Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01172

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Х гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01144 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Х гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш ХХК-д холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: А.Х миний бие Ш ХХК-ийн охин компани Д с ХХК, Ш г ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 сарын 27-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний дагуу шатахууны төлбөр болох 000 тоот орон сууцыг Ш г ХХК-аас худалдан авахаар тохиролцон 116,702,000 төгрөгийг Ш г ХХК-д төлж барагдуулсан. Ингээд уг орон сууцыг А.Х миний нэр дээр шилжүүлэн өгөх гэрээг 2020 оны 06 сарын 08-ны өдөр Ш ХХК-тай байгуулж, түлхүүр хүлээн авч, оршин сууж байна. Тухайн үед орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд 2020 оны 08 сард улсын комисс хүлээн авсны дараа миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэвч Ш г ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан гэх шалтгаанаар миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Үүгээр ч зогсохгүй өвлийн хүйтэнд байрны цахилгаан тасалж, намайг уг орон сууцанд амьдрах аргагүй нөхцөл байдалд оруулаад байна. Иймд Ш ХХК-тай байгуулсан 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 00/00/00 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу А.Х намайг 000 тоот хаягт байрлах 54.28 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

2.   Хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Д с ХХК-ийн Ш г ХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай 00/0-00 тоот гэрээг 2020 оны 03 сарын 27-ны өдөр байгуулсан ба төлбөрийг бартераар буюу 000 тоотод байрлах орон сууцыг төлбөрт тооцохоор тохиролцсон. Ш ХХК нь иргэн А.Х тай 2020 оны 06 сарын 08-ны өдөр 00/00/00 тоот Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан ба төлбөрийг мөн бартераар буюу гэрээний 3.2-т зааснаар Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлсэн шатахууны төлбөрт тооцохоор тохиролцсон. Гэрээ хүчин төгөлдөр болсон тул А.Х тухайн байранд нүүн орсон. Ш г ХХК-аас 2020 оны 08 сард гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тул гэрээгээ цуцалж байна гэж утсаар мэдэгдсэн. Иймд А.Х тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй болсон тул бид гэрээнээс татгалзсан. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг А.Х д удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин А.Х тухайн байрыг эзэмших, ашиглах эрхгүй тул уг байрыг А.Х гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

3.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч А.Х нь эзэмшигч Ш г ХХК-аас худалдан авахаар тохирч, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Ш ХХК-ийн хувьд барилгыг улсын комисс хүлээн авсны дараа тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Х гийн нэр дээр шилжүүлж өгөх үүргийг хүлээж, орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тус тус зааснаар 000 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 54,28 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Х г тогтоож, хариуцагч Ш ХХК-ийн нэхэмжлэгч А.Х д холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Х гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 741,460 төгрөг, хариуцагч Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-аас 741,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Х д олгож шийдвэрлэсэн.

 

5.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

5.а. Шүүхийн шийдвэрт иргэн А.Х , хариуцагч Ш " ХХК-ийн хооронд 54,28 м.кв талбай бүхий орон сууцыг 116,702,000 төгрөгөөр худалдах, уг төлбөрийг 2020 оны 03 сарын 27-ны өдрийн Д " ХХК болон "Ш г ХХК-ийн хооронд байгуулагдсан 00/0-00 тоот Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлэх шатахууны төлбөрт тооцохоор тохиролцсон, хэрэгт авагдсан баримтаар "Ш г " ХХК-д А.Х орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

Шатахуун Д " ХХК-д нийлүүлэгдсэн тохиолдолд орон сууцны төлбөр төлөгдсөн хэмээн үзнэ гэж талууд тохирсон. "Ш г " ХХК нь гэрээгээр тохирсон шатахуунаа "Дэмж инвестмэнт партнерс ХХК-д нийлүүлээгүй тул "Ш " ХХК нь орон сууцны төлбөр төлөгдсөн хэмээн үзэж. гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг А.Х д хүргүүлж, удаа дараа мэдэгдэж байсан.

5.б. Б.А , Г.Б , Ч.Д нарын шүүхэд өгсөн тодорхойлолтыг шүүхээс үнэлсэн. Гэвч тэдгээр хүмүүс нь нэхэмжлэгч А.Х тай иргэний эрх зүйн ямар харилцааг, хэзээ, хаана. хэрхэн. яаж үүсгэсэн тухай баримт хэрэгт байхгүй байх бөгөөд тэр байтугай нийгмийн ердийн харилцаа ч үүсгэж байсан баримт байхгүй. Тэгэхээр тухайн тодорхойлолтууд нь нотолгооны бусад хэрэгслээр тогтоогдоогүй, харин ч гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байхад тухайн хэрэгт хамааралтай хэмээн үнэлж байгаа нь буруу юм. Гэрч Б.А нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад хариулахдаа Г.Б нь мөнгө ч үгүй, машин ч үгүй хоцорчихлоо гэж байсан" гэж мэдүүлж байснаас үзэхэд Б.А аас бусдад шилжүүлсэн машины мөнгийг Г.Б аваагүй. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тулгаж асуусан асуултад машины мөнгө авсан хэмээн хариулсан хариулт нь эхний өгүүлбэрээ үгүйсгэх үндэслэл болохгүй. Ер нь бол төлбөрийг нь төлөөгүй орон сууцыг А.Х нь Г.Б тай хуйвалдах замаар Ш " ХХК-аас үнэгүй авах гэж байгаа учраас гэрчид тийнхүү хариулахаас өөр сонголт байгаагүй. Гэрч Ч.Д нь уг тодорхойлолтыг би бичээгүй, харин гарын үсэг нь минийх мөн, би зөвхөн нэр шилжүүлэх үүрэгтэй очсон болохоос автомашиныг 50,000,000 төгрөгөөр зараагүй, ямар ч мөнгө төгрөг аваагүй гэсэн нь 50,000,000 төгрөг төлөгдсөн гэдгийг үгүйсгэж байгаа болно. Тэгэхээр 100,000,000 төгрөг "Ш г " ХХК-д төлөгдсөн гэдэг нь нотлогдохгүйгээс гадна мөнгө өгч, авсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх бөгөөд "Ш г " ХХК-ийн эсхүл түүний захирлын эзэмшилд 2 автомашин шилжээгүй болох нь дээрх 2 гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрт дурдаж буй 2 автомашиныг ямар зорилгоор Г.Б ын итгэмжлэлээр Б.А , Ч.Д нар нь гуравдагч этгээдэд шилжүүлээд байгаа нь тодорхойгүй байна.

5.в. "Байрны үнэ А аас" гэсэн утгатай 10,000,000 төгрөгийг Хаан банкны 00000000000 тоот дансанд 2020 оны 06 сарын 08-ны өдөр шилжүүлсэн баримтыг шүүх төлбөрийн баримт хэмээн үнэлсэн байна. Гэвч Хаан банкны уг данс нь "Ш г " ХХК болон түүний захирлын хувийн данс биш болох нь гэрээний ард бичигдсэн дансны дугаараар нотлогдож байна. н.А аар дамжуулан А.Х нь "Ш ХХК руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь бусад баримтаар тогтоогдохгүй байхад иргэн Б.М ийн 00000000000 тоот данс руу н.А аас шилжүүлсэн мөнгийг А.Х гийн захиалсан байрны мөнгө гэж үндэслэлгүй дүгнэжээ. Тэгэхээр дээрх 10,000,000 төгрөгийг А.Х байрны төлбөрт төлсөн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Иймд тухайн орон сууцны төлбөрийг А.Х бүрэн төлсөн гэдэг нь огт тогтоогдохгүй байна.

5.г. Анхан шатны шүүхийн шийдвэрт Хариуцагч "Ш ХХК нь ...манай охин компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан тул А.Х г орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү" хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Гэвч Д ХХК-ийн өмнөөс гэрээний үүрэг шаардах эрх "Ш " ХХК-д олгогдоогүй байх бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэв гэжээ.

Өөр хуулийн этгээдийн өмнөөс шаардах эрхгүй хэмээн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Гэвч А.Х тай байгуулсан гэрээний дагуу орон сууцны төлбөр орж ирээгүй буюу гэрээний нөгөө тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалсан тул хариуцагчаар татагдсаны хувьд тухайн маргаантай асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. А.Х тай үүсгэсэн иргэний эрх зүйн харилцааг дуусгавар болгосон тул түүнд өгсөн орон сууцаа эгүүлэн шаардах эрх байгаа. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан тохиолдолд хууль ёсны өмчөө чөлөөлүүлж авахаар Б.П нь шүүхэд хандан, дахиад хугацаа алдах тул сөрөг нэхэмжлэлийг хангуулах хүсэлтэй байна.

5.д. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар 54,28 м.кв талбай бүхий хоёр өроө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэж, иргэн Б ын Ж д өмчлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 03 сарын 10-ны өдөр олгогдсон байх ба хариуцагч Ш ХХК нь тухайн орон сууцны өмчлөгч биш тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна гэж дүгнэжээ.

Тухайн орон сууцны үнийн дүнд тохирох шатахууныг "Ш г " ХХК-аас нийлүүлээгүй, орон сууцны төлбөрийг нь А.Х төлөөгүй учраас гуравдагч этгээдэд уг орон сууцыг худалдсан ба тэрээр уг орон сууцыг банкны барьцаанд тавьсан байна. Тэгэхээр энэхүү маргаанд огт хамааралгүй хууль ёсны өмчлөгчийн эрхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлаж, Монго Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна.

5.е. Түүнчлэн шүүхийн шийдвэрт ...Тэгэхээр хариуцагч Ш ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 00/00/00 тоот гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй, шүүгчийн 2021 оны 03 сарын 03-ны 2584 тоот захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, даалгасан байхад 2021 оны 03 сарын 10-ны өдөр иргэнБ.Ж ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогджээ гэж дүгнэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 03 сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд очихдоо л шүүгчийн 2021 оны 03 сарын 03-ны өдрийн захирамжийг мэдсэн ба эс зөвшөөрсөн тул давж заалдах журмаар гомдол гаргасан. Гомдлыг хянан хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээснээр тухайн захирамж хүчин төгөлдөр болсон. Харин "Ш " ХХК нь холбогдох бичиг баримтыг шүүгчийн захирамж гарахаас өмнө буюу захирамжийг мэдээгүй байхдаа бүртгэлийн байгууллагад өгсөн ба 2021 оны 03 сарын 10-ны өдөр гуравдагч этгээдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна.

5.ё. Мөн А.Х нь 2020 оны 06 сарын 08-ны өдрөөс хойш маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа ба "Ш г " ХХК-аас 2020 оны 06 сарын 08-ны өдөр 1157 тоот Д "ХХК-д хүргүүлсэн албан бичигтээ орон сууцыг шилжүүлэн өгөхийг хүсэж байсан байна гэж дүгнэсэн байна. А.Х г орон сууцанд оруулсантай хариуцагч тал огт маргаагүй ба төлбөр төлөгдөөгүй тул гэрээ цуцлагдсан учир байр чөлөөлж өг гэсэн мэдэгдлийг өгсний дараа тэрээр уг баримтуудыг хавсарган, шүүхэд нэхэмжлэл гаргасан. "Ш г " ХХК-аас Д ХХК-д ямар ч албан бичиг ирүүлж байгаагүй тухай тодорхойлолтыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн. 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 1157 тоот албан бичгийг Д " ХХК болон хариуцагч хүлээн авсан тухай ямар ч баримт хэрэгт байхгүй гэдэг нь уг бичгийг хүлээлгэн өгсөн гэдгийг үгүйсгэж байгаа бөгөөд А.Х гаас гаргаж өгсөн уг баримт нь өөр нотолгооны хэрэгслээр нотлогдох ёстой. Түүнчлэн, залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан "Ш г " ХХК-ийн захирал Н.Э г цагдаагийн байгууллагаас 2020 оноос эхлэн эрэн сурвалжилж байгааг гэрч Б.А , Ч.Д нар мэдүүлсэн.

5.ж. Мөн Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 54.28 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Х г тогтоож, хариуцагч "Ш " ХХК-ийн нэхэмжлэгч А.Х д холбогдуулан гаргасан "Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай" сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй хэмээн заасан байна. Орон сууцны төлбөр болох 116,702,000 төгрөг А.Х гаас гарсан гэдэг нь ямар ч байдлаар нотлогдохгүй байх тул түүнийг өмчлөгч хэмээн үзэх боломжгүй, нөгөө талаас тухайн орон сууцыг худалдаж байгаа худалдагч болох "Ш " ХХК-д 116,702,000 төгрөгтэй тэнцэх шатахуун орж ирснээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ хэмээн А.Х тай тохирсон болохоос хэн нэгэнтэй хуйвалдах замаар түүний бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн орон сууцны өмчлөх эрхийг А.Х д шилжүүлнэ гэж талууд тохиролцоогүй тул орон сууцаа эгүүлэн шаардсан. Тэгэхээр өмчлөгч биш этгээдэд холбогдуулан өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэсэн заалтыг хэрэглэж байгаа нь шүүх хуулийг буруу хэрэглэж байгаа явдал болно.

5.з. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ хэмээн заажээ. А.Х үнийг бүрэн төлсөн гэдгээ огт нотлоогүй, түүний бүрдүүлсэн баримтууд нь өөр бусад баримтаар нотлогдох ёстой ч харин эсрэгээрээ буюу үгүйсгэгддэг талаар дээр тайлбарласан. Аль ч гэрчүүд уг 2 автомашиныг орон сууцны төлбөр болгон өгч байгааг, эсхүл шатахууны төлбөрт өгч байгааг гэрчлээгүй тул үнийг бүрэн төлсөн хэмээн өмчлөгчөөр тогтоох нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал болно.

Эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Б.П байхад түүнтэй давхцуулан А.Х г өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, Б.П тай байгуулсан гэрээнийхээ дагуу мөнгийг нь бүрэн төлчихсөн ч орон сууцандаа орж чадахгүй байгаа тохиолдолд А.Х г өмчлөгчөөр тогтооход л хуулийн дээрх заалтуудыг хэрэглэнэ. Гэвч А.Х гаас мөнгө бодитойгоор гарсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

6.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Төлбөрийн асуудалд хариуцагч талаас А.Х г төлбөрөө бүрэн барагдуулаагүй гэж үзэхдээ нэг бол Ш ХХК-д төлөөгүй гэж яриад, нэг бол Ш г ХХК-д төлөөгүй гэж өөр өөр зүйлийг ярьдаг. Захиалгын гэрээний 3.2-д ...А.Х д орон сууц шилжүүлэхдээ Ш г ХХК-ийн нефт нийлүүлэх гэрээний дүнгээр төлбөрт тооцож, орон сууцыг олгоно... гэж заасан. Өөрөөр хэлбэл, А.Х Ш ХХК-д төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Ш г ХХК нефт нийлүүлж төлбөр төлөхөөр тохиролцож, А.Х д нефтийн төлбөр болох орон сууцыг шилжүүлэхийг хүссэний дагуу Ш ХХК хүлээн зөвшөөрч тухайн орон сууцыг хүлээлгэн өгч, түлхүүрийг гардуулж өгсөн. Үндсэндээ тус гэрээ захиалгын гэрээ боловч тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Иймд худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй учир захиалгын гэрээгээр төлөөлүүлж худалдах, худалдан гэрээ байгуулсан. Төлбөрийг төлөгдсөн гэж үзэж орон сууцыг хүлээлгэж өгч байгаа гэрээ юм. А.Х г орон сууцандаа орж болно, бид нар Ш г ХХК-аас нефт авна гэж тохиролцсон атлаа Ш г ХХК нефтээ нийлүүлээгүй учир А.Х гаас орон сууцыг буцаан авна гэж нэхэмжилсэн. Гэтэл тус гэрээнд А.Х Ш ХХК-д төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Иймд төлбөр хэн төлөх ёстой, төлбөр төлөгдсөн, төлөгдөөгүй гэх асуудлаар маргаж байгаа нь утгагүй боловч шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг Ш г ХХК-д бүрэн төлсөн гэдгээ нотолсон. Төлбөрийн системийг зөвхөн бэлэн мөнгөөр хийнэ гэсэн хууль байхгүй, А.Х гийн зүгээс бэлэн мөнгөөр бус автомашинаар бартер хийж төлсөн. Үүнийг нотлохоор хариуцагчийн хүсэлтээр 2 гэрчээс мэдүүлэг авахад, 2 автомашин хүлээлгэж өгсөн нь үнэн гэдгийг мэдүүлсэн. Б.М гэх хүн Ш г ХХК-ийн захирал учир данс руу нь 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч талаас Б.П гэх хүн өмчлөгчөөр бүртгэгдсэн байхад А.Х г өмчлөгчөөр тогтоож байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. 2021 оны 03 сарын 03-ны өдөр нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу тухайн орон сууцын шилжих хөдөлгөөнийг хориглосон. Гэтэл тухайн шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа буюу 03 сарын 10-ны өдөр Б.Ж ын нэр дээр шилжүүлсэн. Шүүгчийн захирамжаар шилжилт хөдөлгөөнийг хориглосон байхад Б.П гэх хүнд худалдаж, нэрийг нь шилжүүлсэн. Шүүгчийн захирамж гарсныг мэдсэн эсэхээс үл хамаараад тухайн шилжилт хөдөлгөөнд бүртгэл хийгдэх ёсгүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийг Д с ХХК-ийн өмнөөс Ш ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй буюу шатахуун нийлүүлэх гэрээг Д с ХХК болон Ш г ХХК-ийн хооронд байгуулсан. Нефтийн төлбөр орсон эсэх асуудал энэ 2 компанийн хоорондын маргаан юм. Бид энэхүү шүүх хуралдаанд зөвхөн А.Х болон Ш ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан буюу А.Х тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх асуудлыг тодорхойлох ёстой.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2.   Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан 000 тоот хаягт байршилтай 54.28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх орон сууцыг А.Х гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...мөнгөн хөрөнгө /10,000,000 төгрөг/, 2 ширхэг автомашинаар /Рэнж Ровер, Рав-4/ орон сууцны үнийг Ш г ХХК-д төлсөн учир орон сууцыг өмчлөх эрхтэй... гэж, хариуцагч нь татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...орон сууцны үнэ 116,702,000 төгрөгийг шатахуунаар төлөхөөр тохиролцсон байтал Ш г ХХК-аас 11,400,000 төгрөгийн шатахууныг л нийлүүлсэн, А.Х гийн зүгээс ямар нэгэн төлбөр орж ирээгүй... гэж тус тус тайлбарладаг.

 

3. Хэрэгт авагдсан А.Х , Ш ХХК нарын хооронд 2020 оны 06 сарын 08-ны өдөр байгуулагдсан 00/00/00 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ /хх 5-арын нүүр-7/, Хаан банк дахь 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 12/, Ш г ХХК, Д ХХК нарын хооронд 2020 оны 03 сарын 27-ны өдөр байгуулагдсан 00/0-00 тоот Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /хх 27-28/, Ш г ХХК-ийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн ШТМ-ын зарлагын падаан /хх 40/, гэрч Б.А , Ч.Д нарын өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 96, 111/ зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл хариуцагч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна. Тодруулбал:

3.а. Дээрх 00/00/00 тоот болон 00/0-00 тоот гэрээнүүдэд зааснаар Ш ХХК нь 000 тоот хаягт байршилтай, 54.28 м.кв талбайтай, нийт 116,702,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ашиглалтад оруулж, Ш г ХХК-аас Д ХХК-д нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үнэд тооцон А.Х гийн эзэмшилд шилжүүлэн өгөх, орон сууцны төлбөр тооцоог бүрэн дуусгаж, өмчлөх эрхийн гэрчилгээг А.Х гийн нэр дээр гаргуулан өгөх хүртэлх хугацаанд тухайн орон сууц Ш ХХК-ийн өмчлөлд хэвээр байх нөхцөлийг зохигчид харилцан тохиролцсон байна.

3.б. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг төлөх үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох бөгөөд дээрх 00/00/00 тоот болон 00/0-00 тоот гэрээнүүдэд зааснаар Ш г ХХК-аас Д партнерс ХХК-д 4,986 литр буюу 11,400,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг нийлүүлсэн болох нь тогтоодсон боловч үлдэх 105,302,000 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

3.в. Мөн А.Х гаас 10,000,000 төгрөгийг 00000000000 тоот данс руу байрны үнэ Анхбаяраас гэсэн утгатайгаар шилжүүлсэн, Н.Э гээс олгосон итгэмжлэлийн дагуу Б.А Рав-4 маркийн автомашиныг Г.Б гэх хүнд, Г.Б аас олгосон итгэмжлэлийн дагуу Ч.Д нь Рэнж Ровер маркийн автомашиныг Н.Э гэх хүнд тус тус шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдсон, эдгээрийг нэхэмжлэгч нь Ш г ХХК-д төлөгдсөн төлбөр гэж тайлбарлаж байх боловч дээрх мөнгөн хөрөнгө, 2 ширхэг автомашиныг орон сууцны төлбөрт Ш ХХК хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Иймд Ш ХХК-д орон сууцны үнэ болох 116,702,000 төгрөгөөс 11,400,000 төгрөг төлөгдөж /дизель түлшээр/, үлдэх 105,302,000 төгрөг төлөгдөөгүй, мөн А.Х гаас бусдад төлсөн мөнгөн хөрөнгө, гэрч нараас бусдад шилжүүлсэн гэх автомашиныг Ш ХХК-д төлөгдсөн төлбөр гэж үзэх боломжгүй, улмаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг төлөх үүрэг биелэгдээгүй тул нэхэмжлэгч А.Х г маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй.

 

5. Орон сууцыг А.Х гийн хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагын тухайд, хэргийн баримтаар000 тоот хаягт байршилтай 54.28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь Б.П болох нь тогтоогдсон тул хариуцагч Ш ХХК шаардах эрхгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

6. Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01144 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ш ХХК-д холбогдох 000 тоот хаягт байршилтай 54.28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай А.Х гийн нэхэмжлэл, А.Х д холбогдох 000 тоот хаягт байршилтай 54.28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг А.Х гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 741,460 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн нийт 811,660 төгрөгийг /70,200 + 741,460/ шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР