Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 243

 

Б.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

хохирогч М.Г, Г.Л, Б.О,

хохирогч А.Амарсанаа, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/1312 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б, Д.Б нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Д овгийн Бын Б, 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, “...” ХХК-д ахлах ажилтан, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч хамтран амьдрагчийн хамт ... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй /РД:.../,

 

  1. Б овгийн Дийн Б, 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “...” ХХК-д үйлчилгээний ажилтан, ам бүл 2, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч хамтран амьдрагчийн хамт ... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй /РД:.../;              

Шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь бүлэглэж, 2017 оны 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Б.Ад 6.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцон 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1493 дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний барьцаанд Б.Аын эх Т.Оийн өмчлөлийн ... тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хуурамч баримт бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Алимаад 68.000.000 төгрөгөөр худалдсан,

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байрны 1 тоотод байрлах 60 мкв иргэн Б.Оийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлийн гэрээ байгуулан Б.Оөд 15.000.000 төгрөг зээлдүүлсэн боловч зээлийн гэрээ дуусаагүй байхад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн С.Tад, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “манай ахын орон сууц байгаа юм” гэж хуурч иргэн Г.Лд 31.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, түүний өмчлөлд шилжүүлсэн,

Б.Б нь ганцаараа:

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ техникийн захад О.Ныг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг 12.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2.500.000 төгрөгийг шилжүүлэн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг шилжүүлэхгүйгээр “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэн авсан,

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ... тоотод байрлах 2250 мкв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 7 хоногийн хугацаатайгаар А.Амарсанаагаас 35.000.000 төгрөгийг зээл нэрээр шилжүүлэн авсан,

2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкны баталгаа гаргуулна” гэж хуурч Д.Мгээс 136.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан.

Б.Б нь ганцаараа:

2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Г ... тоотод байрлах орон сууцыг өөрийн эзэмшлийн орон сууц, 22.000.000 төгрөг зээлж, хүүд нь орон сууцандаа 1 жилийн хугацаагаар суулгана гэж хуурч, хуурамч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, зээлийн гэрээ, орон сууц түрээслэх гэрээг нотариатаар батлуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бын Б, Дийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж, үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бид 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Бд 5 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 84 хоногийг, шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 148 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Оийн ... тоот орон сууцны өмчлөх эрх, хохирогч Б.Оийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Хааис гудамж 2 дугаар байр, 1 тоот 60 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус сэргээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Б.Баас 13.850.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Лд, 27.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Амарсанаад, 134.640.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Мд, шүүгдэгч Д.Баас 13.850.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Лд, 22.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Гт тус тус олгож, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролтой холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь нэр бүхий хохирогч, иргэний хариуцагч нартай холбоотой мөнгөний асуудлыг иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдаж, эд хөрөнгө битүүмжлэх тухай Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, өмчлөх эрхийг зохих журмын дагуу хохирогч Т.Оийн өмчлөлд шилжүүлэхийг Б.Алимаад /одоогийн өмчлөгч/ мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улаан цоохор хавтастай тэмдэглэлийн дэвтрийг шүүгдэгч Д.Бд буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Лгийн хохирол төлбөр над дээр тооцогдсонд гомдолтой байна. Хохирогч Л  надад гомдол гаргаагүй. Лгийн өргөдөл гомдол дээр би яллагдагчаар татагдаагүй. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр С.Эрдэнэбаатараас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байрны 1 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг Бид шилжүүлэн өгсөн байсан. Уг итгэмжлэлээрээ Б хохирогч Лд шилжүүлэн худалдах, худалдан авах гэрээ хийж 31.000.000 төгрөг авсан байсан. Гэрээ байгуулах болон мөнгө авч байх үед би байгаагүй. Уг үйлдэлд би оролцоогүй. Иймд хохирогчийн мэдүүлэг болон хэргийн хохирлыг дахин шалгаж өгнө үү. Хохирогч Гийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Э.Нархажидыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би хоригдож байх хугацаандаа болон хувийн батлан даалтад байх үедээ мэдүүлэг болон хүсэлт, өргөдөл, гомдол, байцаалтаар миний хаан банкны депозит дансны хуулга Нархажидын дансны хуулга захиран зарцуулалт болон тухайн үеийн хаан банкны камерын бичлэгийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. 2019 оны 9 дүгээр сард прокурорын тогтоолоор Нархажидыг иргэний хариуцагчаар татсан гэдгийг хэлсэн. Иргэний хариуцагчаар татсан гэх баримт хавтас хэрэгт хавсрагдсан байгаа. Тэгтэл хавтас хэргийн баримт, прокурорын уг хэргийн мэдүүлгийг харгалзан үзэлгүй дан ганцаараа үйлдсэн гэж үзэж мөнгөн төлбөрийг зөвхөн над дээр бүрэн тооцсонд гомдолтой байна. Уг хэргийг шалгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Нархажидтай бүлэглэн хийсэн гэдэг нь харагдсаар байхад нэг талыг баримтлан Нархажидыг огт хамааралгүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Гийн хэрэгт яллагдагчаар татагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Хоригдож байх хугацаандаа өргөдөл болон мэдүүлгээр маш олон удаа гомдол хүсэлт гаргасан тэгтэл үүнийг шалгаж өгөөгүй. 2019 оны 10 дугаар сард прокурор Дамбадаржаад “Баянхошууны “Хаан банкны” камерын бичлэгийг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт удаа дараа гаргасан. Бичлэгт би Нархажидын данс руу 10.000.000 төгрөгийг дансаар, банк дотор 9.000.000 төгрөгийг бэлнээр өгч байгаа бичлэг байгаа. Үүнийг гаргаж өгнө үү гэхэд шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулаагүй. Нархажидыг 6 дугаар сард шүүх хуралд гэрчээр оруулсан. Тухайн үед мөнгө авсан болон уг үйлдлийг мэдэж байснаа шүүх дээр хэлсэн. Мөрдөн байцаах шатанд буцаасан гэвч прокурор байцаагч түүний үүрэг оролцоог шалгаагүй. Нархажид өөрийн данснаас байрны үндсэн эзний данс руу байрны барьцаа болох 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Нархажид намайг хоригдож байх үед тухайн байранд дахин очсон байсан. Үүнийг хохирогч нар гэрчилж байгаа. Ордерыг Нархажид Д-Уул аймгийн үл хөдлөх хөрөнгийн ажилтнаас 2.000.000 төгрөгөөр авч байснаа хэлж байсан. Нархажид нь одоо шалгагдаж байгаа хэрэг нь үнэт цаас ашиглан гэмт хэрэг үйлдсэн удаа дараагийн гэмт хэрэгтэй байдаг. Авсан 22.000.000 төгрөгийг бусдад зээлэх бодолтойгоор залилан аваагүй, уг гэмт хэрэгт Нархажид харилцаа хамааралтай үйлдэл оролцоотой байсаар байхад иргэний хариуцагч болон Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөхгүй байгаад маш их гомдолтой байна. Би 23 настай. 5 настай хүүгийн хамтаар өрх толгойлон амьдардаг. Би маркетинг менежер мэргэжилтэй. Мэргэжлээрээ 2019 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл “Silk road” худалдааны төвд худалдааны зөвлөх, 2019 оны 10 дугаар сарын 4-нөөс 2019 оны 12 дугаар сарын 11 хүртэл “...” ХХК-д үйлчилгээний ажилтан чиглэлээр ажиллаж байсан. Үндсэн цалин 760.000-780.000 төгрөг авч байсан. Нийгэмд болон хүмүүст маш их хор хөнөөлтэй зүйл хийсэн. Үүнийгээ заавал төлж барагдуулахыг хүсэж байна. Иймээс сар болгоны тогтсон өдөр тогтмол 200.000 төгрөгийг бага багаар хохирол төлбөрөө төлж барагдуулахаа амлаж байна. Хүү минь одоо 5 настай. Хүүгийн аав 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэнэтийн ослоор нас барсан. Одоо 9 сард хүү минь 1 дүгээр ангид суралцахаар болж байгаа. Энэ үед нь хүүтэйгээ хамт байж зөв үлгэр дуурайлал болж гэр бүлийн хүмүүжил хайр халамжаар дутаалгүй хамт байхыг хүсэж байна. Надад хорих ял шийтгэлээс өөр шийтгэлээр шийтгэж, хохирол төлбөрөө төлж барагдуулж гэр бүл хүүтэйгээ байж нийгэмд зөв замаар явах боломж олгож надад нэг удаа итгэл үзүүлж өгөөч гэж хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Д.Б нь улсын яллагчаас зүйлчилсэн ялын зүйлчлэл, үйлдсэн хэрэгтэй огт маргадаггүй боловч шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хэт нэг талыг барьсан, гэмт хэрэг үйлдэж оролцсон хүнийг эрүүгийн хариуцлагад татахгүйгээр учруулсан хохирлоо төлөлцүүлэхгүйгээр ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тухайлбал анхан шатны шүүх хурал дээр хохирогч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэргийг прокурорт буцаах санал гаргасан бөгөөд гол шалтгаан нь ялтан Д.Быг 4 дүгээр хавтас хэргийн 235-239 дүгээр талд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өөрчлөн татсан тогтоолд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчаар татсан байх боловч уг зүйлчлэлийг яллах дүгнэлтэд дурдаж өгөөгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Уг асуудлын талаар өмгөөлөгч нар тодорхой санал гаргасан боловч уг асуудлыг хэрхэн няцаасан талаар дүгнэлт анхан шатны шүүхээс хийгээгүй орхигдуулсан. Нөгөө талаас ялтан Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Г.Гийг залилан мэхэлсэн үйлдлийг ганцаараа үйлдээгүй Нархажид гэх хүнтэй хамтран үйлдсэн талаараа тодорхой мэдүүлсэн бөгөөд Нархажид гэх хүнийг мөрдөгчийн зүгээс иргэний хариуцагчаар татсан боловч үйлдэл оролцоог нь шалгаж тогтоогоогүй. Мөн анхан шатны шүүхээс Гт учруулсан хохирлыг дан ганц Д.Баар төлүүлэхээр заасан нь хууль зөрчсөн. Иймд 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 2019/ШЦТ/1312 дугаартай Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Магнайбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Хөдөө аж ахуй их сургуулийн 2 дугаар байрны 1 тоот гэх хаягтай иргэн Д.Бд иргэн Б.О нь өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн болно. Мөн тухайн хэргийг анхнаасаа мөрдөн байцаалтад өгсөн байхад Баянгол дүүргийн мөрдөн байцаагч Батхишиг нь хавтас хэрэгт тусгаж өгөөгүй болон оруулаагүй байна. Иймд тус хэргийг нэмж гүйцэд шалгуулах хүсэлтэй байна. 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Банкны баталгаа гаргуулна” гэж хуурч Д.Мгээс 136.000.000 төгрөгийг залилж авсан гэх хэргийг иргэн Д.Бтай хамт үйлдэж авсан гэдэг нь дансны хуулган дээрх итгэмжлэлээр зарцуулагдсан гэх 136.000.000 төгрөгийг Д.Б нь авч үрэгдүүлсэн нь нотлогдсон байхад уг хохирол гэх 136.000.000 төгрөгийг зөвхөн дан ганц над дээр хохирол гаргасанд гомдолтой байна. Иймд хохирлыг хоёр хувааж өгөхийг хүсэж байна. Хавтас хэрэгт тогтоогдсон гэх бүх хохирол мөнгийг төлж барагдуулж байгаад Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар орж хуулийн дагуу таслан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би бусдад болон ар гэр, ажил хэрэг, амьдралынх нь хэсэг ч гэсэн цаг хугацаанаас нь хомслон өөрийн буруутай  үйлдлээс болон бусдад хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Иймд миний бие цаашдаа нийгэмд хор хөнөөлтэй бусдын адил ажил хөдөлмөрөө эрхэлж, аав, ээж, хань хүүхэдтэйгээ сайхан амьдрах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч хэргийг маань нааштайгаар шийдэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Гомбо гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Д.Мгээс 136.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэлд шүүгдэгч Д.Быг энэхүү үйлдэлд оролцоотой гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэжээ. Үүнийгээ шүүгдэгч Б нь ганцаараа ирж мөнгө авсан гэх Мгийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл уг үйлдэлд Д.Б нь Б.Бийг Д.Мгээс 136.000.000 төгрөгийг авах үед Баар итгэмжлэл хийлгэж бэлдсэн дансанд мөнгө орохыг хүлээж байгаад уг мөнгийг авч урд өмнө нь Бтай нийлж хүнээс зээлсэн өрнүүдийг Б нь тараасан. Үүнийгээ Д.Б Б.Б нар нь тохиролцож үйлдсэн талаар мэдүүлдэг юм. Үүнийг хохирогч М мэдэгдээгүй тул Б.Б ганцаараа ирж авсан талаар мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх нь энэ талаар бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад зөвхөн хохирогчийн мэдүүлэгт дүгнэлт хийж Д.Быг оролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймээс Д.Мгээс 136.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэлд Д.Б нь оролцоотой гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар хэргийг дутуу шалгасан байна. Уг хэрэгт хохирогч T нь хохирсон талаараа өргөдөл гаргаж хохирогчоор тогтоогдож Баас 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн байна. Гэтэл Улсын яллагч нь энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгээгүй орхигдуулсан. Хохирогч T нь удаа дараа 4 сая төгрөгөө нэхэмжилж шаардаж Бийн ар гэрийнхнийг хүртэл дайрч байна. Миний үйлчлүүлэгч нь уг үйлдлийг хамтад нь шийдүүлэх хүсэлтэй, ингэхгүй бол 2 шийтгэх тогтоолоор шийтгүүлж эрх зүйн байдал нь хүндэрч болзошгүй байна. Иймээс хохирогч Tын үйлдлийг хамтад нь оруулж болон Мгийн үйлдэлд Д.Быг татуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Г.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч А.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч А.Амарсанаагийн өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар хохирлыг төлнө л гэдэг. Миний үйлчлүүлэгч 2017 оны 11 дүгээр сард хохирсон. Түүнээс хойш 2 жил гаруй хугацаанд хохирлыг төлнө гэж хэлээд төлөөгүй. Одоо хохирлоо төлөхгүй гэдэг нь ойлгомжтой болж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.Амарсанаагийн өмгөөлөгч Т.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь бүлэглэж болон дангаараа бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг, шинж чанарт нь тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Бын хувьд Нархажидыг уг хэрэгт холбогдолтой, яллагдагчаар татаж, шалгаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч 22 сая төгрөг шилжүүлж авах үйл ажиллагаанд оролцсон гэж үзэх үйл баримтууд тогтоогдоогүй. Хохирогч, гэрч нар Э.Нархажидын талаар мэдүүлэхдээ “Э.Нархажид гэх хүнд мөнгө шилжүүлээгүй, уг хүний үйлдлийн улмаас төөрөгдөлд ороогүй, хууртагдаагүй, тухайн хүнийг мэдэхгүй” гэсэн байдаг. Оийн байрыг Нархажид, Б нар нэр дээрээ шилжүүлж авсны дараагаар Tад зээлийн барьцаанд тавьж зээл авсан. Зээлээ төлөөд өмчлөх эрхийг нь Лгийн нэр дээр шилжүүлээд дахиад зээл авсан. Л хамгийн сүүлд эд хөрөнгөөрөө хохирч үлдсэн. Tын хувьд зээлээ төлүүлээд, төлүүлснийхээ үндсэн дээр барьцаанд байсан эд зүйлийг буцаагаад шилжүүлсэн гэж үзэж байгаа. Анх хэрэг шалгагдаж эхэлснээс хойш гэрчээр T мэдүүлэхдээ “гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлж байсан. Иймд тусдаа гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Tыг уг хэрэгт хохирогчоор тогтоох шаардлага байхгүй. Мөн М хохирогчийг залилсан үйлдэл дээр Б оролцсон талаарх нотлох баримт байхгүй. Быг уг хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах үндэслэл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь бүлэглэж, 2017 оны 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Атай 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэх зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний барьцаанд Б.Аын эх Т.Оийн өмчлөлийн 108.333.300 төгрөгийн үнэлгээтэй ... тоот 3 өрөө орон сууцыг түр барьцаалахаар тохирсон атлаа хуурамч баримт бүрдүүлэн уг үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ХААИС-ийн 2 дугаар байрны 1 тоот 60 м.кв иргэн Б.Оийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг барьцаалж, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээгээр халхавчлан шилжүүлэн авч залилсан,

улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Манай ахын байр юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Г.Лд барьцаалах нэрийдлээр 31.000.000 төгрөгийг залилсан,   

Б.Б нь ганцаараа:

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ техникийн захад иргэн О.Ныг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Автомашин 12.500.000 төгрөгөөр худалдан авна” гэж тохиролцон 2.500.000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлэн “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэн авсан атлаа үлдэгдэл 10.000.000 төгрөгийг шилжүүлэхгүйгээр залилан авсан,

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ... тоотод байрлах 2250 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 7 хоногийн хугацаатайгаар барьцаалан нэрийдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан иргэн А.Амарсанаагаас 35.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Банкны баталгаа гаргуулна, нэг өдөр л дансанд байршуулна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан иргэн Д.Мгээс 136.000.000 төгрөгийг залилан авсан.

Б.Б нь ганцаараа:

2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... тоотод байрлах орон сууцыг “Миний эзэмшлийн орон сууц, мөнгө зээлж, хүүд нь орон сууцандаа 1 жилийн хугацаагаар суулгана” гэж хуурч, хуурамч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, зээлийн гэрээ, орон сууц түрээслэх гэрээг нотариатаар батлуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн М.Гөөс 22.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Т.Оийн “...нийт 6 сая төгрөг авсныхаа барьцаа болгож байрны гэрчилгээ, иргэний үнэмлэхээ Бид өгсөн байсан.  ...” /1хх 18-19/ гэх,

хохирогч Б.Оийн “...Тэгтэл Б надад хэлэхдээ би танай байрыг чөлөөлж өгсөн, тиймээс надад өөрийнхөө байрыг миний нэр дээр шилжүүлж өг, тэгэхгүй бол манай нөхөр уурлаад байна гэж хэлсэн. ...2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулаад тэр өдрөө Бтай 15 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. ...Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө T гэх хүн ирээд танай байрыг Баас авсан гэж хэлсэн. ... /3хх 23-24/ гэх,

хохирогч Г.Лгийн “...Тэгээд би Б, Б гэх хоёр хүнтэй уулзаад мөнгө зээлэхэд барьцаа хэрэгтэй гэж хэлэхэд T гэх хүний нэр дээрх гэрчилгээг Б итгэмжлэл хийлгүүлээд авсан байсан бөгөөд тэр гэрчилгээг барьцаанд өгсөн. ...” /3хх 37, 5хх 137/ гэх,

хохирогч О.Нын “...2 сая 500 мянган төгрөг надад үлдээсэн, гэрээ гэх зүйл хийгээгүй, өмнө нь 1 удаа машин авахдаа урьдчилгаа мөнгө үлдээгээд мөнгөө өгч байсан болохоор нь итгээд өгөөд явуулсан юм. ...” /3хх 162/ гэх,

хохирогч А.Амарсанаагийн “...Надаас зээл авна гэж нэг байр түрээсэлж тавиад сарын дараа авчхаад дараагаар нь дахиж зээл авахдаа намайг залилаад алга болсон. ...” /3хх 101/ гэх,

хохирогч Д.Мгийн “...Тэгээд би материалуудыг нь үзээд би зөвшөөрөөд бид хоёр тохиролцсон. Тэгээд уг банкнаас АТМ-ээр Б Б гэсэн 5069214815 гэсэн данс руу өөрийн дүү Мөнхтогтохын 5749935084 гэсэн данснаас 20.000.000 төгрөгөөр 5 удаа нийт 100.000.000 төгрөг шилжүүлээд үлдсэн 31.000.000 төгрөгийг манай дүү Мөнхтогтох Налайх дүүргийн Хаан банкнаас Бийн данс руу шилжүүлсэн юм. Харин үлдэх 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн /2хх 63/ гэх,

хохирогч М.Гийн “...Тэгээд Хархорины арын нотариат орж гэрээ байгуулсан. Би мөнгөө Хархорины хажуу талын АТМ-ээс Бын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн. ...” /4хх 172-173/ гэх,

гэрч Б.А /1хх 23-26/, С.Энхбаатар /1хх 38-39/, Б.Алимаа /1хх 40, 2хх 80/, Б.Соёлмаа /3хх 230/, Я.Ганзориг /3хх 105/, Э.Баасандорж /2хх 5/, Б.Буянтогтох /2хх 7/, Б.Халиунаа /4хх 183/,Ц.Баяраа /4хх 190/, Р.Отгонжаргал /4хх 196/ нарын мэдүүлгүүд,

2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Т.Оээс Б.Ад нотариатаар баталгаажуулсан /1хх 50/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр С.Эрдэнэбаатараас Б.Бид орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон /3хх 50/ итгэмжлэлүүд,

2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б.Ааас /Т.Оийг төлөөлөн/ Б.Бид нотариатаар баталгаажуулсан орон сууц худалдах худалдан авах /1хх 51/, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр М.Г, Д.Б нарын хооронд байгуулсан зээлийн, орон сууц хөлслөх /4хх 137-138/, 2017 оны оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Барьцааны, Зээлийн /3хх 42-43/, Н.Магнайбаяраас Д.Бд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн /3хх 46/, 20174 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б.Баас Л.Лд орон сууцыг худалдах, худалдан авах /3хх 51/, “Туул ривер кондо” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц хөлслөх, хөлслүүлэх тухай /4хх 198-202/ гэрээнүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6404 дугаартай дүгнэлт /1хх 86-89/,

хөрөнгийн үнэлгээний 1122 дугаартай /1хх 100-104/, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн /5хх 4-14/ тайлангууд,

Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1459 дугаартай албан бичиг /1хх 157/,

үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн тухай 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн /3хх 231-232/, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн /3хх 107/, /4хх 140/ лавлагаанууд,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б.Баас О.Нт 3.600.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримт /3хх 172/, дансны хуулга /3хх 248, 4хх 50, 4хх 138/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б, Д.Б нарыг залилах гэмт хэргийг дангаар болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Б.Б, Д.Б нарын залилах гэмт хэргийг дангаар болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Б.Бид тухайн зүйлд зааснаар 7 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Бд 5 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, дансны хуулга, гэрээнүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, шинжээчийн дүгнэлт, улсын бүртгэлийн лавлагаа, итгэмжлэлүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Б, Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан “...хохирлыг дахин шалгаж өгнө үү. ...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...нотолбол зохих байдлыг нотлуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/1312 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/1312 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.     

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ