаар тушаалын дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналтын хэлтсийн дарга Н.П*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын /өмнөх нэршил/ Хяналтын хэлтэс гэж байсан. Тус тушаалд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 277, Оюуны өмчийн газраас 30 албан хаагчид тус тус чөлөөлөгдсөн. Тус бүтцийн өөрчлөлтөөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газар гэсэн газартай болж өөрчлөгдсөн.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ба түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж хуульчилсан. Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын “15. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно” гэжээ.

Дээрх хуулийн заалт болон тайлбараас харахад зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр болох Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/16 дугаар тушаалаар ОӨУБЕГ-ын бүтцийн өөрчлөлт орсон гэж үзэхээр байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газраас Н.П*******д тушаал сонсгож, мэдэгдэж, ярилцаж, санал солилцож, ажлын байраар хангах зорилгоор, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагчаар томилсон.

“Адил чанарын өөр ажил, албан тушаал” гэдгийг Улсын Дээд Шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 13-т “Хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан цомхтгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо төвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно” Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газраас энэхүү тайлбарыг баримтлан Н.П*******д ажлын байрны санал тавьж томилсон гэж дүгнэж болно.

Н.П******* нь ажилдаа томилогдсоноос хойш удаа дараа Тамгын газраас ажилдаа очих талаар ярьсан боловч ажилдаа нэг ч удаа ирээгүй одоог хүрсэн байна. 

Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Н.П******* “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Бүртгэлийн хяналтын газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх тухай” 12 дугаар тогтоол, Засгийн Газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаал зэрэг гарч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталсантай холбоотой Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.П*******ыг Хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалаар Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаар албан тушаал бууруулан томилжээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

Маргаан бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/05 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн Газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалыг үндэслэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын албан хаагчдыг хавсралтын дагуу 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Энэ тушаалын 1 дүгээр хавсралтын 229 дүгээрт тус газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн дарга Н.П*******ыг албан тушаалаас чөлөөлсөн үйлдэл нь түүний төрийн алба эрхлэх, төрийн захиргааны албан хаагчдын баталгааг алдагдуулсан хууль бус үйлдэл гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтэц зохион байгуулалт, нэр өөрчлөгдсөн учир нэхэмжлэгч Н.П******* нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргын албан үүргийг эрхлэх эрх зүйн орчин үгүй болох юм. 

Иймд нэхэмжлэгч Н.П*******ын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.П*******ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газарт эргүүлэн томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу үйл ажиллагааг явуулаагүй, сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаагүй буруутай үйлдлүүд тогтоогдож байна. 

2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/39 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  урьд эрхэлж байсан албан тушаал болох Бүртгэлийн хяналтын газрын даргын ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

Дээрх 2016 оны Б/39 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.П*******ыг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаар томилсон байна.  

Нэхэмжлэгч Н.П******* нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/272 дугаар тушаалаар тус газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргаар томилогдон, төрийн захиргааны албан хаагч ахлах түшмэл ангилал, ТЗ-9-4 зэрэглэлд хамрагдан ажиллаж байжээ. 

Гэтэл түүний саналыг авалгүй, мэдэгдэлгүйгээр Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаар албан тушаал бууруулан томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн ерөнхий зарчмыг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 2З дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах нөхцөл үүсээгүй байхад Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар “Тус газрын аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” тушаалаар баталсан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналтын улсын байцаагчийн орон тоонд ТЗ-9 ангилал зэрэглэлээр ажиллаж байсан ажилтныг ТЗ-7 ангилал, зэрэглэлээр ажиллуулахаар томилж, албан тушаал бууруулсан нь төрийн захиргааны албан хаагчийн хуулиар хамгаалагдсан баталгааг алдагдуулсан байна. 

Хууль зүйн сайдын 2015 оны А/304, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалуудаар тус байгууллагын ерөнхий бүтэц, чиг үүргийг тодорхойлохдоо 2015 онд “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөр”-ийн 3.2.10-т “Хяналт, шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан нэгжийн 6 чиг үүргийг тодорхойлсноос бүгдэд нь улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааг тусгаж өгсөн байна. 

Харин 2016 онд “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн 4.7-д “Хяналтын асуудал хариуцсан нэгжийн 10 чиг үүргийг тусгаснаас 4 үйл ажиллагаа нь улсын бүртгэлтэй холбоотой, үлдэх 6 чиг үүрэг нь оюуны өмчтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлж өгсөн байх тул нэхэмжлэгч Н.П*******ын эрхэлж байсан ажлын чиг үүргийн дийлэнх нь хэвээр хадгалагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл улсын бүртгэл, статистиктай холбоотой чиг үүргээс 2 чиг үүрэг хасагдаж оюуны өмчтэй холбоотой 6 чиг үүрэг шинээр бий болсон, Улсын бүртгэлийн нэгдсэн хяналт, бүртгэлийн зөрчил дутагдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох, иргэний үнэмлэх хэвлүүлэхэд хяналт тавих чиг үүргүүд дээр Оюуны өмчийн улсын хяналт, зөрчилтэй хуурамч барааг илрүүлэх, хураан авах, зөрчлийн статистик мэдээ гаргах, урьдчилан сэргийлэх, маргаан шийдвэрлүүлэх, Дэлхийн оюуны өмчийн байгууллагууд болон гадаад орны ижил төрлийн байгууллагуудтай хамтран ажиллах, хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлэх зэрэг оюуны өмчтэй холбоотой нарийвчилсан чиг үүргүүд нэмэгдсэн байна. 

Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-10-д хамаарагдах ба газрын даргын албан тушаалд төрийн албан хаагчийг “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд тухайн албан тушаалд томилох нөхцөл байдал үүссэн. 

Нэхэмжлэгч Н.П******* нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Удирдах албан тушаалд томилуулах дүгнэлт, саналтай хэдий ч энэ нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хууль зүйн сайдын А/16 дугаар тушаалаар баталсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн хяналтын газрын даргаар томилогдож, дараа нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөхдөө ТЗ-9 ангилал, зэрэглэлийн албан тушаалыг эрхэлж байсан тул Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын даргын удирдах албан тушаалд шууд томилогдох боломжгүй гэж үзлээ.  

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх…” заалтын дагуу нэхэмжлэгч Н.П*******ыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус газарт түүний цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилох нь зүйтэй байна. 

3. “Ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Н.П*******ыг хариуцагчийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь нэгэнт тогтоогдсон, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар хууль бусаар албан тушаал бууруулан томилсон нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалин 2.965.875 төгрөг, төрийн албанд ажилласан жилийн нэмэгдэл 444.881 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 593.175 төгрөг, нийт 4.003.931 төгрөг /дөрвөн сая гурван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, үүнээс хуульд зохих журмын дагуу татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийх нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлөх тушаал 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан боловч эргүүлэн томилогдоогүйгээ мэдэлгүй, 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажиллуулсан, энэ хугацааны цалингаа авсан болохыг шүүх хуралдаанд мэдүүлсэн учир ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж тооцсон болно. 

Нэхэмжлэгч Н.П******* Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд очиж ажиллаагүй, цалин аваагүй болох нь тус хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 8/1190, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 10 дугаар сарын 1/1117 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын Н.П*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай. 

2. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П*******ын “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 4.003.931 төгрөг /дөрвөн сая гурван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг нэхэмжлэгч Н.П*******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА