Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 395

 

Б.П-, Д.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Б.Болортуяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 498 дугаар магадлалтай, Б.П-, Д.Г- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ** зөөгч ажилтай, ***

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дүгээр зүйлийн 55.1.1, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ж овогт Б-н П-,

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ***

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2.2-т заасан үүрэг хүлээж, 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан эрх хязгаарлагдсан, И овогт Д-н Г-.

Б.П- нь 2019 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан хотын орчмоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25-19 тоот гэртээ уг “өвс” гэх нэршилтэй ургамлаар “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хийж бэлтгэн, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,7501 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

Д.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”- ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0,0221 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.П-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Г-г мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг 1 жил 5 сар хорих, шүүгдэгч Д.Г-г 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 396 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Д.Г-д холбогдох хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Б.Болортуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна.

 Анхан шатны шүүх Д.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Г-н биедээ авч явсан гэх зүйл нь тамхины асаагуурт наалдсан наалдац, гялгар уутны тасархайн дээр наалдсан наалдац бүхий зүйл болох нь тогтоогдсон. Гэтэл наалдац бүхий зүйлийг санаатайгаар биедээ авч явж, хадгалсан гэж дүгнэсэн. Эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглээгүй явдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн.Түүнчлэн анхан шатны шүүх “өөрийн биедээ хадгалсан идэвхтэй үйлдлээр энэ гэмт хэргийг төгссөнд тооцно” гэж дүгнэсэн нь гэрч Б.Пүрэвийн “П- 1 ногоон асаагууртай байсан” гэх, яллагдагч П-ий “Ган- Эрдэнэ ах тамхиа асаах гэж миний асаагуурыг авсан юм” гэх, шүүхийн хэлэлцүүлэг дээр мөн “асаагуур, гялгар уут миний хармаанд байсан, уутыг хаясан гэж бодож байсан” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгаа тул хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа болно.

Хэдийгээр бодисын хэмээнээс үл хамаарах хэдий ч уг гэмт хэрэг санаатай, идэвхтэй үйлдлээр биедээ хадгалсан байх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж буй түүний үйлдэлд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” заасан бөгөөд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ялтанд ял оногдуулах үндэслэл нь ялтан шүүхээс тогтоосон эрхийн хязгаарлалтыг зөрчсөн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй үйл баримт нь хангалттай тогтоосон байхыг шаарддаг.

Анхан шатны шүүх Д.Гантулгад ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс гадна дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, материал нь шүүхийн архивт үлдэхгүй бөгөөд шинжээч томилсон хүсэлт материал хэрэгт хавсаргаагүй түүнийг танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй байхад шүүх хэргийг үнэлж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.

Шинжээчийн 5826 дугаартай “Д.Г-” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн” гэсэн дүгнэлтийг гаргуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх дараах нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Тухайлбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулахад хуульд заасан журмыг баримтлах ёстой.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д: “шүүхийн шинжилгээний үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, эрх бүхий албан тушаалтны хүсэлт байна”, гэж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт: “Эрүү, иргэн, захиргаа болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална” гэж тус тус заасан.

Гэтэл шинжилгээ хийх явцад шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай ...хүсэлтийг хүлээн авч ...тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгана ... эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулна ...” гэсэн шаардлагыг хангаагүй дээрх ажиллагаа огт хийгдээгүй. Шүүхийн шинжилгээ хийхэд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэх зарчмыг баримтлах бөгөөд холбргдох хуульд заасанчлан шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг /албан бичгийг/ Д.Г-д танилцуулаагүй байх тул нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Д.Г-д холбогдох хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Мөн хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.Г-н үйлдэлд арай өндөр ял оногдуулсан байдлыг харгалзан үзэхийг хүсье.” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.П- нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, улмаар “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хийж бэлтгэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүллгээр нотлогдон тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нарын биеэс сэтгэцэд нөлөөт бодисууд илэрсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тус бодисууд нь дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүгдэгч Д.Г-н биеэс илэрсэн бодисын хэмжээнд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.П-, Д.Г- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.П- нь 2019 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан хот орчмоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, улмаар гэртээ уг “өвс” гэх нэршилтэй ургамлаар “шавар” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хийж бэлтгэн, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,7501 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

Д.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “шавар” гэх нэршилтэй 0,0221 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.П-, Д.Г- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.П-, Д.Г- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, тэдний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Д.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хууль бусаар биедээ хадгалсан мансууруулах бодисын тун, хэмжээ, жин, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн санал зэргийг харгалзан үзэж Д.Г-д оногдуулсан ялыг зохистой хэмжээгээр өөрчлөн оногдуулах боломжтой байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 498 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.”,

“Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Г-д өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Б.Болортуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН