Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00681

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00681

 

Газар капитал партнерс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/03435 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Болорт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 946 158 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан,

Хариуцагч Ц.Болор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 4А байр, 18 тоотод оршин суух, Ц.Болор нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Газар капитал партнерс ББСБ ХХК-иас 11 000 000 төгрөгийн зээл авах өргөдөл гаргаж зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. Газар капитал партнерс ББСБ ХХК болон Ц.Болор нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ0101140060 тоот зээлийн гэрээ байгуулж 11 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэйгээр, хувийн бизнесээ өргөжүүлэх зориулалтаар Ц.Болор зээл авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр Зам гудамж 45 байр, 18 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, Ү-2203012401 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ0101140060 дугаартай барьцааны гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлсэн.

Зээл болон зээлийн хүү төлөх график-ийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсон. Ц.Болор нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 6 377 910 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн хүүд 5 787 686 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 590 224 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Ц.Болор нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн сар бүр үндсэн зээлээс 1 220 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон.

Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ББСБ-ын зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацааг мэдэгдэж байсан. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Иймд үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 14 955 015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 972 143 төгрөг, нотариатын төлбөр 19 000 төгрөг, нийт 28 946 158 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372 881 төгрөгийг Ц.Болороос гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Болор миний бие 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Газар капитал партнерс ББСБ ХХК-иас 11 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлээ хугацаандаа төлөх ёстой байсан боловч хувийн бизнес минь дампуурч, ажилгүй болсон. 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг дуустал нийт 6 377 910 төгрөгийг тус байгууллагад төлсөн.

Мөн барьцаанд тавьсан өмч болох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамж 45 байр, 18 тоот хаягт байршилтай, 29 м.кв бүхий орон сууцаа зарж зээлээ дарах гэсэн боловч надаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас өмчлөгч би одоог хүртэл өмчөө захиран зарцуулж чадахгүй байна. Энэ талаар уг ББСБ-д мэдэгдэж байсан. Зээлдэгч миний үндсэн зээл болох 11 000 000 төгрөгийг бүрэн төлөх ба миний аргагүй байдлыг харгалзан үзэж өөрийн байраа захиран зарцуулах хүртэл надад хугацаа олгож өгнө үү. Мөн Газар капитал партнерс ББСБ ХХК-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надтай анх гэрээ байгуулахдаа хүүг 3.3 гэж тохирсон боловч 4.8 хувийн хүүгээр зээлийн бодсонтой санал нийлэхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Болороос 19 700 669.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 245 488.37 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Болор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 45 дугаар байрны 48 тоот 29 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000280619 дугаартай, Ү-2203012101 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 326 653 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хариуцагчийн хуулиар олгогдсон өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй. Миний өмгөөлөгч О.Оюунтунгалаг нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд ар гэрийн гачигдлын улмаас оролцох боломжгүй байгаа тухайгаа илэрхийлсэн баримтыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд энэ тухайгаа 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өглөө шүүтчийн туслахад өөрийн 9905-4979 дугаартай утсаараа мэдэгдсэн. Иймд өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэлгүйгээс гадна хариуцагч Ц.Болор миний Үндсэн хуулиар хамгаалагдсан "шүүх хуулийн өмнө эрх тэгш байх, өмгөөлүүлэх" эрхийг хангаагүйд гомдолтой байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт миний бие өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн аваагүйн улмаас нотлох баримт гаргаж өгөх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадаагүй.

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл нь давж гомдол гаргаж буй өдөр болох 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ёсчлогдон бэлэн болоогүй, шүүгчийн туслах нь "шүүгч хянаж гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа" гэсэн тайлбарыг хэлж давж заалдах журмаар гомдол гаргахдаа шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тайлбарыг тусгах боломжгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг зөрчсөн байх төдийгүй хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, шаардлагатай бол засвар хийлгэх эрхийг хязгаарласанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ ХХК нь хариуцагч Ц.Болорт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 14 955 015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 972 143 төгрөг, нотариатын зардалд 19 000 төгрөг, нийт 28 946 158 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 11 000 000 төгрөгийг сарын хүү 4.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Я.Жаргалсайхан, Ц.Болор нарын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамж 45 дугаар байрны 48 тоот хаягт оршин байх, орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр тус тус байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавих хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Ц.Болор нь зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 6 377 910 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй бөгөөд анх гэрээ байгуулахдаа зээлийн хүүг 3.3 хувиар тохиролцсон боловч зээлийн хүүг 4.8 хувиар тооцсон гэж маргажээ.

 

Талууд 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн гэрээнд 1 сарын 4,8 хувь, харин зээлийг хугацаандаа төлсөн тохиолдолд 3,3 хувь байхаар зээлийн хүүг тохиролцсон байна. Энэхүү тохиролцоог Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, зээлийн хүүг 3,3 хувиар тооцсныг буруутгахгүй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд зээлдэгч зээлд 11 000 000 төгрөг, зээлийн хүүд 4 356 000 төгрөг, нийт 15 356 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч зээлдэгч зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүү төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлд 11 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх зээлийн хүү 20 742 700 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 5 787 685.20 төгрөгийг хасч тооцон зээлийн хүүд 14 955 014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 562 367.60 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 590 224.80 төгрөгийг хасч тооцон нэмэгдүүлсэн хүүд 2 972 142.80 төгрөг гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 039 510 төгрөг төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 11 000 000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс үлдэх 7 960 490 төгрөг, зээлийн хүү 9 819 361 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 901 818.63 төгрөг, нийт 19 681 669.63 төгрөгийг хариуцагч Ц.Болороос гаргуулж нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учруулсан хохиролд нотариатын үйлчилгээний зардалд гарсан 19 000 төгрөгийг тооцож мөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул хариуцагч Ц.Болор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 45 дугаар байрны 48 тоот, 29 м.кв үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Шүүх хариуцагч Ц.Болорт 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн, хариуцагч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан, шүүх хариуцагч Ц.Болор, түүний өмгөөлөгч О.Оюунтунгалаг нарт 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан байна.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй болох нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хүлээн аваагүй гэх давж заалдах гомдол гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч нь нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/03435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Болорын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 256 459 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ