Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 127/2019/0003/з |
Дугаар | 353 |
Огноо | 2020-09-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 353
Х аймгийн з с, т-ы э э с-ийн э нарын нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 122/ШШ2020/0014 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 433 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Х.У, Д.Б, өмгөөлөгч Ж.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Ж.Б, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 122/ШШ2020/0014 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.11, 10 дугаар зүйлийн 10.1.3, 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3, 77.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны “Эмийн эргэлтийн санг Эрүүл мэндийн төвийн харьяалалд шилжүүлэх тухай” 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 433 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний үйлчлүүлэгчдийн Эмийн эргэлтийн санд холбогдох захиргааны хэргийг Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.
4. Тус магадлалд “...нэхэмжлэл гаргасан гэх Э э с-ийн э тус бүр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, дэмжиж байгаа нэхэмжлэгч нар хууль ёсны ямар эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн, тодруулбал хэн нь ажлын байргүй, цалин хөлсгүй болж нийгмийн баталгаа алдагдана гэх үндэслэлээр, хэн нь гэрээг шинэчлэн байгуулаагүй гэх үндэслэлээр, хэн нь хувийн өмчийн хөрөнгө холилдсон гэх үндэслэлээр маргаж буйг тус бүрээр тодруулж, үндэслэл тус бүрийг шалган тогтоох шаардлагатай” гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна.
5. Нэгдүгээрт, нэхэмжлэгч болох Х аймгийн з с, т-ы Э э с-ийн 27 эрхлэгч, ажилчид тус бүр гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын дунд хамтарч шаардлага гаргах хүсэлгүй эсхүл эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, сэргээгдсэн хүн нэгээхэн ч үгүй. Тийм ч учраас хамтран нэхэмжлэгчид аль нэгээрээ төлөөлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох эрхийнхээ хүрээнд С.Ц, Х.У, Д.Б нараар төлөөлүүлэн, шүүхэд нэхэмжлэл гаргахыг зөвхөн өөрсдийн хүсэл зоригийн дагуу хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй биз ээ.
6. Гэвч хариуцагч талаас давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр “...ЗХШХШтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэг болох “хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх” шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” хэмээн маргаж, энэ талаар магадлалд “...Д.Б нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэгчээр оруулсан...” гэж дүгнэсэн байна.
7. Нэг захиргааны актын улмаас хоёр болон түүнээс дээш /хязгаарлалт байхгүй/ иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нэгэн зэрэг хөндөгдөж болзошгүй тул нэг удаагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар маргааныг нэг мөр шийдвэрлэх, нөгөө талаас захиргааны хэргийн шүүхийн ачааллыг хөнгөвчлөх үүднээс нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргах асуудлыг ЗХШХШтХ-ийн 23 дугаар зүйлээр зохицуулсан. Нөгөөтэйгүүр, яг аль хуулийн ямар заалтад “нотариатаар гэрчлүүлэх” ёстойг зааснаа дурдаж чадаагүй юм. Иймд зөвхөн Д.Б-тай холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.
8. Хоёрдугаарт, Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч нарын нөхцөл байдал адил түвшинд (эрхийн хувьд) зөрчигдсөн байхад “...нэхэмжлэгч тус бүрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тодруулах” гэх хэн хүнд ойлгомжтой зүйлийг шаардсан байна. Гэтэл миний үйлчлүүлэгчдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хангалттай гаргаж, өөрсдийн яг ямар эрх, ашиг сонирхол зөрчигдөөд буйг удаа дараа илэрхийлж байсан. Харамсалтай нь үүнийг магадлалын “Тодорхойлох” хэсэгт зааж өгөөгүй учир дутагдалтай байна.
9. Гуравдугаарт, нэхэмжлэгч нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, энэ үйл ажиллагааныхаа үр шимийг хүртэх, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.”, 4 дэх хэсэг “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй.” зэрэг эдгээр эрхийн зөрчлүүд нь бүгд хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд эцсийн огтлолцол нь маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгосноор сэргээгдэх үр дагавартай билээ.
10. Нэг ёсондоо маргаан бүхий 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын нөхцөл байдал урьдын байдалдаа эргэн орох эерэг үр дагавар үүсэх юм. Энэ талаар магадлалд “... ЭЭС-ийн эрхлэгч нар нь тус санг сумын ЭМТ-д шилжүүлэхгүйгээр цаашид үргэлжлүүлэн ажиллуулах хүсэл зориг илэрхийлэгдэж байхад...” хэмээн тусгасан явдал нэхэмжлэгч нарын нөхцөл байдлыг Давж заалдах шатны шүүх нэмэлт тодруулга шаардлагагүйгээр бүрэн ойлгож байгааг харуулж байна.
11. Түүнчлэн, 15 сум, 3 тосгоны 27 эрхлэгч, ажилчид маргаан бүхий тогтоолоор ЭЭС-ийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөцтэй холбогдох асуудлыг зохицуулалттай болгохыг бус зөвхөн ЭЭС-ийн үйл ажиллагааг урьдын адил хэвийн явуулж, бие даасан үйл ажиллагааг ханган ажиллах нөхцөл байдалд эргүүлж оруулж өгөхийг л хүссэн эцсийн хүсэл зорилготой билээ.
12. Гэтэл өнөөдрийг хүртэл 18 ЭЭС-ийн алиных нь ч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга, сумын ЭЭС, Эрүүл мэндийн төвийн хооронд байгуулсан дөрвөлсөн гэрээг сунгаагүй, ЭЭС-ийн тусгай зөвшөөрөл олгоогүй (сунгаагүй), харин ч эсрэгээрээ сумдын Эрүүл мэндийн төвийн нэр дээрээ тусгай зөвшөөрөл гаргаж байгаа болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхэд өгсөн тайлбараас илүүтэйгээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагагүй гэж үзэж байна.
13. Дөрөвдүгээрт, Хэнтий аймгийн сумдын Эрүүл мэндийн төвд ЭЭС-ийн санг шилжүүлсэн нь төсвийн байгууллагын зохицуулалт болох Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг “....төсөвт хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ”, 44 дүгээр зүйл, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн “Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно.” зэрэг холбогдох заалтуудад нийцэхгүй, нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн төв гэдэг өөрөө улсын төсвөөс санхүүждэг, ашгийн төлөө бус байгууллага учраас ЭЭС-ийн ашиг алдагдлыг тооцож, санхүүгийн тайлан гаргаж, нягтлан бодох бүртгэл хөтлөх боломжгүй тул маргаан бүхий тогтоол хууль зүйн үндэслэлгүй юм.
14. Тавдугаарт, анхан шатны шүүхийн шийдвэрийн 15 дахь талд “...Маргаан бүхий тогтоолоор Хэнтий аймгийн сум, тосгоны Эмийн эргэлтийн сангийн ажилчдын орон тоо, цалингийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тоонд багтаагүй ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг хэн ямар байгууллага хэрхэн шийдвэрлэх болон Эмийн эргэлтийн сан нь цаашид ямар дансанд орлого авч, ямар журмаар зарцуулах нь тодорхойгүйн улмаас нэхэмжлэгч сум, тосгоны ЭЭС-ийн эрхлэгч, ажилчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, ажлын байрны баталгаа алдагдаж, ЭЭС-ийн үйл ажиллагаа доголдсон байна.” гэсэн нь давж заалдах шатны шүүхийн “...анхан шатны шүүх зөвхөн эмийн эргэлтийн сангийн ажилчдын орон тоо, цалингийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн гэж үзэх боломжгүй” гэх үндэслэлийг хангалттай няцаах дүгнэлт болсон.
15. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан болно.
16. Ийнхүү ЭЭС болон түүний ажилчдыг сумын Эрүүл мэндийн төвүүдийн харьяалал, бүтэц орон тоонд нь багтаан шилжүүлэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой заагаагүй, хууль бус захиргааны акт байсаар байтал шүүх үнэлэлт, дүгнэлт өгсөн хэсгээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгахгүй, удаашруулах хандлагатай байна.
17. Иймд нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, ЭЭС-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ”.
18. Хариуцагч Хэнтийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х аймгийн з с, т-ны Э э с э нарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийн хариуцагчийн зүгээс Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 122/ШШ2020/0014 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 433 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байна”, “27.4.1. итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх”, 27.4.3-т “хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх” гэж заасан байна.
20. Нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулийн дээрх шаардлагыг хангуулж итгэмжлэл аваагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу уг итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байна.
21. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хуулийн зохицуулалтыг зөв дүгнэсэн атлаа “... С.Ц, Х.У нар нь мөн адил Э э с э нар байх тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах боломжгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
22. Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нар нь аймгийн Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвтэй дөрвөлсөн гэрээг байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулах эрхтэй болдог ба С.Ц-тай байгуулсан гэрээнд сумын Засаг дарга гарын үсэг зураагүй байгаа нь түүнийг нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд гэж үзэхээр байна. Тодруулбал, Бэрх хотын захирагчийн 2019 оны “С.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” шийдвэр хэрэгт авагдсан байх ба хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нь маргаагүй, харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэж тайлбарласнаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэл бүрдсэн байна.
23. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж тус тус заасан.
24. Нэхэмжлэгч нарын зүгээс “...МЭЗНБ Эм холбоо ТББ-ын Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан” гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №1/658 тоот албан бичигт “... сумдын эмийн эргэлтийн сангуудыг шалгахад улсын бүртгэлгүй байна” гэж дурдсанаас үзэхэд дээрх хуульд заасанд нийцүүлэн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болсон байна.
25. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлэхээр хуульчилсны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн зүгээс Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандах боломж нь нээлттэй байжээ.
26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан.
27. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ хавсаргасан Хэнтий Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” № 63 тоот албан бичгээс үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 54 тоот тогтоол гарсныг мэдэж байсан ба анхан шатны шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргах ёстой байжээ.
28. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болсон ба хавтаст хэрэгт уг хугацааг сэргээлгэхээр гаргасан хүсэлт авагдаагүй байна.
29. Мөн маргаан бүхий захиргааны акт болох Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг Khentii.hural.mn сайтад албан ёсоор 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байршуулсан нь нийтэд илэрхий үйл баримт ба Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “...захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж зааснаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл бүрдэж байна.
30. Магадлалын Хянавал хэсэгт: “...нэхэмжлэл гаргасан гэх Э э с э тус бүр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх ... үндэслэл тус бүрийг шалган тогтоож хэргийг шийдвэрлэх шаардлагатай” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
31. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Х.У нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...ажлын байр, цалин хөлсгүй болж хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн” гэж тайлбарлан маргаж байх ба итгэмжлэлийг нэгэнт хуульд заасан шаардлагыг хангуулаагүй нь бусад төлөөлүүлэгч нарыг нэхэмжлэл гаргаагүй гэж үзэх үндэслэл болно.
32. Өөрөөр хэлбэл итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангуулж нэхэмжлэл гаргаагүй, хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй ба давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч нар нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлан маргасан тул дахин нотлуулах шаардлагагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн М э К Хэнтий компанийн захирлын 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах тухай” 13 тоот тушаалыг үндэслэн тус захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэхээ болсон.
33. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “... 1996 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрийн өмчид байсан зүйлийг төрийн өмч гэж үзээд байна. Тэгээд төр өөрийн өмчөө 1997-1998 онд тоолоод 1999 онд Улсын Их хурлаар хэлэлцүүлээд төрийн болон орон нутгийн өмчийг ялгасан. Төсөл хэрэгжсэн Галшар сумын эмийн сан, Баянхутаг сумын эмийн эргэлтийн сан гэж 1999 онд төрийн өмчийг албан ёсоор зааглаж хуваасан. Харин бусад сумдад төрийн өмч гэж алга” гэж анхан шатны шүүх хуралдаанд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд маргасан.
34. Гэтэл М э К Хэнтий компанийн захирлын 1997 оны 13 тоот тушаалын 1 дэх заалтаар “... сумын эмийн сангуудыг 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон сумын нийгмийн эрүүл мэндийн төвийн харьяанд эмнэлгийн эмийн сан нэртэйгээр шилжүүлсүгэй”, 2 дахь заалтаар “Эмийн санд ажиллаж буй ажилчдын нэрийг хавсралтаар батлан эрүүл мэндийн төвийн мэдэлд шилжүүлж, ажлаас чөлөөлсүгэй” гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлан маргаж буй дээрх үндэслэл няцаагдаж байхаас гадна эмийн эргэлтийн сан нь сумдын эрүүл мэндийн төвийн харьяанд ажиллаж байсан болох нь тодорхой харагдаж байна.
35. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 122/ШШ2020/0014 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 433 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
36. “Хэнтий аймгийн нэр бүхий сумдын эмийн эргэлтийн сан эрхлэгчдийн хуралдаан”-ы 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр эмийн эргэлтийн сан эрхлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Ц, Д.Б, Х.У нарыг сонгож, “Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг эдлэх, шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах зэрэг хуульд заасан эрхүүдийг олгож” шийдвэрлэсний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Х.У нар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.
37. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно”, 23.2-т “Энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон түүнд олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй” гэж заасан бөгөөд харин нэхэмжлэгчдийн дундаасаа томилсон төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагыг хангасан байхыг шаардана. Тухайн тохиолдол нэхэмжлэгч нараас олгосон гэх итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.
38. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, тэдний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгааг тодорхойлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гэж үзэж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д заасанд нийцсэн байх тул хяналтын шатны шүүх хуралдаанаас нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон хариуцагчийн гомдлыг тус тус хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 433 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН