Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 761

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг  хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Э.С 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 25 дугаар байранд үйл ажиллагаа явуулах цэцэрлэгийн байранд иргэн Б.Атай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч эхлээд манай эхнэртэй маргалдсан. Тэгэхээр нь би одоо боль гэхэд миний үгэнд орохгүй байсан. Би хохирогчийг үсдэж дээрээс нь дарсан зүйл байхгүй.  Гэхдээ миний буруу гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 16-ны шөнийн 00:00 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Алтай хотхоны 25 дугаар байрны 1 давхарт байрлах цэцэрлэг дээр найзын найз Аясу гэдэг хүн дээр очсон. Бид хамт голын эрэг дээр байж байгаад очсон. Цэцэрлэг дээр очсон шалтгаан нь Аясу, С нар цэцэрлэг ажиллуулдаг гэхээр нь тэнд нь очиж пиво уух гэж очсон. Замдаа дэлгүүрээс 8 лааз пиво  аваад тэрийгээ бүгдээрээ хувааж уусан. Аясу, түүний нөхөр С, Очмаа, Болорчимэг бид нар байсан. Тэгээд ууж сууж байхад С эхнэр Аясутай маргалдаад байхаар нь Болорчимэг бид хоёр болиоч гэхэд зайл янхан, би газар дээрээ байна гээд Болорчимэг рүү юм авч шидээд үсдээд байхаар нь би салгах гэж дундуур нь ороход С миний үснээс зулгаагаад газар унагаад элэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би босоод ирэхэд миний зүүн гарын чигчий хурууны хумс салсан байсан. Тэр үед гаднаас хүүхэд нь орж ирсэн. Тэгээд жижүүр цагдаад дуудлага өгсөн байсан цагдаа ирсэн...Миний зүүн гарын чигчий хурууны хумс салсан маш их өвдөж байна нүүр хэсэгт гурван газарт маажуулсан. Дух хавдсан хорсож өвдөөд байна. Элэг рүү өшиглөсөн хэсгээр өвдөөд байна. Үснээс зулгаасан хэсэгт хавдсан, өвдөж байна. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Болорчимэг мөрдөн байцаалтанд:”...С ах архи дууссан байсан бөгөөд архи дууссан учраас та нар яв гэхээр нь бид нар пиво ууж дуусаагүй байна эхнэртэй чинь юм ярьж байгаад явъя та ороод унтаа гэхэд манай эхнэр та нар шиг янхан биш нөхрийнхөө  толгой дээр гарсан юмнууд гэхээр нь би та эхнэрээ дарамталдаг эмэгтэй хүнийг ингэж дарамталж болохгүй ш дээ гэтэл эхнэр Аясу одоо битгий тэгээ гэхээр нь би С ахад уучлаарай таныг эхнэрээ зоддог гэсэн зүйл сонсоод жаахан эвгүйцлээ гэхэд С ах тэгвэл архи аваад ир гэхээр нь та өөрөө архиа аваад уухгүй юу би таны архийг бэлддэг нь биш гэхэд С ах та нар миний авч өгсөн архи пивийг уугаад сууж байгаа биз дээ гэхээр нь би өөрийнхөө авсан архийг ууж байна гээд чаддаг бол босоод ир харья гэсэн тэгтэл С сандал дээрээсээ босоод ирэхээр нь би түлхээд суулгатал ширээн дээр байсан аяга аваад над руу шидсэн. Гэхдээ намайг онож гэмтээсэн зүйл байхгүй. Тэгтэл хажуу талаас А эгч босож ирээд Сыг түлхээд тэр хоёр барьцалдаж авсан...С ах Аг үсдэж доош унагаад дэвсээд нүүр амыг нь гэмтээж тухайн үед дух орчим нь овойгоод хавдсан хурууны хувс нь хууларчихсан байсан” /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7654 дугаартай дүгнэлтэд: Б.Агийн биед дух, хамар, зовхи, гуя, шуунд цус хуралт, зулгаралт, хумс хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 19/ гэжээ.

 

Сэжигтнээр Э.С мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 16-ны  өдөр манай найз Очмаа болон түүний найз гэх А зэрэг хүмүүс  19 цагийн орчим уулзаад гол руу гарч идэж суусан. Тэгээд сууж байгаад 22 цаг өнгөрөөгөөд 25 дугаар байрны 80 тоотод байрлах цэцэрлэгийн нэг амралтын өрөөнд үргэлжлүүлэн ууж идэж ярьж сууцгаасан. Тэгээд би тэд нарыг одоо болно дуусгая гэтэл чи эр хүн юм бол дахиад нэг шил архи авчих гэж А хэлсэн. Тэгэхээр нь би одоо болно гээд дургүйцэхэд  А чи эхнэрээ зоддог гээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгж байтал А над руу дайраад миний нүүрийг маажихаар нь би цааш түлхтэл тэр энд тэнд хоёр тийш найгаад хана мөргөөд байсан. Тэгтэл би хальтраад унатал А над дээр гараад суучихсан дахиад нүүр маажих гээд байхаар нь үснээс нь таттал тэр ч газар унасан би ч бас халтираад газар унасан. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Э.Сын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 44/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, дипломын хуулбар /хх-ийн 47/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48-49, 51/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 55/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 56/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.С 2018 оны 6 дугаар сарын 16-ны шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 25 дугаар байранд үйл ажиллагаа явуулах цэцэрлэгийн байранд иргэн Б.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.А” С миний үснээс зулгаагаад газар унагаад элэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн....миний зүүн гарын чигчий хурууны хумс салсан маш их өвдөж байна нүүр хэсэгт гурван газарт маажуулсан. Дух хавдсан хорсож өвдөөд байна. Элэг рүү өшиглөсөн хэсгээр өвдөөд байна. Үснээс зулгаасан хэсэгт хавдсан, өвдөж байна...” /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

гэрч Х.Болорчимэгийн”...С ах Аг үсдэж доош унагаад дэвсээд нүүр амыг нь гэмтээж тухайн үед дух орчим нь овойгоод хавдсан хурууны хумс нь хууларчихсан байсан...” /хх-ийн 17/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7654 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Э.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Э.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Э.Сыг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд мөрдөн байцаалтанд хохирогч Б.Агаас гаргасан хүсэлтэд “Э.Ст гомдол санал байхгүй” гэж мэдүүлснийг  үндэслэл болгон Э.Сыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Э.Ст гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.